Би-гээс ангижрахуй буюу нэг завинд суусан л бол хамтар

Хүн төрөлхтөн ухамсраасаа тасарч, өөрийгөө давах, "би"-ээс ангижрах янз бүрийн арга зам эрэлхийлж иржээ. Зарим нь бясалгал үйлдэж, зарим нь мансууран донтож, зарим нь бүр ховсдуулсан мэт дэвхцэж бүжиж үзнэ (rave). Аль ч аргыг хэрэглэсэн бай, ухамсраас түр хөндийрөхийг биеэр үзсэн хүмүүс харилцан төстэй зүйл мэдэрсэнээ ярьдаг.

– Ариуссан..., хөндийрсөн..., хөнгөрсөн...

гэх мэт, ямар нэгэн байдлаар өргөгдсөн юм шиг мэдрэмж тэнд байдаг бололтой юм.

Харин тэдгээр өөрийгөө давах аргууд дунд Дайн хэмээх өвөрмөц арга багтдаг болохыг нийгмийн сэтгэл зүйч Jonathan Haidt хэлж байна.

– Дайн шиг хүнийг нэгдмэл болгодог зүйл үгүй.

Дэлхийн 2–р дайнд алба хаасан J.Glenn Gray гэгч, дайн дууссаны дараа мөр зэрэгцэн тулалдаж явсан андуудаа тойруулан ярилцлага авчээ. Тэр дунд олон партизанууд ийн хэлсэн байна

– Дайны талбар дахь хамтын амьдрал бол миний амьдралын хамгийн оргил үе байсан.

БИ хэмээх хувийн мэдрэмж БИД гэсэн бүлгийн ухамсарт шилжиж, хувь хүний итгэл үнэмшил зэрэг нь нэг л мэдэхэд онцын чухал биш болно. БИ хэзээ ч өнхөрөөд унаж болох ч, үхнэ гэж байхгүй. Учир нь түүнээс цааш ч БИД үргэлжилж оршин байх учраас тэр. Дайн хэмээх туйлын төлөв дор хүмүүс төсөөлснөөс хавьгүй хүчтэй нягтарч, нэг л мэдэхэд хувь хүн нэг бүр тэрхүү нэг бүхэл цогц биетийн эд эс болж уусан шингэдэг бололтой юм. Тэгээд тэр нь "туйлаас сэтгэл сэргэм бөгөөд юунаас ч юм бэ өргөгдсөн мэт хөөрлийн мэдрэмжийг төрүүлдэг" юм гэнэ.

Нэгдэл дундах энэ мэт хөөрлийн мэдрэмжийг төрүүлдэг нь зарим шашинд ч бас хамаарах зүйл. Тус тусдаа салангид байсан хүмүүс "нэгэн цогц"–ыг мэдрэх үед, жирийн бүхэн ариун болж, ширхэг бүрийг нэмснээс ч хавьгүй том хүч бүрдэнэ. Тэгээд, сэтгэлийн шатаар өгсөн гарах тэр өндөрлөгөөс сая бурхны дүрийг олж харах үед..., БИ гээч нь бас л уусан шингэх юм.

"Сэтгэлийн шат шатны үзүүрт ганцхан секунд Есүс Христтэй учирсан удаа бий" гэх Stephen Bradley хэлж байна

– Би тэгэхэд баярласандаа бие минь чичирч байсан. Дэндүү гайхамшигтай аз жаргалын мэдрэмж байсан болохоор, ингээд үхсэн ч харамсахгүй юм шиг санагдсан.

Дайн гэдэг шашны нөгөө туйл баймаар. Гэтэл энэ хоёр таслъя гээд ч үл тасрах хачирхалтай хамаарлаар холбоотой юм шиг. Дайн шашныг төрүүлж, басхүү шашин дайныг төрүүлж ирсэнийг түүх бидэнд өгүүлдэг. Үүн шигээ өөрийгөө давах үзэгдлийн чанадад өвөрмөц байдлаар энэ хоёр уулздаг байх нь.

Амь дүйсэн тулаан хүчирхэг бүлгийн ухамсрыг дуудаж сэрээнэ.

Дэлхийн 2–р дайнд ялсан холбоотнууд дахь бүлгийн баяр хөөр.

9.11–ийн терророор мэдэрсэн америк дахь бүлгийн гашуудал.

Дарангуйлагчийг түлхэн унагахаар боссон Египитийн ард түмний бүлгийн уур хилэн.

Гаднаас ирэх аливаа дарамт стресс нийгэмд хүчирхэг нэг цулыг төрүүлнэ. Түүнчлэн нэгдмэл итгэл үнэмшил (шашин) дор нэгдэн нягтарсан хүмүүсийн дундаас ч бас ийм нэгдэл үүсдэг байх нь. Тэрхүү нэгдлийн шалтгаан нь дайн байна уу, шашин байна уу гэдгээс үл хамааран, аварга том БҮХЭЛ–ийн эд эс болж буйгаа мэдрэх тэр үед, БИ гэдэг өчүүхэн хувь хүн өөрөөсөө тасран хөөрөх мэдрэмжийг мэдэрдэг байна...

Ингэхэд, тиймэрхүү 

Байгаль эх биднийг ийм байхаар бүтээсэн хэрэг үү? Эсвэл хувьслын явцад санамсаргүй гажуудал үүсэв үү? Эсвэл, ердөө л түр зуурын төөрөгдөл биш байгаа?

Энэ бол судлаач Jonathan Haidt – ийн асуулт юм.

– Ийм мэдрэмжийг ухамсраа давж, өөрийгөө хөсөр хаях нь эргээд бидэнд ашигтайгаар тусдаг байх байдлаар тайлбарлах боломж бий юу? Байгаль биднийг үнэхээр ингэж програмчилсан юм бол тэр нь юуны төлөө байж болох вэ? Хувьслын онолын эцэг гэгддэг Чарлз Дарвин ингэж ам гарсан удаатай

– Ёс суртахуун гээчийн ихэнх нь биологийн биет болох хүн нэг бүрийн хувьд ямар ч ач холбогдолгүй зүйлс байдаг.

Гэтэл сүрэг дээр яриад ирвэл байдал эрс өөрчлөгдөнө. Тэр юм. Жишээ нь, хувь хүмүүс хоорондоо тэмцэлдэх хүрээнд ердөө л хэдэн атамануудын хуйлрал үүснэ гэсэн симуляц загвар байдаг. Атамануудын хуйлрал дундаас шинэ юм юу ч үүсэхгүй, байсан юм л нэгээс нөгөөд шилжих төдий юм. Нэг ёсондоо,  л байдаг гэсэн үг.

Харин тэр ертөнцөд бүлэг үүсвэл юу болох вэ? Тэнд, хувиа бодсон дээрэлхүү нөхдийн ноёрхол манан мэт замхарч, зохион байгуулагдсан бүтэц бүхий бүлгийн гарт эрх мэдэл шилжих болно. Хувь хүмүүсийн хоорондох өрсөлдөөн өөрийгөө зүлгэн хөгжүүлэхийг шаарддаг ч нөгөө талаар сөрөг хандлагад хөл алдвал эргээд өөрийгөө мөхөөх эрсдэлийг ч давхар агуулдаг.

Жишээ нь, сэлүүрт завьны багийн тухай бодоод үз.

Хэдийгээр нэг багийн гишүүд ч гэлээ, дотроо тэд бол өрсөлдөгчид байдаг. Учир нь, чадалгүй болон чадваргүй сэлүүрчид яваандаа багийн бүрэлдэхүүнээс хасагдах дүрэмтэй. Тэгтэл хэн нэгэн санаа муут өөрийгөө зүлгэн хөгжүүлэхийн оронд, бусдыг хорлох замыг (сөрөг хандлага) сонгохыг ч байг гэх газаргүй. Дасгалжуулагчидаа хов зөөж, санаатайгаар нэгнээ гэмтээх ч юм уу. Гэвч энэ мэт өчүүхэн тэмцэл нь, түүнээс хавьгүй том өрсөлдөөний өмнө тулж ирэх үед нэгэнт утгаа алдах болно. Завиндаа суугаад. Учир нь түүнээс цааш дараагийн эрэг хүртэл тэдний хувь заяа нэг. Дуртай ч бай, дургүй ч бай, харилцан туслалцах л болно. Нэг завин дотор хөлөө жийлцэх аваас, би чи гэлгүй бүгд живэх аюултай. Энэхүү "Нэг завинд суух" гэдэг тактик амьд байгалийн хувьслын явцад үүссэн бүлэг тэсч үлдэхэд хэрэгтэй түгээмэл аргуудын нэг юм. Яг энэ арга л ямар ч аргаар бай хувиа борлуулах сонирхолтой зальтай сэргэлэн завшигчидын санаархлыг таслах шидтэй гэнэ.

