Франсис Фүкүяма: IDENTITY POLITICS буюу ЧАМ дээр тоглох улстөрийн эсрэг

Улстөрийн философич Франсис Фүкүямагийн "Against Identity Politics" нэртэйгээр The Foreign Affairs сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Франсис Фүкүяма: Identity Politics буюу ЧАМ дээр тоглох улстөрийн эсрэг

Дэлхийн улстөрд хэдэн арваны өмнөөс эхэлсэн  гүн гүнзгий өөрчлөлт шилжилт үргэлжилж байна. 1970-аад оны эхэн үеэс энэ зууны эхний арван жил  хүртэлх хугацаанд сонгуулийн ардчилалт орны тоо 35-аас 110 болж нэмэгдэв. Мөн хугацаанд дэлхийн нийт үйлдвэрлэл дөрөв дахин нэмэгдэж,  бүс нутаг бүрт өсөлт ажиглагдав. Туйлын ядууралд амьдарч буй хүний тоо 1993 оны 42 хувиас 2008 онд 18 хувь болж огцом багасчээ.

Гэхдээ хүн бүр энэ өөрчлөлт шинэчлэлтээс хожсонгүй. Олон улс оронд, нэн ялангуяа шинэ тутам хөгжиж буй ардчилсан орнуудад эдийн засгийн тэгш бус байдал ч огцом нэмэгдэж, өсөлтийн үр шим өндөр боловсролтой, чинээлэг хэсэгт илүү ногдох болов. Эд бараа, мөнгө, нэг газраас нөгөө рүү хөдлөх хүмүүсийн тээвэр хөдөлгөөн улам бүр өсөн нэмэгдэж хувьсгалт өөрчлөлтүүд авчирч байна. Хөгжиж буй орнуудад урд өмнө цахилгаан ч хэрэглэж байгаагүй тосгоны иргэд гэнэт том хот сууринд амьдрах болж, телевиз үзэж, гар утаснаасаа интернэт хэрэглэх болжээ. Энэтхэг, Хятадад асар том дунд ангиуд үүсч, түрүүлж хөгжсөн орнуудын дунд ангийн гүйцэтгэж байсан ажлыг орлох болов. Үйлдвэрлэл АНУ ба Европоос хөдөлмөрийн өртөг хямд Зүүн Азийн орнууд руу тасралтгүй шилжсээр. Түүний зэрэгцээ үйлчилгээ давамгайлсан хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг түрж, ур чадвар муу ажилчдыг машин орлох боллоо.

Эцсийн дүндээ эдгээр өөрчлөлт урд өмнөхөөс нээлттэй, либерал дэлхий өөд урагшлан хөгжиж асан нүүдлийг саарахад хүргээд байна. Хамгийн сүүлийн том бөмбөгүүд 2007-2008 онд гарсан глобал санхүүгийн хямрал, 2009 онд гарсан евро хямрал байлаа. Аль алинд нь элитүүдийн удирдаж хэрэгжүүлсэн бодлого асар гүн гүнзгий хямралд хөтөлж, сая сая жирийн ажилчдад ажилгүйдэл, орлого багасах үр дүн авчирчээ. АНУ ба Европын Холбоо либерал ардчиллыг манлайлж байснаас хойш эдгээр орноос үүдсэн хоёр том хямралаас үүдэн дэлхий дахинд тогтолцооны нэр хүнд үлэмж унажээ.

Үнэхээр ч ойрын жилүүдэд ардчилсан тогтолцоонууд олноор унаж, дэлхийн бараг бүх бүс нутагт ухралт ажиглагдахын сацуу Хятад ба АНУ зэрэг авторитар орнууд улам бүр өөртөө итгэлтэй хүч түрэх болов. 1990-ээд онд ардчиллын амжилт гэж санагдаж асан Унгар, Польш, Тайланд, Турк тэргүүтэй орнууд буцаад авторитар дэглэм рүү ухралт хийгээд байна.

2010-2011 оны Арабын бослого Ойрхи Дорнод даяар дарангуйллын дэглэмүүдэд доргио өгсөн ч ардчилсан тогтолцооны хувьд чамлахаар үр дүнд хүрч, нэг хүний засаглалууд эрх мэдэлд улам шунаж, Ирак, Либиа, Сири, Йеменд иргэний дайн дэгдлээ. Тэрнээс ч гайхмаар, магад тэрнээс ч чухал нь дэлхийн хоёр том тулхтай либерал ардчиллын нэг Их Британи Европын Холбооноос гарахаар өгсөн санал ба нөгөө нь болох АНУ-д Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд цочир оноогоор ялсан популист национализмын амжилт юм.

