Нийтлэл 08 сарын 24, 2017

ОЮУНЫ ХУЙЛРАА ба АГУУ ИХИЙН ХЭНЭЭ

Нийгмийн тогтолцооны өөрчлөлт нийгмийн сэтгэлзүйн шилжилтийг дагуулдаг. Ард нийтийн сэтгэлзүй эмзэг, тогтворгүй, хөдөлгөөнд орох ба шилжилтийн энэ үеийг овтон мэхтнүүд алгаа тосон угтаж авна. ЗХУ задрахтай зэрэгцээд олон авьяастан төрөв, айл бүрийн зурагтаар агуу энерги дамжуулж олон хүнийг илааршуулах энерги илгээж байв, биетийг зайнаас хөдөлгөж хүнийг дахин амьдруулав, хүнийг гэгээрүүлэв, хорт хавдрыг эмчлэв, шидтэн ховсчин Кашпировский зурагтын цаанаас олон сая үзэгчийг сөрөг энергиэс ангижруулж, концертын том зааланд ард иргэд бөөн бөөнөөр гипноздуулж, энэ бүгдийг орон даяар шүтэн биширч дагаж байв. Шилжилтийн эмзэг, ганхсан сэтгэлзүйтэй масс ташраараа эмнүүлж, өглөө бүр зурагтаар Кашпировскийгоор эмчлүүлэх нь их хувь завшаан. Кашпировский төлбөрт эмчилгээ хийдэг болов, хөдөө хотгүй олон газар уригдаж, депутат хүртэл болоодхов, Кашпировский хэсэгтээ л од, сенсаац. Кашпировскийн нэвтрүүлгийг 1993 онд Эрүүл мэндийн яамнаас хааж, тогтворгүй сэтгэлзүйтэй хүмүүсийн сэтгэхүйд муу нөлөөтэйг зарласан ба тэрээр удалгүй Америк явж хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад Украйн руу нүүж өдгөө мөнөөх “эмчилгээний” ажлаа шаггүй хөлстэйгээр үргэлжлүүлсээр байна. Манайхан ч юугаараа дутах вэ, хээрээс алмас барив, нийслэлд маань тун чиг ойрхон харь гаригийн хөлөг газардав, мөн алтан цөгц олж харь гаригийнханд нүүрээ самардуулагч, харь гаригийн хөлгөөр зугаалагч, биеэсээ гал гаргагч, харь гаригтай холбогдогчид шил шилээ даран тодрон гарч байв. Массыг сатааруулах, оюун санааг хуйлруулах арга улам боловсорсоор, хэсэг зуур сатааруулах зорилгоосоо гадна “нүддэг” үүрэгтэй болов – боксын ринг дээр өрсөлдөгчдөө боломж олголгүй угсраа угсраагаар нүддэг шиг. Өдгөө онлайн орон зайд ч энэ арга сайн нэвтэрч аливаа сонгууль, томоохон төлөвлөгөөт ажилтай зэрэгцээд масс-үзэгчдэд зориулсан шинэ шинэ номерууд дэлгэгддэг билээ.

Хүний тархины хөгжлийг уруудуулагч нэг хүчин зүйлийн талаар ОЮУНЫ ӨЛСГӨЛӨН ба НИЙГМИЙН МААЗРАА (энд) нийтлэлд өгүүлсэн билээ. Логик сэтгэлгээ, харьцуулсан дүгнэлт, төлөвшсөн үзэл бодолгүйн улмаас хүн нөлөөнд хялбархан автан, даган дуурайж, туйлширч, тархиа угаалган хуйларч хийснэ. Хуйлрагчдын сэтгэлзүй шилжилтийн үеийн эмзэг, тогтворгүй байдлаас гараагүйн дээр массын сэтгэхүйг энэ хэвээр байлгах гэсэн ашиг сонирхлын улмаас хямрал салахгүй. Хямралын зах зухаас дурдваас хуйвалдаан, талцал, эвдрэлцэл, авлига, мерит бус тогтолцоо, гэмт хэрэг зэргийг нийгмийн эрүүл бус үзэгдэлд тооцохоо ч болив. Нийгэм болон нийгмийн оюун санаа зэрлэгшив. Үүнтэй уялдан нийгэмд ядуурал, ажилгүйдэл, хүмүүсийн сэтгэлзүйд үл итгэлцэл, монголчуудын хувиа хичээх эго төрх улам хурдаа авав.

