Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ гэж юу вэ?

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ нь элэгний өвчний эцсийн шатны үеийн шалтгааны,үр дүнтэй эмчилгээ болдог. Монгол Улсад элэгний өвчний тархалт маш өндөр байгаагаас улбаатай элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хэрэгцээ нэмэгдсээр байгаа билээ. Монгол эмч нар 2011 оноос өнөөг хүртэл энэ төрлийн эмчилгээг 40 удаа хийгээд байна.

Энэ эмчилгээ шаардлагатай гэж оношлогдсон нөхцөлд ихэнх тохиолдолд өвчтөн, түүний ар гэрийнхэн нь маш олон зүйл дэнсэлж байж, богино хугацаанд арга хэмжээ авах шаардлагатай тулгардаг. Гэтэл элэг шилжүүлэн суулгах нь олон эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн удаан хугацааны хамтын хүчээр хийгддэг нарийн мэдлэг, туршлага, зохион байгуулалт, санхүүжилт шаардсан эмчилгээ байдаг учир мэргэжлийн, нарийн мэдээллийг монгол хэл дээр олоход бэрхшээлтэй байдаг. Энэ нь өвчтөн, түүний ар гэрийнхэнд бухимдал үүсгэж, гадаадад эмчлүүлэх сонирхолтой хүмүүсийн тоонэмэгдэхэд нөлөө үзүүлжх байж болох талтай. Энэ байдлыг засаж итгэлцэл төрүүлэх, үл ойлголцлоос сэргийлэх үүднээс дараах мэдээллийг хүргэж байна.

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ гэж юу вэ?

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ нь эрхтэнг шилжүүлэх хагалгаанаас гадна, хагалгаанаас өмнөх өвчтөн сонгох болон хагалгааны дараах хяналтын гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх цогц, өвчтөний хувьд насан туршид нь үргэлжлэх эмчилгээ/хяналт юм. Амьд донороос элэг шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд донорын элэгний 40-60%-ийг тайрч, өвчтэй элгийг бүхлээр нь зайлуулж донор элгийг залгадаг (1-р зураг). Донорын элэг 1-3 сарын дотор анхны эзэлхүүнийхээ ±10%-д хүртэл нөхөн төлждөг. Элэг шилжүүлэн суулгуулсан хүн нь байнгын эмчийн хяналтанд байж бүх насаараа дархлаа дарангуйлах эм уух шаардлагатай болно.

1-р зураг. Элэг шилжүүлэн суулгах хагалгааны бүдүүвч. Зургийн зүүн талд донор элэгний баруун дэлбэн буюу 40-60%-ийг зүүн талын реципиентед залгасан байна. Эх сурвалж Mayo Clinics вебсайт.

Ямар тохиолдолд элэг шилжүүлэн суулгах талаар ярих вэ?

Элэг шилжүүлэн суулгах нь вирүсийн болон дархлааны гаралтай элэгний өвчний төгсгөлийн шат, хавдар, төрөлхийн цөсний замын бөглөрөл зэрэг өвчнүүдийн хувьд цорын ганц шалтгааны эмчилгээ юм. Олон жилийн судалгаанаас харахад эмчилгээний үр дүн нь эхний жилдээ болон хагалгаанаас хойшх 5 жилийн хугацаанд 85-90%-тай байна. Өөрөөр хэлбэл, 100 хүн хагалгаа хийлгэснээс хойш 5 жилийн дараа 85-90 хүн мэнд байсан байна. Харин, өвчтөн болгоны онцлогоос үүдэн тэр болгон эмч нар хагалгааны баталгаа гаргах боломжгүй байдаг. Архины гаралтай элэгний хатуурлын үед элэг шилжүүлэн суулгах асуудлыг өвчтөн архи хэрэглэхээ болиод тодорхой хугацаа (ойролцоогоор 6 сар) өнгөрсний дараа шийдэж болно.

Элэгний өвчний төгсгөлийн шат буюу элэгний хатуурлын ээнэгшил алдагдсан (декомпенсаци) үед өвчтний арьс, нүд шарлах, хэвлий усаар дүүрэх (асцит), улмаар асцит нь эмийн эмчилгээ авах боломжгүй байдалд хүрэх шинж тэмдэг илрэх ба эмээр эмчлэгдсэн ч гэсэн дээрх шинж тэмдэгүүд дахин үүсч, давтамж нь ойртоно. Үүнээс гадна, улаан хоолойн тэлсэн судас (варикс) хагарч цус алдах эрсдэл бий болох ба ухаан самуурч, мартамхай болох, будилах, унтамхай болох шинж тэмдгүүд ажиглагдана.