Яагаад бидний эс дотор өөрийн гэсэн тусдаа ДНХ бүхий митохондрия байдаг гэж бодож байна? Тэд эрх чөлөөт тусгаар бактери биш билүү?  Энэ асуултын хариулт: тэдгээр эс  болно гэж үзжээ. Митохондрия хэмээх өчүүхэн биет өөрийгөө давж өөр эсийн нэг хэсэг болох үедээ "өргөгдсөн" мэт сэтгэгдэл төрж, үүнээс цааш үхсэн ч харамсахгүй гэж бодсон юм болов уу? Ямартай ч, илүү том бүтцийн өчүүхэн эд эрхтэн болох замыг сонгосон митохондрия л өнөө үеийг хүртэл амьд үлдэж иржээ.

Бусадтай нэгдэх процесс дунд зөвхөн бусдын хөлс хөдөлмөрийг сордог хэнд ч хэрэггүй завшигчид мэдээж олон л байсан биз. Гэсэн ч харамсалтай нь одоо тэд нэгэнт үгүй болж. Нэг завинд суусан эсийн доторх эд эрхтэн бүр өөр өөрийн үүрэг рольтой. Хэн нь ч бусдыгаа шоглоод байх сөхөөгүй. Тэгээд, нэг цул болж хамтран бүтээсэн баялаг хувь хувьдаа бүтээж нийлүүлснээс ч хавьгүй агуу байх болно. Эсийн түвшин дөх иймэрхүү бүлгийн бүтэц дээш дээшээгээ фрактал байдлаар тогтсон байдаг бололтой (Фрактал гэдэг нь дахин давтагдах буюу нэг дүрмэнд захирагдах шинж. Жишээ нь, бичил ертөнц дөх бөөмсийн шинж чанар, хүний нийгэмд ч, сансар огторгуйд ч ажиглагдах байдал).

Зөгийн үүр ч, хүн сүрэг ч, бүгд л Митохондриягийн шийдвэртэй ижил шалтгаанаар нэг завинд суусны үр дүн юм. Гэвч, амьд байгалийн хувьслын нэг хачирхалтай нь буцаж урсах боломжтойд байдаг. Урагшаа 3 алхсан ч буцаад 2 алхахыг байг гэх газаргүй. Аюулгүйн баталгаа болсон дундын завиа мэдсээр байж эвдэхийг санаархагчид гарч ирдэг нь сонин. Хуучин цагийн атаман дурсамж гэдэг тийм мартахын аргагүй амттай эд юм болов уу?.

 Хүн төрөлхтөн хэмээх нэгэн цул биет ч бас нэгдэл задралыг ээлжлэн давтана. Заримдаа завинд сууна, тэгсэнээ бууна, хааяа бүр хөмрүүлж орхино. Аз болоход эргэж завиндаа суугаад  "нэг бүхэл" хэмээх туйлын дээд баяслыг амтлах үе бас гарна. Дайн гэдэг уул нь бол нурааж сүйтгэх үйл явдал болохоос нэгдэж нягтрахыг зорилгоо болгодог гэж хэлэхэд хэцүү. Дайны процесс дунд мэдэрдэг нэг бүхэлд харъяалагдах маягийн тэр мэдрэмжийг бол харин огтоос төлөвлөөгүй дайны дайвар бүтээгдэхүүн гэж үзвэл зохилтой. Түүний дэргэд шашин бол эхнээсээ л нэгдэж нягтрахыг зорилгоо болгосон үйл хэрэг байдаг. Харамсалтай нь, хэсэгхэн хүний нэгдэл нягтрал нь, огтоос төлөвлөөгүй дайн тулааныг ч үүсгэх явдал бий.

Хүн гэдэг байгалиасаа нэгдлийг эрэлхийлдэг байхаар бүтээгдсэн ч нэгдэл болгоны цаана задрах тавилан гарцаагүй хүлээж байдаг мэт. Тэр хоёрын дунд хүн бид нэгдсэн бол задарч, задарсан бол нэгдсээр урагшлах биз.

Фракталын хүрээнд эрт орой хэзээ нэгэн цагт илүү том завьтай учрах л болно. Хэдий бурхантай нэг завинд суусан байлаа ч...

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4472

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%