ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Оросын авилгын эсрэг кампанит ажил

Сүүлийн жилүүдэд Оросын улс төрд оффшороос хөрөнгө эргүүлэн татах, төрийн албан хаагчдын авилгын хэрэг улс төрийн гол асуудлуудын нэг болоод байгаа ба үүнийг нийгэм, төрийн түвшинд шийдэх явцад Оросын улс төрийн суурь асуудлууд хөндөгдөж байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн АНУ-ын судлаач Хилари Аппел, Венди Шунг нарын нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Оросын алдартай блоггер Алексей Навальный Youtube видеогоороо дамжуулан Ерөнхий сайд Дмитрий Медведевийн авилга, үрэлгэн зардал, томоохон өмчийн тухай мэдээллэсэн нь 2017 оны гуравдугаар сарын 26-нд Орост гудамжны томоохон жагсаалыг эхлүүлэв. Оросын 90 гаруй хотод хэдэн арван мянган хүн жагсав. Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд Youtube видеоны хандалт 20 саяд хүрчээ. Хэдийгээр Кремль видеонд хариулт хэлээгүй ч цагдаагийн алба Навалныг жагсаал зохион байгуулсан хэргээр түр саатуулсан юм. Дараа нь зургадугаар сарын 12-ны Үндэсний баярын өдөр жагсаал зохион байгуулахад оролцсон хэргээр дахин баривчлав. 2011 онд Болотная талбайд зохион байгуулсан томоохон жагсаалд чухал үүрэг гүйцэтгэсэн болон авилгын асуудлаар иргэдийг уриалан зохион байгуулах чадварыг нь харгалзан үзвэл Кремль Навальныйгаас айх шалтгаан байгаа юм. 2011 оны жагсаал тэр жил болсон Думын сонгуулийн луйврын асуудлаас үүдэж, Навальный Нэгдмэл Орос намыг “луйварчин, хулгайч” нарын нам хэмээн цоллож жагсаалыг хүч түрэв.

2011-2012 оны жагсаалд хариу болгон Засгийн газраас авилгын эсрэг үндэсний, эх оронч шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулж эхлэв. Жагсаалын дараа хууль тогтоох байгууллагын гишүүдийн гадаад эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлах хэд хэдэн хуулийн төслийг Думд өргөн барив. Гадаадад үл хөдлөх хөрөнгө, банкны данс, хувьцаа зэргийг эзэмших цаашлаад хүүхдээ гадаадад сургах нь эх оронч бус авир, авилгын илрэл гэж Оросын улс төрийн элитүүд үзэх болов.

Эд хөрөнгө, гэр бүлийн гишүүдээ эх орондоо авчрахыг Оросын элитүүд уриалдаг нь авилгатай тэмцэх, үндэсний сонирхлыг хэрэгжүүлэхтэй холбоотой байдаг ч 2011-2012 оны авилгын эсрэг үйл ажиллагаа нь Кремль эрх мэдлээ бэхжүүлж, элитүүдийн үнэнч байдлыг бататгах гэсэн чиглэлтэй байв. 2017 оны авилгын эсрэг жагсаалыг харвал Ерөнхийлөгч Владимир Путин эх орондоо буцааж авчрах кампанит ажлыг эхлүүлэн, төрийн албан хаагчдын эрхийг хязгаарлаж магадгүй юм. Ийм үйл ажиллагаа нь хэд хэдэн зорилгод чиглэж болно: энэ нь улс төрийн тогтолцооны эсрэг олон нийтийн бухимдлыг намжаан, гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг бууруулна мөн үнэнч бус байдлын үл тэвчинэ гэсэн дохиог улс төрийн элитүүдэд өгөх боловч хамгийн том авилгач элитүүдийг зүгээр орхих юм.

Эх орондоо эргүүлэн татах кампанит ажлын эхний үе ба авилгын эсрэг тэмцэл

Сөрөг хүчний удирдагч Навальный Нэгдмэл Орос намыг “луйварчин, хулгайч” нарын нам гэж цоллосон түүний үг жирийн Оросуудын чихэнд чанга сонсогдож байв. Болотнаяын талбай дахь жагсагчид шударга сонгууль, улс төрийн хоригдолуудыг суллах, сөрөг хүчний намыг бүртгэх болон илүү ардчилсан төрийг байгуулахыг шаардаж байв. Цаашлаад засаглагч элитүүд олон нийтийн жагсаалыг тараасанд уурсаж байв.

Владимир Путин болон түүний ойрын хүрээллийнхэн санал үл нийлэгчдийг сулруулах, устгаж олон нийтийн уур бухимдлыг намжаах хэд хэдэн үйл ажиллагааг эхлүүлэв. 2012 онд Төрийн Думын гишүүд холбооны болон орон нутгийн түвшний бүх албан тушаалтан, тэдний гэр бүлийн гишүүдийг гадаадын банканд данс, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглосон хууль өргөн барив. Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд 5-10 сая рублийн торгууль төлөх эсвэл 5 хүртэлх жилийн ял оногдуулах аж. Уг хуулийг хамтран санаачилсан Төрийн думын гишүүн Вячеслав Лусаков (Нэгдмэл Орос намын гишүүн) элитүүдийг “хоёр хөлөө зэрэг Орост тавих”-ыг шаардаж байв. Хэдийгээр уг хуулийн төслийг доод танхимд дэмжсэн боловч дээд танхимд ихээхэн эсэргүүцсэн байна. Элитүүд уг хуулийг тэдний хөрөнгөд хэтэрхий хатуу хяналт тогтоож байна гээд ийм хязгаарлалтыг дэмжихээс татгалзсан юм. Удалгүй Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн хуулийн төслөө Төрийн думд өргөн барив. Гэхдээ зөвхөн гадаадын банканд данс эзэмших болон хувьцаа, бонд эзэмшихийг хориглосон байжээ. Хязгаарлалтыг арай зөөлрүүлсэн тухай албан ёсны тайлбарт Оросын олон төрийн албан тушаалтан Зөвлөлтийн үеэс хойш Оросын хөрш орнуудад зуслангийн байшин, орон сууц, газар эзэмшиж байсан ба энэ үл хөдлөх хөрөнгөө зарахыг шаардах нь шударга бус хэрэг гэж байв. Ерөнхийлөгч Владимир Путины хуулийн төсөлд төрийн албан тушаалтнууд гадаадад үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг зөвшөөрсөн ч тэд худалдан авсан мөнгөний эх үүсвэр болон гадаад дахь хөрөнгөө орлогын мэдүүлэгтээ тайлагнахыг шаардсан юм.

Шинэ хуулийн зохицуулалтад бүх төрийн албан тушаалтан үүнд Ерөнхийлөгч, Засгийн газрын кабинетын гишүүд, орон нутгийн дээд албан тушаалтнууд, Төв банкны удирдах зөвлөлийн гишүүд, төрийн өмчид корпорациудын дээд гүйцэтгэх албан тушаалтнууд хамрагдаж байв. Зөвхөн гадаад улсад ОХУ-ыг төлөөлж буй төрийн албан тушаалтнуудыг энэ хүрээнд хамрагдаагүй. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш 3 сарын дотор төрийн бүх албан тушаалтан гадаад дахь хөрөнгөө зарж, гадаадын банк дахь мөнгөө эргүүлэн татах ёстой байв. Тухайн үед Оросын төрийн албан тушаалтнууд “шинэчилсэн хуулийн төсөл парламентаар саадгүй, хурдан батлагдана, яагаад гэвэл энэ бол Ерөнхийлөгчийн хүсэл” гэж ярьж байв. Хуулийн төсөл ч батлагдаж “Төрийн албан тушаалтнуудын гадаад дахь хөрөнгийн тухай” гэх нэртэй хууль болов.

