“Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” 2020 оноор дуусгавар болж байгаа юм. 2021 оны эхнээс шинэ ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх ёстой учраас 2018 оны НИТХ-с хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд "Хотын ерөнхий төлөвлөгөөний концепцийг боловсруулж, ерөнхий төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлыг хангах”-аар тусгагджээ. Тиймээс ирэх арван жилд хүн амынхаа талыг хэрхэн дөрвөн уулын дундаа багтааж хоггүй, утаагүй, бөглөрөлгүй, эрүүл ажиллаж амьдруулах вэ? гэдэгт НИТХ-ын төлөөлөгчид голлох үүрэг гүйцэтгэнэ. Та бүхэн нийслэлд илгээсэн иргэдийн төлөөлөгчөөсөө ингэж асуугаарай.
Анх 600 000 хүнтэй байхаар төлөвлөсөн нийслэл хот одоо нийт хүн амын 46.2 хувь буюу 1.4 сая хүн амтай 380 808 өрхтэй их айл болжээ. Улаанбаатарт 2010-2017 онд нийт 275’632 хүн нийслэл хотод шилжин ирсэн
бөгөөд 158 138 нь 15-34 насны эдийн засгийн идэвхитэй хүн ам байна.
Японы JICA-с хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хүн ам 2030 онд 2.0 саяд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 3.5 дахин, хөдөлмөр эрхлэлт 2.3 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Одоогийн байгаа хүн амынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа Улаанбаатар ирэх 10 жилд өсөн нэмэгдэх хэрэгцээгээ хэрхэн хангаж, зохицуулах вэ?
Улаанбаатарчуудын цахилгааны хэрэглээ 2007 онд 2678.9 сая/кв байсан бол 10 жилийн дотор 4938.3 сая/кв болон 2 дахин нэмэгдэж, 3263.3 сая тн байсан нүүрсний хэрэглээ 12364.5 сая тн болтлоо 4 дахин нэмэгджээ.
Аль социализмын үед баригдсан ДЦС-3, ДЦС-4 ийнхөө хүчээр өдийг хүргэсэн. 5-р цахилгаан станцын сураг сонгууль бүрийн мөрийн хөтөлбөрт л дурайхаас өөрөөр ажил болсонгүй. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хэрхэн хангах вэ?
Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр 335 мянган авто машин Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Өдөр бүр 2-3 цагийг замын түгжрэл дунд дуут дохиогоо орилуулсаар, бие биеэ элдвээр хэлэн машиндаа өнгөрүүлэх нь бидний амьдралын хэвшил боллоо. Энэ амьдралын хэвшлээ өөрчлөх боломж ирэх 10 жилд бидэнд тохиох болов уу? Нэг өдрийг машингүй өдөр болгоод, нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчихоор зохицуулаад ч нэмэр алга. Удахгүй хойшоо ч үгүй, урагшаа ч үгүй гацаж, зорьсон газрынхаа гадаа зогсоол хайн 5-6 удаа эргэлдээд буцаад гэр лүүгээ харих уу? Авто замын сүлжээгээ хэрхэн хөгжүүлэх вэ?
380 808 өрхийн талаас илүү нь буюу 56.7 хувь нь гэр хороололд амьдарч байна. Саяхны судалгаагаар иргэд орон сууцанд орох хүсэлтэй ч тэдний төлбөрийн чадварт таарсан орон сууц байхгүйгээс орон сууцтай болж чадахгүй байна гэжээ. Гэтэл гэр хорооллолд амьдарч байгаа иргэдийнхээ дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол утаа, хөрсний бохирдол юу ч шийдэгдэхгүй. Иргэдээ хэрхэн илүү тохилог, дулаан сууцтай болгож Улаанбаатарчуудад ногдсон багахан газраа илүү ашигтайгаар хэрхэн ашиглах вэ?
Сэтгэгдэл бичих