Энэ бүхэн глобалчлалаас үүдэлтэй эдийн засаг, технологийн хөгжилтэй их бага хэмжээгээр холбоотой. Түүнээс гадна өөр бас нэг үзэгдэл, identity politics буюу сонгогчийн шинж чанар дээр хийх улстөртэй холбоотой. Түүхийнхээ ихэнх хугацаанд ХХ зууны улстөр эдийн засгийн асуудлуудад төвлөрч ирсэн билээ. Зүүн жигүүрт ажилчид, үйлдвэрчний эвлэл, нийгмийн халамжийн бодлогууд, орлого дахин хуваарилалт. Нөгөө талын баруун жигүүрт засгийн газрын оролцоог хязгаарлах, хувийн салбарыг дэмжих бодлого. Өнөөгийн улстөр даанч эдийн засгийн, эсвэл идеологийн гэхээсээ ондоошил ижилсэлд суурилах болжээ. Өдгөө олон ардчилсан оронд зүүнийхний бодлого эдийн засгийн эрх тэгш боломж үүсгэхийн төлөө гэхээсээ LGBT, эмэгтэйчүүд, цагаачид, бага ястан гэх мэтээр төрөл зүйлийн төвөөс зайнд орших бүлгүүдийн ашиг сонирхлыг дэмжихэд чиглэх болов. Нөгөө талаар барууны баримжаатай намууд уламжлалт ялгамж чанар, арьс үндэс, яс цус, бүс нутгаа хамгаалах маягийн эх оронч хамгаалалт маягаар үнэт зүйлээ дахин тодорхойлох болжээ.

“Ондоошлын улстөр” өнөөгийн олон улсын харилцаанд юу өрнөж байгааг тайлбарлахад туслах маш чухал мастер консепт болоод байна. Ф.Фүкүяма

Иймэрхүү өөрчлөлтүүд цаанадаж улстөрийн зөрчлийг эдийн засгийн ашиг сонирхлын зөрчлөөр тайлбарласан Карл Марксын үеэс эхэлсэн эртний уламжлал орвонгоороо эргэхэд хөтлөөд байна.  Гэхдээ материаллаг эрх ашигтай эн тэнцүү чухал нэг зүйл байгааг мартаж болохгүй. Хүн төрөлхтөн гэдэг өнөөгийн нөхцөл байдлыг арай дээр тайлбарлахад хэрэг болох өөр хүчин зүйлсээр ч хөглөгдөж байдгийг харж болохоор дүр зураг өдгөө үүсээд байна. Дэлхий дахинд улстөрийн лидерүүд сонгогчдоо “үнэт зүйл чинь хөсөр хаягдсан, дахин сэргээх ёстой” хэмээн тунхаглах замаар талдаа татах болжээ.  

Мэдээж авторитар орнуудад иймэрхүү уриа дуудлага бол танил хавх. Оросын Ерөнхийлөгч Владимар Путин ЗХУ-ын “трагеди” гэх зүйлийн талаар нэгэнтээ ярихдаа  НАТО-г өргөжүүлэхдээ Оросын 1990-ээд онд уналттай байсан үеийг далимдуулсан хэмээн АНУ болон Европыг зэмлэн буруушааж байх жишээтэй. Хятадын дарга Ши Жинпин ч улс нь 1839 оноос эхэлсэн гаднын дарангуйлал, “зууны ичгүүрлэл”-ийг даван туулах талаар цухалзуулж байх жишээтэй.  

Үүний сацуу ардчилсан орнуудад ч төсөөтэй нөхцөл байдал үүсч, нэр төр эрхэм чанараа нэхэх уур хилэн, сэтгэл дундуур байдал улстөрд нөлөөлөх томхон хүчин зүйл болж хувираад байна. Цагдаа нар Африкын Америкчуудыг хөнөөсөн хэрэг хэвлэл мэдээллээр сөхөгдөж,  “Хар амьдрал ч үнэ цэнэтэй” хөдөлгөөн эхэлснээр дэлхий дахины анхаарлыг цагдаагийн харгислалд өртсөн хохирогчдод хандуулж чадав. АНУ-гийн газар газрын сургуулийн хотхон, албан газруудаар эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, дайралтын эсрэг дуу дуугаа авалцаж, эсрэг хүйстнүүд нь тэднийг эрх тэгш авч үзэхгүй байна гэх үзлээ илэрхийлэх болов.

Өмнө нь аливаа ялгаврлалын төвд байгаагүй трансжендер хүмүүсийн эрх  cause célèbre анхаарал татсан маргаантай сэдэв болж өөрчлөгдлөө. Трампыг сонгож саналаа өгсөн олон сонгогч өөрөө өөрсдийн нийгэмд илүү дээр байр суурьтай байсан хуучны сайн цагаа нэхэн санагалзах аж.

Ингээд нийгмийн бүлгүүд өөрсдийн бусдаас ялгарах ондоошил, дундын ижилсэлдээ итгэх болж, тэдний үндэс угсаа, шашин, яс үндэс, бэлгийн чиг баримжаа, хүйс зэрэг шинж чанар нь хангалттай хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэж улам бүр итгэх болжээ. Ондоошлын улстөр сургуулийн хашаа, масс медиагаас нийлүүлсэн “соёлын дайн”-д гардаг хямдхан жижиг зөрчлийн ард татсан хөшиг нэгэнт биш болжээ. Харин ч “Ондоошлын улстөр” өнөөгийн олон улсын харилцаанд юу өрнөж байгааг тайлбарлахад туслах маш чухал мастер консепт болоод байна.

Эдгээр нөхцөл байдлаас үүдээд орчин үеийн либерал ардчиллууд томоохон сорилтуудтай нүүр тулгарах болно.  Глобалчлал эдийн засаг нийгмийн хурдтай өөрчлөлтүүд авчирч, илүү олон ургалч түвшинд хүргэснээр өмнө нь бол нийгмийн олонхид үл үзэгддэг асан нийгмийн дэд бүлгүүдийг хүлээн зөвшөөрөх шаардлага улам бүр хүчээ авч байна.  Иймэрхүү шаардлагууд эсрэгээрээ өөрсдөө түрэгдэж, статусаа алдсан мэт мэдрэмж өвөрлөх бусад бүлгээс гарах эсэргүүцэлтэй тулгарна. Ардчилсан нийгмүүд хэзээ хэзээнээс ч нарийн хэсэглэсэн ондоошил, сегмэнтүүдэд хуваагдаж, энэ нь эсрэгээрээ нэг нийтлэг нийгмийн хувьд нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэх боломжид эрсдэл бий болгоно.  Энэ зам цаашид төрт улсын доройтол, бүр эцсийн дүндээ дампуурал сүйрэлд л хөтөлнө. Хэрвээ либерал ардчилсан нийгмүүд хүний эрхэм чанарын талаар илүү универсал нийтлэг ойлголцлын төлөө ажиллаж чадахгүй бол өөрсдийгөө болоод дэлхийг улам бүр гүнзгий зөрчилд татан оруулах буй заа.

Сүнсний гуравдагч хэсэг

Ихэнх эдийн засагчид хүн гэдэг амьтан материаллаг эд баялгийн төлөөх хүсэл шуналаар цэнэглэгддэг гэж үздэг. Энэ үзэл хандлага барууны улстөрийн сэтгэлгээ ба бусад орчин үеийн олон нийгмийн шинжлэх ухааны суурийг бүрдүүлдэг билээ. Гэхдээ ийм үзэл сонгодог философичдын цагаас л маш чухлыг нь хүлээн зөвшөөрч ирсэн нэг  хүчин зүйлийг орхигдуулдаг нь эрхэм чанарын төлөөх зөн мэдрэмж юм. Сократ тийм зөн мэдрэмж нь тооцоолоон бодох ба хүсэл шуналаар тайлбарлагдахгүй хүний сүнсний гуравдагч хэсгийг бүтээдэг гэж үздэг байлаа. Плато Репаблик зохиолдоо энэ хэсгийг “thymos” буюу англиар орчуулбал spirit  оюун, сүнс гэж нэрлэсэн байдаг.

Улстөрд thymos хоёр хэлбэрээр илэрхийлэгддэг. Эхнийх нь миний “megalothymia” гэж нэрлэсэн бусдаас илүү давуу гэж хүлээн зөвшөөрөгдөх хүсэл. Ардчиллын өмнөх нийгмүүд эрх мэдлийн гурвалжин дээр тогтож байсан ба язгууртнууд, хааны үр удам зэрэг зарим нэгнийгээ өөрсдөөсөө илүү гэж итгэх тэдний итгэл нийгмийн дэг журмынх нь хундаам болдог байв. Мегалотимиагийн асуудалтай тал нь хэдий чинээ хүн бусдаас супер гэж хүлээн зөвшөөрөгдөнө, түүнээс хамаагүй олон тооны хүн нийтэд үл хүлээн зөвшөөрөгдөх, үнэ цэнэ нь мартагдахад хүрдэг. Үл хүндлэлийг хүчтэй уур хилэн, сэтгэл ханамжгүй байдал дагалдана. Иймд мегалотимиатай эн тэнцүү хүчтэй мэдрэмж, бусадтай яг л ижил чухал, сайнд тооцогдох хүсэл төрнө, үүнийг би  isothymia гэж нэрлэсэн юм.

