БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Хэмжээний Эдийн Засаг гэж юу вэ?

Монгол бахархлын өдрөөр хамгийн үл бахархалт ждү тойроод хэрэлдэж байгаа өнөөдрөөс илүү жижиг биш дунд биш юмсын тухай ярихад тохиромжтой цаг олдохгүй болов уу.  Жижиг биш дунд биш гэхээр том юмсын тухай гэсэн үг.

Хаачсан бэ нөгөө дэлхийн дайдыг эзэлсэн их хааны үр сад?  Нэгэн цагт том явсан монголчууд сүүлийн 30 жилийн хэн нь жижиг, хэн нь сул доройгоо үзэх өрсөлдөөнд идэгдэж алга болжээ. Өнөөдрийн Монгол яаж ийгээд нэг ядарсан бүлэгт багтаж аваад яаж ийгээд нэг сангаас халамж, зээл авах хүсэлтэй хэдэн бүлэгт хуваагдсан. Баахан жижиг дунд нийгмийн бүлэг бүтээсэн төрийн томчууд тэдэнд зориулсан нэрээр хийсэн сангаа өөрсдөө хувааж хусч байгаад тасар татуулахад ойрхон ирээд байгаа нь энэ. Тэднийг хэрхэх тухай бүлгийг түр хойш нь тавиад ер нь жижиг дундыг оруулсан элдэв янзын 29 сан хэзээ хаанаас бий болсныг ганц нэг жишээгээр харъя.

Сан хэрхэн бий болдог вэ?

ЖДҮ хөгжүүлэх сан шиг сан хийх эдний техник нь ийм. Эхлээд нэг зовлонд унасан золгүй нийгмийн бүлэг тодорхойлно. Бараг өөрсдөө ч ухаарч амжаагүй зүгээр явж байсан иргэн барьж авна. Улмаар сонгуулиар, тойргийн уулзалтаар, хэвлэл мэдээллээр түүний зовлонг их л ойлгож харууссан яриа ярилцлага хийж чи бол зовлонт амьтан гэсэн шошго духанд нь нааж өгнө. Улмаар духанд нь шошго наасан бүлгээ зовлонгоос аврах аврагчийн дүрд тоглож УИХ-д сууж авна. Суугаад тэрэнд чинь тэдийг, энэнд чинь эдийг гэж кноп худалдаж авах замаар нэг шинэ сан байгуулна. Улмаар сангаа аливаа хяналтаас гадуур шууд зурахаар өөрийн гарын үсэгт шилжүүлж авна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэхэд буудайчид хөөрхий хөөрхий гэж байгуулсан “Буудай” сангийн үргэлжлэл ба 90-98 онд энэ сангаас зээл авсан 84 компани өршөөлд хамрагдсаны дараа нэр нь өөрчлөгдсөн. Зуданд өртсөн малчид хөөрхий хөөрхий гэж байгуулсан мал хамгаалах сан гэхэд  2011 оны 12 сард Ерөнхий сайд Сү.Батболд тушаал гаргаж тухайн үеийн ХАА сайд Т.Бадамжунай сангийн хөрөнгийг шууд захиран зарцуулахаар болж байжээ. Өөрөөр хэлбэл сая огцорсон сайд Б.Батзориг шиг шууд зураад зээл, тендер олгох эрх мэдэл олж авсан гэсэн үг. Төрийн тусгай сангууд нэг хэлбэр нь л болохоос нийгмийн зовлон худалдаж авах маягийн иймэрхүү улстөрөөс үүдсэн төсвийн зарцуулалт түмэн зүйлийн хэлбэртэй. Саяхны түүх гэвэл Ардчилсан намаас  оюутныг өрөвдөөд сайн оюутан, малчныг өрөвдөөд сайн малчин, сүүлдээ бүр хашааг өрөвдөөд сайн хашаа гэх маягийн онигооны зарцуулалтууд олноор хийсэн нь нэн саяхны түүх ээ. Дээр нь олон улсын байгууллагуудын элдэв нийгмийн бүлэгт чиглэсэн ивээл, зээл тусламж нэмэгдэнэ.

Шилжилтийн их шокоос эхэлсэн нэгийгээ өрөвдөж дорд үзэх аян, жижиг ба дорой байх их уралдаан хийдэг ажлаа хийж.  Чингисийн Монгол үнэхээр шалдаа буужээ зайлуул. Нийт аж ахуйн нэгжийн тал нь зогсож байгаа. Ажиллаж байгаа талынх нь 90 хувь нь 9 хүртэл ажилтантай. Халамжийн индексээр Ази тивд нэгдүгээр байр. 3 хүн тутмын нэг нь нэн ядуу. Жижиг дунд, өрх толгойлсон, цалинтай ээж, оюутан, малчин, тариачин, гэр хорооллынхон гээд ямар нэг байдлаар халамж, тэтгэмжгүй бол болдоггүй бүлгүүдэд хуваагдсан. Одоо дээр нь бэлгийн чиг баримжаа, хүйс гээд хэдэн том identity ялгарлын бүлгүүд нэмэгдэхээр хүч түрж буй. Харж байгаарай, 20 оны сонгуулиар гэнэт баахан хүний эрхийн хувьсгалчид гарч ирнэ.

Үүний ард ийм бүлгүүд үүссэн замнал,  сонгуулийн мажоритар систем гэх мэт манай дотоод хүчин зүйлс бий. Түүнээс гадна асуудлыг  бүр том хүрээнд харвал ер нь ардчилсан орнуудад эдийн засгийн бодлогын баримжаагаа алдсан зүүний намууд иймэрхүү маягаар нийгмийн ямар нэг бүлгийн шинж чанар дээр тоглох улстөр рүү шилжиж, энэ нь том эдийн засаг биш жижиг сегментэд хандсан төсвийн зарцуулалт, популизмд хөтөлж байгаа тухай нэрт улстөрийн шинжээч Фүкүямагийн өгүүллийг эндээс уншиж болно. Судалгаа гэлтгүй манайд 90-ээд онд mass privitization их хувьчлал, structural adjustment бүтцийн өөрчлөлт зэрэг сүр сүр эдийн засгийн бодлого хэрэгжүүлж асан олон улсын байгууллагууд LGBT ба эмэгтэйчүүдийн эрхийн төлөө аян дэмжих зэргээр эдийн засгийн бодлогоос иргэний ямар нэг бүлэгт хандсан нийгмийн хөтөлбөр рүү бууж ирээд байгааг амьдрал дээр ч ажиглаж болно.

Тэгээд нийгмийг жижиг ба дунд бүлгүүдэд хуваасан популист төсөв, тэднийг аврагч улстөрчдийн бодлого хөгжилд хөтөлж байна уу? Жижгийг тордоод том бизнесүүдтэй болов уу? Эсвэл том хулгайчуудтай болов уу?  Амьдрал өөрөө дүнгээ тавьж өгсөн. Том хулгайчууд нэг асуудал. Том бодлогогүй нь тэднийг төрүүлж буй зоосны нөгөө тал юм.

Economies of Scale

Том бодлого гэдэг нь соёл, улстөрийн хувьд үндэстний нийтлэг эрх ашиг, нэгдсэн амбицыг тодорхойлох утгаар хэлж байна. Эдийн засгийн хувьд иргэн ба аж ахуйн нэгж зэрэг хэн нэг субъект биш industry буюу өрсөлдөх чадвартай салбар үүсгэх бодлогыг хэлж байна. Industry гэдэг нь тээвэр ложистик, стандарт, худалдан авалтын сүлжээ, боловсон хүчин зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг борлуулах зорилготой зах зээл дээрээ өрсөлдөх өртөгтэй байхуйц төлөвлөж хөгжүүлсэн систем юм.  

Нэг жишээ. Хэдхэн үхэртэй фармууд минь хөөрхий хөөрхий гэсэн хэчнээн ч их төсөл хөтөлбөр сүүн бүтээгдэхүүний салбарт хэрэгжсэнийг ухаж гаргавал тоогоо алдана. Тэгээд 60 сая малтай гэвч олон улсад байтугай урд Эрээн рүү гаргачих ганц сүүн бүтээгдэхүүний салбартай болж хөгжсөнгүй. Хангайн бүсээр нэгэнт төвлөрсөн үхрийн аж ахуй ба ложистик дунд нэг томхон үйлдвэрлэлийн бүс хөгжүүлэх бодлого хэрэгжүүлсэн бол өдийд жижиг дундуудаа чирээд мал хамгаалах сан ман гэж завхрах шаардлагагүй салбар хөгжсөн байж ч мэднэ. Яагаад ингэж том ажиллаж болсонгүй вэ? Нийгэм ч жижиг ба доройгоороо түрий барьдаг, улстөрчид ч үүн дээр тоглож ирснээс, өөрөөр хэлбэл сэтгэлгээнээсээ л болсон хэрэг. Технологи харьцангуй хөнгөн болсон өнөө үед сэтгэж л чадвал боломжгүй юм нэг ч байхгүй.