Хуулийг эхлээд харахад хатуу зохицуулалттай мэт харагдавч гадаад дахь хөрөнгийг хязгаарлах хоригийг тойрч гарах зарим нүх үлдсэн. Хэдийгээр төрийн албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд гадаад банканд хөрөнгөө хадгалахыг хориглосон ч тэд хөрөнгөө далдлах стратегийн аргуудыг ашиглаж болно. Жишээ нь албан тушаалтнууд мөнгөө гадаадын трэстүүдэд байршуулж болох ба хэн эзэмшигч вэ гэдгийг шалгахад хэцүү. Мөн тэдгээр байгууллагууд Панамын баримтууд Оросын 16 тэрбумтнууд нэрс дэлгэгдсэн шиг мэдээллээ бараг алдахгүй юм. Цаашлаад элитүүд насанд хүрсэн хүүхдүүд эсвэл ойрын хамаатнууд руугаа мөнгө шилжүүлэх боломжтой, яагаад гэвэл шинэ хуулиар зөвхөн эхнэр эсвэл нөхөр, насанд хүрээгүй хүүхдүүдийг хамруулсан. Гэтэл Оросын төрийн албан тушаалтнуудын дунд салалт ихэссэн аж. Учир нь хамтран амьдрагчаасаа салвал гадаад дахь хувьцаа, банк дахь хөрөнгөө хууль ёсны дагуу хадгалж үлдэх боломжтой ба улс төрч нь өөрийн байр сууриа хадгалж чадах юм. Думын зарим гишүүд хуулийг өөрчлөхийг оролдож, цоорхойг бөглөх гэж оролдсон боловч дэмжлэг авч чадахгүй байна.

Эх орондоо эргүүлэн татах кампанит ажил зарим улс төрчийг хуулийн хоригийг дагахын оронд улс төрийн тавцангаас буухад хүргэжээ. Тэд Оросоос дүрвэх болвол Баруунд “зөөлөн газардах” боломжоо хаалгахыг хүссэнгүй. 2012 оны 12-р сард Ерөнхийлөгч Владимир Путин гадаад руу хөрөнгө урсаж буйд санаа зовж буйгаа Думд илэрхийлэв. Тэрээр оффшор бүсэд орсон Оросын хөрөнгийг эргүүлэн татах шаардлагатай байгаа талаар ярив. Хоригийг зарласны дараа Думын 9 гишүүн гадаад дахь хөрөнгө авч үлдэхийн тулд хууль тогтоох байгууллагаас сайн дураараа огцорч, эдийн засгийн сонирхлоо улс төрийн сонирхлоос дээгүүр тавьсан юм (тэдгээрийн зарим нь 2013 Форбест Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд багтаж байв). Орост чинээлэг бизнесменүүд заримдаа улс төрийн албан тушаалыг зөвхөн лоббинд ашиглаад зогсохгүй эрх мэдлийн дотоод хүрээлэлд нэвтрэх, хяналт шалгалтаас хамгаалагдахын тулд ашигладаг. Оросын парламентын гишүүд хяналт шалгалтаас маш их хамгаалагддаг ба эдгээр чинээлэг улс төрчид Орос дахь зарим хамгаалалтаасаа татгалзан, гадаад дахь хөрөнгөө хадгалж үлддэг.

Эх орондоо эргүүлэн татах кампанит ажлын өөр нэг шинж нь улс төрчдийн гадаадад амьдардаг хүүхдүүд юм. Уг нь Путин гурав дахь удаагаа сонгогдохдоо Оросын улс төрийн элитүүдийн хүүхдүүдийг гадаад сурахыг хориглосон байсан. Гэтэл нөгөө идэвхитэн блоггер Навальный Думын дэд дарга Сергей Железнякийн охин Их Британи, Швейцарт сурч байсныг дэлгэж Засгийн газрыг эвгүй байдалд оруулав. 2013 дөрөвдүгээр сарын 13-нд Төрийн дум төрийн дээд албан тушаалтнуудын хүүхдүүд гадаадын сургуульд сурахыг хориглосон заалтыг бүр мөсөн алга болгов. Энэ асуудал дороо замхралгүй шүүмжлэгчдийн сэдэв болсон. 2015 онд Нэгдмэл Орос намын дэд дарга Шамсаил Саралиев төрийн дээд албан тушаалтнуудын хүүхдүүдийг гадаадад сурахыг хориглох санал гаргав. Тэрээр хүүхдүүд Барууны идеологи болон болзошгүй барьцаалагдалтаас хамгаалагдах ёстой гэж байв. 2016 оны 11-р сард Коммунист намын дэд дарга Валери Рашкин төрийн болон орон нутгийн албан хаагчдийг насанд хүрээгүй хүүхдээ гадны сургуульд явуулахыг хориглох хуулийн төслийг Төрийн думд өргөн барив. Энэ хууль арай батлагдаагүй байгаа, ямартай ч Оросын элитүүд хүүхдүүдээ гадаад руу сургуульд явуулахаас ичих сэтгэхүйтэй болсон.

