Нийтлэл 08 сарын 29, 2017

Багш нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх хүртлээ тэмцэнэ

Хичээлийн шинэ жил удахгүй эхлэж зуны гурван сар адал явдалаар дүүрэн  амарсан хүүхдүүд сонин хачнаа ярилцахаар есдүгээр сарын  1-нийг догдлон хүлээж суугаа. Гэтэл эрдмийн их өргөөний эзэд болох багш нар нь хүүхдүүдээ угтахгүй ч байж мэдэх юм. Учир нь багш нар цалингаа нэмүүлэх, ажиллах орчноо сайжруулахаар хүсэлт тавьж, шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд ажил хаяхад ч бэлэн гэдгээ дуулгасан. Тэгвэл бид хичээлийн шинэ жилийн  бэлтгэл хангагдсан эсэх, сургуулийн орчин нөхцөл болон багш нарын хандлага ямар байгааг тодруулахаар  нийслэлийн хэд хэдэн сургуулиар орсон юм. Бидний орсон  зарим сургуулийн хичээлийн бэлтгэл аль хэдийн хангагдсан хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн өөрсдийн төлөвлөгөөгөө боловсруулж байхад зарим нэг сургуулийн засвар үйлчилгээ дуусаагүй багш нар нь ажилдаа ороогүй будаг ханхлуулан угтлаа. Багш нар ажил хаях сургаар засварын ажил цалгардсан уу гэлтэй зарим сургуулийн будаг нь бүрэн хатаагүй, анги танхимын засвар дөнгөж эхлэж байх юм. Багш нарын ажил хаялтын тухай тодруулахад тэдний ихэнхи нь хэн нэгний дарамт шахалтад өртөхөөс айж бодит байдлыг ярихаас татгалзаж байсан юм. Харин Сүхбаатар дүүргийн ...сургуулийн багш Э, Н нар бидэнд өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн ч бодит байдлыг ярьсаныхаа төлөө ажлаасаа халагдах вий гэдгээс болгоомжилж байлаа. 

Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн багш Э

- Та хэдэн жил багшилж байна вэ?

Би багшлаад 15 жил болж байна. 15 жилийн хугацаанд хүүхдүүдтэй ажиллаж хүүхдүүдэд суурь боловсрол олгодог сайхан мэргэжил эзэмшсэндээ баярладаг.

- Багш хүний хувьд саад бэрхшээл, тулгамдаж буй асуудал нилээдгүй байдаг байх?

Багш хүн бусдын хүүхдэд мэдлэг мэргэжил олгох, хүүхдийн хүмүүжил ёс суртахуунд анхаарах нь нэн тэргүүний ажил. Энэ бол бидний үүрэг учир ажлаа хийхэд бэрхшээл тохиолдох гэхээсээ илүү хувь хүнийхээ хувьд ялангуяа эмэгтэй хүн гэрийн эзэгтэй хүний хувьд багагүй бэрхшээл тохиолддог. Ар гэртээ анхаарал халамж тавих цаг хугацаа хомс. Хэдий би багш хүн боловч хүүхдийнхээ ч боловсролд төдийлөн анхаарч чаддаггүй л юм. Хамгийн хэцүү нь санхүүгийн асуудал маш их шүү дээ.

-Нууц биш бол таны цалин хэд вэ?

Нуугаад байх зүйлгүй ээ. Хүмүүс багш нар их цалин авдаг боломжтой амьдралтай гэх мэтчилэн ярьдаг. Яг үнэндээ 1-5 жил ажилласан багш нарын үндсэн цалин 535 мянган төгрөг, 5-12 жил ажилласан багш нар 539 мянган төгрөг 12-оос дээш жил ажиллавал 555 мянган төгрөг авна. Үүнээс янз бүрийн татвараа өгөөд гар дээрээ яг үнэндээ таван зуун мянга хүрэхгүй цалин авдаг.. Нөхөр бид хоёр цалингийн зээлтэй ер нь л хэцүү.

- Таны ажлын ачаалал хэр вэ?

