Өглөөний бэлтгэл

Өглөөний бэлтгэл

Хүүхэд тань өглөө цэцэрлэг эсвэл хичээлдээ явахдаа бэлтгэлээ хэр хийж байна даа?

“Цайгаа уугаачээ, шүдээ угаасан уу?”, “Хурдлаачээ хурдал” гэх зэргээр хүүхдээ загнаж шавдуулсан, яарч сандарсан өглөөгөөр өдрийг эхлүүлж байна уу?

Хэн ч өглөөнөөс эхлэн уурлаж уцаарлахыг хүсэхгүй биз дээ. Тэгвэл, хүүхдүүд тань хичээлийнхээ бэлтгэлийг хийж чадахгүйдээ биш, төлөвлөж хэрэгжүүлэхдээ л муу байдаг.

Тиймээс тэдний хийх зүйлсийг нь нүдэнд харагдах хэлбэрээр зурж, бичсэн жагсаалт хийж өгөөрөй.

Өөрөөр нь шалгуулж, хянуулан бэлтгэлийг нь хийлгүүлэх

Хүүхдийг 3 нас хүрмэгц өөрийнх нь эргэн тойрны зүйлсийг бие даалгаж хийлгүүлэх хэрэгтэй.

Нүүрээ угаах, хувцсаа солих, шүдээ угаах гэх мэт. Өдөр бүр давтдаг зүйл хэдий ч хүүхдийн хувьд дэс дарааллаар нь төлөвлөж хийх нь их хэцүү асуудал байдаг.

Тиймээс юу юуг, ямар дэс дарааллаар хийхийг хүүхэд хараад ойлгох заавар маягийн зүйлсийг хийж өгөх нь чухал.

“Биеэ засах”, “Нүүрээ угаах”, “Хувцсаа солих” зэрэг хийх зүйлсийг нь бичсэн эсвэл уншиж чадахгүй хүүхдийн хувьд зураг хэлбэрээр, ойлгомжтойгоор дарааллуулсан жагсаалт хийж өгөөрөй. 
Хүүхэд өглөө бүр тэрхүү жагсаалтаа харж өглөөнийхөө бэлтгэлийг хийх болно.

Хийснээ нэг нэгээр нь дарах болон тэмдэглэгээ хийгээд явах байдлаар жагсаалт гаргаж өгвөл хүүхдүүд хийсэн зүйлдээ урамшин идэвхтэй гүйцэтгэдэг.

Мэдээж эцэг эхийн магтаалаас илүү урамшуулал гэж байхгүй учир хүүхдээ хийж дууссан үед нь сайн магтаж урамшуулаарай.

Хэрвээ хүүхэд тань дуусгалгүй орхих, дунд нь зарим нэгийг нь орхигдуулсан байвал уурлаж загналгүй “Бүгдийг нь хийгээд дуусгасан уу?” “Ямар нэг зүйл мартаагүй биз” гэх мэтээр сануулаад өгөөрөй.

“Хаана зогссон, юу юу орхигдуулсан”-ыг хүүхдээр өөрөөр нь олж илрүүлүүлэн, гүйцээж хийлгэх нь чухал юм. 
Хүүхдээ дадаж суртал эхний үед хамт хийлцээрэй. Өглөө юу юугаа яаж, ямар дарааллаар хийх вэ гэдгийг өмнөх орой ярилцах нь илүү үр дүнтэй байдаг.

Харин хүүхэд тань идэвхгүй, удаад байвал, “Хоёулаа хэн хурдан хийж дуусгахаа үзэх үү? Уралдах уу?”, “Тэдэн минутын дотор хоолоо идэж чадах болов уу? Алив харъя даа?” гэх зэрэг тоглоом уралдаан хэлбэрээр хийлгүүлээд үзээрэй.

 

Маргаашийн бэлтгэлийг өмнөх өдөрт дуусгаж бай

Үргэлж яарч сандарч байдаг өглөөний цагаар тухайн өдрийн бэлтгэлээ хийх нь эцэг эхийг ч, хүүхдийг ч стресдүүлж, тэвдэж сандарсан дээр нь улам дарь нэмсэн асуудал болдог.

Тиймээс хүүхдийнхээ цэцэрлэг эсвэл хичээлийнх нь бэлтгэлийг заавал өмнөх өдөр нь хийлгэж хэвшүүлээрэй.

Маргаашийнхаа хичээлийн бэлтгэлийг өөрөө хийдэг болсноор хүүхдийн аливааг төлөвлөх чадвар сайжрах ба эцэг эхийн хувьд ч ажил нь багасах юм.

Хүүхдийг 3 наснаас нь, оройтлоо гэхэд 5 нас буюу сургуульд орохын урд жилээс өмнөх өдөр юмыг нь бэлдүүлж, хэвшүүлж эхлээрэй.

Хүүхэд томчууд шиг төлөвлөж, дараа дараагийн алхамаа бодож үйлдэл хийхдээ муу байдаг.

Тиймээс жагсаалт гаргах буюу “Ямар зүйлсийг ямар дэс дарааллаар хийх” – ийг нүдэнд харагдах хэлбэрээр хийж өгөх хэрэгтэй.

“Биеэ засах”, “Нүүрээ угаах”, “Хувцсаа солих” зэрэг хийх зүйлсийг нь бичсэн, уншиж чадахгүй хүүхдийн хувьд ойлгомжтой зургаар харуулсан хуудас, самбар зэргийг хүүхдийн юмаа бэлдэх хэсэгт (хүүхдийн өрөө, ширээнийх нь ойр г.м), хялбархан харагдахаар байршуулж өгөөрэй.

Харин, хүүхэд тань сурагч болоод, бэлтгэлээ хийж дадсан үед маргаашийн хийх зүйлсийн жагсаалт болон сургуульдаа авч явах зүйлсийн жагсаалтыг хүүхдээр өөрөөр хийлгэж эхлэх нь чухал.

Ээж аав нь хүүхдэдээ “Нэгт энийг, хоёрт тэрийг, дараа нь энийг” гэж заах биш, хүүхдээр өөрөөр нь “Маргааш яахын тулд би юу хийх ёстой билээ” хэмээн төсөөлөн бодуулж, тунгаалган, жагсаалт гаргуулах нь төлөвлөх чадварт сайн үр дүнтэйгээс гадна, хүүхэд өөрөө бодож, бичсэн зүйлдээ илүү хариуцлагатай ханддаг байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%