Элэгний хавдар нь ихэнх тохиолдолд элэгний хатуурлын суурин дээр үүсдэг боловч зарим тохиолдолд харьцангуй эрүүл элгэн дээр дангаар үүснэ. Нөхцөл байдлаас үл хамааран элэгний хавдрын хэмжээ, тархалтаас шалтгаалж эмчилгээг шийдэх учир мэргэжлийн эмчийн зөвлөгөө заавал шаардлагатай. Монголд мөрдөгдөж байгаа удирдамжийн дагуу элэгний анхдагч хавдрын тохиолдолд нэг элэгний голомттой бол диаметр нь 5 см-ээс томгүй, олон голомттой бол 3-аас олонгүй бөгөөд голомтуудын тус бүрийн диаметр нь 3 см-ээс томгүйн дээр элэгнээс гадуур үсрэлтгүй, элэгний судсанд нэвтрээгүй байвал элэг шилжүүлэн суулгах эмчилгээ санал болгох боломжтой.

Монголд элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд орохын тулд ямар шат дараалалтай процедур туулах ёстой вэ?

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд орохын тулд эхлээд боломжтой гэж үзсэн донороо  олох ба шаардлагатай шинжилгээнүүд хийлгэх ёстой. Бүрдүүлэх шинжилгээний жагсаалт болон бүрдсэн шинжилгээнүүдийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн трансплатологийн төвийн элэгний эмчид (амбулаторийн В212 кабинет) шалгуулна.Ингээд эхний байдлаар тэнцэж байвал эмч нарын хурлаар хэлэлцэн Монголд хагалгаанд орж болох эсэхийг шийднэ. Эмч нарын хурлын үеээр мэс засал, нойрсуулах,, дүрс оношилгоо зэрэг бусад мэргэжлийн эмч нар дүгнэлт гаргана. Хурлаар нэмэлт шинжилгээ хийлгэх шийдвэр гарч, дахин хэлэлцэх шаардлага ч гарах магадлалтай. Эмч нарын хурлаар Монголд оруулах боломжгүйгэсэн шийдвэр ч гарах тохиолдол байж болзошгүй. Ийм тохиолдолд боломж нь бүрдвэл гадаададэмчилгээнд явж болно.  Шийдвэр гаргах үйл явцыг 2-р зурагнаас харна уу.


2-р зураг.  Монголд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхэд явагдах процессын бүдүүвч 

Донорын ямар төрөл байдаг вэ?

Донор нь амьд донор байж болно. Эсвэл тархи нь үхэжсэн (кадавер) донор байж болно.

Амьд донор хэн байж болох вэ?

2000 онд батлагдсан Донорын тухай хуулийн 9.3-ын дагуу донор нь  “...эдийн тохироо нь нийцсэн ихрүүд, ах, дүү, ураг, төрлийн хүмүүс болон эд, эрхтнээ бэлэглэхийг хүссэн, тухайн эд, эрхтэн нь ямар нэг эмгэг өөрчлөлтгүй хүнийг сонгоно.” http://www.legalinfo.mn/law/details/247. Өөрөөр хэлбэл өөрийн хүү, охин, ах, эгч, дүү, тэдний хүүхдүүд, үеэлүүдээс элэг авах хамгийн боломжтой юм. Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай гэж оношлогдсон хүн юун түрүүнд дээр дурдсан ойрын хамаатнуудаас сайн дурын донор болох хүн хайх нь хамгийн оновчтой. Сайн дураараа донор болох бололцоотой гэж зөвшөөрсөн хүн болгоныг нийт 20 гаруй шинжилгээнд хамруулах шаардлагатай болно. Элэг өгөх хүнийг донор гэнэ, авах хүнийг реципиент гэнэ. Шилжүүлэгдэх элгийг графт гэнэ. Донор, реципиентийн хамрагдах ёстой шинжилгээнүүд нь бага зэргийн ялгааг эс тооцвол адилхан байдаг. Зарим нэг шинжилгээг техникийн шалтгааны улмаас нэр заагдсан эмнэлэгт өгөх хэрэгтэй бө бусдыг нь аль ч эмнэлэг, лабораторид өгч болдог. Зарим нэг шинжилгээг ойрхон давтамжтай хийх шаардлагатай байдаг бол (жишээлбэл, биохими, ЦЕШ, хавдартай тохиолдолд хавдрын маркерууд, хэвлийн компьютер томограф-КТГ), зарим шинжилгээг нэг удаа хийсэн бол дахин хийх хэрэггүй байдаг. Тэр бүрийг эмч шийдэж өвчтөнд зөвлөнө.

Үргэлжлэл бий...


avatar
    • N.Battulga
    • 172.68.253.*

    Tand bayarlalaa.Az jargal husie.Emchiinhee alband itgel tugs zutgeerei.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4980

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%