Бага ангийн багш нар 5 хичээл зааж байгаа. Ажлын 8 цагаар ажиллаад шөнө орой ажиллах тохиолдол их гарна. Заримдаа бүүр үүр цайтал дэвтэр засах, хичээлийн төлөвлөгөө гаргах гэх мэт суух хэрэг гарна. Мөн хичээлээс гадуур урлагийн үзлэг, олимпиадад бэлдэх гэх мэт илүү цаг ажиллах тохиолдол бараг байнга шахуу. Ингэж ажиллаад нэмэгдэл цалин, илүү цагийн мөнгө авахгүй.

- Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

Манай анги 42 хүүхэдтэй. Анги дүүргэлтийн хувьд нэг анги 35-36 гэдэг ч манай сургуулийн ихэнхи анги дөчөөс илүү хүүхэдтэй.

- Хүүхэд нэг бүрт хүрч ажиллах боломж хэр вэ. Хүүхдүүд хичээлээсээ хэр хоцрогдож байна вэ?

Хүүхэд бүрт хүрч ажиллах боломжгүй, хэцүү гэж бидэнд хэлэх эрх байхгүй. Бүх хүүхдүүдийг яг нэг түвшинд сургахын  тулд өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглана. Орой болтол суугаад ч хамаагүй хүүхэд бүрт анхаарыг хичээнэ. Хоцрогдож байвал амралтын өдрөөрөө ч давтлага өгнө.

- Бага ангийн хүүхдүүд маш сониуч байдаг. Тэдний анхаарлыг татахын тулд анги танхим, хичээлийн хэрэгсэлд маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй байх. Хичээлийн үзүүлэн тарааж өгөх материалыг хэрхэн бэлддэг вэ?

Мэдээж тэгэлгүй яахав. Хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд янз бүрийн тарааж өгөх материал, ном, сурах бичиг гээд бидэнд өдөр тутамд хэрэг болж буй бүх зүйлсийнхээ санхүүгийн асуудлыг бид өөрсдөө шийднэ. Анги танхимаа тохижуулах янз бүрийн асуудалд эцэг эхээс туслалцаа авдаг ч янз бүрийн хэл аманд их өртдөг. Тийм учраас аль болох өөрсдийн зардлаар бүх зүйлээ бэлддэг.

- Манай боловсролын тогтолцоо хэтэрхий хэлбэр хөөх хэв маяг ажиглагддаг та энэ талаар юу гэж бодож байна вэ?

Миний бодлоор монголд нам засаг дагаад хууль тогтолцоо шинэчлэгдэж, боловсролын систем өөрчлөгдөөд байх шиг байгаа юм. Хамгийн наад захын жишээ л гэхэл бид чинь багш нарын цалинг ч мэдэхгүй сайдтай шүү дээ. Нэг нам гараад л нэг сайд солигдоно. Доривтой өөрчлөлт шинэчлэл хийсэн зүйлгүй учраа ч олоогүй байхад дахиад л өөр хэн нэгэн гарч ирнэ. Дээр доороо олон дарга цэрэгтэй бидэнд их чирэгдэл болдог.

-Багш нарын цалин нэмүүлэх асуудлаар хүмүүс янз бүрийн хандлагатай байна. Зарим нь багш нар хийж буй ажилдаа тааруулж цалингаа нэмүүлнэ гэж ярих хэрэгтэй гэхчилэн  шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар өөрийн бодлоо хуваалцаач?

Бид нарыг ямар ажил хийдэг, бидний ажил хэрхэн өрнөдөг гэдгийг мэдэхгүй хүмүүс тэгж ярьдаг. Хэн нэгний хүүхдийг ялгаврлан үзэхгүй бүгдэд тэгш хандахыг хүсдэг. Гэвч яг үнэндээ багш нарт эцэг эхээс хүртэл дарамт ирдэг. Чи миний хүүхдийг загнадаг хэн юм. Миний хүүхэд яахаараа муу сурдаг юм чамайг ажлаас чинь халуулна гэх мэтээр дарамт их ирнэ. Гэвч тэд бидний ажлыг хүндлээд хүүхдүүдээ ч цагт нь ирээд авдаггүй. Ганц нэг хүний буруу үйлдлээс нийт багш нарыг хамруулж ярьдагт би хувьдаа маш их эмзэглэдэг.

