Цусаар уйлаад ч олдохгүй жижиг дунд үйлдвэрийн зээл

ЖДҮ буюу жирийн иргэдийн бизнесийг төрөөс дэмждэг ганц том бодлого бол жижиг дунд үйлдвэрлэгч нарт олгох хөнгөлттэй зээл юм.  Гэвч энэхүү жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл нь шударга бусаар хуваарилагддаг, танил хамаатан садандаа өгчихдөг, зээл хүссэн төслийн материалууд дундаас шалгарсан төсөл нь дандаа дарга нарын хүрээний хүмүүсийнх байдаг гэх мэт хэл ам дагуулсаар ирсэн.  Хамгийн сүүлд гэхэд л УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн зээлээс 950 саяас 1.2 тэрбум хүртэлх зээл авсан хэрэг л болсон.

 Уг нь бол Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дэмжлэг авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авсан зээлээрээ үйлдвэрлэлээ явуулах, ажлын байраа өргөтгөх, орон тоогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах зэрэг олон ахицтай зүйлийг хийж хэрэгжүүлэх боломжтой байдаг.

Гэвч бодит байдал өөр байна. Яагаад гэвэл яг хэрэгцээт хүмүүстээ зээл олгодоггүй, олгосон ч хүссэн хэмжээгээр нь биш, явдал чирэгдэл ихтэй, зээлийн хүүгийн дарамт их зэрэг жирийн жижиг дунд үйлдвэрлэгчдэд тохиолдох бэрхшээл тоолж барамгүй олон байгааг энэхүү сурвалжлагаараа хөндлөө.

 Ц.Сарангэрэл: Би гутал цүнх дотооддоо үйлдвэрлэж засварладаг жижигхэн бизнес эрхэлдэг хүн.  Үүнийгээ томруулчих санаатай жижиг дунд үйлдвэрийн зээлд төслөө өгөөд одоо 2 дахь жилдээ хариуг нь хүлээж байна. Очоод сураглахаар таны төсөлд энэ улиралд санхүүжилт олгох боломжгүй байна. Дараагийн улиралд гэдэг. Энэ мэт хойшлуулсаар 2 жил болж байна. Миний төсөл бол одоо эрхэлж буй бизнесээ бага ч гэсэн томруулаад тоног төхөөрөмж нэмж аваад ажлын байр нэмэгдүүлэх төсөл.  Одоо бол хавдар судлалд нэг салбар урт цагаанд нэг салбар гээд нийтдээ 10 хүнийг би ажлын байраар хангаж байна. Хэрэв жижиг дунд үйлдвэрийн зээл маань бүтчихсэн бол ядаж 20-30 хүнийг ажлын байраар хангаж, Монголдоо гутал үйлдвэрлэлийг бага ч гэсэн хөгжүүлэхэд нэмэр болохсон гэж бодох юм. Би уг нь их мөнгө хүсээгүй. 10 сая төгрөг байхад л тоног төхөөрөмж нэмж аваад ажиллах хурдаа нэмэх боломжтой  байна. 