Орчин үеийн ардчиллын хөгжин мандалт бол megalothymia-г isothymia нь ялан дийлсэн түүх буюу зарим цөөнхөө л бусдаас илүү, элит гэж хүлээн зөвшөөрч асан нийгмүүд бүх нийтээрээ ижил тэнцүү эрхтэй төрсөн гэж үздэг нийгмээр солигдсон явдал юм. Хорьдугаар зуунд анги давхраанд хуваагдсан нийгмүүд жирийн хүмүүсийн эрхийг хүлээн зөвшөөрөх болж, колони байсан орнууд тусгаар тогтнолоо олж чадсан. АНУ-ын түүхэнд гарсан боолчлол, хуваагдал, хөдөлмөрчдийн эрх, эмэгтэйчүүдийн тэгш байдал гэх мэт их тэмцлүүд тухайн хувь бодгалийг бүрэн эрхэт хүмүүн гэж хүлээн зөвшөөрөх хүрээг тэлэх тэмцлүүд байлаа.

Гэхдээ либерал ардчилалд хуулийн дор эрх тэгш байдал нь эдийн засгийн ба нийгмийн эрх тэгш байдалд хөтөлдөггүй. Төрөл төрлийн нийгмийн бүлгийн эсрэг ялгаварлалууд оршсон хэвээр, зах зээлийн эдийн засаг орлогын нэн тэнцвэргүй байдал ч үүсгэдэг. Нийт баялаг нь асар их хэдий ч АНУ болон бусад хөгжсөн орнуудад сүүлийн 30 жилд орлогын тэгш бус байдал үлэмж ихээр нэмэгдээд байна. Тэдгээр орны хүн амын томхон хувийн орлого өсөхгүйгээр үл барам зарим сегмент улам бага орлогоор амьдрах болжээ.

Эдийн засгийн статустаа сэтгэл хангалуун бус байдал популист национализмын цаад хөрс  болж өгч байгаа нь АНУ-д ч ялгаагүй, бусад газар ч ялгаагүй. АНУ-ын ажилчин анги буюу дунд сургуулийн болон түүнээс бага боловсролтой нийгмийн бүлэг хэдэн арван жилийг баргар дүр зурагтай үдээд байсан юм. Тэр нь зөвхөн орлого буурах, ажлын байр багасах төдийгүй нийгмийн зөрчил, хагарлаар ч тайлбарлагдана. Африкын Америкчуудын хувьд Их Шилжилтээс хэдэн арван жил өнгөрсөн 1970-аад оноос эхлэн Шикаго, Детройт, Нью-Йорк зэрэг хотуудад мах савлах, ган төмөрлөг, эсвэл автомашины салбаруудад ажилд оржээ. Улмаар эдгээр салбарууд уналтад ормогц ажлын байраа алдаж, нийгмийн элдэв асуудал, гэмт хэрэг, хар тамхи, гэр бүлийн асуудлууд нэмэгдсэнээр ядуурал нэг үеэс нөгөөд өвлөгдөх нийгмийн эмгэг бий болжээ.

Гэтэл сүүлийн арван жилд үүнтэй төстэй нийгмийн доройтол цагаан арьст ажилчин ангид ч үзэгдэх болов. Бүх АНУ даяар орон нутгийн ажилчин ангийн цагаан арьст олон коммюнити опиоид халдвар буюу мансууруулах бодис хэрэглэх  асуудалд идэгдэж, 2016 онд гэхэд 60 мянга гаруй хүн хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан нь мөн хугацаанд автозамын ослоор үрэгдсэн тоог даруй хоёр дахин нугалжээ. Цагаан арьст Америк эрэгтэй хүний дундаж наслалт 2013-2014 онд богиносч гарсан нь хөгжсөн оронд ховор тохиолдол юм. Ганц бие цагаан арьст эцэг юм уу эхтэйгээ өсч байгаа хүүхдийн хувь 2000 оны 22 хувиас 2017 онд 36 хувь болж өсчээ.

Гэхдээ энэ бүхнээс илүүтэй Трампыг Цагаан Ордон руу илгээж, Их Британийг Европын Холбооны гадна тийш жолоо залахад хүргэсэн шинэ национализмын цаад жинтэй шалтгааны нэг нь “үл үзэгдэх мэдрэмж” байсан болов уу.  Нийгмийн дундаж ангийн статусаа алдахаас айсан сэтгэл дундуур сонгогчид элитүүдээ тэднийг үл тоомсорлолоо гэж буруутгахын сацуу ядуусыг зүгээр суугаад тэтгэмж авдаг гэж адлах болсон. Эдийн засгийн хямрал нь аливаа нөөцийг гэхээсээ өөрийн статус, ялгамж чанараа алдсанаас үүдсэн бухимдалд хөтөлдөг. Их ажиллаж байгаа бол энэ нь эрхэм чанар, статус болж хувирах ёстой юм. Гэтэл олон цагаан арьст Америкчуудын хувьд эрхэм чанар нь мартагдаж, засгийн газар нь дүрмийн дагуу тоглох хүсэлгүй хүмүүсийг дэндүү их харж үзэх болж.

Энэхүү орлого ба статусын харилцан хамаарлаар  яагаад националист юм уу шашны консерватив амлалтууд уламжлалт зүүний баримжаатай эдийн засгийн анги, зөрчлийн сурталчилгаанаас илүү үр дүнтэй байгааг тайлбарлахад туслана. Националистууд сэтгэл дундуур иргэдэд та нар их үндэстний гол амин сүнс байсан, гадаадууд, цагаачид, элитүүд нэгдэн хуйвалдаж та нарыг  дарангуйлж байна гэж ятгадаг. “Эх орон чинь чинийх биш болжээ” гэж, “Чи өөрийнхөө газар шороон дээр ямар ч хүндлэл хүлээхгүй байна” гэж тэд хэлнэ. Шашныхан ч ялгаагүй. “Чи бол худлаа үл итгэгчдэд оронзайгаа булаалгасан жинхэнэ итгэгч, үл итгэгчид Бурхны өмнө гэмт хэрэг өдүүлж, тэднээс болоод чи доройтож” гэж ятгана.

Ийм улстөр газар авсан нь цагаачлал яагаад маш олон газар оронд ийм маргаантай сэдэв болж хувираад байгааг тайлбарлаж болно. Гадаад худалдаа шиг л цагаачлал ДНБ-г нэмэгдүүлдэг ч нийгмийн бүх бүлэгт ач тус авчрахгүй. Бараг ихэнх тохиолдолд, нэн ялангуяа хил давах иргэдийн тоо асар олон байх үед үндэстэн ястны бүлгүүд цагаачлалыг өөрсдийн соёл, ижилсэлд учрах аюул гэж хардаг.

Гэвч цагаачлалын эсрэг уур хилэн дангаараа яагаад зүүний намуудыг дэмжиж ирсэн АНУ блон Их Британийн иргэд ойрын жилүүдэд националистуудыг  дэмжих болсныг тайлбарлахад хангалтгүй. Глобалчлал ба технологийн хөгжлийн дүнд нийгмийн статусаа алдсан хүмүүст зүүний баримжаатай намуудаас санал болгох бодлого байхгүй байснаас үүдэлтэй баруун тийш шилжсэн сонгогчид ч бий. Хуучин цагт прогрессивүүд баян хөрөнгөтнүүдийн эсрэг уур хилэн, ашиглуулсан мэдрэмжээ хуваалцах замаар нэгдэж болдог байлаа: “Даян дэлхийн пролетарууд нэгдэгтүн” гээд л. АНУ-д 1930-аад оны Шинэ Хэлэлцээрээс хойш 1980-аад оны Рональд Рейган хүртэл ажилчин анги Ардчилсан Намыг чин үнэнчээр дэмжиж ирсэн юм. Европын холбооны социал демократууд ч үйлдвэрчний эвлэл, ажилчин ангийн нэгдэл дээр тогтож ирсэн.

Даанч глобалчлалын эринд ихэнх зүүний намууд стратегиа өөрчлөхөд хүрчээ. Зүүний намууд ажилчин анги ч юм уу, эдийн засгийн хувьд ашиглуулагсад гэх мэт том нийтлэг коммюнитиг нэгтгэх улстөрийн оронд өөрсдийн онцлог шинж чанараас хамааран нийгмээс шахагдсан хэзээ хэзээнээс жижиг бүлгүүд рүү фокуслах болов. Универсаль, бүх нийтийн эрх тэгшийг хүлээн зөвшөөрөх зарчим нь тусгайг хүлээн зөвшөөрөх зарчим руу дүрс хувираад байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ үзэгдэл зүүнээс барууны баримжаа руу шилжихэд хүргээд байгаа нь энэ билээ.

 

(Үргэлжлэл бий)

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3265

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%