Гүйдэл суудлаа олж төвхнөөгүй газар үнэт зүйлгүй, нэгдмэл үзэл баримтлалгүй, холч хараагүй, хариуцлагагүй, зүтгэлгүй ард шуудайд хийсэн үхрийн эвэр шиг арзалзана. Зэрэгцээд дор бүртээ хүч чадалтай, агуу, VIP хүмүүс төрөх болж оюун сэтгэхүй эмзэг туниагүй иргэд тэдний араас хуйлрахын хирээр цаадуулын эрх мэдэл, чадвар нэмэгдэж улам АГУУ болох нигууртай.

АГУУ ИХИЙН ДЭМИЙРЭЛ – өөрийн алдар нэр, авьяас чадвар, эд хөрөнгө, эрх мэдлийг хэт үнэлэн бусдаас дээгүүрт тавьснаар зан төлөв, үйлдэлд өөрчлөлт орох сэтгэцийн эмгэг. Агуу ихийн хийрхэл, агуу ихийн солиорол, агуу ихийн хэнээ, дон хэмээх ба энэ нь заримдаа шизофрений хурц хэлбэрийн үед илэрдэг байна. Миний мэргэжил энэ чиглэлээс хол тул анагаах ухааны талын товч, ерөнхий мэдээлэл оруулав. Агуу ихийн дэмийрлийн шалтгааныг тайлбарлахдаа:  

  • угаасаа удмын
  • “унаад” буюу тархины гэмтлийн улмаас
  • унаган хүмүүжлээс улбаатай. Тухайлбал, багад нь хүүхдийг хөөргөдөн магтах, хэт дөвийлгөн сайшаах зэрэг. Эцэг эхийн магтаал ч гэлтгүй манайд сүүлийн жилүүдэд шаггүй ашигтай бизнес болсон, оролцогч хүүхдүүдийн ихэнхид алт мөнгө хүрэл зүүлгэдэг элдэв олимпиад тэмцээнүүдийг ч хамруулж болно. Урам зориг авах сайшаалтай ч хүүхэд бүр бүх зүйлдээ бүгдээс илүү мундаг байх боломжгүй нь ойлгомжтой. Хүүхэд өөрийгөө бусдаас мундаг, лут агуу гэж бодон сэтгэхүйд гажиг суудаг байна. Улмаар заавал мундаг байхыг эрмэлзэж, хүчээр ч болсон агуу болж харагдах нь хожмоо агуу ихийн дон тусах, гэмт хэрэг үйлдэх хүртэл ноцтой үр уршиг дагуулдаг байна.

Шашин, түүхийн асуудалд агуу ихээр дэмийрэгчид өөрсдийгөө хэн нэгний хойд дүр, үр удам, холбогч болгон өргөмжлөх ба зүүдэнд орж ирдэг, дохио илгээдэг зэргээр хий зүйл харсан, сонссоноо зарлана. Уураг тархи бодит бус зүйлийг бодит гэж буруу тусгасныг шинжлэх ухаанд мэдрэхүйн эмгэг гэх ба хараа, сонсгол, мэдрэхүй, үнэртэх зэргээр хосолмол байдлаар илрэхийг “хий үзэгдэл” гэнэ.

Суутнуудын дотор агуу ихээр дэмийрэгчид, шизотнууд цөөнгүй бий. Нобелийн шагналт Жон Нэш шизо өвчтэй, агуу ихийн донтой байсан ба өөрийгөө Антарктидын эзэн хаан болох учиртай хүн, зөвхөн ганц тэр л тайлж чадах тусгай кодыг сониноор дамжуулан өөр ертөнцөөс илгээдэг, мөн бодит бус тусгай албаныхныг ч дүрсжүүлэн хардаг байв (A Beautiful Mind киногоор бид сайн мэднэ). Винсент Ван Гог чихээ хүртэл огтолж, галзуу ааш аяг гаргаж, шизо өвчнийхээ үед алдартай бүтээлүүдээ туурвиж байв. Харамсалтай нь, агуу ихийн солиотон шизотон бүгд суутнууд агуу улс биш.