Авилгын эсрэг тэмцэл, Эх оронч үзэл ба Баруунаас хамгаалах нь

Эх орондоо эргүүлэн татах тухай хууль авилгын эсрэг үйл ажиллагаа байгаад зогсоогүй Оросын улс төрчдийг гадны нөлөөлөл буюу Барууны дарамтаас хамгаалах зорилготой байв. 2012 онд Ерөнхийлөгч Владимир Путин Төрийн думд “Оросын сайн сайхны тухай ярьдаг хэрнээ өөрийн хөрөнгөө гадаадад байрлуулах гэж оролддог улс төрч, төрийн албан хаагчид яаж итгэх юм бэ?” гэж асууж байв. Ерөнхийлөгч Владимир Путин элитүүд хөрөнгөө царцаалгахаас айн Барууны нөлөөнд орж магадгүй гэсэн асуудалд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Парламент дахь Нэгдмэл Оросын намын гишүүн Евгений Фёдоров хэрвээ Оросын төрийн албан тушаалтнууд АНУ үл таалах үйлдэл хийж байвал тэд магадгүй АНУ дахь хөрөнгөөсөө салсаныг харуулна гэж мэтгэж байв. Тэрээр Магнитскийн акцыг тайлбарлахдаа Оросын төрийн албан тушаалтнуудыг дуулгавартай байлгахад чиглэсэн хууль гэж байв. 2014 онд Барууны орнуудаас Орост тавьсан хориг Путины хэлсэнтэй хол зөрсөнгүй. Барууны орнуудаас тавьсан хориг Путины ойрын хамтрагчдыг онилсон бөгөөд түүний холбоотнуудын хөрөнгийг царцааснаар дэмжлэгийг нь сулруулах зорилготой байв. Жишээ нь Россия банкны хамгийн том хувьцааг эзэмшигч өөрөөр Путины хувийн банкер ч гэгддэг Юрий Ковалчукыг Барууны орнуудад аялахыг хориглосон ба Барууны Засгийн газрууд гадаад дахь тданс, хувьцааг нь царцаасан.

Эх орондоо эргүүлэн татах, Үнэнч байдал, Эрх мэдлээ бэхжүүлэх нь

“Оросын элитүүдийг дахин эх оронжуулах” кампанит ажлыг голдуу эх оронч, авилгын эсрэг үйл ажиллагаа гэж ойлгож байсан. Гэхдээ бас эрх мэдэл бэхжүүлэх арга хэрэгсэл байжээ. 2011-2012 онд Болотнаяд болсон жагсаалын үеэр зарим элит сөрөг хүчин буюу Навальный нарыг санхүүжүүлэн Засгийн газрыг тогтворгүй болгох нь гэж сэрдэгдэж байв. Тухайн үед Навальный Путины дэглэмийг ил тод шүүмлэгч, нөлөө бүхий тэмцэгч болсон байв. Оросын чинээлэг бизнеменүүд Путины өрсөлдөгчдийг бага багаар дэмжиж үүгээр дамжуулан Ерөнхийлөгчийг сөрж байв. Дээрх бүх үйл явдал нь Путины удирдлагын эрх мэдэл дэх элитүүдийн үнэнч байдлыг суларч байгааг харуулж байна.

Гол нь гадаад дахь хөрөнгийг хязгаарласан нь олон улс төрчид болон урвагчдыг сулруулахад хүргэн, тэднийг Баруун дахь зөөлөн оромжоос нь салгах боломжийг Ерөнхийлөгчид олгов. Энэ хуулийн үр дүнд албан тушаалтнууд гэмт хэрэгт буруутгагдах илүү их магадлалтай болж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад хэцүү болсон. Тэд дэглэмийг дэмжихээ болих эсвэл гадаад руу гарах сонголттой л үлдэж байна. Нөгөө талаас гадаадад хөрөнгө хадгалахыг хориглосноор улс төрийн элитүүдийн Орос дахь өмчийг нэмэгдүүлж, Путины удирдлагын тогтвортой байдалд тус болох юм. Яагаад гэвэл Кремль хоригийг алагчилж тогтоосон ба уг хууль нь санал үл нийлэгч элитүүдийг мохоох Ерөнхийлөгч Владимир Путины зэвсэг болсон.

