Нийтлэл 03 сарын 07, 2018

Сайн ээж: Ээждээ шинэ ээмэг л өгвөл баярлана гэж боддог байлаа

Маргааш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын- 8. Тиймээс “Сайн ээж” булангийн энэ дугаарт  хайрт ээж Д.Соёлмаад  зориулж захидал тэрлэлээ.  Тандаа болон Монголын мянга мянга ээжүүдэд эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.  

Сайн байна уу ээжээ. Захидлын эхэнд хоёулаа бяцхан дурсамж хуваалцъя. Та санаж байна уу.

Одоогоос 12 жилийн өмнө ээжийгээ баярлуулах гэж бяцхан зүрх нь тогтож ядан догдолж гэрээсээ мэдэгдэлгүй гарах гэж адгаж байсан охин бол би. Ээждээ юу авах вэ гэж би тэр үед огт бодоогүй. Яагаад гэвэл та намайг ухаан орсноос хойш ганцхан л ээмэг зүүдэг байлаа. Тийм болохоор шинэ ээмэг л авч өгвөл баярлана гэж боддог байсан юм. Ээжийгээ баярлаж буй царайг сэтгэлдээ төсөөлсөөр  аймгийнхаа хамгийн гоё дэлгүүр лүү гүйж цагаан сарын бэлгэнд цугласан мөнгөөрөө гоё ягаан өнгөтэй ээмэг, нэг шоколадтай авч билээ. Их л хурдан гүйгээд их л, ойрхон санагдаж байсан зам одоо бодоход их хол зам байжээ.

Тэр бэлэг миний ээждээ өгсөн анхны бэлэг байсан. Төмөр ээмэг учир чих тань хорсож улайж харшил өгч байсан ч охины минь авч өгсөн бэлэг гээд өдөржин зүүсэнсэн. Бас хямдхан төмөр ээмэг тул өнгө нь зэвэрч гандалгүй яахав. Гэхдээ хааяахан гаргаж ирээд миний охин авч өгч байсан юм гээд зүүж байхыг чинь харахад чихэнд тань гялтганаж л байдаг. Та л түүнийг өдөр бүр өнгөлж, гялтгар байлгасан байх.

Одоо эргээд бодохоор тэр өдрөөс хойш тандаа бэлэг авч өгөх нь битгий хэл хамтдаа суугаад ярилцаж, халуун хоол идсэн удаа ойрын 10 жилд лав байхгүй юм байна.  Үнэндээ ээждээ шинэ ээмэг л аваад өгчихвөл баярлах юм шиг, гоё, үнэтэй  бэлэг аваад өгчихвөл сайхан байх юм шиг санаж явж. Гэтэл  бэлэгний утга учир нь хямдхан ч бай үнэтэй ч материаллаг эдлэл хэрэглэлдээ биш хамтдаа байх тэр гэрэлт агшинд оршдог юм байна ээжээ. Та   өвдөхөд минь шаналж, алдахад минь гуниж, уурлахад минь ухаарал хайрлаж энэ хорвоогийн хаана ч  зөвхөн намайг л боддог. Охин нь тэр их сэтгэлийг тань  мэдэрдэг ч дандаа л завгүй дандаа л, ажилтай, хол байна гэсэн шалтгаанаар тандаа “ээж баярын мэнд хүргэе” гэсэн хүйтэн хөндий үгсээр мэндчилэхээс хэтэрдэггүй байж. Харин та баяр болгоноор охин руугаа баярын мэнд гэж ярихдаа ээждээ ирэх үү гэсэн асуултыг дандаа асуудаг байжээ. Энэ удаа охин нь очно. Очоод ээждээ дуртай банштай цайг тань чанаж өгч, хамтдаа сууж ярилцана.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Wavy
    • 2018-03-07

    Ymar goy ym be, unshij bhda uuriin erhgui uilchihlaa.

arrow icon