Нийтлэл 09 сарын 14, 2017

Алдаж болохгүй 11 хоног буюу БОДЛОГО ЗАХИАЛАХ цаг

Донровын Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романд гол дүрийн нэг Данзан нохойтой зодолддог нэг шог гараа гардаг. Мань хөдөөний цөлх эр Өндөр Жанрайсэгт мөргөж, Их Хүрээний дугана ганжир сэлтийн гайхам сайхныг үзэхээр явж байгаад хогийн цэгт үүрлэсэн нохдын үүр рүү орчихоод дээш харавч нохой доош харавч нохой...нохой нохой болж салам үзэлцдэг юм. Юун Жанрайсэг манатай. Өнөө бид сүрэг нохойтой салам үзэлцэж буй Данзан мэт болжээ. Хөгжил манатай, маргааш манатай юу ч л гэсэн энэний нохой, тэрний нохойтой үзэлцэх. Утаатай ч үзэлцэх, улстөрчидтэйгээ ч үзэлцэх..өөр хоорондоо үзэх, ямар сайн байхав.  Д.Намдагийн сод билиг Данзангийн тэмцэлд туслах байтугай үзэгчийн суудлаас баясаж элгээ хөштөл инээж байгаагаар шигтгэж үлдээсэн хоёр ламбугай шиг хөндлөнгийн үзэгчид мөн бий. Эгэл жирийн монголчууд бол салам үзэлцсээр, эх орноо гэсэн сэтгэлтэй тусмаа. Одоо бултаар  Өндөр Жанрайсэгийг үзью хэмээн хүрээг зорьсноо эргэн нэг санах цаг эрхгүй болжээ.

Би өөрөө ч  Данзангийн дүрд тоглож явах. Цаг хугацаа мөнхбусыг сануулах мэт харвасан сум шиг улирч одно.  Нутаг буцаж ирээд даруй 4 жилийг үджээ.  Анх медиа салбарт соён гэгээрлийн агуулга хийх мөрөөдөлтэй хөл тавьж билээ.  Даанч замын дунд тэгж байх сөхөөгүй болов. Харахаас л хулгай, уншихаас л луйвар, сонсохоос л худал хуурмаг, үзэхээс л үнэн худлын балархай. Цэгцлээгүй фаил фолдер үзэж чаддаггүй шигээ энэ хулгай шүү, тэр худлаа шүү гээ л үзэж тарлаа. Үзэл бодлыг таваар, өс хонзон гэж үзэх маягийн гунигт хандлага сууж амжсан уншигчдад жаахан ойлгомжгүй байсан бололтой байдаг. Хаанаас хэний мөнгөөр хэн гараад ирэв… гэлцээд л. Өнөөх нь бусад улсад далайн түвшнээр бол нойл түвшин дэх байдаг л нэг блоггер. Тэр блоггер нь ч тэг түвшнээс дээш тэмүүлэх тухай биш хаа хүртэл шалдаа буучихаад байгаа тухай, тэгээд зогсохгүй хэчнээн хурдтай хасах хязгаар руу чөлөөт уналт хийж яваа тухай ярих ажилтай болов.

Цөөнхөд зориулж мөнгө хэвлээд олонхийн түрийвчийг сэгсрэх юм аа, мөнгө сан нь холилдож мөнчанараа алдах юм аа, тендер төсөл бичээд төсөв идэх юм аа, тэрбум тэрбумаар нь  зээлж ирээд төсвөөс гадуур барьцгүй цацах юм аа, сор болсон уурхайг нь системээс гадуур авчих гээд лоббидох юм аа, саалийн ганц үнээг нь шударга өрсөлдөөнгүй хувьчлах юм аа, хүүхэд үхэж байхад идэж барсан төсөв нь эм авч хүрэхгүй юм аа хараал ид… зодолдож барагдахгүй хэлэлцэж дуусахгүй хэмжээгүй их хуудал хуурмаг, өнгөлөн далдалалтын эсрэг явж байхад нэг итгэл араас түшиж байдаг байв: Ойлгочих л юм бол оюунсанааны эсэргүүцэл заавал гарна гэж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гэхдээ өөрөөсөө асууж үзлээ. Яагаад унах хурд улам нэмэгдээд байна гэж. Хаана алдаад байна гэж.  Сайн сайхан угтах ирээдүйн тухай үлгэр ярих мөрөөдлөө ч мартаж юу болохгүй бүтэхгүй байгааг л хардаг болсон өөрөөсөө асуув. Тэгээд япон хэлэнд хэлдгээр эхлэл цэг, анхны сэтгэл рүүгээ буцъя уу гэж санаад бичиж байна. Буцахдаа гэхдээ ганцаараа биш.  Бүгдээрээ буцмаар байна.

Ерөөд оныг санаж байна уу? Ардчилалд итгэж, бүгдээрээ баяжина гэж гахай чирж, эрхчөлөө тэгш эрх бүхий маргаашийн тухай гэнэн өөдрөг төсөөлж асан тэр үе өнөөгөөс эдээр ядуу ч итгэлээр баян байж.  Тэр үеэс хойш юун төлөө олон үзэл үүсч,  юун төлөө мөнгө хөөж, юун төлөө энэ бүхнийг шийддэггээр нь улстөржиж, юун төлөө ер нь амьдарч байгаа билээ? Сайн сайхан, аз жаргал, эрдэнэт хүмүүн,  маргааш... тэр бүхнийг агуулсан Монголын сайхан орны төлөө биш билүү?  Тэг түвшнээс дээш ер нь хааш тэмүүлж явснаа санаж байна уу, хэзээ ч юм бэ? Одоо очих газар, зорих бариа байна уу, бидэнд?

