Уураг бүхнийг чадна

Уураг бол 20 төрлийн амин хүчлийн хэлхээ бөгөөд амьд биед бүтэц, үйл ажиллагааны үүрэгтэйгээр оршино. Энэ удаагийн нийтлэлдээ амьд биед юу хийдэг, ямар үүрэгтэйгээр оршдог талаар бэлтгэлээ. Юуны өмнө уургийг үүргээр нь 7 ангилж болно. Ангилал тус бүрийг доор дурдъя.

  1. Уураг бол энзим

Энзим гэдэг нь химийн урвалын катализатор буюу хурдасгагч юм. Хүний биед явагдах бараг бүх урвал энзимийн тусламжтайгаар явагдана. Үүнд гурван жишээ дурдъя.

  • Амилазэ (Amylase): Энэ нь та бидний шүлсэнд агуулагдах бөгөөд хоол боловсруулах үүрэгтэй. Будаа, гурил болон бусад хүнсэнд агуулагдах цардуул зэргийн нүүрс усыг задлах үүрэгтэй таслагч машин юм. 
  • АТФ синтазэ (ATP synthase): АТФ гэдэг нь өндөр энергит бодис бөгөөд эсэд явагдах аливаа урвалыг явуулахад АТФ-ийн энерги ашиглагдана. Өөрөөр хэлбэл гал түлж, цай чанах процессын түлш болох нүүрс нь эсийн хувьд АТФ юм. Синтазэ гэдэг нь нийлэгжүүлэх гэсэн утгатай тул АТФ нийлэгжүүлэх энзим гэсэн үг юм. Энэ митохондриа (эс доторх эрхтэнцэр)-н дотоод бүрхүүлд оршино. АТФ синтазэ нь протон (нэмэх цэнэгтэй бөөм)-ы гаднаасаа дотогш урсах, гүйдлийн энергиэр 3 эргэж, нэг АТФ нийлэгжүүлнэ. 

  • ДНХ полимеразэ (DNA polymerase): ДНХ эсийн бөөмөнд хадгалагдах амьд биеийн генийн мэдээлэл бөгөөд 4 төрлийн нуклейн хүчлийг хэлхсэн маш том молекул юм. Эс нь амьдралынхаа турш 4 шатыг дамжан орших бөгөөд үүнийг эсийн мөчлөг(cell cycle) гэнэ. Эсийн мөчлөг нь гэсэн G1(эс томрох), S(нийлэгжлийн), G2(эс томрох), M(хуваагдлын) гэсэн 4 шаттай. ДНХ полимеразэ нь эсийн мөчлөгийн зөвхөн S шатад л ажиллана. Энэ үедээ уг энзим нь ДНХ-г нэгээс хоёр болгож олшруулна. Ингэснээрээ S шатны дараа ирэх М шат буюу хуваагдлын шатандаа бэлдэж байгаа юм. Нэг ёсондоо ДНХ полимеразэ нь ДНХ-н хувилагч машин юм.
  1. Уураг бол зөөвөрлөгч

 Уураг нь бусад бодистой холбоо үүсгэж нэг газраас нөгөө газар уруу уг бодисыг зөөвөрлөнө. Жишээ нь цусанд агуулагдах хемоглобин (hemoglobin) нь хүчилтөрөгчийг, албумин (albumin) нь өөх тосыг, трансфэрин (transferrin) нь төмрийг тус тус зөөвөрлөнө. Энэ дундаа хемоглобиныг тайлбарлая.

