Чингисийн Монгол Оттоманы Туркийн араас орох уу?

Сүүлийн үед Чингисийн Монгол Оттоманы Туркийн араас шааригдаж болзошгүй шинж тэмдэг цөөнгүй үзэгдэж сэтгэл зовоох болов. Азаар гэх үү эзээр гэх үү Монголоос турк сургуулийн багшийг ачаад явах дөхсөн нь хэмээх муухан найруулгатай боевик кино шиг асуудал босч Эрдоган гэх их гарын дарангуйлагчийн дүр уншигчдад ойр болсон завшааныг ашиглан зарим мэдээлэл өгье.

Эхлээд нөхцөл байдлын талаар тойм: Туркийн ерөнхийлөгч Эрдоган бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийн хэрээр эсэргүүцэл бослого олон гарах болсноос хамгийн том, хамгийн хатуу ширүүнээр нухчин дарж байгаа нь  2016 оны долдугаар сарын төрийн эргэлт хийх бослого юм.  Бослогын үеэр амь үрэгдсэн, шархадсан мянга мянган иргэдээс гадна гадна араас нь 15 их сургууль, 2000 орчим иргэний нийгмийн байгууллага, 1000 гаруй хувийн сургууль хаагдахаас гадна 100 мянга орчим хүн хоригдож, мөн тооны хүн ажлаас халагдсан байдалтай. Эрдоганы зүгээс уг бослогод нөлөө бүхий бизнесмэн, шашны лидер Гюлен болон АНУ тэргүүтэй барууны орнуудыг буруутгахын сацуу Гюленд хамаатай гэж үзсэн сэхээтнүүдээ бусад улсаас нутаг буцаах ажиллагаа зохион байгуулж буй гэгдэнэ. Одоогоор 20 орчим орноос 80 гаруй иргэнээ "буцааж авсан" гэгдээд байгаа дунд манай орон багталгүй үлдсэнээр олон орны медиагаар, олон хэлээр ардчилсан Монгол хэмээн бичүүлж чадсан нь тэр ээ.

Энэ удаа гэхдээ Туркийн дотоод асуудлаас илүүтэй Эрдоган шиг дарангуйлагч хаанаас хэрхэн төрдөг тухай бичих гэсэн юм. Эрдоган шиг дарангуйлагч хаанаас төрдөг юм бэ? Ганц Турк биш ерөөсөө эрх мэдэл нэг гарт төвлөрөх, улмаар үнэмлэхүй засаглалаас иргэдийн эрх чөлөө, амь амьдралыг үнэмлэхүй дэвслэх боломж бүрдсэн түүхээс суралцаж байж араас нь шааригдалгүй үлдэх болов уу гэж санана.

Эрдоганы Шударга ёс хөгжлийн нам төрийн эрхэнд гарсан 2002 оноос 2000-аад оны сүүл үе хүртэл Турк улс эдийн засаг тогтвортой, хурдтай өсч,  дундаж анги нэмэгдэж,  Европын Холбоонд гишүүнээр элсэх юм яригдаж байв. Тив дамнасан ардчилал, Исламын итгэл найдвар гэгдэж байлаа. Даанч тэндээс Ерөнхий сайд асан, өдгөө Ерөнхийлөгч Эрдоган улсын ба өөрийн амбиц гэсэн салаа замаас сүүлийнхийг нь сонгож авчээ. Эндээс болон ер нь Хитлерийн Герман гэх мэтээс ч харж болох нэг сургамж бол элдэв юмтай удирдагчдын төрөл үүслийг зөвхөн эдийн засаг ба  ядуурлаар тайлбарлах боломжгүй гэдэг нэг зүйл. Баяжлаа баяжлаа гэвч барын аманд бас ордог байна.Тиймд нэг удирдагчийн хувийн амбиц бүтэн улс үндэстний замнал болж хувирах явцыг илүү урт цаг хугацааны өгөгдөл, нийгэм соёлын өргөн агуулгад харах ёстой бололтой. Энэ утгаараа Эрдоганизмын цаадтай өнгийж үзвэл эх орны чинь зарим нэг асуудал ба заримдаг дүрүүд шинэ гэрэлд харагдаж магадгүй юм.  Ийгээд их түүх хэмээх багш дор нэгэнтээ мөргөөд хэдэн зүйл.

Нэгэн зүйл. Эрдоган товчдоо “Турк ялна” консептоор ажилладаг. Монгол ялаадахсан чинь 30 гэр бүлээс авахуулаад цаазын ял эргэн сэргээх мунаг улстөр дор монгол толгойнууд бөндгөс хийхдээ тулсан лугаа адил Турк ялаадахсан чинь турк толгойнууд бөндгөс гээд байгаа хэрэг. Тэрээр Оттоманы эзэнт гүрний их түүхийг эргэн дурсах, түүгээр өнөө цагийн бахархлын тэжээл болгох, өнө удаан дарлагдсан Исламын шашинтны яруу алдрыг мандуулах улстөр хийсээр өнөөгийн өндөрлөгт хүрэв. Нео-Оттоманы гүрэн ба түүний халиф маягийн улстөр хийх боломжийг олон зүйл нөхцөлдүүлж байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ Сталины бодлого дор Монголын эзэнт гүрний ой санамж ба шарын шашин дарагдаж байсны эцэст бурхнаар бөөлжиж, Чингисийн хойд дүр тодруулах хэмжээнд их хүчээр эргээд ханарч байгаа шиг XX зуунд асар радикал бодлого хэрэгжүүлсэн Ататюркийн модернизацийн сүүдэр XXI зуунд Исламийн шашинт ба эзэнт гүрнээ эргээд магтан дуулах сэтгэлзүйн хөрс болж байх магадлалтай.

Ямартай ч  Эрдоганы исламизм дор сурах бичгээс шинжлэх ухаан шахагдаж шашин ба түүхийн цагууд нэмэгдэж, “Бүгд Найрамдах Турк улс шашингүй улс болно” гэж хэлж үлдээсэн их удирдагч Ататюркийнх нь үг үнсэнд булагджээ. Тэр төрт ёс нь өөрийнх нь хэлж буйгаар "иргэдэд биш зөвхөн Аллахад ямар ч болзолгүйгээр харьяалагдах” болж. Энэ нь мэдээж Аллахын элч өөрийг нь бас илэрхийлнэ. Нэг сонирхолтой нь энэ хүн анх эрх мэдлээ нэмэгдүүлж, ард түмний таалалд нийцэхийн тулд ардчилсан үнэт зүйлсийг хамгийн ихээр магтан дуулдаг байв. Мөнөөх орон орноос хулгайлан барин тэмцээд байгаа Гюлен хүртэл хамтран зүтгэгч нь байсан гээд бод.

Нэгэн зүйл. Эрдоган нь манайхаар бол “Хужаа ялагдана” үзлээр ажилладаг. Турк ялах гээд байгаа юм бол хэн нэгэн ялагдаж таарна аа? Тэрээр  дотоодын аливаа асуудалд хөрш орнууд, АНУ, барууны модернизац, Европын Холбоо зэрэг ямар ч л гэсэн нэг буруутан гаргаж ирдэг. Хаанаас ч юм бэ хэн ч юм бэ ирээд та нарыг хохироогоод байна хэмээх үлгэр дэглэн айдсын менежмэнт хийгээд, айж үргэсэн ард олон хонины хотондоо хургамагц хамгийг аврагч баатар, халифын дүрд тоглодог. 

Нэгэн зүйл. Эрдоган нь Турк ялж, ‘хужаа’ ялагдах бодлогоо сурталдаж, түүний төвд өөрийгөө тавихын тулд чөлөөт медиаг шууд ба шууд бус аргаар дарангуйлж, авьяас билигтнүүдтэй хамтран ажилладаг. Эхэндээ өнөөгийн манайтай төстэй худалдан авах, нөхөрлөх хэлбэртэй байсан нь сүүлдээ шууд дарангуйллын хэлбэрт шилжиж өнөөдөр Турк улс хамгийн олон сэтгүүлч шоронд орсон орон болж хувираад байна.  Ерөнхийлөгчийн засаглалд шилжих олон нийтийн санал асуулгад “Үгүй” гэж хариулбал үнэнхүү нүгэлд унах маягийн медиа аян дайнд нь нийтлэлч Караман, шашин судлаач Гормез нараас авахуулаад Туркийн авьяас билигт, оюунсанааны лидерүүд олноор хүчин зүтгэжээ. Манай зарим эрдүү-ганлаг улстөрчид хэнд төрийн шагнал цол хөдөлмөрийн баатар хурандаа олгож, тэд нь хаана юу ярьж, ямар кино мэдээ цацах болоод байгааг харж байхад гэмгүй. Ц.Хулан, Д.Өлзийбаатар, Судлаач (ч гэж дээ) Ганаа тэргүүтэй урлагийн Янжинлхам бурхан, их түүх, эрдэм ухаанд хоёр үзүүрт сэтгэлээр ханддаг хоёрдмол нөхдийг их давраавал хаана очиж унахыг уг нь өөрсдөө нэгэн үзүүрт сэтгэлээр судалж барьдагсан бол хэдийнээ харж байх учиртай.

Нэгэн зүйл. Эрдоган нь наашаа харж баатрын дүрд тоглонгоо цаашаа харж ард түмнээс эрх мэдэл, шударга ёс, бие даасан байдлыг нь дээрэмдэн авдаг.  Тэрээр түүх ба шашин гэх мэт хамгийн чухаг үнэт зүйлсээр нь өгөөш хаяхын сацуу шударга бус  сонгууль, шууд ба шууд бас элдэв улстөрийн арга ашиглан төрийн бусад инстүүцээс эрх мэдлийг нь дээрэмддэг.  Энд дэлгэрэнгүйг дурдах зайгүй ч 2010 оны олон нийтийн санал асуулгаар шүүх, цэргийн бие даасан байдлыг засгийн газрын гарт хумих, 2014 онд шүүх системд өөрчлөлт хийх эрхтэй болох, улмаар 2016 оны мөнхүү бослогын дараанаас 2017 онд олон нийтийн санал асуулга зохион байгуулж медиа ба санал асуулгыг шууд хянах буюу бараг дээрмийн аргаар бүх эрх мэдлийг ерөнхийлөгчийн засаглал дор төвлөрүүлээд байна. Түүнчлэн түүний дарангуйлал бэхжихэд Туркийн АТГ ямар үүрэг гүйцэтгэж ирснийг цааш нь ухаж үзэхийг зөвлөх байна. Энэ далимд иргэдэд улстөржсөн Цэцийн томилгоог эсэргүүцэх, Захиргааны шүүхийн бие даасан байдлын төлөөх тэмцэл гэх мэт сэхээтнүүдийнхээ тэмцлийг сайн дэмжиж байгаарай гэж захих байна. Түүнчлэн олон нийтийн сонсгол гэх мэт нэг талаар чихнээ сонсголонтой ч нөгөө талаар медиад дархлаагүй масс сэтгэл хөдлөлөөр засаглалын реформ хийхийн төлөөх аливаа улстөрд няхуур хандах хэрэгтэй.

Нэгэн зүйл. Эрдоган нь төсөв ба төрийн халамж, бусад боломжийг улстөрийн хахуульд ашигладаг.  Түүний аппарат сангийн тэлэх бодлого хэрэгжүүлсээр энэ нь эргээд дотоод валютдаа инфляцийн дарамт үүсгэх хандлагатай болоод байна.  Хүүхдийн 20 мянган төгрөг төдөн зурагттай айлд өгөх өгөхгүй гээд хэрэлдээд сууж байдаг МАНАН-тай л төстэй юм уу даа. Ерөнхийдөө мега төсөл, сангийн тэлэх бодлогод илүү оролцох боломжоор хангах замаар клиентилист харилцаанд элитүүд, бизнесмэнүүдийг татан оролцуулж өөрийн засаглалаас хамааралтай тэжээвэр болгож хувиргадаг. Тэрээр халамж, хувьчлал, тендер, мега төслийн оролцоо зэргээр үнэнч занг урамшуулахын зэрэгцээ өчүүхэн сөргөлдсөнийг барьж хорих, медиагаар гутаан доромжлох, тендерээс хасах, нийтийн орон сууцаар хяхах гэх мэтээр аливаа боломж, шударга өрсөлдөөнөөс хасах замаар шийтгэдэг. Төрийн дэргэд буяны байгууллагууд ажиллаж байх жишээний. 

Нэгэн зүйл. Эрдоган нь ар хударгаар ийм клиентелизм хөгжүүлэхийн сацуу урд талдаа бол баян, баба элит хөрөнгөтнүүд ба хүний хайлан хөөрхий муусайн ардууд хэмээх хоёр нийгмийн бүлэг үүсгээд хохирогсдыг өмгөөлөх популизм хийдэг.Ядуу хорооллын үсчинд ядарсан ерөнхийлөгч маань үсээ засуулаад явж байна гэх ухааны мэдээ цацагдах нь манай муу ядарсан еөгий маань түлэгдсэн пиршки идээд сууж байна хэмээх гошин шогоос юуны ялгаа.Хөөрхий чи хохирчээ ядарчээ, би нэг чинь шүү хэмээн хажуу руу нь дөхсөөр хэнээр ч юм бэ хамгаалуулах хүсэл, хэнийг ч юм бэ шийтгэх адын шуналд баригдсан ард түмний өмнө аврагчийн дүрд тоглоход нь төсвөөр буюу уг нь бол иргэдийн өөрсдийнх нь мөнгөөр тэжээсэн элитүүд, медиа аппарат нь үйлчилнэ.

Эцэст нь гурван зүйл тойм.  Шинэчлэгч ба дарангуйлагчийн хоёрдмол дүр,  харизматай, хүчирхэг Режеп Эрдоган нэгэнт бие хүн гэхээсээ цаг үеийг эзэлсэн феномен, үзэгдэл, судлагдахуун болж хувираад байна. Зах зухаас нь хөндсөн зарим асуудлын ард дор хаяж гурван зүйл харж болохоор байна.

Нэгд, аливаа засаглалын legitimacy буюу зүй зохист байдлыг эдийн засгийн амжилт ба эдийн засгийн бус үнэт зүйлийн өгөө аваа дунд харж болох байна. Эхэндээ ардчилсан үнэт зүйлс тунхаглаж, эдийн засгийн реформ хэрэгжүүлэх зэргээр дэвшилтэт бодлого хэрэгжүүлж байснаа түүнийх нь үр дүнд  өнөө ардчилсан систем нь дүн тавьж эрх мэдлийг сэлгэх цаг ирмэгц идеологи, түүх соёл, шашны үнэт зүйл, консерватизм руу ухарсан нь ману ялсан Монгол тодорсон хэв маягтай давхцаж байгаа нь их сонирхолтой. Өмнө нь нэг бичиж байсан, талх байхгүй юм бол бардамнал аль маягийн нийгмийн сэтгэлзүйг зарим улстөрч овжин ашиглаж эдийн засаг хэмээх бодит үр дүнгээс үл хамаарах дүр үүсгэх, мөн дүрийг нь шүүх боломжтой системийг устгахын төлөө ажилладаг хэв маяг ажиглагдаж байна. Үүнийхээ тулд нийгэмд ангиуд үүсгэх, аль нэг ангийг өмгөөлөгчийн дүрд тоглох ленинизм одоо ч амь бөхтэй ажилласаар.

Хоёрт, Турк бас манайх шиг том баатартай, их түүхтэй, тиймдээ ч султанизм буюу бие хүнийг баатаржуулах, хувь хүнийг институцийн дээгүүр тавих хандлагатай улс бололтой.Институц ямар чухлыг яаж энд багтааж хэлцэх билээ? Их хаан халихад системгүй үлдсэн эзэнт гүрэн нь юу болж хувирсан өөрсдийн түүхээ эргэн харвал дөт зам байж мэдэх юм. Хүн явахад институц үлдэнэ. Өнөөдрийн Турк Эрдоганыг хайрлах нь эх орноо хайрлахын нэр гэж сурталдаж болох хэмжээнд хүрээд байгаа нь төрөө хувь хүн болж хувиргаад байгаагийн илрэл юм. Иргэд хувь хүн шүтэх сэтгэлгээнээс нэг алхам урагшилж систем, институцийн хөгжил шаардах түвшинд хүрэхгүйгээр бид жинхэнэ ардчилалд хүрч чадахгүй.

Гуравт, төр ба шашин ангид орших зарчим. Кемализм буюу шашингүй Туркийн бодлогоос ухарч шашны үнэт зүйлсээр улстөр хийсний үр дагаварт Турк улс эсрэгээрээ нэгдмэл байдлаа алдаж ирээд байна. Ямар сайндаа зарим иргэдээ улс улсаас хайж түүж байхав. Ерөөсөө түүх соёл, яс үндэс, шашин суртал гэх мэт үнэт зүйлсээр улстөр хийгээд эхлэхээр угийн ялгаатай шинж чанараараа зэрэгцэн орших ёстой зүйлсийг ямар нэг сонголтод тулгах тул нийгмийг зөрчил, хагаралд дагуулах нигууртай бололтой. Монгол цус гэж хаана ч байхгүй юм гаргаж ирсэн монголчууд зэрэгцэн орших ухаанаа алдахад тулаад байгаагаа эргэж харах цаг болсон. Ядаж үүнийх нь ард эртний түүхтэй энэ бардам үндэстний шашин нь болсон Чингис хаан ба эзэнт гүрнийх нь ой санамж дээр тоглож байдаг.

За тэгээд усан нүд цусан зүрхтэй хүмүүс хооронд шар бор гэвч юун их ялгаа гарч шалиа билээ. Тэдний байгуулсан нийгэм хооронд ч нэг их ялгаа гарч шалихгүй. Тийм  ч болохоор цаг хугацаа бусдын алдааг давтахгүй тойрох боломж  өгдөг. Тэгээд эхэнд асуусан асуулт. Дарангуйлагч хаанаас төрдөг юм бэ? Мэдээж системийн шалтгаан олныг дурдаж болох ч энэ удаа оюун ухаант уншигчид хандаж буй тул нэг л зүйл сануулмаар байна. Эрдоганы туулсан замналыг үзвэл өнөөгийн өст дайсан Гюленаас авахуулаад, медиа эрхлэгчид, сэтгүүлчид, оюуны салбарынхан, клиент харилцаатай бизнес эрхлэгчид гээд чөлөөт хүсэл зорготой, сонголт хийх эрх чөлөөтэй  оюун ухаант хүмүүсийн дэмжлэг ба хүлцэл л түүний гарт хувь заяагаа атгуулжээ. Боловсролтой, авьяастай,  хүчирхэг хүмүүсийн өчүүхэн эрх ашгийн төлөөх бага зэргийн ухралт, дэмжлэг, хүлцэл хоорондоо үржсээр их далай болж хуримтлагдаад дарангуйлагч төрдөг байна. Манайд түрүү жил 600 мянга орчим хүнээс санал авсан байв уу даа, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор. Үнэт зүйл дээрээ улстөр хийлгэж хүчиндүүлсэн олон нийт чинь нео-Чингисээ хүсч байгаа баргар дүр зураг харагдаж байна лээ шүү. Та өөрөөсөө эхлээд үржүүлэгчийн үүрэг гүйцэтгэхээ болихгүй бол.

 

Нүүр зургийн эх сурвалж: Bridgeman/Reuters/The Economist

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2466

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%