Зөвхөн Орос төрийн албан хаагчиддаа хязгаарлалт тогтоогоод байгаа юм биш. Хятад жишээ нь, муж, орон нутгаас дээш түвшний төрийн албан хаагчид өөрийн гэсэн пасспорттой байхыг хориглодог. Гадаад руу аялахдаа (ажлын болон хувийн шалтгаанаар) тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй ба аялалаас эргэж ирээд пасспортоо 7 хоногийн дотор эргүүлэн өгөх ёстой. Бүр цаашлаад Коммунист намын товчооноос дээш түвшинд ажиллаж тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагчид олон улсад аялахдаа намын хорооноос зөвшөөрөл авах ёстой. Мөн Хятадаас жилд 50,000 ам.доллараас их мөнгө гаргаж болохгүй гэсэн ерөнхий хориг бүх нийтэд үйлчилдэг. Гэхдээ гадаадад хүүхдээ сургах ямар нэг хориг байхгүй (Ши Жиньпин даргын охин АНУ-д коллежэд сурсан).

Оросын авилгын эсрэг тэмцэл, эх орондоо эргүүлэн авчрах кампанит ажлын гол онцлог нь Ерөнхийлөгчийн шууд дэмжлэг, эх оронч үзэл болон хязгаарлагдмал нөлөө юм. Энэ хандлага төрийг бүхэлд нь цэвэрлэхэд чиглэгдээгүй. Хэрвээ ингэвэл Ерөнхийлөгчийн эрх мэдэл сулрах байв. Төрийг бүхэлд хамрах авилгын эсрэг кампанит ажил Ерөнхийлөгчийг цөөхөн холбоотонтой үлдээж, хэрвээ Навальныйгийн видеонд итгэвэл Ерөнхий сайд Дмитрий Медведевээс ч салгах байв. Харин арай хөнгөн арга нь доод түвшний албан тушаалтнуудыг онилохдоо зарим дээд түвшний элитүүдийг “жишээ” болгон бусад элит, иргэдийн анхаарлыг татах явдал юм.

Дүгнэлт

Навальныйгийн блог авилгад гэрэл тусгаж, нийт Орос үндэстний анхаарлыг татаж байна. Медведевтэй холбоотой баримтуудыг ил болгосон нь төрийн дээд удирдлагуудын сонорт хүрсэн. Навальныйгийн дэлгэсэн бусад баримтууд ч мөн асуудал үүсгэсэн. Тодруулбал тэрээр блогтоо Нэгдмэл Орос намын үүсгэн байгуулагчдын нэг Владимир Пехтин АНУ-ын Флорида муж дахь хөрөнгөө тайлагнаагүй байсныг илчлэв. Дараа нь Пехтин парламентын суудлаасаа огцрох болсон. Үүнтэй адил хэргээр хэд хэдэн парламентын гишүүд огцорч байв. Кремль олон нийтийн уур бухимдлыг намжаах, шүүмжлэгчдийн амыг таглахын тулд эдгээр улс төрчдийг хаяж орхидог. Хэдийгээр олон судлаачид Кремль үнэндээ Пехтинээс салахаар шийдсэн гэж дүгнэж байсан ч тэрээр огцорсон явдал нь сөрөг хүчний хувьд агуу ялалт болсон. Гэхдээ Медведев түүний эсрэг олон нийтийн тэмцлийг тэсч гарч байна. Цаашдаа Ерөнхийлөгчийн ойрын хүний томоохон авилгын хэргийг Кремль тэвчихэд хэцүү байх. Ойрын үед ил болсон авилгын асуудлууд төрийн авилгын эсрэг кампанит ажиллагааг эхлүүлэх эсэх нь тодорхойгүй. Хэрвээ эхлүүлвэл мөн л эх оронч шинжтэй хөрөнгө эргүүлэн татах кампанит ажил болох болно.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.ponarseurasia.org  


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5003

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%