Харахгүй, сонсохгүй, ярихгүй

Өвөө минь орой болгон шахуу үлгэр, шог яриа ярьж өгдөг байлаа. Зарим ярьсан үлгэрийг нь би одоо болтол хаанаас ч сонсож, харж байгаагүй болохоор “үлгэр ярьж өг, дахиад ярь, дахиад ...” гэх бяцхан охины шахалтаар заримыг өөрөө зохиодог байсан байх, тэр зарим нь дэлхий дээр цорын ганц сонсогчтой байх магадтай гэж боддог юм. “Уугиулаад байх уу, ноёнтоон?” гэх үлгэр-яриаг сийрүүлбэл:

Нэг ихэмсэг ноён замын өртөөнд ирж морио солиод улаач дагуулан дараагийн өртөө рүү явж. Их л сүртэй том ярьж, улаачийг зандчиж, зааварлаж, чухал ажилтай явна, хурдан явах ёстой хэмээн чухам л баавар байж гэнэ. Ноёны занг мэдэх улаач ганц удаа ноёныг чадъя гэж сэтгэн моринд мордохын өмнөхөн ноёны дээлийн хормойд цог тавьчихаж. Хэсэг явж байгаад улаач ноёноос:

- Уугиулаад байх уу, ноёнтоон? гэхэд ноён сэжиг авалгүйгээр баралгүй “... энэ муу улаач намайг удаан явж байна, урагшгүй ноён гэж бодож байна ...” хэмээн бодож “Уугиулаад байя аа!” гэж сүртэй чанга хэлээд ташуур нэмэв. Цог уугиад эхэлж. Хэсэг явж байгаад улаач ноёноос:

- Үнэртүүлээд байх уу, ноёнтоон? гэхэд ноён “... урд нь гараад давхиад өгье, энэ муу улаачийн ард орохгүй юм шүү ...” гэж сэтгэн “Үнэртүүлээд байя аа!” гэв. Морь хурдаа нэмэн нилээн явав. Үнэртээд эхэлж. Хэсэг давхиад улаач:

- Шатаагаад байх уу, ноёнтоон? гэхэд ноён “... энэ муу улаач намайг явж өгдөггүй урд тээглэдэг, удаан хойргоор минь дуудаж байна ...” хэмээн бодоод “Шатаалгүй яахав! Чүү!” гээд улам хурдлан давхив. Шатаад ч эхэлж.

Хормой нь шатаж буйг гэнэт мэдээд зогсож улаачид уурлаж зандчин дөвчигнөж гарлаа. Улаач юу гэхэв дээ, уугиулаад байх юм уу, үнэртүүлээд байх уу, бүр шатаагаад байх юм уу гэж тухайн бүрт нь ноёнтноос асуусан л юм чинь. Ноёнтон өөрөө өөрийгөө хөөргөж, хөөрч давхиж байгаад хормойгүй болсон юм чинь! Нэг иймэрхүү үлгэр гэж байх нь юу л бол, гэхдээ л би өвөөгөөсөө сонссон юм.

-----------------

Арваад жилийн өмнө Колорадогийн Их сургуулийн профессор Jeffrey Beall арилжааны шинжтэй, луйврын хэвлэлийн газар, хуурамч эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн талаар нэгтгэж predatory сэтгүүл, хэвлэлийн газруудын жагсаалт (http://beallslist.com/journals/) гаргасан. Луйврын сэтгүүлүүдийн ажиллах зарчим нь жинхэнэ сэтгүүлийн газруудтай адил боловч интернетээр үнэгүй орж уншихыг тодотгож (open-access) төлбөр нэхдэг, хөндлөнгийн шүүмж маш сул эсвэл огт хийгддэггүй, хэвлэгдэх зөвшөөрөл (accepted) маш хурдан гардаг. Хэдийгээр энэ жагсаалтад байхгүй ч ижил зорилго, үйл ажиллагаатай сэтгүүл хэдэн мянгаараа байдаг. Энэтхэг, Америк, Европ, Хятад, Канад, Нигер улсад луйврын хэвлэлийн газар их байдгийг эндээс харж болно. ШУ-ы ертөнцөд байдаг scam гэж ойлгож болно. Мэдэхгүй улсууд, ялангуяа залуу туршлагагүй судлаачид, зарим тохиолдолд луйврын сэтгүүл гэдгийг нь мэдэж байгаа ч ажлаа хэвлүүлдэг туршлагатай судлаачид байдаг. Судалгааны төсөл, доктор болон зарим албан тушаалын шаардлага зэрэгт ажлын чанарыг биш тоог шаардсанаар шаардлагад нийцэхийн тулд хурдан хугацаанд луйврын сэтгүүлүүдэд ажлаа хэвлүүлж тэднийг өөгшүүлж, хүрээг нь тэлэхэд хүргэдэг. Мэдлэг туршлагагүй байдал, шинжлэх ухааны нэрийг ашиглаж мөнгө олох гэсэн бизнес хоёр 2 талаасаа огтлолцоно гэсэн үг. Манайд ШУ-ч бус арилжааны сэтгүүлийг ялгадаггүй, мөн хурлын өгүүллийг бүтээлд оруулах шинжтэй яваад байдаг нь харамсалтай. Манайд энэ төрлийн ажлыг нягталж хянах бололцоо, мэдлэг мэдээлэл төдийлөн сайн биш байна. Гадны шагналыг ялгаж салгаж ч ойлгохгүй, нийтээрээ шуурах юм. Уг нь нийтээрээ энэ талын ойлголт мэдлэггүй бол Мэргэжлийн хяналтынхан шиг хяналт шинжилгээг ШУ, академик газрууд хийж, таниулж байх учиртай.