 А.Хишигдолгор: Би гялгар уут сав баглаа боодлын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг. "UB Plastic" гээд манай компани байгуулагдаад 8 жил болж байна. Бүх төрлийн гялгар уутанд хаяг шошго хийдэг. Миний хувьд жижиг дундын хөнгөлттэй зээлд хамрагдахаар хоёр удаа материалаа өгч байсан. Эхнийх нь бол Засгийн газраас Чингис бондыг хэрэгжүүлэх хүрээнд 888 мянган аж ахуй нэгж шалгаруулаад манайх түүнд нь багтаж 750 сая төгрөгийн зээл хүссэн юм. Тэгээд 888 зээлээ өгөөд дуустал манайд олгоогүй. Учрыг лавлатал 888-аас дахиад шигшсэн тэр шалгуурт та тэнцээгүй гэсэн.  Хоёр дахь удаагаа Хүнс хөдөө аж ахуйн сайд Батзоригийн үед төслөө өгөөд төслийг маань хүлээж авсан ч мөн л татгалзсан. Татгалзсаны учир нь үр ашгийн тооцоолол байхгүй байна гэсэн. Гэтэл би тоног төхөөрөмжөө шинэчлэх гээд 550 сая төгрөг хүсэх төсөл бичиж өгсөн юм. Үүнийг бас л хүлээж аваагүй. Тэгэхэд миний хажууд үйлдвэрлэл эрхэлдэггүй хэрнээ хүнээр төсөл бичүүлээд ирсэн хүн сонгогдоод зээлд хамрагдчихсан явж байсан. Энэ мэт яг үйл ажиллагаагаа явуулаад жигдэрчихсэн жинхэнэ үйлдвэрлэгч нартаа энэ зээл ердөө олддоггүй юм билээ. Сүүлдээ цөхрөөд хөөцөлдөхөө больсон. Дор хаяж 14-21 суугаад зах зээлийн судалгаа, эргэн төлөгдөх, нэмүү өртөг шингээх  зэрэг бүхий л зүйлээ судлаад өгөхөд л хасагдчихдаг. Ер нь Монгол улс жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмждэггүй. Бид банкнаас жилийн 20-22 хувийн зээл аваад үйл ажиллагаа явуулж байтал янз бүрийн татвар төлөөсөөр дарамталж байна. Үнэхээр зээл өгч байгаа бол яг хүрэх ёстой хүнд нь хүргэж, жижиг дунд үйлдвэрлэгчдийн орчинг хангаж өгөх шаардлагатай байна. Би одоо 10 хүнийг ажлын байраар хангадаг. Боломж бололцоо нь болвол үүнээс олон хүнийг ажлын байраар хангах бодол байна. 

Тэлмэн гутлын үйлдвэр: Анх 3-4 жилийн өмнө жижиг дундын зээл авч байсан. Тухайн үед авахад нэг сар орчим хөөцөлдөж наагуур цаагуур хүн амьтантай уулзаж байж бага хэмжээний зээл авч байсан. Жижиг дундын зээл хөөцөлдөхөд их ажил ордог, хүү өндөр, зээл олгох хугацаа нь удааширдаг зэрэг асуудал маш их гарсан учир дахиж зээл хөөцөлдөөгүй. Хэрэв үнэхээр боломж олгож ахиухан хэмжээний зээл олгодог бол мэдээж гутлын үйлдвэрээ томруулж, ажиллах хүч гээд нэмэгдүүлэх сайжруулах шаардлагатай зүйл байна.

Б.Саран: Би цемент шохой үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Яг одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хоёр зуун сая төгрөгийн зээл тусламж хүсээд материалаа бүрдүүлж өгсөн. Өмнө нь яг хоёр жилийн өмнө яг энэ төслөөрөө оролцоод хасагдсан. Тэд нар чинь эхлээд төсөл материалыг маань хүлээж аваад таны бизнес тогтвортой байна, зах зээл байна, цаашид энэ зүйл хийхэд тохирсон зээлийг олгох боломжтойг гэдэг юм. Тэгээд л явцын дунд байхгүй болчихдог. Үнэхээр миний эрхэлдэг бизнес тогтвортой, би зээлээ цаг хугацаанд нь төлөх чадамжтай. Тэд судалгаа хийсэн болохоор миний зээлийн түүхэнд хар данс байхгүй, зэрэг надад асуудал байхгүй болохоор уучлаарай энэ удаагийн санхүүжилт дууссан гэдэг. Ер нь манай төрийн үйлчилгээ хаа хаанаа үнэхээр хүнд сурталтай гэдгийг одоо хэн ч хэлэх байх. Миний хувьд үнэхээр энэ төрийн үйлчилгээний өмнө сөхөрсөн хүн.  Би өнөөдөр 10 хүн ажилуулж байгаа бол цаашид 20 хүн ажилуулж, ажлын байрыг нэмэгдүүлж чадна. Надаас гадна өөр энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс нийлээд гаднаас цемент шохой авах шаардлагагүй дотооддоо бүрэн үйлдвэрлэх боломж  нөөц бидэнд байна.  