Өмнөх тэмдэглэлүүдээр opportunity cost буюу алдагдсан боломжийн өртөг гэсэн ойлголтын тухай тайлбарласан. Энэ удаагийн агуулгад economies of scale буюу хэмжээний эдийн засаг гэх ойлголтоор дээр бичсэнийг бас дахин харж болно. Хэмжээний эдийн засаг гэдэг нь маш товчдоо үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр дундаж өртөг буурах давуу тал үүсч байгааг хэлдэг. Бид олон улсад гаргах эсгий таавчигнаас цаашгүй 30 жил болж байгаа цаад шалтгааныг өртгөө буулгаж чадаагүй, өөрөөр хэлбэл том бизнесээр хэмжээний эдийн засаг үүсгэж чадахгүй байгаагийнх гэж хэлж болно. Хэмжээний эдийн засаг үүсгэхгүй, улмаар бараа борлуулж чадахгүй, улмаар орлогогүй, улмаар ядуу. Тэгмэгц янз бүрийн ядарсан нийгмийн бүлгүүд дээр төсвийн халамжийн бодлого хэрэгжүүлэх улстөрийн хөрс бүрдэж байгаа юм. Бид энэ циклийн эхнээс буюу эдийн засаг ба өөрсдөд хандах сэтгэлгээгээ өөрчилж байж авилгаас сална. Жижиг дундын асуудлаас жижиг дунд сэтгэлгээгээр гарахгүй.  Ардын мэргэн ухаанд холын зорилгогүй хүнээс ойрын зовлон салдаггүй гэж онч хэлсэн байдгийг сануулах юун.

Олныг өгүүлэх зайгүй болж ирэв. Ерөнхийдөө олон улсын эдийн засгийн түүх гэдэг нь жижиг дундын биш том скэилтэй салбаруудын өрсөлдөөн болох тухай өмнө нь ном, тэмдэглэлүүд гаргасан. АНУ Европыг автомашин үйлдвэрлэл, ган төмөрлөгөөр, Герман Английг электрониксоор, өдгөө Өмнөд Солонгос Самсунгаар өрсөлдөөнд ялж байгаагийн цаана ямар нэг аж ахуйн нэгж субъект юм уу ядарсан нийгмийн бүлгийг биш салбар хөгжүүлэх төрийн бодлогууд хэрэгжсэн түүх байдаг.  Тэгээд жижиг дундаа яах вэ гэж асуух хүн гарах нь дамжиггүй.

Нэгд, Тодорхой жишээ. Төрийн элдэв сангаар хэрэгжсэн бодлогоос илүү Оюутолгойн ханган нийлүүлэлтийн хаялгаар илүү олон жижиг дунд хөгжиж байж мэднэ. Өөрөөр хэлбэл том скэил эргэн тойрноо чирээд гурвалжин бүтэц үүсгэж хөгждөг.

Хоёрт, нэг талаар технологи улам бүр хөнгөрч заавал том үйлдвэр барьж байж л өртөг буулгадаг цаг үе өөрчлөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ инноваци хийх энтэрпренёршип, стартапуудад сангийн зээл биш эрхчөлөөтэй зах зээлийн орчин хэрэгтэй. Төсвийн эдийн засаг энэ оронзайг шахаж дарамталж байдаг тухай “алдагдсан боломж” тэмдэглэлд хөндсөн байгаа.

Эцэст нь, 18-р зууны сүүлээс эхэлсэн эдийн засгийн шинэ эрин үнэхээр том дээрээ иржээ. Эдийн засгийн дөрөвдүгээр хувьсгал гэгдэх энэ шатанд дэлхий дахин супер компьютер хөгжүүлж, од гаригийг эрхшээж, оюун ухааныг загварчилж байна. Ийм цаг үе дор монголчууд бид төрөөс шидэж өгсөн яс мэт сангийн зээл, халамж татаас тойрон хэн нь илүү өлссөн, хэн нь илүү доройгоо үзэх уралдаанд идэгдсээр 30 жил болов. Мөнгө байтугай амь гуйдаггүй байсан бардам монгол хүн хаачсан бэ?  Монгол бахархлын өдөр болж байна, өнөөгийн монголчуудад өвлөснөөс бусдаар өөрсдөө бүтээсэн бахархал юу байна вэ?  Одоо боллоо биш үү? Бид нэг улс үндэстний хувьд ямар оргил өөд зорих, үүнд монгол хүн бүр ямар үүрэг гүйцэтгэхээ харж, томыг сэтгэж алсыг зорьж байж жижиг ба дундын асуудал, түүнд дөрөөлсөн хулгайчуудаасаа ангижирна. 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4840

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%