-Бидний амжилт бүтээл, ажлын карьер бүх зүйл багш гэдэг эрхэм хүмүүстэй салшгүй холбоотой. Гэтэл тэднийг ажлын боол мэт үзэж өмссөн зүүсэн эдлэж хэрэглэж байгаа зүйлээр гадуурхаж үл тоох асуудлууд бишгүй гардаг аж. Мэдээж хэрэг төсвийн байгууллагын ажилтан хувийн хэвшлийнхнээс цалин болон бусад хангамж нь муу. Гэхдээ багш хүн хэний ч хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй үнэнч шударгаар өөрийн ажлаа хийсний төлөө элдэв доромжлолд өртөж, цаашилбал эрүүл мэнддээ ч анхаарах завгүй ажилладаг ч ядаж л өөрийн хүссэн хэмжээгээр зээл авах боломжгүй байдаг бололтой.

Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн багш Н

 -Та боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

Би багшийн сургуулийг төгсөөд боловсролын байгууллагад 30 жил тасралтгүй ажиллаж байна.

-Энэ хугацаанд танд ямар саад бэрхшээл тохиолдож байв. Та шантарч байсан удаа бий юу?

Шантрах тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй ээ. Социализмийн үеэс ажиллаж эхэллээ. Хийх ёстой зүйлсээ хийгээд сэтгэл ханамжтай байдаг байлаа. Багшаас бусад хүмүүс хүүхэд шуугисан энэ газраас зугтдаг бол багш мэргэжлийг эзэмшсэн бидний хувьд энэ бол жаргал бид үүнээс нь таашаал авч амьдрал ахуйгаа залгадаг. Гэхдээ одоо цаг өөр болж ардчилал хөгжиж зах зээлийн нийгэмд цалин хүрэлцэхгүй санхүүгийн бэрхшээл их учирч байна. Бид чинь хичээлийн тараах материал үзүүлэнгээ бүгдийг өөрийн зардлаар бэлддэг. Сургуулиас ядаж л бичгийн цаас ч өгдөггүй юм.

-Ажлын ачаалалтай харьцуулахад цалингийн хүрэлцээ маш муу юм байна тийм үү?

Бидний цалин өрөмдмөөр шүү дээ. Түмний хүүхдийн төлөө хамаг хөлс хүчээ зарцуулж өөрийн эрүүл мэндээ умартан зүтгээд авсан хэдэн төгрөгөө ар гэрээсээ илүү хичээлийн тараах материал, ном сурах бичиг, анги танхимын тохижилт гээд л дуусгадаг. Эцэг эхчүүд нь хүртэл хөөрхий багш нарыг өмссөн зүүсэнээр нь ялгаварлаж үл тоомсорлоно.

-Сурагчдын гаргасан зөрчил  болон таны буруугүй байдлаас болж цалин хасагдах, таньд ямар нэгэн үүрэг хариуцлага ногдох тохиолдол гардаг уу?

Манай анги 51 хүүхэдтэй. Бага ангийн хүүхдүүдийн хувьд хэрэг зөрчил гаргах нь бага. Гэхдээ хичээлийн бус цагаар эцэг эхчүүд анхаарал халамж тавьж байх үед хэрэгт орооцолдох, эрүүл мэндээрээ хохирох тохиолдолд үнэндээ багшид хамаагүй асуудал. Манай сургуулийн хувьд ийм зөрчил бага гардаг ч анги даалтын мөнгөнөөс хасдаг байх. Энэ талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ багш хүн гэдэг бол хүүхдэд аль болох юм сургахын төлөө хичээдэг. Муу өвчтөнүүдээ бүгдийг нь аварч чадахгүй шиг муу багштай ангийн хүүхдүүд муу л байна. Тийм болохоор багш нар үргэлж өөрсдийнхөө боловсрол болон харилцаан дээр анхаарал хандуулж өөрсдийгөө ямагт хөгжүүлж байх нь зүйтэй.