Танин мэдэхүйн түвшин нь уламжлалт буюу домгийн, итгэл бишрэлийн шинжээсээ салаагүй ардын бурханчлан шүтэх “хэрэгцээ” нь соц нийгмийн үед удирдагч хүнийг шүтэх болж өөрчлөгдөнө. Жишээ нь ЗХУ-ын Сталин, Хойд Солонгосын Ким, манайхан ч юугаараа дутах вэ, байгаа. Иргэд нь удирдагчаа АГУУ ИХ болгох тусам улс орон, нийгмийн оюун санаа булингартдагийг санахад илүүдэхгүй.

Улс төрд эрх мэдэл авах, баяжих зорилготой, нийтийн анхаарлын төвд орж, хар массыг хуурсан агуу ихийн хэнээтнүүд ч бий. Ихэс дээдсийн хийрхэл, ихсийн дон, оддын өвчин ч гэж хамруулан буулгаж болгоно. АГУУ байх, үүнийгээ аль болох удаан хадгалах, чингэхийн тулд нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж оюун санааг хуйлруулна. Хар массын сэтгэхүй нь “хар” нэрэндээ таарсан “харанхуйн” улмаас агуу ихийг даган шуурч ихэс дээдсийн хийрхэл, оддын өвчинг өөгшүүлнэ. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг.

ЗАРИМДАГ ШИНЖЛЭХ УХААН (энд) ярьж, олныг мунхруулж, цөөнгүй тойрон хүрээлэгчтэй болчихсон агуу ихийн хэнээтнүүд, шизотнууд манайд багагүй бий. Тэдэнд итгэгчид, хоморгонд нь дагагчид, өөгшүүлэгчид ч барагдашгүй их. Шашин, түүх, уран зохиол, анагаах, шинжлэх ухаан, улс төрд ч гэсэн үе үеийн агуу ихүүд байх ба бүхий л хүрээг хамрах агуу ихүүдтэй холилдон, тэднийг дээдэлж хүндлэн, агуу сууг нь магтан нэгэн үед амьдарч буйгаараа бид өөрсдөө ч “агуу их” болж мэднэ (!?). Тэнгэрийн удамт, дээдийн дээд өндөр заяат, үлэмж хосгүй, суут ухаант гэдгээрээ бид АГУУ ИХ болж харагдана. Улам АГУУ болохын төлөө улам “агуу” зүйл сэтгэж хийнэ. Тэр тоолонд өөрсдийгөө агуйн харанхуй булан руу ухраана.

 

Сайн үр, сайн хөрс, сайн арчилгаа сайн ургац өгдөг. Талбайгаа тордохгүй, зэрлэгээс хамгаалахгүй аваас зэрлэгийн үндэс гүнээс гүнд бат бөх сууж үр шимийг баран ургац сайн гардаггүй билээ.

Зэрлэгшсээр буй нийгэм, оюун санаагаа эрүүлжүүлье, та минь ээ! Эрүүлээр сэтгэж, эерэг зөвд тэмүүлье, та минь ээ!

 

Холбоотой нийтлэл:

ОЮУНЫ ӨЛСГӨЛӨН БА НИЙГМИЙН МААЗРАА (http://www.trends.mn/n/6257)

ОЮУНЫ ЯДУУРАЛ БА ЗАРИМДАГ ШИНЖЛЭХ УХААН (http://www.trends.mn/n/6239)

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • уугий
    • 2021-03-20

    Маш гоё

    • zochin
    • 2017-08-31

    aguu ihiin heneerhel ergen toirondoo ul toogdsonoos bolj uusdeg huuhediig baga baihad magtsan uchir bish

    • Батцэцэг
    • 2017-08-25

    Мундаг бичсэн байна

    • Батцэцэг
    • 2017-08-25

    Мундаг бичсэн байна.

arrow icon