Нийтлэл 09 сарын 29, 2017

Чагтлагдсан сэдэв: ӨМНӨД СОЛОНГОСЧУУД БҮХ НИЙТИЙН АМРАЛТААРАА 10 ХОНОГ АМРАНА

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин бүх нийтийн амралтыг 10 өдөр байхаар зохицуулсан шийдвэр гаргажээ.

Сарны тооллын дагуу жил бүрийн наймдугаар сарын 15 дахь өдөр тэмдэглэдэг “Ургацын баяр” (Чусок) энэ жилийн 10 –р сарын 4-нээс 6-ны хооронд тохиож байгаа бөгөөд энэ баяртай залгуулан "Солонгос Үндэстний баяр", "Хангил үсгийн баяр" тохиож байгаа юм.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин эдгээр баярын өдрүүдийг харгалзан 10-р сарын 2-ноос бүх нийтийн амралтыг эхлүүлэхээр шийдвэрлэн, есдүгээр сарын 30-наас 10-р сарын 9-н хүртэл 10 хоног амрахаар зохицуулжээ.

Эдгээр баярын өдрүүдэд Өмнөд Солонгосын Засгийн газар “Korea Sale Festa” худалдааны үзэсгэлэнг зохион байгуулж байгаа ба 350 гаруй дэлгүүр 80 хүртэлх хувийн хямдрал зарлах аж.

Өмнөд Солонгосын Засгийн газар энэ үйл ажиллагаагаар дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх, эдийн засаг өсөлтөнд эерэгээр нөлөөлөхийг зорьж байгаа юм. Өнгөрсөн жилийн ээлжит үзэсгэлэн худалдааны дараа Өмнөд Солонгосын эдийн засаг 0,13%-иар өссөн байна.

Гэхдээ өмнө жилийн баярын өдрүүдээс ялгаатай нь гадаад руу аялахаар төлөвлөсөн хүмүүс нэмэгдсэн байна. Өмнөд Солонгосын аялалын жуучлалын “Интерпарк тур” агентлаг өнгөрсөн жилийн мөн үеийнхээс захиалга хоёр дахин нэмэгдсэн гэж мэдээллэсэн бөгөөд үүнээс АНУ, Европ зэрэг орнууд руу явах захиалга 40%-иар нэмэгдсэн гэжээ.

  

Сэтгэгдэл бичих

arrow icon