 Хемоглобин нь цусны улаан эсэд агуулагдах бөгөөд 2 ш α гинжин хэлхээ, 2 ш β гинжин хэлхээ буюу нийтдээ 4 гинжин хэлхээгээс бүрдэнэ. Хэлхээ тус бүр нь дотроо нэмэх 2 цэнэгтэй төмрийн ионыг агуулна. Энэхүү төмрийн ионыг агуулах хэсэгт хүчилтөрөгч холбогдоно. Хүчилтөрөгчтэй холбогдсон хемоглобиныг оксихемоглобин, холбогдоогүйг нь дезоксихемоглобин гэнэ. Оксихемоглобин нь улаан, дезоксихемоглобин нь улаан хүрэн өнгөтэй. Хемоглобин нь хүчилтөрөгчийн концентраци өндөртэй уушгины эсэд хүчилтөрөгчтэй нэгдэж, нүүрсхүчлийн хийн концентраци өндөртэй бусад биений эсэд нүүрсхүчлийн хийтэй нэгдэх журмаар хүчилтөрөгчийг зөөвөрлөнө. Гэхдээ хүчилтөрөгчөөс илүү нүүрстөрөгчийн дан исэл болох СО-тэй нэгдэх чадвар өндөр. Тиймээс СО-гоор амьсгалах юм бол хемоглобины хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг саатуулдаг юм.

  1. Уураг нь бүтцийн үүрэгтэй

Уураг нь эс, эд, эрхтнийг холбож бэхжүүлэх, хэлбэрийг хадгалах бүтцийн үүргийг мөн адил гүйцэтгэнэ. Эсийн дотор бол тубулин (tubulin) нарийн хоолой үүсгэж, актин (aktin) эсийн бүрхүүлийн дотор бүрхэн эсийн хэлбэрийг хадгална. Эсийн гадна бол коллаген (collagen), эластин (elastin) нь яс, шөрмөс зэргийн бүтцэд орно. Мөн кератин (keratin) нь үсний гол бүтцийг үүсгэх уураг юм.

  1. Уураг бол эсийн мотор

Уураг нь эс болон эдийн хөдөлгөөнд оролцоно. Кинэсин (kinesin) нь эс доторх эрхтэнцэрийн хөдөлгөөнд оролцож, динеин (dynein) нь сормуус, шилбүүрийн намилзах хөдөлгөөнд оролцоно. Мөн миозин (myosin) нь булчингийн агших, сунах хөдөлгөөнд оролцож, хүний биеийн бүх хөдөлгөөнд оролцоно.

  1. Уураг нь генийн мэдээллийн хөрвүүлэлтийг зохицуулах үүрэгтэй

 Уураг тодорхой нэгэн генийн мэдээлэл агуулах ДНХ-н хэсэгт наалдаж, уг генийг ажиллуулахгүй байх, эсрэгээрээ наалдахаа болин салж генийг хөрвүүлэх зэргээр зохицуулалт хийнэ. Жишээ нь бактерт агуулагдах лактоз репрэссор (Lac repressor) нь лактоз (сүүнд агуулагдах дисахарид) задлагч энзим болох лактазэ (lactase)-ийн генийн хэсэгт холбогдоно. Ингэснээрээ тухайн бактер нэг хэсэгтээ л лактозыг задалж чадахгүй гэсэн үг.

  1. Уураг нь сигнал

 Уураг нь мөн хормоны үүргийг гүйцэтгэж, нэг эсээс нөгөө эсэд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Жишээ нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулах инсулиныг авч үзье. Инсулин (insulin) нь цусан дахь сахарын хэмжээ ихэсмэгц, нойр булчирхайгаас ялгаран цусаар дамжин биеийн бүх эсэд очиж, цусан дахь сахарыг эс дотор оруулж хэрэглэ гэсэн тушаал өгнө. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээ буурна.

  1. Онцгой үүрэгтэй уураг

 Дээрхээс гадна өөр олон янзын үүрэгтэй уурагнууд байна. Үүн дотроос антибодиг танилцуулъя. Антибоди нь бактер болон вирустай холбогдож, тэднийг устгахад туслана. 

Энэ мэтээр маш олон төрлийн үүрэг, маш олон төрлийн хэлбэртэйгээр уураг нь амьд биед оршдог юм.

Ө.Нарандулам
Иватэ их сургууль, ХАА факультетын 4-р курс
2014.12.11


avatar
    • Иргэн
    • 162.158.179.*

    ЭНЭ ҮНЭХЭЭР СОНИРХОЛТОЙ ЮМ ТЭР ВИДИЛ НЬ МАШ ИХ БАЯРЛАЛАА

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%