 Жааз үйлдвэрлэгч иргэн н.Даваа: Жижиг дундын зээл хүрэх хүндээ хүрэхгүй хэрнээ томчуудад бол их л амархан олддог зээл юм гэсэн. Миний хувьд зээл авч чадаагүй. Хэрэв зээл авсан бол одоо байгаа энэ байраа арай нэг хүний нүдэнд тусахаар газар орж, тохижилт үйлчилгээгээ ч хүн ирээд захиалга өгөхөд тухтай болгохыг хүсч байна. Зээл хөөцөлдөж байсан хүмүүсээс сонсохоор 3-5 сая төгрөгийн зээл хүсэхэд түүний тал буюу 2.5 сая зэргийг олгодог гэж сонссон. Зарим нь бүүр надад 10 хүсэж буй зээлийнхээ 10 хувийг нь өгчих зээлийг чинь найдвартай бүтээгээд өгнө гэдэг. Би 10 хувийн ашигтай ажиллах гэж байж түүнд 10 хувиа өгөөд надад ямар ашиг гарах билээ. Ард түмнийг хуурч байгаа юм шиг бага мөнгийг хэдэн хүнд хувааж өгөөд аргалаад байгаа энэ байдлаа болимоор байна.

Д.Сарангэрэл: Жижиг дундын зээлд огт авч үзээгүй. Бидэн шиг ийм жижигхэн цех ажиллуулдаг хүмүүст олгодог зээл биш юм шиг байна лээ. Асуудал чирэгдэл их, хүү нь өндөр, танил тал эсвэл зээлийнхээ талыг урамшуулал болгож хэн нэгэнд өгч байж л бүтэх асуудал юм билээ.  Үнэхээр ингэж зээл аваад бидэнд ямар ч хэрэггүй. Бас барьцаа хөрөнгөний асуудал байна. Миний хүсэж байгаа зээлийн хэмжээнд надад байгаа хашаа байшин маань барьцаа болж чадахгүй зэрэг асуудал гарна.  Одоо том том салон, оёдлын газруудад бид шахагдаж байна.  Учир нь тэнд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, чанартай даавуу, оёдлын машин, хүн хүч гээд бүгд байна. Хэрэв үнэхээр надад тэр зээлийг олгодог л юм бол юун түрүүнд хөл машин, дахиад 2 машин нэмж аваад өөртөө туслах нэг хүн нэмж авмаар л байна. Ганцаараа болохоор маш олон захиалгаа харамсалтайгаар алддаг юм.

С.Нарангэрэл: Би хүнсний ногоо тариалж жижигхэн худалдаа эрхэлдэг. Үйл ажиллагаагаа явуулаад 25 жил болж байна.  Энэ хугацаанд харж байхад жижиг дунд үйлд­вэрийн зээл эзнээ олохгүй бай­на. Олгосон ч ганц хоёрхон сая төгрөг л олдох жи­шээ­тэй. Гэтэл компани гэсэн нэр авчихсан 10 га газартай нэг нөхөр зээл аваад явж байх жи­шээний. Миний хувьд компани байгуулахад хэцүү байна.  Жижиг дунд үйлд­вэрлэл эрхлэгчид биш том том компаниудын охин ком­паниуд л тэр төрөөс өгдөг зээл тусламжид хамрагдаад явж байгаа. Нуугаад яахав. Наа­гуу­раа хэчнээн сайхан зүйл яри­ад яг цагаа тулахаар тэр энгийн иргэдэд хэрэгжихгүй байна. УИХ-ын ги­шүүд орой болгон баялаг бү­тээгч­дээ дэмжинэ гээд л яриад байна. Гэтэл тэр баялаг бү­тээгчдэд чинь зээл очихгүй бай­на. Компани байхгүй гэдэг шалт­гаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хэд хэдэн удаа бу­цаалаа. 60 гаруй эмэгтэйчүүд өнөө­дөр ганцхан сая төгрөгөөр үйл ажиллагаагаа өргөтгөж чадах уу.