Дэлхийн бөмцөрцөгт их хүчнүүдийн дахин хуваарилалт явагдаж, цөөхөн монголчууд нэг үндэстний хувьд хэзээ хэзээнээс илүү  атгасан гар шиг чамбайрч, хүчирхэгжиж туулах ёстой нүргээнт цаг үе нэгэнт кино биш бодит байдал болсон байна. Ийм байтал 65 суудалтай эрх барих нам, нүүдэлчин Монголын орчин цагийн түүхэн дэх анхны бөгөөд сүүлчийн инстүүц МАН хүртэл хагарч, Үндсэн хууль хүртэл зөрчигдөхөд тулсан засаглалын хямрал үргэлжилж байх нь түүхийн даажин гэлтэй.

Тэр утгаараа одоо гарах Засаг дээш тэмүүлэх бодит хэрэгцээ ба доош унаж буй хурд хоёрын зай хамгийн холдсон цаг үеийн асар их хариуцлага өвөрлөж мэндлэх Засаг юм. Эндээс цааш унагавал эргэж сэхэх найдваргүй байж мэдэх ийм үед МАН 11 хоногийн дараа шинэ лидерээ сонгох гэж байна. Сонгосон хүн нь улс Монголыг,  4 толгойтой болж тарамдсан төрийг нэгтгэж зангидах үүрэг хүлээнэ. Сонголтод юу чухал тухай өмнөх хоёр тэмдэглэлийг МАН-ын гишүүдэд дайсан. Энэ тэмдэглэлийг бол иргэдэд. Одоо иргэд бид энэ тэрний хүн, тэр энэнийх маягийн хогийн цэг дээрх Данзангийн зодооноо түр хойш тавьж энэ намд захиалгаа өгмөөр байна. Хүрээ зорьж жин тээж гарахдаа бид юуг зорьж хөдөллөө? Алтан ганжирыг ямар гэж төсөөллөө? Алсаас бараа нь харагдана уу? Хөтлөөд хүргээд өгч мэдэх хүн хар үзэгдэнэ үү?

Хаашаа ч юм бэ дагуулж явах хүн ба түүний баг шийдэгдтэл 11 хоног үлджээ. Одоо энэ 11 хоногийг шинэ кабинетээс юу хүсч байгаагаа ил тод, эерэг, өргөн фронтоор илэрхийлж шаардах, өөрөөр хэлбэл  “БОДЛОГЫН ЗАХИАЛГА” хийх хугацаа болгож ашиглъя гэж иргэний нийгэм, соошил медиа хэрэглэгчид, хэвлэл мэдээллийнхэнд уриалмаар байна. Эд нар чадахгүй байна гэж засгаа унагаагсдад болзол тавьж, болохгүй гээд буулгасан кабинетээс нь илүүг нэхэж шахаж ажиллуулах эрх бидний гарт орсон байна. Бид хүн захиалахгүй, хэн нэгнээс болж талцахгүй, харин бодлого нэхье. Хэнээр хийлгэхээ нам нь шийдэг.

Одоо тэгээд Алтан ганжир, Өндөр Жанрайсэг нь юу байх юм бэ, нээрээ? Амлаад гарсан мөрийн хөтөлбөр нь худлаа юм бол ард түмэн өөрсдөө шинээр бичиж ЗАХИАЛГА өгөх үү? Шударга ёсыг хэн тогтоох вэ? Шүүх цагдаа шударга ажиллах уу, үгүй юу?   Хулгай зогсох уу, зогсохгүй юу? Хулгайчдыг шийтгэх үү, үгүй юу?  Баялгийн сан гэж байх уу, байхгүй юу? Өмчийг биржээр, шударгаар хувьчлах уу, хувьчлахгүй юу? Банкны хүү буух уу, буухгүй юу? Бүс нутаг хөгжиж утаа арилах уу үгүй юу? Элэг ходоодны хавдраа яахав...ээлжээр хичээллэж байгаа хүүхдүүдээ яахав? … энэ мэт асуултад хариулт нэхэхгүй, хариуцлага асуухгүй, хариулж чадсаныг нь дэмжиж явахгүй бол эргээд л ирэх хавар 500 сая доллар төлөх үеэр шинэ кабинетын сураг гарч, төгрөгтэй хамт түмний амьдрал чөлөөт уналт хийх эрсдэл бодитоор оршин байна. Алдах эрх, ухрах эрх, унах эрх цөм МАН-ын хувьд ч, иргэд бидний хувьд ч дууссан байнам.  

Данзан хөөрхий Өндөр Жанрайсэгийг зорьж яваагаа мартаж, ямар их хог вэ яасан их хог вэ гэж гайхаж яваад нохойд бариулж билээ. Араас нь орчихгүй юмсан.  Алдаж болохгүй 11 хоног айсуй…  

 

 

Facebook page: bolushka

Твиттер хуудас: @bolushka

Холбоотой:

Трамптай хамт ямар дэлхий ирж байна вэ?

Тоосгоор байлдах нь буюу конструктив сэтгэлгээний хомсдол

Сүүлчийн инстүүц буюу 60 тэрбум хэмээх мөсөн уулын орой

Н.Дэмбэрэл: Одоо манай үеийнхэн нэг алхам ухаръя

Чи бүхнийг хийх бодолтой бол чамд юу ч хийх бодол алга

 

arrow icon