Нийтлэл 11 сарын 13, 2017

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа: Бодлого шийдвэрийг илүү оновчтой болгохын тулд төрийн нэгдсэн мэдээллийн санг байгуулъя

Төрийн ордонд Тогтвортой хөгжил Статистик үндэсний чуулган төрийн ордонд зохион байгуулагдаж байна.  Тус чуулган дээр тавьсан ҮСХ-ны дарга А.Ариунзаяагийн илтгэлийг та бүхэнд хүргэж байна.

Бүх статистикчиддээ 93 жилийн ойн баярын мэнд хүргэе. Тэртээ 1924 оны 11 сарын 11 анхны тоо бүртгэлийн хэлтэс 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол одоо 320 албан хаагчид , гэрээт судлаачид статистикийн нэгжийн ажилтнуууд бүгд нийлээд 2489 ажилтан албан хаагчтэй их айл болжээ. Үндэсний Статистикийн газар нь 48 бүлэг 346 үзүүлэлт бүхий мэдээллийг сар, улирал, жил бүрээр нь  гаргаж мэдээллэдэг. 10 тооллого судалгаа гаргадаг. Бид тоон мэдээллийг бодлого шийдвэр гаргагчдад төдийгүй эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, жирийн иргэд ч амьдралдаа хэрэглэх боломж өгдөг. Бид илүү сайн технологийн мэдлэгтэй, хувьсах чадвартай болох хэрэгтэйгээс гадна сонсох мэдээллээ хүргэх, үйлчилгээний чанараа сайжруулах хэрэгтэй байна. Их хэмжээний тоон бичвэрийг үзэхээ больсон судалгаанаас үзэхэд мэдээллийн 65 хувийг нүдээрээ авдаг болсон байна.  Хүний тархи зурган мэдээллийг, энгийн бичвэрээс 60 мянга дахин хурдан хүлээж авдаг. Тиймээс ҮСХ гаргаж буй статистикийн мэдээллээ илүү ойлгомжтой болгохын тулд дүрсжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.

ҮСХ 1980 онд Монгол улсын анхны имэйлийг илгээж байсан, 1998 онд анхны веб сайттай төрийн байгууллага болж байсан анхдагч байгууллага. Бид мэдээлэл технологийн хэрэглээгээр манлайлагч байхыг үргэлж хичээж ирсэн. Интернет хэрэглэгчид маань nso.mn, 1212.mn сайтуудаас статистикийн бүх судалгаа мэдээллийг нээлттэй авах эрхтэй. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын үүрэн холбооны идэвхитэй хэрэглэгчдийн тоо 3 786 000, гар утсаараа интернет хэрэглэгчдийн тоо 2 476 000-д хүрчээ. Маш идэвхитэй интернет орчинг ашигладаг нь эндээс харагдаж байна. Тиймээс ҮСХ-оос ухаалаг утас, таблет хэрэглэгчдэд зориулан 1212 аппликейшныг сайжруулан хүргэсэн. ҮСХ-нь уламжлалт болон орчин үеийн шийдлийг ашиглан статистикийн мэдээллээ хүргэхийг зорьж байна. Жилийн өмнөөс олон нийттэй харилцах хэлтэс байгуулж ажилласан нь тодорхой эерэг үр дүнгүүдийг өгч байна.  Төв байрандаа номын сан, дата лабыг бий болгож мэдээллээр үнэ төлбөргүй үйлчилж байна. Мөн  сэтгүүлчдэд зориулан мэдээллийн төв ажиллуулж, сургалтууд зохион байгуулж байна. Статистикийн мэдээлэлд эргэлзэх шүүмжлэлтэй хандах хүн ч байгаа. Энэхүү хандлагыг өөрчлөхийн тулд статистикийн мэдээллийг илүү хялбар ойлгомжтой шуурхай хүргэхэд анхаарах хэрэгтэй. Статистикт хандах хандлагыг өөрчилье гэвэл нэн тэргүүнд  сурагч, оюутан залуусаас эхлэх хэрэгтэй. Иймээс сүүлийн жилүүдэд ахлах ангийн сурагчдад статистикийн боловсрол өгөх сургалтыг явуулсан. Мөн 2016 онд АНУ-ын Алабама мужийн их сургууль, Иелийн их сургууль, Пенсилван мужийн их сургуулиудтай хамтран их дээд сургуулиудын багш нарыг оролцуулан олон улсын бага хурал зохион байгуулсан. Энэ нь тийм ч хангалттай ажил биш. ЕБС-ийн сургуулийн математикийн хичээлд статистикийн сэдэв 10 хувьд нь багтсан байдаг. Гэвч багш гарт зориулсан нэгдсэн гарын авлага байхгүй учраас хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд хэдхэн хоногийн өмнө БССШУ-ны сайд Ц.Цогзолмаатай уулзаж гарын авлага боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажил ирээдүйд улс орны хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Хөгжил болон статистикийг салган ойлгох боломжгүй. Статистик бол хөгжлийн хэмжүүр, хөгжлийн хөтөч.

Өчигдөр хаана байсныг тэмдэглэж, өнөөдөр бидний алдаа оноо хаана байгааг тодорхойлж, маргааш хаана хүрэхийг тооцоолж болох зүйл нь статистик.

Статистик бол өнгөрснийг тэмдэглэж, өнөөдрийг баримтжуулж, ирээдүйг тодорхойлох түлхүүр мөнөөс мөн. Нэг жишээ дурдая.  Бид 2002 онд монгол улсын хүн амын тоо 2010 онд 2 сая  700 гаруй мянга болно гэж тооцоолсон. Харин 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогоор хүн ам 2 сая 754 мянга гэж тоологдсон нь  энэхүү урьдчилсан тооцоололтой таарч байгаа юм.  Одоогоор тооцоолсноор 2025 онд Монгол улсын хүн ам  3 сая 230 гаруй мянга  болно. Үүний 25 хувь нь 0-14 насны хүүхэд, 69 хувь нь 15-65 насны хүмүүс, 5.6 хувь нь  65-с дээш насныхан насныхан болно. Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай улсын хүн амд өндөр настны эзлэх хувь хамгийн их байх үе юм. Тиймээс бидэнд илүү сайн тэтгэврийн тогтолцоо хэрэгтэй учраас одооноос анхаарах хэрэгтэй. Бидэнд тулгамдаж байгаа асуудал болох цэцэрлэг сургуулийн хүртээмжийн тухай статистик хэдхэн жилийн өмнө анхааруулж байсан. Өнөөдрийн цэцэрлэг сургуулийн асуудал, маргаашийн ажлын байр, нөгөөдөр тэтгэврийн бодлого гэх мэтчилэн хоорондоо уялдаа холбоотой тойргийг үүсгэж байдаг. Бид маш олон тооцооллыг гаргаж чадна. Шийдвэр  гаргах байгууллагууд статистикийн хэрэглээг нэмэгдүүлээсэй гэж хүсдэг. Ийм болгохын тулд бид өөрсдөө хичээх хэрэгтэй.

ҮСХ-оос  хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хамгийн сүүлд “Газарзүйн мэдээллийн нэгдсэн сан”-г үүсгээд байна.  Энэхүү сангаас  жишээлбэл цэцэрлэгийн насны хүүхдийн тоо,  цэцэрлэгийн тоо, цэцэрлэгийн ачааллыг нэг зургаар харах боломжтой. Ингэснээр цэцэрлэг сургуулийг хаана шинээр байгуулах вэ гэдэг шийдвэр хамгийн зөв гарах юм. Бид гаргаж буй бүхий л мэдээллээ энэхүү газарзүйн мэдээллийн нэгдсэн санд хөрвүүлж, холбох ажлыг хийгээд байна.

Дараагийн жишээн дээр Сүхбаатар дүүргийн дулааны шийдэл, амьсгалын тогтолцооны өвчлөлтийг харуулсан болно. Цаашлаад бид эрүүл мэндийн үйлчилгээ, гэмт хэргийн зураглалыг ч харах боломжтой. Ингэснээр бид илүү зөв зохистой бодлого боловсруулах боломжтой болох юм. Мэдээллийн хувьсгалын эрин үе гэж бид байнга ярьдаг боловс төрийн байгууллагууд мэдээллийн сангийн боловсруулалт, хурд, технологийн хөгжлийн тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаатай бид бүгд санал нийлнэ. Монголын төрийн байгууллагууд яг адил мэдээллийг  давхардуулан боловсруулдаг. Тэр нь хоорондоо зөрөх асуудал ч гардаг. Жишээ нь : хүн ам өрхийн мэдээллийн сан, иргэний сан, эд хөрөнгийн сан, хуулийн этгээдийн сан, боловсролын мэдээллийн сан, халамжийн сан гэх мэт нэг иргэний мэдээллийг олон талд алдаа давхардалтай, зөрүүтэй  байдлаар гаргаж байна. Харин энэ нь иргэнд маш их хүндрэл үүсгэдэг.  Энэ бүх асуудлыг шийдвэрлэх гарц бол төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй солилцох нэгдсэн мэдээлийн сан бий болгох юм. Нэгдсэн мэдээллийн сан бий болгохын тулд технологи болон хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн нэгдсэн мэдээлллийн сантай болсноор иргэн эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг авахдаа их хэмжээний цаг,  төсөв мөнгө хэмнэхээс гадна шинэ судалгаа, хувьсагчууд бий болж төрийн үйлчилгээ илүү чанартай болох юм. Шийдвэр гаргах түвшинд ч бүгдийг нэг хавтгай дээрээс харах боломж ч бүрдэнэ. Зөвхөн төрийн үйлчилгээ чанаржаад зогсохгүй тулгамдаж буй асуудлын шийдэл, ирээдүйн зөв төлөвлөлтийн үндэс суурь болно. Энэ нь улс орны тогтвортой хөгжилд нөлөөлөх нь гарцаагүй.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon