Хан мөрний гайхамшиг буюу Солонгосын хөгжлийн нууцаас

Солонгосын хүн амын тоо (50 сая), газар нутгийн хэмжээ (100,000 кв.км), дэлхийн эдийн засагт үзүүлэх импакт (дэлхийн эдийн засгийн 2%) тийм ч том биш. Гэхдээ боловсролын систем, технологийн дэвшил, чанартай дэд бүтэц болон эмнэлгийн үйлчилгээ гээд маш олон зүйлээр дэлхийд тэргүүлэх ѳрсѳлдѳх чадвартай тоглогч юм. Ѳнѳѳдѳр Samsung, Hyundai, К-pop, Со-драма, кимчи гээд дэлхийд шошго болсон зүйлсийг мэдэхгүй хүн ховор. Үүн дээр нэмээд 2002 оны дэлхийн аварга, 2018 оны олимп зэрэг ивентүүд “Солонгос” гэдэг брэндийг дэлхий нийтийн санах ойд тодоор сийлэн үлдээжээ. Ердѳѳ ганц үеийнхний хѳдѳлмѳрийн насны хугацаанд дайнд нэрвэгдсэн ядуу орноос дэлхийд манлайлагч болох шилжилтийг хийсэн “Хан мѳрний гайхамшиг”- ийн нууц одоо ч дэлхий дахиныг гайхшруулсаар байна.

БНСУ 20-р зууны эхэнд албан ёсоор ѳндѳр хѳгжилтэй орны тоонд орсон байдаг (1995 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого GNI нь $9300 давснаар “high income” ангилалд орсон ч, Азийн хямралын үеэр “middle income” ангилал руу эргэн унасан. 2001 оноос хойш тасралтгүй “ѳндѳр орлоготой” ангилалд багтаж буй).

Харин тэр хүртэл буюу 20-р зууны дийлэнх хугацаанд Хан мөрний дагуу амьдрах энэ ард түмэн амаргүй хувь заяатай учирсан байдаг:

 1910-1945 оны Японы эзэнт гүрний түрэмгийллийн он жилүүд;

1950-53 оны хоёр Солонгосын дайн, Хүйтэн дайны үеийн их гүрнүүдийн золиос болж нэг үндэстэн 2 салсан түүхийн ээдрээтэй нугалаа;

97 оны Азийн хямрал, Daewoo тэргүүтэй том корпорациудын дампуурал г.м.

Солонгосчууд хэдийгээр олон сорилт, бэршхээлтэй тулгарсан ч олдсон боломж бүрийг сайн ашиглаж, алсыг харсан том зорилго, сайхан ирээдүйн тѳлѳѳх шантаршгүй хѳдѳлмѳрийн үр дүнд учирсан сорилтуудыг даван туулж хувь заяаныхаа эзэн болж чаджээ.

ГАДАГШ ХАРСАН АМБИЦ

Дэлхийн II дайн дуусч япончууд явсан ч, улс орон нь 2 хуваагдаж, 60-аад онд солонгосчуудын амьдрал маш хүнд байв. Энэ үед “Гаднаас орлого олж байж л амьдрал сайжирна” гэдгийг тэд маш сайн ойлгож байлаа. Эдийн засгийн албан боловсролгүй цэргийн генерал Пак Жун Хи гэхэд эмэгтэйчүүдийнхээ үсийг экспортлохыг хүртэл оролдож байсан гэдэг. Солонгосын үйлдвэржилтийн бодлогод чухал үүрэг гүйцэтгээсэн тэрээр ѳнѳѳдѳр дэлхийд тэргүүлж буй компаниудаа дэмжихдээ ганц гол шаардлагыг л анхнаас нь тавьж байв – бараа бүтээгдэхүүнээ экспортлох!

Харин ѳнѳѳдѳр зѳвхѳн Самсунгийн зах зээлийн үнэлгээ л гэхэд Японы хамгийн том 8 электроник үйлдвэрлэгчдийг нийлүүлснээс хэд дахин том болсон нь гадагш чиглэсэн энэхүү сэтгэлгээний үр дүн юм. Тѳр засаг иргэдийг биш том компаниудаа дэмжиж, хэрэглээг бус экспортыг зорьж байсан нь эцсийн дүндээ ажлын байрыг нэмэгдүүлж, ард иргэдийн орлогыг дээшлүүлэх үндэс болжээ. Компаниуд ч цэргийн диктатураар ажиллаж, олон улсын зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ зарах аггресив тѳлѳвлѳгѳѳтэй байв. Hyundai-ийн үндэслэгч Chung Ju-yung гэхэд ѳглѳѳ 4 цагт босч дасгал хийдэг, 6 цагт ѳглѳѳний цайны ѳмнѳ компанийхаа менежерүүдтэй уулзалтууд хийдэг, менежерүүдээ алгадах эсвэл цохиод авах нь хэвийн үзэгдэл байсан гэдэг.

Угаасаа ч БНСУ хүн ам цѳѳн, орлогын түвшин бага байсан тул ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд компаниуд нь дэлхийд гарч, гаднаас орлого олохоос ѳѳр гарцгүй байлаа. Зорилго нь ийнхүү тодорхой тул хѳдѳѳ аж ахуйн түүхий эд, үсний парикны үйлдвэрлэлээс эхэлсэн солонгосчууд шат ахисаар нэхмэлийн үйлдвэрлэл, улмаар электроник, автомашин, гангийн үйлдвэрлэл, усан онгоц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болж гарч иржээ.

Солонгосчуудын гадагш харж, дэлхийн зах зээлийг зорилтоо болгосон стратеги ѳнѳѳдѳр ч хүчтэй хэвээр. Солонгос кино, дуу хѳгжим, аялал жуулчлал зэрэг нь экспортоо тѳрѳлжүүлэх сүүлийн үеийн нэг том чиглэл нь болж байна. Сөүлд гэхэд жилдээ 10 гаруй сая жуулчин ирдгийн багагүй хувь нь Гангнам дүүргийн сая долларын апартментуудад амьдрах урлагийн одуудын бий болгож буй экспортын орлого юм. Өнѳѳдѳр 7 сая гаруй Солонгос хүн дэлхийн 170 гаруй оронд аж тѳрж, БНСУ-г дэлхийтэй холбох гүүр болж буй нь гадагш харсан сэтгэлгээнийх нь нэг илрэл болов уу.

Хэдийгээр хүйтэн дайны үед Америкийн хѳрѳнгѳ оруулалтууд орж ирж, том зах зээлээ Солонгосын экспортын бүтээгдэхүүнүүд нээж ѳгсѳн нь том дэмжлэг болсон байдаг ч “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг философи Хан мөрний гайхамшгийн нууц нь байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Солонгосчууд зорилго тавиад зүгээр суугаагүй бөгөөд, түүнийгээ бодит ажил хэрэг болгож хэрэгжүүлэхийн тулд ч үнэхээр их хичээсэн юм.

УЙГАГҮЙ ХѲДѲЛМѲР, ѲНДѲР БОЛОВСРОЛ, ШУДАРГА ЁС

Солонгосын эдийн засгийн ѳсѳлт 1960-аад онд дунджаар 9.3%, 70-аад онд 10.3%, 80-аад онд 7.7%, 90-ээд онд 6.3% хүрсэн байдаг. Үүний үр дүнд 1960 онд амьдралын түвшин нь тухайн үеийн дэлхийн дунджаас 2 дахин ядуу байсан БНСУ ѳнѳѳгийн бидний мэдэх хөгжингүй орон болон хувирчээ. 30 жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн тогтвортой бѳгѳѳд ѳндѳр ѳсѳлтийн үр дүнд Азид бар гэж нэрлэгддэг орон бий болсон юм. Хан мѳрний энэхүү гайхамшгийг бүтээсэн түүх бол ѳндѳр боловсрол, уйгагүй хѳдѳлмѳр, чанартай институцийг бүтээх шударга ёсны тѳлѳѳх ширүүн тэмцлийн үр дүн байв.