- Та боловсролын тогтолцооны талаар үзэл бодлоо хуваалцаач.

Цагдаа нар 25 жил ажиллаад л тэтгэвэртээ гардаг байхад багш нар хэдэн жил ч ажилласан бай заавал тэтгэвэрийн насанд хүрч тэтгэвэрт гардаг. Үнэндээ бидний ажиллах орчин хүнд байнга чимээ шуугианд байдаг эрүүл мэндийн хувьд багагүй хохирдог. Гэвч бидний анхаарч үзэх байгууллага байхгүй. Одоо тэтгэвэрийн нас нэмэх гэж байна. Үүнийг би хувьдаа эсэргүүцэж байгаа. Насаараа бусдын хүүхдийн төлөө гэж явсан би өнөөдөр тавин нас хүрсэн ч хоёр хүүхэдтэй гээд тэтгэвэртээ гарч чадахгүй тэвчиж ажиллаж байна. Манай боловсролын байгуулага хэт хэлбэр хөөж багш нарыг ажлын боол мэт ажлуулаад эргүүлээд урамшуулал огт байхгүй нь дэндүү харамсалтай. Залуу шинэ төгсөгч багш нарын зориг нь мохно шүү дээ.

- Хэрэв нууц биш бол та хэдэн төгрөгний цалин авдаг вэ. Цалин бага байхад амьдралдаа хэрхэн зарцуулж байна вэ?

Би өнөөдөр 30 жил ажилласан багш. Үндсэн цалин 608 мянган төгрөг. Үүнээс нийгтмийн даатгал эрүүл мэндийн даатгал гээд хасагдана.  Мэдээж энэ мөнгө ар гэр болон бусад зардалд яаж хүрэх билээ дээ. Ар гэрийн тусламж дэмжлэгээр л амьдарч байна. Ядаж л бид чинь цалингийн зээл авья гээд банк дээр очиход 5 саяас илүү мөнгө авч чадахгүй. Хүү нь өндөр. Тэгэхээр бид цалингаа нэмүүлэхийг хүсэлгүй яахав. Харин ч бид маш тэвчээртэй хүмүүс. Хувь хүнийхээ хувьд бусдаас илүү гарахгүй ч дутахгүй амьдрахыг хичээдэг юм шүү дээ.

- Багш нарын цалин нэмэх шаардлагыг хүлээж авахгүй байвал та бүхэн ажил хаяхад бэлэн үү?

Багш хүнийхээ хувьд нэг өдрийн өмнө нэг ч гэсэн хүүхдэд илүү зүйл мэдүүлэх юмсан гэсэн хүсэл тэмүүлэл үргэлж байдаг. Гэтэл үнэхээр цалин бага амьдралд хүрэлцэхгүй, ажиллах орчин нөхцөл хэцүү байна. Хүний тэвчээрт бас хязгаар бий шүү дээ.

-Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн хувьд хүүхдүүдээ хүлээж авахад анги танхимын засвар үйлчилгээний хувьд бэлэн болсон ч багш нарын сэтгэл зүйн байдал бэлтгэгдээгүй нь харагдаж байлаа. Сургууль руу ороход багш нар анги танхимаа тохижуулах, хүүхдүүдээ саруул сайхан танхимд угтаж авахаар, сургалтын төлөвлөгөө гаргах ажилдаа шуурхайлан орохоор бэлдэж, шинээр элсэн орох зургаан настнуудын бүртгэл болоод шилжилт хөдөлгөөн гэхчилэн захиргааны ажилчид болон багш нарын ажил аль хэдийнээ цэгцэрсэн харагдлаа. Тус сургуулийн анги танхимын тохижилт нь бүгд өөр өөр юм. Зарим ангийн цонх нь саруулхан орчин үеийн загвар дизайны сандал ширээ, цонхны хүрээ, хүүхдүүд суухад тав тухтай сандал ширээгээр тоноглогдсон байлаа. Тус тохижилтыг багш нар хувийн зардлаар болон эцэг эхчүүдийн тусламжтайгаар тохижуулдаг бөгөөд энэ нь  хүүхдүүдийн сурах үйл явцад ихээхэн нөлөөлдөг байна. Багш нар ч анги танхимаа хүүхдүүдийн тав тух болон сургалт хүмүүжилд зориулан тохижуулж, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаагаа илэрхийлээд сургууль болон боловсролын яамнаас биднийг дэмжиж ажиллах тал дээр бага ч гэсэн анхаараасай гэж хүсэж буйгаа хэлж байсан юм.  Ингээд бид дараагийн сургууль руу явлаа. Бидний очсон сургууль Чингэлтэй дүүргийн 17-р сургууль. Эргэн тойрон гэр хороолол, үйлчилгээний газрууд, автобусны буудал, баар цэнгээний газартаа дэндүү ойрхон байдаг учраас ч тэр үү их л бөглүү газар байрласан мэт санагдлаа. Чингэлтэй дүүргийн шилдэг сургууль гэсэн тодотголтой энэ сургууль гадна орчноо үнэхээр сайн шийдэж өгсөн харагдана. Эргэн тойрон дахь нүсэр чимээнээс тусгаарлан ойр орчим дахь өндөр барилгуудын ард байрлах бөгөөд сургуулийн гаднах талбай чамгүй цэвэрхэн уужимхан аж. Сургуулийн засвар үйлчилгээ хараахан дуусаагүй багш нар сургалт семинартаа хамрагдан ажилдаа орж амжаагүй нам жим байхад очсон ч аз болж тус сургуулийн математикийн багш У-тай сургуулийн гаднах талбайд түр ярилцах боломж гарсан юм.

Чингэлтэй дүүргийн ... сургуулийн багш У

Та хэдэн жил багшилж байна вэ?

Би багшлаад 20 жил болж байна.

-Цалин нэмүүлэх асуудлаар багш нар ажил хаялт зарлах гэж байгаа та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Цалин тань амьдралд хэр хүрэлцээтэй байна вэ?

 Цалингийн асуудал улсын сургуульд багшилдаг багш нарын хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байна. Миний хувьд  таван зуу гаруй мянган төгрөгний цалин авдаг. Үндсэн цалин нь энэ шүү дээ. Үүнээс янз бүрийн татвар шимтгэлээ төлнө. Гэр бүлтэй хүний хувьд энэ цалин хаанаа ч хүрэлцдэггүй юм.

-Таны ажлын ачаалал хэр их вэ?

Ажлын ачаалал бол бага ангийн багш нартай харьцуулахад дунд, ахлах ангийн багш нар харьцангүй ачаалал бага. Хүүхдүүд нь биеэ даасан, суурь мэдлэг нь тогтсон байдаг учир заах ёстой хичээлээ заагаад явахад асуудал гардаггүй ээ.

-Танай сургууль нэмэлт цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн мөнгө олгодог уу?

Бид хийх ёстой зүйлээ л хийж байгаа учир илүү цагийн мөнгө гэж авахгүй. Мэдээж хэрэг анги удирдсан багшийн хувьд ангийн ажил болон бусад зүйлсд цаг зав гардаг ч илүү цагийн мөнгө гэж авахгүй. Нэг талаараа хэн нэгэнд өртэй юм шиг завгүй амьдрана шүү дээ.

-Хүүхдүүдийн гаргасан зөрчлөөс багш цалигаа хасуулах, ажлаасаа халагдах гэх мэт асуудал үүсдэг үү?

Энэ бол тухайн хүүхдийн хүмүүжлийн асуудлаас шалтгаална. Анги удирдсан багш хүн хүүхдүүддээ анхаарал хандуулж тэдний сурлага болон хүмүүжлийн тал дээр анхаарах ёстой ч нэг ангийн дөч гаруй хүүхдэд бүгдэд анхаарал тавьж, харж хандана гэдэг боломжгүй зүйл. Энэ тал дээр эцэг эх ч анхаарал тавих хэрэгтэй. Хичээлийн бус цагаар гэмт хэрэгт орооцолдох бэртэж гэмтсэн тохиолдолд багшид тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал анги даалтын мөнгөнөөс хасах, сануулга өгөх гэх мэт.

