Нийтлэл 09 сарын 29, 2017

Болдкогийн тэмдэглэл : Алтран шаргалтах элсэн зүмбэртэй Эрээн нуур

V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид  “V”  телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Бид энэ удаа “V” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялан байгалийн сонин содон тогтоц, тухайн газар нутгийн хүмүүсийн аж амьдрал, байгалийн үзэсгэлэнг дэлгэцнээ буулгадаг “Болдко тэмдэглэл” нэвтрүүлгийн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын  сонин содноос, тэр дундаа Жаргалан сумаас хойш 20 гаруй километрт орших Донойн хөндий болон Монгол элс, Эрээн нуурын сонирхолтой  аялалыг танилцуулж байна. 

Говь-Алтай аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур нь Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан,  Ажбогд зэрэг өндөр уулууд оршино. Мөн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи, Ихэс, Шарга,  Тонхил, Эрээн нуур зэрэг  томоохон нууруудаас гадна Хөнхөр, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан сувилал амралтын баазтай говь хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт газар юм. 

“Болдко тэмдэглэл” нэвтрүүлгийн баг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын хүмүүсийн аж амьдралтай танилцаж, нутгийн иргэдийн ажилч хөдөлмөрч зан чанарыг түүнчлэн гол, нуур, элс гэсэн байгалийн үзэсгэлэнт байдал экосистемийн өвөрмөц хослолыг дэлгэцнээ буулгажээ.

Монгол элс

Говь-Алтай, Завхан, Өвөрхангай аймгийн нутгийг дамнан орших 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм. Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар, цагаан суль нь хур бороо, ган гачигаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг.

Эрээн нуур

Эргэн тойрон өндөр өндөр элсэн манхануудаар хүрээлэгдэн өвөрмөц тогтоцтой, цэнгэг устай үзэсгэлэнт нуур юм. Нуурын ойролцоо Завхан голын тохойрч мушгирсан хөндий арлуудаар бургас, хус мод ургах ба элсэнд нь бор бургас, боролзгоно, суль, сульхир, чацаргана их хэмжээгээр ургадаг нь байгалийн сонин содон гайхамшигуудын нэг юм. Эрээн нуураас баруун тийш 6 км-т танан цагаан өнгөөр гялтганан цайрах цагаан давс, малын хужир бүхий Дөрөө нуур Эрээн нуураас элсэн манханаар тусгаарлагдаж оршино. Нуурын баруун талын хөндий арын их элсэн манханд хар сүүлт, цагаан зээр, чоно, үнэг, мануул, хярс байдаг. Дэлгэр зуны улирал ирж гол мөрөн урсаж, өвс ногоо халиуран урсгасан үед түмэн зүйлийн усны шувууд нуур усанд нь цугларан орчин тойронд нь таван хошуу мал багшран байх нь үнэхээр гайхалтай. Эрээн нуур, Монголын их элс нь ороо морь, хурдан морины савдагтай бөгөөд Их монгол элсэнд нутагшин байрлаж Эрээн нуурын уснаас ундаалж хээрийн онгон салхинаас өөр юу ч нуруундаа хүргээгүй атар онгоноороо байдаг аж.

Донойн хөндий

Яруу сумын нутагт Донойн хөндий хэмээх уудам хөндий бий. Энд урьд цагт долоон түмэн адуутай Доной баян гэгч нутаглаж байсан тул ийн нэрлэжээ. Донойн хөндийд адуу нь дүүрч байвал долоон түмэн адуугаа бүрэн гэж, эс дүүргэвэл дутуу гэж мэддэг байсан гэнэ. Энд нэг том уул бий бөгөөд түүнийг Доной баяны уул гэдэг ажээ. Тэр уулын орой дээр нэг чулуун шон байдаг нь Доной баяны морины уяа юм гэнэ. Мөн тэнд нэг том гэгч дугуй шороон тойрог байдаг нь Донойн гэрийн буурь байрладаг юм байна.

"Болдко тэмдэглэл" нэвтрүүлгээс Говь-Алтай аймгийн үзэсгэлэнт газрууд, хүмүүсийн аж амьдралын сонин хачныг сонирхоорой.

Сэтгэгдэл бичих

arrow icon