Нийтлэл 09 сарын 18, 2018

Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа ‘‘Өнгөрсөн-Одоо-Ирээдэй’’ сэдэвт симпозиум боллоо

 Монголын Хуульчдын холбооноос өнгөрсөн баасан гаригт “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа “Өнгөрсөн-одоо-ирээдүй” сэдэвт симпозиумыг зохион байгууллаа.

 Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан тус арга хэмжээний онцлох нэг хэсэг нь хүндэт зочны ярилцлага байсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан ахмад өмгөөлөгч С.Цэдэндамба, Б.Лхамсүрэн, Л.Даваасүрэн, Я.Нямжав нартай сонирхолтой ярилцлага өрнүүлж, тэдний туршлага, дурсамжаас хуваалцсан нь оролцогчдын сонирхолтой байлаа. Мөн энэ үеэр эдгээр ахмад өмгөөлөгчдийн Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа үүсэж, хөгжихөд оруулсан хувь нэмрийг нь өдрөөр үнэлж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь мялаасан юм.

Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос санаачлан бусад хороодын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус симпозиумын хүрээнд эрүү, иргэн, захиргааны процесс дахь  өмгөөлөгчийн эрх зүйн байдлын асуудлыг хөндөн ярилцахын зэрэгцээ өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа дэлхийн хөгжсөн орнуудад ямар түвшинд байгаа талаар туршлага судалсан. Тодруулбал, Монголын Улсад шинээр батлагдсан гарсан хуулиуд тэр дундаа өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамгийн их хамааралтай процессын хуулиуд нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хангаж чадах байгаа эсэх, тулгамдаж буй ямар асуудал байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцож, зөвлөмж гаргасан.

 Мөн энэ үеэр “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан, түүний шийдвэрлэлтийн байдал”, “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гаргаж буй зөрчилд хийх анализ, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал” гэсэн сэдвээр Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос оролцогчдод мэдээлэл өгчээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon