Үнсгэлжингийн үлгэрээс хүүхдүүддээ ойлгуулах 5 сургамж

Хичээл орох хонх дуугарахад сурагчид ангидаа гүйлдэн оров. Энэ цагийн хичээл дээр багш тэдэнд «Үнсгэлжингийн үлгэрийг» заах учиртай байлаа. 

Багш эхлээд нэг сурагчийг индэр дээр гарган мөнөөх үлгэрийг яриулав. Тэр сурагч удаж төдөлгүй гол үйл явдлыг ярьж дуусахад багш түүнд талархал илэрхийлээд дараа нь нийт ангийнханд хандан асуулт тавьж эхэллээ. 
“Та нарт үлгэрийн ямар баатар таалагдав. Бас ямар баатар таалагдсангүй вэ? Яагаад гэдгийг хэлээрэй!” хэмээн багш эхний асуултаа тавьлаа. 
Нэг сурагч түүний хариуд: “Синдрелла, Ханхүү хоёр таалагддаг. Харин түүний хойд ээж болон хойд ээжийнх нь дагуулан ирсэн хоёр эгчид дургүй. Синдрелла сайхан сэтгэлтэй, хөөрхөн үзэсгэлэнтэй бол. . . . . . харин хойд ээж болон хоёр эгч нь түүнд таагүй ханддаг.” гэж хариулав. 
“Хэрвээ шөнө дундын 12 цагаас хойш Синдрелла хулуун морь тэргэндээ үсрэн сууж амжаагүй бол чухам юу болох байсан бэ? Та нар сайн бод доо!” хэмээн багш асуулаа. 
“Хэрвээ тэгсэн бол Синдрелла урьдын адил ноорхой байдалдаа эргэн хувираад ёстой баларсан хэрэг болох байсан юм.” гэж нэг сурагч хариу өгүүлэв. 
“За харж байна уу? Хүүхдүүд ээ! Аливаа хүн цаг барьдаг байх хэрэгтэй юм байна шүү дээ! Эс бөгөөс өөртөө төвөг уддаг байх нь. Түүнээс гадна та бүхэн ийм цэвэр цэмцгэр хувцасладаг байж хэзээ нэгэн өдөр бусдын өмнө нооройчихоод гарч ирж болохгүй биз дээ? Хэрвээ тэгэх юм бол найз нар чинь айгаад зугтаж ч мэднэ. Охидууд аа! Та нар энэ тухай бүр ч илүү анхаарч явах хэрэгтэй. Та нар удахгүй том болоод эрэгтэй найзтай болж түүнтэйгээ болздог болно. Тэр үед эрэгтэй найздаа эвгүй муухай төрхтэй харагдах юм бол цаадах чинь айгаад ухаан алдаад уначихвал яах билээ?” гэж хэлээд багш ухаан алдах гэж байгаа мэт дүр үзүүлэхэд хүүхдүүд нирхийтэл инээлдэв.

“За дараагийн асуулт! Хэрвээ чи өөрөө Синдреллагийн хойд ээж байсан бол түүнийг ханхүүгийн үдэшлэгт очиж оролц гээд явуулах байсан уу? Та нар чин үнэнээсээ хариулаарай!” хэмээн багш асуулаа. 
Ангид хэсэг хугацаанд нам гүм байсны эцэст нэгэн сурагч гар өргөөд: “Хэрвээ би Синдреллагийн хойд ээж байсан бол түүнийг ханхүүгийн үдэшлэгт очиж оролцохыг хориглох байсан.” гэв. 
“Яагаад тэр билээ?”
“Яагаад гэвэл би өөрийн охиндоо хайртай болохоор түүнийг ч гэсэн ханхүүгийн хатан болоосой гэж хүсэх болно.” 
“Тун зүйтэй. Та нар харж байна уу? Олон хүмүүсийн боддогоор хойд ээж нар ихэвчлэн тааруухан улс мэт байдаг л даа. Гэвч тэд нар бусдад тааруухан ханддаг байж мэдэх боловч харин өөрийнхөө үр хүүхдэд тун хайртай байдаг байх нь. Та нар одоо ойлгосон уу? Тэд нар муу хүмүүс биш харин өөрийнхөө хүүхдийг хайрладаг шиг бусдын хүүхдэд хайртай байж чаддаггүй ажээ.

За хүүхдүүд ээ! Дараагийн асуултыг сонсож байгаарай! Синдреллагийн хойд ээж түүнийг ханхүүгийн үдэшлэгт явуулахгүй хаалга үүдээ хүртэл түгжчихээд байхад тэр яаж явж чадав аа? Тэр ч байтугай үдэшлэг дээрх хамгийн гоё бүсгүйгээр шалгардаг шүү дээ.” хэмээн багш анхаарууллаа. 
Нэг сурагч гар өргөөд: “Учир нь тэнгэрийн дагина түүнд туслаж үзэсгэлэнтэй хувцас өгснөөс гадна хулууг сүйх тэрэг, хулганыг морь болгон хувиргасан. . . . . .” гэж хариулав. 
“Зүйтэй. Тун зөв хариуллаа! Тэгэхээр Синдреллад тэнгэрийн дагина туслаагүй бол тэр ханхүүгийн үдэшлэгт очиж оролцож чадахгүй байсан байгаа биз?” гэж багшийн асуухад өөр нэгэн сурагч: “Тийм ээ!” гэв. 
“Хэрвээ хулгана түүнд туслаагүй бол тэр эцсийн цаг мөчид гэртээ амжин харьж чадах байсан уу?” хэмээн багш дахин асуулаа. 
“Чадахгүй байсан. Аягүй бол ханхүүг нэг сайн айлгаад авах байсан байлгүй.” гэж нэг сурагчийн хэлэхэд анги даяараа нирхийтэл инээлдэв.
“Синдреллад хэдийгээр тэнгэрийн дагина тусласан боловч ганц тэр нь бас хангалтгүй байжээ. Тийм болохоор хүүхдүүд ээ! Бид хаана ч явлаа гэсэн найз нөхдийн туслалцаа маш чухал байдгийг та нар одоо ойлгоо биз дээ? Бидний найз нөхөд заавал тэнгэрийн дагина байх албагүй л дээ. Гэхдээ л найз гэдэг маш чухал байдаг болохоор би та нарыг зөндөө олон анд нөхөдтэй болоорой гэж зөвлөх байна.

