Гутлын 22 СӨХ: Оршин суугчид эрүүл мэнд, өмч хөрөнгө, хэвийн амьдрах нөхцлөөрөө хохирч байна

 Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо хуучнаар Гутлын 22-р байрны талбайд иргэдийн санал авах сонсгол хийлгүй 9 давхар барилга, механикжсан зогсоолын хамт барихаар төлөвлөж, иргэдийн тав тухыг алдагдуулах нөхцөл байдал үүссэн. Энэ тухайн бид тус байрны сууц өмчлөгчдийн холбооноос тодрууллаа.

 Барилга барихаар төлөвлөгдөж байгаа энэ талбай хэний эзэмшлийн талбай вэ?

Энэ байршил хуучин “Элит” төв гээд цагаан хоолны газар байсан юм. Энэ талбай нийтийн эзэмшил нь ч мэдэгдэхгүй хувийн эзэмшил нь мэдэгдэхгүй их удсан.  Бид нийтийн эзэмшлийн талбай болгоод ашиглах гэхээр энэ талбай нийтийн эзэмшлийн талбай биш “Элит төв”-ийн талбай. Бид өргөтгөлөө барина гэсэн тайлбарыг бидэнд өгч газар ухаж шав тавиад л орхисон. Гэтэл одоо хувийн компани барилга барих гэж байна. Уг нь улсын эзэмшлийнх байсан газар ямар шугамаар яагаад хувийн хэвшилд очсоныг гайхаж байна. Албан бус мэдээллээр бол энэ талбай Чойжилсүрэн гэдэг хүний эзэмшил болсон гэж сонссон.

Энэ самбарыг хэзээ байрлуулсан бэ?

Өнгөрсөн баасан гарагт энэ хашаан дотроо барилга барих зөвшөөрөл олгоход иргэдээс  санал авах самбар гээд нэг самбар байрлуулсан. Тэр самбарыг нь тэр бүр хүн олж харахааргүй, харсан ч дотор нь юу бичсэн байгаа нь анзаарагдахгүй юм билээ. Бид  гараж дээр гарч зургийг авч байж ямар учиртай самбар болохыг нь мэдсэн. Тодруулбал нийслэлийн засаг даргын 5 дугаар сарын 11-ны А/422 дугаар тушаалаар энэ газар дээр зочид буудлын зориулалттай 9 давхар барилга болон механикжсан зогсоол  барих зөвшөөрлийг олгох тухай захирамж гарсан байгаа юм.

Оршин суугчдад барилга барих зөвшөөрөл авах тухай ямар нэгэн мэдэгдэл хүргүүлсэн үү?

Нэг ч айлаар орж хүргүүлээгүй. Гэнэт л ийм самбар байрлуулчихсан. Энэ самбарыг олж хараагүй байж байгаад санал өгөхгүй бол иргэд зөвшөөрсөн гээд барилга барьж эхлэх гэж байх шиг.

Ойр орчимд хүүхдийн тоглоомын талбай тэр жижигхэн хэсгээс өөр байхгүй юу?

Байхгүй тэр жижигхэн хэсэг л байгаа. Уг нь энэ машин тавиад байгаа зогсоол чинь хуучин сагсны талбай байсан. Одоо ойр хавийн төрийн эзэмшлийн байгууллагуудын машины зогсоол болгочихсон иймэрхүү хүнд байдалтай л байна. Оршин суугчид бид үнэхээр эрүүл мэнд, өмч хөрөнгө, хэвийн амьдрах нөхцлөөрөө хохирч байна. 

Хэрэв 9 давхар барилга баригдлаа гэхэд энэ байрны оршин суугчдын хувь ямар хүндрэлтэй асуудал тулгарах вэ?

Энэ газар бол ямар ч зочид буудал барих боломж битгий хэл оршин суугчид нь ч тухтай салхилах боломжгүй ийм жижигхэн газар.  Хэрэв энэ барилга баригдах юм бол бидний эрх ашгийг маш ноцтой зөрчиж байгаа юм. Бидний энэ жижигхэн талбайгаас бага багаар хумсалсаар одоо гишгэх ч газаргүй болох нь. Уг нь энэ хавийг машингүй гудамж болгоно гэж ярьж байсан. Гэтэл одоо энд механикжсан зогсоол барина гэж байна. Тэр зогсоолд хаагуураа яаж орж машинаа зогсоох юм. Энд 9 давхар барилга, машины зогсоол барих байтугай бид өөрсдөө ч машинаа зогсоох талбайгүй, гадаа гарч тухтай  салхилахгүй газаргүй байна шүү дээ. Энэ зочид буудал баригдчих юм бол бид насаараа байгалийн гэрэл үзэхгүй амьдрах нь. Үүнээс гадна зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын асуудал ч энд хөндөгдөнө.

Зөвшөөрлийг цуцлуулах тухай өргөдлөө холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн үү?

Бид хуулиа судалж үзээд хуулийн дагуу өргөдөл бичээд холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%