“ШУ-аар толгой цохьдог Америкт, математикийн ШУ-ы сэтгүүлд монгол хүн өгүүлэл гаргажээ” гэх өгүүлбэрийг уншаад “Овоо ш дээ, сайн байна” гэх сэтгэгдэл төрөх болов уу. Цаашилъя. “Үйлийн үрийн математик баталгаа (Mathematical proof of the Law of Karma)” гэх өгүүлэл Америкийн хэрэглээний математикийн сэтгүүл (American Journal of Applied Mathematics)-д хэвлэгджээ. Сэтгүүлийн нэр ус мэргэжлийнх ч өгүүллийн доторх агуулга бол амнаас уначих хоол гэчихмээр, уучлаарай. Тус сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх төлбөр 670$, хэвлэлийн редакц нь эрээвэр хураавар улсуудаас бүрджээ. Тухайн авторын өөр өгүүллүүд International Journal of Philosophy (хэвлүүлэх төлбөр 470$), Global Journal of Human-Social Sciences (төлбөр 1126$) зэрэг сүрхий сүрхий нэр устай сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна. Хэдийгээр эдгээр сэтгүүлүүд predatory сэтгүүлүүдийн жагсаалтанд ороогүй ч хулганаа хэд тогшоод гүйлгээд харахад луйврын сэтгүүл гэдэг нь андашгүй.

ШУ-ч бус илт арилжааны сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх бол гайгүйхэн оюутны ч хийчих ажил. Худлаа үнэн шүүмж ирлээ, хариулсан болоод явууллаа, accepted буюу өгүүлэл хэвлэгдэхэд зөвшөөрөгдлөө, төлбөр төлөгдлөө (заримдаа өгүүлэл анх илгээхэд төлбөр нэхнэ), өгүүлэл онлайнаар гарлаа, таны “олон улсын” өгүүлэл хэвлэгдлээ, та “мундаг” ажил хийсэнд тооцогдлоо... “Мэддэггүй эрээн цоохор” улсуудад “уугиулаад, үнэртүүлээд, шатаагаад өглөө дөө” гэж харагдавч өөрийгөө жинхэнээсээ шатааж буй хэрэг юм. Луйврын сэтгүүлд өгүүлэл гаргасантай зэрэгцээд “Сэлэм гялс Толгой бөндгөс” гэдэг шиг жинхэнэ ШУ-д эзлэх байр суурь, нэр ус тань даший шог болох талдаа орно, “мэддэгт мэргэн цоохор” улсуудад үнэлэгдэх хөндлөнгийн үнэлэмж тань буурна, түүнчлэн таны чадвар чадал дээшлэх нь юу л бол. “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэдэг дээ.

Луйврын сэтгүүлийн газруудаас хөгжил буурай, ШУ-д танигдаагүй, хуурамч жинхэнээ ялгадаггүй манайх шиг орны судлаачид руу өгүүллээ хэвлүүлээч гээд хүсэлт илгээдэг. Тухайлбал миний хувьд сардаа ийм имэйл зөндөө авдаг, мөн хуурамч болон жинхэнэ сэтгүүлүүдээс редакцид орооч гэх хүсэлт ч багагүй ирдэг. Өнгөрсөн сард гэхэд л хуурамч сэтгүүл, хэвлэлийн газраас редакцид орооч гэх хүсэлт 6 ирсэн байна. Сэтгүүлийн газрын хэрхэн ажилладгийг мэдэх зорилгоор нилээн дээр нэг хүсэлтийг зөвшөөрч хүлээн авлаа. Редакцийн зөвлөлдөө ганц хоёр имэйлийн дараа оруулчихав, хагас сарын дараа нэг тусгай дугаар гаргаж болно, ерөнхий редактор болоод өгүүлэл хэвлүүлэх 10 орчим авторуудыг урих хэрэгтэй, хэвлүүлэх зардлын 50% өөрт чинь оногдоно гэсэн утгыг маш аятайхан илэрхийлсэн байв. Өөрөөр хэлбэл нэг өгүүллийн хэвлүүлэх хөлс 800$, таньдаг 10 хүнээ хөндлөнгийн шүүмжийн хүнд давааг давуулалгүй алгасуулж, “олон улсын” сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд нь “тусалснаар” 4000$ халаасандаа хийгээч гэсэн санал. Бизнесийн нь нэг хэсэг нь л аж.

2 жил орчмын өмнө Монголын бүх их дээд сургуулиудын доктор оюутнуудын эрдэм шинжилгээний хурал болох гэж байна, ирсэн бүтээлийг хянаж шүүмж өгнө үү гэсэн хүсэлт надад ирэв. Англи хэл дээр явагдах хурал, чухам л олон улсын хурал гэлээ. Ойролцоо чиглэлийн гэх бүтээл ирлээ, уншиж эхэллээ, хэдэн жилийн өмнө гарсан миний өгүүллээс бүтэн өгүүлбэрээр нь шууд аваад ишилснээр өгүүлэл эхэлж байна. Ишлэхдээ тааруу нөхөр байна гээд цааш уншив, англи хэлний илт орчуулга, мэргэжлийн бус бичлэг, агуулга, зургийн чанар, за ер нь 99% сайжруулж байж хүмүүсийн өмнө энэ ажлаа танилцуулж болох нь гэж үзээд хэдэн гол зүйлийг тоочоод Major revision гээд бичээд явуулав. Миний бодсоноор, тухайн үед төдий хэмжээний чадвартай хүн тэр хэмжээний сайжруулалтыг хийхэд хугацаа бага тул хуралд оролцох эсэхээ шийдээд хурлаас нэрээ бараг татна байх, зөвлөгөө шүүмжээс маань ихээхэн зүйл ойлгож суралцаад өөртэйгээ бүтээлчээр ажиллавал дараагийн ажил дээрээ удирдагчаасаа ч дутахгүй болох бий вий гэж бодож байлаа. Шүүмж зөвлөгөөний дагуу хэрхэн сайжруулсан талаар эргэж хариу ирсэнгүй. Хурлын талаарх мэдээ уншиж байтал нөгөө ажил аман хүзүүджээ. Эхний шок.

Одоогоос хэдэн сарын өмнө дөө, өгүүлэл тань ишлэгдлээ гэж ишлэгдэх бүрт мэйл ирдэг юм. Мэйл нээгээд хартал нөгөө танил ажил тэр хэвэндээ тууж явна. Яг хэвээрээ гадны нэг хурлын эмхтгэлд орж хэвлэгджээ. Удаах шоконд орж байгаа юм. Алдааг нь тоочоод ухаарч ажиллаарай, сайжралыг олоосой гэсэн миний зөвлөгөө, тусыг хайхралгүй “олон улсад” ажлаа танилцуулж хэвлүүлсэн хэрэг. Авторуудын эр зориг, нугаршгүй ноён нурууг үнэлмээр!? Хурлын эмхтгэлд өгүүлэл гаргахад автор өөрөө бүхнээ хариуцах тул зохион байгуулагчаас ямарваа айхтар хяналт шаардлага бараг байдаггүй юм.

Луйврын сэтгүүл, хуралд орж бүтээлийн тоогоо нэмснээр хөгжиж байгаа хэрэг биш, олон улсын түвшинд мэдлэг үйлдвэрлэж ШУ-д мөрөө гаргаж байгаа хэрэг биш, улс орон болон өөрийн нэрийг сайнаар гаргаж байгаа хэрэг ч биш, нэг удаагийн аяга таваг шиг нэг удаагийн ажил, нэг удаагийн хурал л болж, мөнгө цагаа барж байгаа хэрэг юм. Шүүсээ шахуулж, юм сураагүй тул түүхий хэвээрээ л үлдэнэ. Гадны судлаачид ХАРАХГҮЙ, СОНСОХГҮЙ, ажлыг тань ойшоож тоож ЯРИХГҮЙ (ишлэхгүй). Монголчууд маань хөгжиж чадахгүй үлдэж хоцорч байгаа юм.