- Гадуур багш нарын ажил хаялтын тухай янз бүрийн хандлагатай байна. Багш нарын цалин хангалттай байхад тэд даварч илүү юм хүслээ гэх мэт яриа нэлээдгүй байна энэ талаар өөрийн бодлоо хуваалцаач?

Хүмүүс хувийн сургуульд багшилдаг багш нарын цалин биднийхээс хэд дахин ялгаатай гэдгийг ойлгодоггүй юм шиг ээ. Багш нар сая төгрөгний цалин авдаг гэж ярьдаг. Гэтэл их сургуулийн багш нар л тийм цалин авдаг байх. Харин ч бид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх юм бол сая төгрөг ч багадана шүү. Өнөөдөр багшаар дамжиж бүх ажил мэргэжилийн үндэс суурь тавигддаг. Улсын их хурлын гишүүн эмч, хуульч гээд бүхий л мэргэжил багшийн гараар дамжин бий болдог. Тийм учраас бидний хөдөлмөрийг шударгаар үнэлэхийг төр засгаас үнэхээр их хүсч байна. Нам дагаж удирдлага солигдож түүний солиосонд дуртай хүнээ халж сольдог энэ тогтолцоог халж, шударгаар хөдөлмөрөө үнэлүүлэх хүртлээ тэмцэх хүч багш нарт бий шүү дээ.

Багш нарын хувьд зааж буй хичээл болон ямар насны хүүхдүүдэд хичээл зааж буйгаас шалтгаалан ажлын ачаалал болон бусад зүйлүүд бага зэргийн ялгаатай байдаг ч ерөнхий боловсролын багш нарт тулгардаг нийтлэг асуудал нь санхүүгийн бэрхшээл юм. Ахлах болон дунд ангийн багш нар бага ангийн багштай харьцуулахад ажлын ачаалал харьцангуй бага ч анги даасан багшийн хувьд хүүхдүүдийн гаргасан зөрчлөөс болж хохирох тохиолдол цөөнгүй гардаг гэдгийг тэрбээр онцлон хэлсэн юм. 

-Ийнхүү бид гэр хорооллын болон төвийн бүсийн хэд хэдэн сургуулиар орсон билээ. Сургууль бүр өөр өөрийн онцлог өнгө төрх, өөр орчноор биднийг угтаж байлаа. Чингэлтэй дүүргийн 39-р сургууль руу хотын төвөөс очиход сургуулийн ойр орчимд явган хүний гарц ойрхон байхгүйгээс осол гэмтэл гарч болзошгүй харагдаж байлаа. Мөн 57-р сургуулийн ойр орчимд гуу жалга ихтэй хүүхдүүд унаж бэртэх магадлалтай гэх мэт сургуулийн гаднах орчинд анхаарлаа хандуулах нь багш болон сурагчдад ажиллаж,суралцахад сэтгэл санааны хувьд ихээхэн дэмжлэг болох нь ойлгомжтой. Энэ мэт багш нарт тулгамдаж буй асуудлууд тоо томшгүй олон бололтой. Бид хөндлөнгөөс тэдний ажлыг дүгнэж тэднийг буруутгах нь ч бий. Багш нар бидний ажиллах орчныг сайжруулж цалин хангамжийг хангалттай олговол бид ч бүхий л нөөц бололцоогоод дайчлан, өөрсдийн боловсролд анхаарч ажиллахаа хэлж байлаа. Ер нь бид үнэхээр тэдний ажлыг ойлгодоггүй тэднээс хэтэрхий их зүйлс шаарддаг бололттой. Аргагүй дээ боловсролын сайд нар нь ойлгоогүй төөрөгдүүлсээр байгаа шүү дээ.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon