Үл үзэгдэх тахал буюу дуу чимээний бохирдол

Нүүрстөрөгч болон хүлэмжийн хийн тухай түр ч атугай мартая. Бид гараг дэлхийг өөр нэгэн хүчтэй зэвсгээр бохирдуулж байгаа нь хүний хэрэгцээг хангадаг алгын чинээ iPod-ноос эхлээд суудлын хөнгөн тэрэг, нүсэр том өрөмдөгч хүртэлх цахилгаан хэрэгслүүдийн гаргадаг бүх төрлийн дуу авиа гэдгийг та мэдэх үү?

Тэгвэл дуу чимээний бохирдол гэж юу болох, дуу чимээний бохирдол эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болон түүнийг яаж багасгах тухай  орчуулагч Г.Лхагвадулмын орчуулсан “Үл үзэгдэх тахал буюу дуу чимээний бохирдол нийтлэлийг хүргэж байна.

Дуу чимээ гэдэг голдуу үл хүссэн авиа байдаг. Харин тэр хүсээгүй дуу авиа хэрээс хэтэрч яршиг төвөгтэй болбол түүнийг дуу чимээний бохирдол гэнэ. Дуу чимээний бохирдол олон эх сурвалжтай. Гудамж, зам талбай, худалдааны төв болон үйлдвэр станцуудын дуу гээд тооцоод байвал энэ жагсаалт төгсгөлгүй.

Дуу чимээг децибел гэх нэгжээр хэмждэг. Дуу авиа чухам хэдэн децибел хүрвэл бохирдол болдгийг нарийн тогтоогоогүй ч гэнэтийн болон зогсолтгүй чанга авиаг дуу чимээний бохирдол гэж үзэх нь тодорхой. Европын олон оронд болон АНУ-ын зарим мужид өдрийн цагт 65, шөнийн цагт 55 децибел хүртэлх дуу авиа гаргаж болохыг зөвшөөрсөн байдаг. Энэ хязгаарыг эвдсэн хэн ч орчныг дуу чимээгээр бохирдуулагч болно. Гэвч дэлхийн ихэнх хэсэгт иймэрхүү журам мөрддөггүй. Мөрдсөн ч ихэнх үйлдвэр, өрхөд дуу хэмжигч байхгүй. Дуу чимээний бохирдлыг дараах эх сурвалжыг бид мэддэг атлаа үүсгэдгийг нь анзаардаггүй, мэдсэн ч сөрөг нөлөө хэчнээн их байж болох талаар боддоггүй хайхардаггүй.

Хамгийн их орчныг бохирдуулж болох дуу чимээ:

1.Холигч тоос соруулагч, угаалгын машин, зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд дунджаар 87 децибел чимээ гаргадаг. Энэ нь зарим оронд зөвшөөрөгдсөн хэмжээнээс ч хэтэрсэн үзүүлэлт юм.

2. Сэтгэцэд хамгийн их нөлөөлж, хүнийг уцаарлуулдаг гэх ахуйн гол цахилгаан хэрэгсэл бол зурагт юм. Зурагт хөгжим зэргийг эцэст нь хүртэл чангалдаг хүмүүс орчны тав тухайг хамгийн их алдагдуулагчид. Тэд бусдын төдийгүй өөрсдийн эрүүл мэндийг ч хордуулдгаа мэддэггүй.

 3.Үйлдвэрийн ердийн суурь машины дундаж чимээ 98 децибел. Харин том үйлдвэрүүд хэдэн арван машин төхөөрөмжтэй гэхээр үйлдвэр станцууд хотжилтын дуу чимээг үүсгэгч гол бохирдуулагчийн нэг юм.

 4.Онгоц дуу чимээний бохирдолд хамгийн их хувь нэмэр оруулагч. Хот суурин газрын бүх л дуу чимээнээс хамгийн чанга буюу  150 децибел дуутай нь онгоц юм. Гэхдээ давхар зам олонтой, зам нь байнга шахуу түгжирдэг их хотуудын хувьд автомашин онгоцноос дутахааргүй дуу чимээний бохирдуулагч болдог. Түгжрэлтэй авто замын дуу чимээ дунджаар 90 децибел байдаг.

5.Хот суурин газрын орчин тойронд анзаарахгүй байхын аргагүй олон дуу чимээ бий. Ялангуяа үргэлжийн юм уу тодорхой давтамжтай дуу авиа хамгийн тээртэй. Гоожуурын ус дуслах, цагийн зүү цохилох зэрэг нь нам гүмийг хамгийн ихээр эвддэг, тархинд хамгийн яршигтайгаар нөлөөлдөг “хортнууд” юм.

Дуу чимээний бохирдол эрүүл мэндэд

Хэт чанга болон үргэхийн их дуу чимээтэй газар удсан хүний биед олон сөрөг өөрчлөлт ажиглагддаг. Мэдээж тэгээр богино хугацаанд илрэхгүй ч хожим ихэд хор хөнөөлтэй байх нь бий. Олон сар жилээр таагүй дуу чимээтэй газар ажиллаж, амьдарсан хүнд дараах шинж тэмдгүүд илэрнэ.

 Их дуу чимээ юуны түрүүнд сэтгэцэд нөлөөлдөг

 Жишээ нь нисэх онгоцны буудалд ойр амьдардаг хүмүүс цочимхой нойр муутай болдог.  Байнгын дуу чимээтэй орчин ажиллаж, хотын төвд амьдардаг хүмүүс нам гүм орчин байдаг хүмүүстэй харьцуулахад илүү уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутрангуй байдаг нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон байдаг.

Дуу чимээний бохирдлын сөрөг нөлөөг шууд мэдэрдэг гол эрхтэн бол чих. Хэдий богино хугацаанд үргэлжилсэн байлаа ч гэнэтийн чанга дуу хүнийг дүлийрүүлж ч мэднэ

 Их дуу чимээ зүрхэнд халтай

 Ялангуяа машины хөдөлгүүрийн хүнгэнээн дуут дохиолол дунд удаан байвал зүрхний хэмнэл алддагийг судлаачид тогтоожээ. Энэ нь дархлаа муу хүмүүст амьсгал давчдах, багтрах зэрэг шинжээр илрэх бол зүрх муутай хүнийг зүрхний шигдээст ч хүргэх аюултай.

Дуу чимээний бохирдол хүүхэн харааг мөн тогтворгүйжүүлдэг

 Энэ нь нас тогтох үед хараа удаан хурдан муудахад нөлөөлдөг байна.

Хоол боловсруулах эрхтэнд ч их дуу чимээ нөлөөлнө

Чанга дуу чимээтэй орчинд дотор тавгүйтэх нь их тул ходоод гэдэсний үйл ажиллагаа саарч, энэ нь олонтаа давтагдвал хоолны шингэц мууддаг. Америк эрдэмтдийн 2009 онд хийсэн судалгаагаар үйлдвэрийн ажилчид ердийн ажилладаг албан хаагчидтай харьцуулахад илүүдэл жинтэй болох магадлал 34 хувиар илүү байдаг нь тогтоогджээ.

 Бохирдлыг бууруулах нь

1.Хэт их дуу чимээ байгаль орчныг бохирдуулагч гэдгийг  бүх нийтээр хүлээн зөвшөөрснөөс хойш дэлхий дахинд дуу чимээний бохирдлыг бууруулах талаар цөөнгүй арга хэмжээ авчээ. Гэхдээ тэдгээр нь үр дүнтэй байх эсэх нь гагцхүү иргэд олон нийтээс л шалтгаална. Өнөөгийн түм түжгэнэж, бум бужигнасан дэлхий ертөнцийг бага ч атугай тайван амгалан  газар болгохын тулд энгийн хүмүүс бид юу хийж чадах вэ?

2.Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ хэр их дуу гардгийг анзаарч боломжтой бол дуу багатай бүтээгдэхүүн сонгож бай. Шинэ цахилгаан бүтээгдэхүүн худалдаж авахдаа дуу намсгагчтай эсэхийг нь шалгаарай.

3.Ажиллаж амьдардаг орчиндоо мод тарь. Энэ нь дуу чимээний бохирдлыг бууруулаад зогсохгүй орчны агаарыг цэвэршүүлж, чийг хураан, амар амгалан нам гүм мэдрэмж төрүүлнэ. Мод тарьж арчлан ургуулах нь хүний байгальд барьж чадах хамгийн үнэт бэлэг.

4.Зайлшгүй шаардлагатай биш л бол машиныхаа дуут дохиог битгий хангинуул. Ялангуяа хөдөө хээр

5. Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч юм уу дуу намсгагч зүүж байгаарай. Бохирдлыг бууруулах нь бусдаас гадна өөрт ч тустай.

 


avatar
    • Dash
    • 172.68.254.*

    УБын яг дундуур өнгөрдөг төмөр замаар өнгөрдөг галт тэрэгнүүд бараг хотын нэг захаас нөгөө зах хүртэл дохиогоо орилуулан явхад хэдэн дицебел хүрдэг бол! Шөнө цонхоо онгойлгоод унтаж амрах ямарч боложгүй. Аз жаргалтаы УБ гээд байгаа...

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3279

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%