БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ !

Өнгөрсөн зууны эхээр Монголчууд үндэсний чөлөөлөх хөдөлгөөн, дэлхийн дайны хүнд үеийг даван туулж хөрш орнуудаараа тусгаар тогтнолоо зөвшөөрүүлээд улмаар тэрхүү тусгаар улсаа эзний ёсоор авч явах нь гагцхүү залгамж үеийн хүүхэд залуусын хүмүүжил, боловсролоос хамаарна хэмээн ухамсарлаж 1948 онд анхны Хүүхдийн Кинотеатрыг улсын төв Сүхийн талбайн баруун урд, Засгийн ордны хажууханд байгуулан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б. Элдэв-Очирын нэрэмжит хэмээн зарлаж байжээ.

Хүүхдийн соёл хүмүүжлийн тэрхүү төвийг төрийн ордны дэргэд шахуу байгуулсан нь тохиолдлын хэрэг биш байж. Энэ бол тухайн үеийн Монгол төр хүүхдийг дээдэлж, хүний хөгжлийг анхаарч байсны тод илрэл. Төрийн тэр бодлогын залгамж халаа хожим нь “Бүхнийг Хүүхдийн Төлөө !” хэмээх алдарт уриан дор хүчээ авч хүүхдийн ордон, хүүхэд залуучуудын парк, Найрамдал зуслан, Залуу техникчдийн ордон, Хуримын ордон, усан спортын төв, хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулиуд олноор байгуулагдаж байв. Энэ бодлогын дүнд одоогийн монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэхүйц боловсролтой, урлаг спортын суурьтай болж чадсан юм.

Хоёр их гүрний хооронд хавчуулагдсан цөөн тооны монголчууд бидний хувьд хүний хөгжил нь оршин тогтнох үндэс, хүүхдийн хүмүүжил нь хүний хөгжлийн үндэс болохыг өмнөх үеийн төрийн удирдагчид маань тодорхой харж, тогтвортой бодлого хэрэгжүүлж байжээ.

Харамсалтай нь хүний хөгжил байтугай хоногийн талхаа шийдэж чадахгүй байсан 1991 оны ороо бусгаа цаг дор Хүүхдийн кинотеатрын байранд Хөрөнгийн Биржийг нүүлгэн оруулсан. Энэ бол аж ахуйн оновчтой шийдэл төдий биш, харин төрийн бодлого хүнээсээ холдсон хандлагын өөрчлөлт байв. Энэ муухай хандлага өнгөрсөн 30-аад жил үргэлжилж өдгөө Монголын эдийн засаг их бага хэмжээгээр өссөн боловч бид монгол хүнээ орхигдуулжээ.

Улмаар нэгэн үе бүх нийтээрээ бичиг үсэгтэй болж дэлхийд гайхуулж байсан монголчууд өдгөө хүний хөгжлийн үзүүлэлтээр сүүл мушгиж явна. Хүнээ орхигдуулсан нийгэм хүүхдээ анхаарахаа болив. Хүүхэд аюулгүй өсөх, хөгжих орчин үгүй болов. Хотын төлөвлөлт алдагдаж орон сууцны хорооллууд хүүхдийн тоглоомын талбай байтугай салхилах орон зай үгүй нягтаршив. Цөөн тооны цэцэрлэгт хүрээлэнгүүд нь амрах газар гэхээсээ илүүтэй арилжааны захын шинжийг олов. Хүүхдийн эмнэлэг, боловсролын байгууллагуудын ачаалал нь хэтэрч ирээдүй хойч үедээ гарааны тэгш боломж өгөх нөхцөл үгүй болжээ.

Хүнээ орхигдуулсан нийгмийн золиос хүүхдүүдээр дамжин илэрч хүүхдийн эрх бүдүүлгээр зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж, хямд ажиллах хүчин болж, хэнд ч буруугүй тэдний амь нас золгүй байдлаар үрэгдэх тохиолдол улам нэмэгдэх боллоо.

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож Үндсэн Хуулиндаа тусгасан монголчууд бид сэхээрэх цаг болжээ. Хэт арилжааны шинжтэй бүлэглэлүүдэд төрийн эрхээ мэдүүлж 30 жилийг өнгөрөөсний үр дүнд өнөөдөр бид хүнээ мартсан, хүүхдээ золисон харгис нийгмийг бий болгосон байна. Энэ бүхнийг өөрчлөхөд төрийн зөв бодлого, хуулийн хэрэгжүүлэлт хэрэгтэй нь мэдээж. Гэвч хамгийн чухал нь хандлагын өөрчлөлт юм.

Тэрхүү хандлагын өөрчлөлт нь хүүхдүүдээс булааж авсан байгууламжуудыг буцааж хүүхдүүдэд олгохоос эхлэнэ.

Тухайлбал

1948 онд хүүхдийн төлөө байгуулагдсан ч 1991 онд хүүхдүүдээс авсан Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кинотеатрыг эздэд нь буцаан олгож “Хүүхдийн соёлын төв” болгон сэргээн байгуулахын уриалж байна !

Хөрөнгийн бирж Монголд хэрэгтэй, гэхдээ байрлалын хувьд төв талбайд байх албагүй. Зэрэглэлийн хувьд хүүхдийн байгууллагын зиндаанд хүрэх учиргүй. Хөрөнгө хүнд хэрэгтэй ч эрэмбийн хувьд хөрөнгө биш хүн дээд. Угаасаа төв талбайг тойроод дуурийн театр, соёлын төв өргөө, үндэсний музей зэрэг хүнд зориулсан байгууламж байдаг нь хүнээ дээдэлж ирсэн монгол төрийн уламжлалт бодлогын илрэл. Энд гагцхүү хүүхдийн байгууламж л үгүйлэгдэж байгааг эздэд нь буцаан олгоё. Хаа нэгтээ шинээр барих биш яг байсан байранд нь, улсын төв талбайн хажууд, төрийн ордны дэргэд.

Их гүрнүүдийн дундах цөөхөн монголчууд бидний оршин тогтнох үндэс бол өндөр боловсролтой дэлхийн иргэдийг бүтээх буюу хүний хөгжил. Хүний хөгжлийн үндэс бол хүүхдийн хүмүүжил. Хүүхдийн хүмүүжлийн үндэс бол соёл, боловсрол. Хүүхдийн соёл, боловсролын байгууллагыг төрийн ордны ойролцоо, төв талбайд байгуулах нь хандлагын том өөрчлөлт болно. Хандлагын ийм өөрчлөлт нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах монголчуудын эрхэм зорилтонд хүрэх зайлшгүй нөхцөл мөн.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2640

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%