Морал ба мэдлэгийн мухардал

Монгол улс өнөөдөр үнэхээр мэдлэгийн мухардалд оржээ. Мэдлэгийн салбарын хүмүүсийн ярьж байгаа зүйл нь ямар ч категори алга. Хоорондоо ямар ч хамааралгүй тэс өөр салбарын зүйлүүдийг холиод бантан болгож байна. Үүний нэг тод жишээ бол морал гэх хүн төрөлхтний мэдлэгийн суурь болсон ойлголтыг ёс суртахуун гэж орчуулсан нь мэдлэгийн ямар ч үнэргүй, моралын онолыг уландаа гишгэсний гэрч.

Морал гэдэг зөвхөн нэг үг төдий зүйл биш. Үгийн цаана бүхэл бүтэн онол, түүх, контекст агуулагдаж байдаг. 20-р зууны эхэн хүртэл хүн төрөлхтний бүхий л мэдлэг “Моралын Философи” ба “Натурал Философи” (Байгалийн Философи) гэсэн 2 том салбарт хуваагдаж ирсэн байдаг. Бидний мэдэх өнөөдрийн мэдлэгийн бие даасан салбарууд нь философийн энэ 2 салбарын дэд салбарууд л байсан.

Исаак Ньютоныг физикч байсан гэж манай физикийн хүмүүс ярьж байна. Исаак Ньютон бол натурал философич буюу байгалийн философич байсан болохоос биш физикч байгаагүй. Учир нь тухайн үед бидний мэдэх бие даасан физикийн салбар гэж хараахан үүсээгүй байсан ба  философи тэр дундаа байгалийн философийн салбарын нэг хэсэг л байсан. Ньютоны амьдарч байсан үед очоод физикч гэж яривал ойлгох хүн байхгүй л болов уу.

Саяхан Адам Смитийг эдийн засагч гэж нэг олны танил эрхэм ярьж байхыг зурагтаар олж харлаа. Адам Смит бол моралын философич хүн байсан. Яагаад гэвэл тухайн үед эдийн засаг гэж бие даасан мэдлэгийн салбар байгаагүй. Адам Смитийг эдийн засагч гэж буруу ойлгосноор бид эдийн засаг гэдэг нь моралын онол дээр суурилсан салбар гэдгийг ойлгох боломжийг бүрэн хааж байгаа юм.

Дан ганц эдийн засаг ч биш социологи, бизнес, аж үйлдвэр, инноваци зэрэг нийгмийн бүхий л салбарууд моралын философиос үүдэлтэй. Моралын онолыг ойлгоогүйгээр юуных нь инноваци байх вэ дээ. Бусдын бүтээсэн шинэ технологийг хуулж тавьж байгаагаа мэдлэг бүтээж байна гэж андуурах том төөрөгдөл. Бүтээгч биш хэрэглэгч, хуулагч гэдэг ангилалд л багтана.

Бид моралыг ёс суртахуун гэж алдаатай орчуулж ашиглаж ирлээ. Гэвч алдаатай орчуулгын гай нь хаана байна вэ? Алдаатай орчуулна гэдэг нь цаадах онолыг нь үл ойшоон дур мэдсэн хариуцлагагүй үйлдэл. Зэвсгээр нэг хоёр хүнийг хохироож болох ч буруу, алдаатай ойлголтоор нэг үндэстний тархийг самарч болно.

Морал тэгээд ёс нь юм уу, суртахуун нь юм уу? Ёс суртахуун гэдэг Хятад ханзны шууд орчуулга энэ 2 үг хүн төрөлхтний моралын философийн онолуудыг төлөөлж чадах хүчинтэй үгнүүд мөн үү? Мэдлэгийн чухал онол, ухагдахуунуудыг орчуулсан том толгойнууд цаадах онолыг нь уншаа ч үгүй л орчуулсан, халтуурны орчуулгууд өнөөдөр бидний амьдралын ойлголтуудыг эвдэж байна. Компьютерын програмчлалтай зүйрлээд үз л дээ. Буруу кодоор хүчиндээд дайраад байгаатай ялгагдах зүйлгүй. Ямар алдаа ихтэй програм болж хөгжих нь ойлгомжтой.

Этик гэдэг “САЙН ГЭЖ ЮУ ВЭ” гэдгийг судалдаг философийн онол. Морал нь “АЛИВААГ ХЭРХЭН САЙН ХИЙХ ВЭ” гэдгийг судалдаг философи болон психологийн ойлголт.

Тэгэхээр морал нь ёс суртахуун гэж орчуулснаар аливаа зүйлийг хэрхэн сайн хийх вэ гэж ойлгогдох уу?

Эдийн засагт “Productivity буюу бүтээмж” гэж маш чухал ойлголт бий. Бүтээмж дотор “effectiveness” буюу аливаа зүйлийг хэрхэн зөв, сайн хийх вэ болон “efficiency” буюу хэрхэн цаг, зардал багаар хийх вэ гэдгийг ярьдаг. Бүтээмж өндөр хүн аливааг зөв, сайн хийхээс гадна цаг, мөнгөө хэмнэж хийдэг байх нь. Тиймээс эдийн засаг яагаад морал дээр суурилдаг вэ гэдэг гол зангилааг эндээс харж болно. Сайн гэж юу гэдэг нь тодорхойгүй учраас хэрхэн сайн хийх нь тодорхойгүй. Ийм байхад Монгол хүний бүтээмж ярих ямар ч боломжгүй. Эдийн засаг хөгжихгүй байна гэж амтай болгон хашхирч байна. Гэтэл суурь ойлголтуудыг алдаатай, буруу, халтуурдаж орчуулснаас болж аж үйлдвэр ч ярих нөхцөл байхгүй.

Эдийн засагчид гэх нөхдүүдийн ярьдаг эдийн засаг бол чингэлэг зөөдөг, бусдын бизнес моделийг хуулж тавьдаг нөхдүүдэд зориулсан зүйл учир сонгодог эдийн засагтай огтхон ч хамааралгүй.

Мэдлэгийн чухал онол, ухагдахуунууд, тэдгээрийн орчуулгууд хүчинтэй эсэхийг шалгаж, бурууг нь залруулахаас нааш хөгжил яриад яах вэ.

Үнэн байхгүй гэвэл зөв байхгүй. Зөв үгүй гэвэл сайн, сайхан ч үгүй.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3098

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%