Нийтлэл 03 сарын 01, 2018

Арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулав

Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 381.8 мянган иргэн арилжааны 10 банкаар дамжуулан тэтгэвэр авч байна. Үүнээс 230.8 мянга нь нийт 680.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авдаг. Ахмад настнуудын хувьд тэтгэвэрийн зээл аливаа баяр ёслол, амьдрал ахуйгаа залгуулдаг гэтэл тэтгэвэрийн зээлийн хүү хэт өндөр , тэтгэвэрийн хэмжээ бага гэх мэт чамгүй олон асуудалтай тулгардаг. Харин энэ сараас эхлэн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банкууд 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулав.


Энэ оны нэгдүгээр сард ХНХЯ-наас нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувьд үйлчилдэг ХААН болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулсан. Харин бусад буюу нийт тэтгэвэр авагчдын 8.2 хувьд үйлчилдэг Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк тэтгэврийн зээлээ 18 хувийн хүүтэй олгож байсан юм. ХНХ-ын сайд С.Чинзориг дээрх банкуудын төлөөллийг өчигдөр буюу өнгөрсөн сарын 28-нд хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулах гэрээ байгуулжээ. Ингэснээр өнөөдрөөс эхлэн тэтгэвэр авагчдад үйлчилдэг бүх арилжааны банкны 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүү 12 хувь болж буурлаа. Харин 12 сараас урт хугацаанд буюу 36 сар хүртэлх хугацаатай зээл авсан тохиолдолд 18 хувийн хүү төлөх юм.


Сэтгэгдэл бичих

arrow icon