Саяхан зурагт харж байтал нэг бүсгүй доктор болох гэж байгаа гээд ярьж байна, Монголд нийтийг, ялангуяа харвинтай эмэгтэйчүүдэд усан спортын ашиг тусыг мэдрүүлж байгаа хөдөлмөрч сайхан бүсгүй юм. Мэргэжлийн бус усан спорт сонирхогчдын биед гарах өөрчлөлтийг судалж байгаа гэнэ, гадагшаа аялах дуртай, бараг сардаа улиралдаа заавал аялдаг гэнэ. Тэр төрлийн хэдэн зуун мянган судалгааг дэлхийн бусад орны анагаах ухаан, спортынхон аль амбасан үед хийсэн байлтай. Жинхэнээсээ ШУ-д амьдралынхаа тодорхой цаг үеийг зарцуулж байгаа хүнд бол сар улиралдаа байтугай хэдэн жилдээ дураараа аялах чөлөө зав олддоггүй юм. Ярианаас нь энэ мэт маш энгийн логикоор бодоход хэрэв хэн нэг нь хэлээгүй, өөрөө ойлгоогүй бол өөрөө өөрийнхөө “хормойг шатааж”, давхисан байх осолтой.

Оны өмнөхөн бас нэг бичлэг нүдэнд өртөв. Физикийн ухааны доктор, профессор, ШУ-ы гавьяат зүтгэлтэн хүн дээд тэнгэр, мөнх хөх тэнгэрийн үзлээ квант физиктэй холбон ШУ-ы үндэслэл тайлбар хийж лекц уншиж байх юм. Мөхөс би юу ч ойлгоогүйгээр баралгүй ХАРАХГҮЙ СОНСОХГҮЙ байя гэж бодов, цаашид тэр хүн энэ мэт лекцдэж ЯРИХГҮЙ байгаасай хэмээн үнэнээсээ хүсэв, шинэ оны хүсэл минь болохоо дөхөв. Нийгмийг соён гэгээрүүлэх ёстой улс нь яагаад заримдаг ШУ-аар ярьж (заримдаг ШУ-ы талаар эндээс), мэддэггүй эрээн цоохор улсууд нь улам даврааж өөгшүүлээд байдгийг ойлгохсон гэж хүсэх ч учрыг нь олж чадаагүй л явна. Зарим нь зөнөх гэгч болдог юм болов уу, аугаа ихийн дэмийрэл тусчихдаг уу, олигтой лабораторигүй учраас дээрх онолын физикч шиг өөр юмаар занималдаж гүйгээд байна уу, ШУ-ы сайн суурьтай мөртлөө л хөөрцөглөж давхиад “хормойгоо шатаагаад” байна уу мэдэхгүй юм. Боловсрол, мэдлэгийн ялгаа ч байж мэднэ. ШУ-ы ёс зүйгүй өөрсдөө дотроосоо бохирдуулаад байхад ХАРААГҮЙ СОНСООГҮЙ царай гаргаж, бичихгүй байж боломгүй нь.

Хүнд төрмөл тодорхой авьяас чадвар гэж бий. Чадвараа зөв мэдэрч түүн дээр алсын хараагаа тодорхойлсон тохиолдолд аливаа бэрхшээл саадыг хичээл зүтгэлээр давж, олон зүйлийг золиослон зүтгэж байж юмны зах зухад хүрдэг. Жишиг ийм. Икс гуай доктор, профессор, Игрек гуай ийм тийм шагнал авчихаж би юугаараа дутахав гээд чичгэнээд байдаг нөхдүүд луйврын сэтгүүл, шагналын бизнесийнхний бай болж өөрсдийгөө шатаахад хүргэх вий.

 

Холбоотой нийтлэл:

ОЮУНЫ ХУЙЛРАА ба АГУУ ИХИЙН ХЭНЭЭ 

ОЮУНЫ ЯДУУРАЛ ба ЗАРИМДАГ ШИНЖЛЭХ УХААН 

 

Хаштагууд: #шинжлэхухаан, #хүмүүс, #нийгэм


avatar
    • Дашка
    • 162.158.178.*

    Хормойгүй ноёны үлгэр гэж багадаа сонсож байлаа.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2149

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%