Нийтлэл 12 сарын 14, 2017

Авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх цахим системийг нэвтрүүллээ

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтыг тавьсан. Үүний хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний  системийг төслийн хамтрагч байгууллагуудад танилцуулж нээлтээ хийлээ.

Нээлтэд төслийг санаачлагч Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон хамтран ажилласан байгууллагууд болох Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын газрын удирдлага болон  төлөөллүүд оролцов. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татварыг хамгийн анх иргэн Мөнх-Очир төлснөөр Smartcar.mn хуудас албан ёсоор нээлтээ хийлээ.

 Энэхүү Smartcar.mn нь татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн анхны цахим систем юм. Уг систем хэрэглээнд нэвтэрснээр  ухаалаг утасны аппликейшн болон вэб сайтаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын татвар, зам ашигласны төлбөр, торгуулийг орон зай үл хамааран онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж иргэдийн цаг завыг хэмнэх давуу талуудыг бий болгож байгаа юм.

 

.

Сэтгэгдэл бичих

arrow icon