 Х.Байгалмаа: Миний хувьд орон нутгаас ирж хувиараа оёдлын цех ажиллуулдаг хүн. Ихэвчлэн монгол дээл цамц захиалга авч оёдог. Одоогийн байдлаар өөрөөсөө гадна нэг л хүн ажилуулж байна. Мэдээж  зээл хүсэж үзэлгүй яахав. Гэвч нэг л  бүтэхгүй байна. Нэгдүгээрт намайг орон нутгийн харьяалалтай болохоор өгөхгүй байна. Хоёрдугаарт одоо эрхэлж буй бизнес маань болохгүй байна гэсэн хариу өгдөг. Нэг удаа халамжийн сангаас зээл аваад түүгээрээ оёдлын машин, утас, торго, даавуу гээд л оёдолд хэрэгтэй бүх л зүйлсээ аваад түүнийгээ заасан хугацаанд нь төлж дуусгасан. Харин одоо хэрэв зээл авч чадах юм бол хийх зүйл олон байна. Гол нь хүссэн зээлийг нь бүтнээр нь олгодоггүй юм билээ. Би 5 сая төгрөгөөрөө бүх зарлагаа тооцоод төслөө бичээд зээл хүсэхэд талыг нь өгөхөөр нөгөө төлөвлөсөн байсан бүхэн талаар болдог. Энэ мэт асуудал маш их гардаг.

Д.Цэцэгсайхан: Би нэг жижигхэн бууз баншны цех ажилуулдаг. Одоогоор 5 хүнийг ажлын байраар хангаад явж байна. Жижиг дунд үйлдвэрлэгч нарын хурал цуглаан бүхий л зүйлд идэвхтэй оролцож, тэр хэрээр зээл тусламж маань бүтчих юм болов уу гээд л хүлээгээд л байж байна. Миний хувьд нэгдүгээрт бууз баншны үйлдвэрээ өргөжүүлэх, хоёрдугаарт нийтийн хоолны төнөг төхөөрөмж худалдаалах зорилгоор сүүлийн 2 жил жижиг дундын зээл хөөцөлдөж байна. Миний хувьд 50 сая төгрөгийн зээл хүссэн. Яг үнэнээ хэлэхэд үүнийгээ бүтээхийн тулд танил талаа ашигласан. Овоо нааштай хариу сонсогдож байгаа.

Л.Хулан: 

Манай Янмал оймсны үйлдвэр өнгөрсөн жилээс Азийн хөгжлийн банкны зээлд хамрагдсан. Түүнээс өмнө Жайка төслөөс зээл авч түүгээрээ дэлгүүрүүдийнхээ тоог нэмсэн тоног төхөөрөмжөө ч сайжруулсан. Харин жижиг дундын зээл хүү өндөр, явдал чирэгдэл ихтэй. Манайх шиг жижигхэн зах зээлтэй улсад зээл тийм удаан хугацаагаар хүлээгээд суух боломж хомс. Нэг өдрийн өмнө, нэг ч гэсэн оймс илүү үйлдвэрлээд зарах нь чухал байна.

Энэ мэт иргэд ЖДҮ-ийн зээлд хэрэв хамрагдаж чадвал Монголдоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэг ч гэсэн монгол иргэнийг ажлын байраар хангаж, нэг ч гэсэн бараа бүтээгдэхүүнээ гадаад руу экспортлох чин хүсэлтэй. Гэвч Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг жирийн иргэд  тэр бүр авч чадахгүй байгаагаас гадна  жилийн 7-8 хувийн хүүтэйгээр олгогддог тус зээлийг танил талаа ашиглан томоохон компаниуд авч, арилжааны банкууд иргэдэд 18-20 хувийн хүүтэйгээр олгодог тухай ч иргэд ярьж байсан юм.

Эндээс харахад ЖДҮ-ийг дэмжих энэхүү зээл  бага дунд орлоготой иргэдийн эрхэлж буй бизнесийг дэмжих гэсэн сүржин нэртэй ч нийгмийн зорилтот бүлэгт хүрч чадахгүй байгаа төдийгүй энэ асуудалд хяналт тавих шаардлагатай байгааг харуулж байна. Мөн энэхүү сурвалжлагыг бэлтгэх явцад ЖДҮ-ийн зээлд хэрхэн хамрагдах, ямар материал бүрдүүлэх зэрэг мэдлэг мэдээлэл ховор тул энэ зээлд хамрагдахыг хүссэн ч хамрагдаж чадахгүй хүмүүс олон байсан юм. Энэ л төрийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй биш байгаагийн тод жишээ.    Тэгвэл үнэхээр жирийн иргэд танил тал, гар цайлгах хөрөнгө мөнгөгүй бол ЖДҮ-ийн авч бизнесээ өргөжүүлнэ гэдэг мөрөөдөл төдий зүйл гэж үү?

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5139

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%