1.Боловсрол. Мэдлэг боловсролгүйгээр эдийн засгийн гайхамшгийг бүтээх аргагүй гэдгийг Солонгос хүн бүр ойлгоно. Боловсролтой солонгос хүнийг бүтээхгүйгээр америкчууд хичнээн туслаад, Пак генерал хичнээн тѳлѳвлѳѳд Samsung компани Galaxy утсыг үйлдвэрлэх аргагүй байсан биз. Боловсролыг дээдэлдэг учраас л Сѳүлийн тѳв талбайд ямар нэг дайнд том гавъяа байгуулсан эрэлхэг баатар бус, одоогийн Хангул бичгийг зохиосон Sejong их эрдэмтний хѳшѳѳг босгосон болов уу. Солонгосын боловсролын систем ѳдгѳѳ дэлхийд шилдэгт тооцогдох бѳгѳѳд PISA /хѳгжсѳн орнуудын 10 жилийн сурагчдын мэдлэг шалгах тест/ шалгалтын дүнгээр солонгос сурагчид дэлхийд тэргүүлдэг. Ѳнѳѳдѳр хүн амын тоо болон орлогын түвшинтэйгээ харьцуулахад Харвардад сурдаг оюутны тоогоороо Солонгос дэлхийд тэргүүлдэг нь ч санамсаргүй зүйл биш юм. Харин дотоодын шилдэг сургуулиуд болох SKY буюу Seoul National University, Korea University, Yonsei University-д тэнцэхийн тулд солонгос хүн цэцэрлэгээсээ эхэлж бэлддэг. Шалгалтдаа тэнцэхгүй бол галт тэрэгний урдуур үсрэх нь ховор үзэгдэл биш гэдэг нь боловсролыг хэр “серъёз” авч үздэгийн илрэл болов уу.

2.Хөдөлмөр. Ѳнѳѳдѳр хѳгжсѳн орнууд дунд хамгийн урт цагаар ажилладаг ард түмэн хэн бэ гэвэл мэдээж – Солонгос. Сѳүлийн тѳвийн офисуудын барилгуудын гэрэл оройн 10 цагт асаалттай байх нь ердийн үзэгдэл. Ингэж илүү цагаар ажиллах нь стрессээс эхлээд гэрлэлт, тѳрѳлтѳд хүртэл нѳлѳѳлѳх нийгмийн сөрөг асуудал болсноор саяхан 7 хоногт 52 цагаас дээш ажиллаж болохгүй гэх хууль хүртэл гарчээ. “Бидний үеийнхэн амарч мэддэггүй” гэдгийг Солонгос орныг босгож ирсэн хѳгшчүүл ярьдаг. 70-аад оны үйлдвэрүүдийн ажлын нөхцөл маш хүнд тул, зарим ажилчид эсэргүүцэж өөрийгөө шатаах тохиолдол ч гарч байсан түүхтэй. Гэхдээ робот мэт ингэж их ажиллах нь мэдээж цаанаа золиостой. Солонгост архи, тамхины хэрэглээ маш их, ажлын стрессээс үүдэлтэй амиа хорлолтоор хѳгжсѳн орнууд дундаа тэргүүлдэг нь санамсаргүй зүйл биш юм.

3.Шударга ёс. Буруу зүйлийг тэвчихгүй, ѳндѳр ёс зүй, шударга байдлыг шаардаж чаддаг гэдгээ Солонгосчууд 2016 оны сүүл - 2017 оны эхээр хэдэн сарын турш, 7 хоног бүрийн амралтын ѳдрѳѳрѳѳ лаа барин тѳв талбай дээрээ тайван жагсаж (Candlelight Revolution) дэлхий нийтэд харуулж байв. 97 оны Азийн хямралын үеэр ч ард иргэд нь алт мѳнгѳн эдлэлээ сайн дураараа улсдаа тушааж бусад улс орнуудыг гайхшруулж байснаараа алдартай.

ЦААШДЫН ГОЛ СОРИЛТ

Дайны үнс нуранги дундаас $4 тэрбум ам долларын хэмжээтэй эдийн засгийг $1.5 триллион болгон 375 дахин өсгөж, 20-р зууны хүн тѳрѳлхтний гайхамшиг болсон эдийн засгийн хѳгжлийг бүтээсэн БНСУ-ын ѳмнѳ маш онцлог сорилтууд ч бий.

Эхний том сорилт нь хүн амын насжилт юм. Газраа бус, тархиа ухаж амьдардаг тус орны хувьд чадвартай хүнийг ѳсгѳж хүмүүжүүлэх зардал маш өндөр байдгаас гадна, хүүхэд өсгөх цаг завтай хүмүүсийн тоо бага. Иймд сүүлийн жилүүдэд тѳрѳлт эрс буурч, БНСУ-ын хүн ам дэлхийн аль ч улсын түүхэнд байгаагүй хурдаар хѳгширч буй. Энэ нь ажиллах хүчин, татвар тѳлѳгчдийн тоонд сѳргѳѳр нѳлѳѳлж эдийн засгийн хүчин чадлыг нэлээд туйлдуулсан. Хэрэглээ хумигдаж, эрүүл мэндийн зардал өсч, өсөлт буурснаар Солонгос орон өндөр өсөлтийн үеэ өнгөрөөж, шинэ “нормал”-д шилжиж байна.

Дараагийн нэг сорилт бол мэдээж Хойд Солонгостой харилцах харилцаа юм. Нэг гаралтай, нэг үндэстэн 2 хуваагдаад зогсолгүй, цѳмийн пуужингаар заналхийлэх хѳрш болон хувирсан нь бүс нутгийн хэмжээний геополитикийн эрсдэл болоод буй. Урлагийн одууд нь хүртэл цэргийн алба заавал хаадаг, дайны байнгын бэлэн байдалд байна гэдэг мэдээж хүсүүштэй биш. 2018 оны хувьд, 2 Солонгосын удирдлагууд түүхэн уулзалтуудыг хийснээр цаашид энэхүү эрсдэл буурна гэдэг найдлагыг дэлхий нийтэд тѳрүүлж байна.

Түүнчлэн БНСУ-ын орлогын тэгш бус байдал, ялангуяа хөгшчүүлийн ядуурлын асуудал хөгжсөн орнууд дундаа хамгийн хурц байдалтай байна. Хэдийгээр солонгосчуудын нэг хүнд ногдох ДНБ нь 1960-2017 хооронд нэрлэсэн дүнгээр 190 дахин өсөхтэй зэрэгцээд амьдралын түвшин сайжирсан боловч, баялгийн хуваарилалт ялгаатай байсныг илтгэх олон жишээ бий. Тухайлбал, нэг хүнд ногдох ДНБ нь $40 мянга давсан Сөүлийн гудамжинд үнэтэй брэндийн дэлгүүрүүдээс холгүй зайд хямдхан зах, хоолны газрууд амархан олддоно. Дэлхийн 12 дахь том эдийн засгийн бараг ¼-ийг дангаараа бүтээдэг энэ мегаполист таксины үнэ бусад том хотуудтай харьцуулахад харьцангуй хямд байдаг нь орлогын түвшин бага иргэд олонтой гэдгийн бас нэг илэрхийлэл юм. Гэхдээ БНСУ-ын боловсрол болон эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт, орлогын шаталсан татвар нь баялгийн тэгш бус хуваарилалтыг хамгийн хурдан бууруулах сайн үр дүнг өгч эхлээд байна.

 


avatar
    • Зочин
    • 162.158.90.*

    манайхан чинй гадагшаа бүү бие дааж амйдарч чадах эсэхдээ итгэлгүй болцон юм шиг л харагдахын, компаниуд ч хувь хмс ч, хмс итгэл өгөхгүйгээр ямар ч бодлого явахгүй болчихжээ.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%