Одоо та нар сайн бодоод үз дээ! Хэрвээ Синдрелла хойд ээж нь хориглосны зоргоор үдэшлэг рүү явах боломжийг орхичихсон бол тэр ханхүүгийн сүйт бүсгүй болон хувирч чадах байсан уу?” хэмээн багшийг асуухад бас нэг сурагч хариуд нь: 
“Чадахгүй ээ! Хэрвээ тэгсэн бол тэр үдэшлэг дээр очиж, ханхүүгийн нүдэнд өртөн танилцаад улмаар хайр сэтгэлтэйгээ учирч чадахгүй байсан.” гэлээ. 
“Тун зөв хариуллаа! Хэрвээ Синдрелла өөрөө л үдэшлэг рүү очих хүсэлгүй байсан бол хойд ээж нь хориглоогүйгээр үл барам яв гэсэн ч ямар нэмэр байх билээ. Тэгэхээр эцсийн эцэст түүний үдэшлэг рүү явах асуудлыг хэн шийдсэн хэрэг байх нь вэ?” гэж асууваас түүний ойролцоо сууж байсан нэг сурагч:
“Тэр өөрөө. . . . . .” хэмээн хамгийн түрүүнд хашгиран хэлэв. 
“Уухайс! Тийм болохоор хүүхдүүд ээ! Синдреллад хайрлах ээж байхгүй, хойд ээж нь түүнийг хайрладаггүй байлаа ч гэсэн энэ бүхэн өөрийгөө хайрлахад нь саад болоогүй болж таарлаа! Тэр чухам өөртөө хайртай учраас л өөрийн мөрөөдөж явсан зүйлээ эрж хайхаар явах боломжтой болсон байна. Хэрвээ та нарын дундаас хэн нэгэнд чинь бусад хүмүүс чамайг хайрлахгүй байгаа мэт санагддаг ч юм уу, эсвэл бүр Синдреллатай адилхан хатуу хариг хойд ээжтэй байсан бол та нар яах байсан бэ?” хэмээн багш асуулаа. 
“Өөрөө өөрийгөө хайрлах байсан.” гэж нэг сурагч маш хурдан хариулав. 
“Зүйтэй! Хүн өөрийгөө хайрлахыг хэнбугай ч байсан хориглож чаддаггүй байх нь. Хэрвээ бусад хүн чамайг хайрлахгүй юм шиг санагдаад байвал чи өөрийгөө хувь илүү хайрлах ёстой. Бас хэн нэгэн хүн чамд боломж олгохгүй байвал чи өөртөө түүнээс ч илүү их боломжийг олгох хэрэгтэй. Чи үнэхээр өөртөө хайртай байж чадах юм бол өөрийн хэрэгцээтэй зүйлсээ заавал олж авч чадна. Синдреллаг үдэшлэгт очиж оролцоод ханхүүгийн хатан болохыг хориглох хүн байгаагүй. Ганц л хүн түүнийг хориглох боломжтой байдаг нь явж явж өөрийнх нь идэвхигүй санаа бодол байдаг байх нь. Тийм биз?” хэмээн багш асуулаа. 
“Тийм ээ!” гэж нэг ангийн сурагчид нэгэн дуугаар хариулжээ. 
Багш тэдний зүг ялдамхан инээвхийлээд: “За одоо хамгийн сүүлчийн асуултыг тавья! Энэ үлгэрт ямар нэгэн авцалдаагүй хэсэг байна уу?” хэмээн асуулаа. 
Анги нийтээрээ нэлээд удаан бодсоны эцэст урд эгнээний нэг сурагч гар өргөөд: “Шөнө дундын 12 цагаас хойш бүхий л зүйлс хуучин хэвэндээ орчихоод байхад гагцхүү Синдреллагийн өмсөж байсан усан болор шаахай хувираагүй үлдчихсэн байна.” хэмээн хариулав. 
“Тэнгэр минь!” хэмээн багш дуу алдаад: “ Та нар чинь ямар мундаг хүүхдүүд вэ? Та нар харж байна уу? Хичнээн аугаа их зохиолч байлаа ч гэсэн алдаа эндэл гаргадаг үе байдаг байх нь! Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн чинь алсдаа зохиол бичвэл энэ зохиолчоос илүү мундаг байна гэдгийг би баттай хэлж чадах байна гэвэл та нар итгэнэ биз дээ?” гэж хэллээ. 
Хүүхдүүд анги даяараа баярлан хашгиралдав. 
Энэ бол америкийн жирийн нэгэн бага сургуулийн унших бичгийн хичээл байсан юм. Тэр үед би ч гэсэн тэдний дунд сууж байж билээ.


avatar
    • Мгл
    • 162.158.22.*

    Уучлаарай. Үнсгэлуингийн үлгэр мэдээж сайхан байлгүй яахав. Гэхдээ одоо бодоод байхад жаахан сэжигтэй юмаа, үнсгэлжин шөнө дунд хүртэл яг бүжиглэж байсан юмуу даа. Гутлаа гээгээгүй байх өө, өөр юм хийгээд тайлчихсан байгаад авж амжаагүй байх. Хэхэ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1919

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
19%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 19%
  • 68%