Нийтлэл 07 сарын 22, 2018

Германы Бундес банкны HR-ийн систем: Бурханд итгэхээр Бундес банкинд итгэ

Германы төв банк-ны HR мэргэжилтнүүдийн семинарт сууж, Бундесбанкны боловсон хүчний сайн бодлого болон HR-ийн систем дэх сонирхолтой хэдэн зүйлсийг энд онцоллоо.  

Германчууд мэдээж цаг барьдаг, ажилсаг, өндөр бүтээмжтэй гэдгээрээ алдартай үндэстэн. Тэр дундаа маш “серъёз” гэгддэг төв банкныхныг үр бүтээлтэй ажиллуулдаг системээ хэрхэн бүрдүүлсэн нь сонирхолтой байлаа. Бундес банкны хүний нөөцийн гол бодлого нь “Зөв хүнийг, зөв цагт нь, зөв ажил дээр нь тавих” явдал гэнэ.

“Бурханд итгэхээр Бундес банкинд итгэ” гэж хүртэл яригддаг найдвартай институцийн үндэс нь магадгүй боловсон хүчний сайн бодлого байх. Тэдний HR-ийн системд нь дараах 3 зүйл сонирхолтой санагдлаа.

1.Эхний 10 жилийн карьер тодорхой байх нь чухал

 Ажилтнууд эхний 5 жилдээ ажлаасаа гарах нь хамгийн түгээмэл байдаг аж. Харин 10-аас олон жил ажиллавал явах магадлал эрс багасдаг гэнэ. Иймд карьерийн эхний 10 жилийн албан тушаал дэвших зам, цалин болон цалингийн бус урамшуулал хэрхэн нэмэгдэхийг тодорхой болгож өгвөл, явах хүмүүс нь эрт явж, харин үлдэх хүмүүс илүү тогтвор суурьшилтай ажилладаг байна. Улмаар ажилтанд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж өндөр. Харин цалин, албан тушаал нь хэрхэн ахих нь тодорхойгүй үед ажилтнуудын мотиваци яваандаа буурч, сурах зүйлээ сурчихаад хөдөлмөрийн зах дээр өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийг зорин одоогийн ажлаа орхидог. Иймд ажилтныг сургах, гүйцэтгэлийг үнэлэх, дэвшүүлэх тогтолцоог нэлээд нарийн хийж өгчээ. Тухайлбал 15 карьерийн түвшин, түвшин бүртээ цалингийн 8 шатлал нь үүний нэг хэсэг.

2.Менежерийн болон специалист карьерийг ангилах

Мэргэжилтэн бүр сайн баг зохион байгуулагч болдоггүй. Харин менежерүүд специалистийн ажил руу гүнзгий орох хэцүү. Иймд, шилдэг специалистууд заавал дарга, захирал бололгүйгээр өөрийн ажлаа сайн хийгээд карьер ахих боломжтой байх нь чухал. Ялангуяа инженер, судлаач гэх мэт нарийн ур чадвар шаардсан ажил дээр менежер болон специалист карьерийг салгаснаар тухайн байгууллагадаа ч, мэргэжилтэнд өөрт нь ч ач тустай үр дүн бий болдог аж. Хүн сайн чаддаг зүйлээ сайн хийж, харин чадахгүй зүйлээсээ хол байх боломжийг олгодог учраас тэр. Сайн эдийн засагч нар менежертэйгээ ижилхэн цалин (Германы төрийн албан хаагчийн цалингийн шатлалаар төв банкны газрын захирлын цалин 10,000 евро/сар орчим), хангамж аваад явах карьерийн боломжтой юм байна.

3.Хамт олны соёлыг бүрдүүлэх

Аль ч төв банкны хувьд топ ажилтнуудаа алдахгүй байх нь том сорилт болдог. Олон жилийн турш, маш их хөрөнгө оруулалт хийж бэлдсэн мэргэжилтнүүдийг нь "жаахан" өндөр цалингаар “хулгайлчих” тохиолдол цөөнгүй. Бундесбанкны хувьд консалтинг фирмүүд, хөрөнгө оруулалтын банкуудаас гадна ижилхэн Франкфурт хотод байрлалтай Европын төв банк (ECB) хөдөлмөрийн зах дээрх өрсөлдөгч нь болдог. Цалингаараа эдгээр газруудтай өрсөлдөх аргагүй тул цалингийн бус таатай боломжууд чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Ялангуяа байгууллагын дотоод соёлд ажиллах таатай орчин. Ажиллах орчны хувьд Бундесбанкны ажилтнууд 800 өөр хувилбараас ажлын цагаа сонгох боломжтой. Жишээ нь, 4 жил 80%-ийн цалингаараа ажиллаад, 5 дахь жилдээ бүтэн 1 жил цалинтай амарч болно. Эсвэл 1 жилд 29 хоногийн үндсэн амралт дээрээ нэмээд 24 хүртэлх хоногийн flexible time буюу нэмэлт амралттай гэх мэт. HR-уудын хувьд, хичээл зүтгэлийнхээ 95%-ийг байгууллагын соёлыг эвддэг зан авир гаргадаг 3%-тай тэмцэхэд зориулдаг гэв. Менежерүүдийг өөрийнх нь багийн хүмүүс хэд хэдэн шалгуураар үнэлж, хөндлөнгийн сэтгэлзүйчид давхар хяналт тавьдаг байна. Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байхад цуг ажилладаг хүмүүс, тэр дундаа босс маш чухал учраас тэр.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon