Нийтлэл 11 сарын 24, 2017

Хүчирхийллийн гэмт хэргийн давтамжийг бүртгэх программыг нэвтрүүлнэ

Өнөөдрөөс эхлэн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Аянтай холбогдуулан ХАНХЯ, НҮБ-ын Хүн амын сан, ЦЕГ, Лантуун дохио ТББ, Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төвөөс хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.  Энэхүү аяны хүрээнд уран бүтээлч Ариунзаяагийн эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойг гаргасан Нүдээ нээ Нүцгэн үнэн  үзэсгэлэн мөн нээлтээ хийж байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн эрх зүйн шинэчлэлийн зохицуулагч Ариунтуяа: Хохирогч хамгаалах эрх зүйн орчин шинээр бүрдсэн үед энэхүү аян явагдаж байгаагаараа онцлогтой. Хүүхэд хамгааллын хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан энэ үед хууль, эрх зүйн орчны талаар олон нийтийн ойлголтыг өөрчлөх, хандлагыг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг олон ажил биднийг хүлээж байна. Хүчирхийлэлтэй тэмцэх асуудал нь зөвхөн цагдаагийн биш олон нийтийн ажил хэрэг болсон. Боловсрол, эрүүл мэндийн салбарууд зэрэг олон салбар энэхүү аяны хүрээнд нэгдэж байна. Хүчирхийллийг хүн л үйлддэг. Хүчирхийллийг хүн л зогсоож чадна. Энэ жил аяны хүрээнд 30 байгууллага нэгдэж орсон. Олон нийтийн хүчин чармайлт өндөр үүрэг гүйцэтгэнэ.

ЦЕГ-ын урьдчилсан сэргийлэх төвийн дарга, дэд хурандаа Арсланхуяг: 2017 оны эхний 10 сарын байдлаар 17000 орчим ахуйн хэргийн дуудлага бүртгэгдсэнэс 3800  орчим дуудлага нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага. Энэхүү дуудлагаар 2117 хүчирхийлэл үйлдэгчийг баривчилж, 1859-ийг нь хуулийн дагуу торгосон. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 871 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 323 нэгжээр буюу 27 хувиар буурсан үзүүлэлт. Хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн 798 нь буюу 90-ээд хувь нь эмэгтэйчүүд, 102 буюу 10 хувь нь бага насны хүүхэд байна. Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг улсын хэмжээнд 745 бүртгэгдсэн. Хүүхдийн болон хүчирхийллийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурсан боловч гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөлттэй байна. Улсын хэмжээнд 1427 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон. Үүнээс Улаанбаатар хотод 869 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн үзүүлэлт болж байна.  Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэрэгтэнтэй хариуцлага тооцох ажлын хүрээнд олон арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн чиглэлээр зохион байгуулсан 136 удаагийн сургалтанд 4000 хүн хамрагдсан байна. Соён гэгээрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлуудыг тасралтгүй зохион байгуулсан нь 1900 орчим байна. Хохирогчид үзүүлсэн тусламжийн хувьд түр хамгаалах байранд 310 хүнийг хүргэж өгсөн, нэг цэгийн үйлчилгээнд 269 хүн хүргэж өгсөн. Цагдаагийн байгууллагын түр хамгаалах байрны 107 утсанд 7880 хүн гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр мэдээлэл авах гэж хандсан дуудлагууудад сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд анхны дуудлагын мэдээлэл маш чухал. Дуудлага мэдээллийг тусгайлан бүртгэдэг программыг НҮБ-ын хүн амын сантай хамтран 2 жилийн хугацаанд хийсэн ба энэ онд багтаан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж байна.Энэхүү программ нь хүчирхийллийн үйлдлийн дуудлага бүрийг бүртгэж, давтамжийн тоог гаргах боломжтой болж байгаагаараа өндөр ач холбогдолтой. Энэ программыг ТББ-ууд болон нэг цэгийн хамгаалах байр зэрэг бусад байгууллагууд ашиглаж болох ба ингэснээр хүчирхийллийн талаар мэдээлэл харилцан солилцох, хүчирхийллийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдэх боломжтой болж байна. Цагаан туузны аян зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан ЦЕГ-аас "Хайрла хамгаал" аянг мөн зохион байгуулж байгаа гэлээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon