Нийтлэл 12 сарын 06, 2018

Өөрчлөлтийн салхи

Өнгөрөгч 11 сард Сингапурт Азийн хамгийн томоохон Финтек Фестивал 2 өдрийн турш зохион байгуулагдсан. Тус арга хэмжээнд дэлхийн томоохон тек компаниуд, жижиг финтек старт апууд, ОУ-н санхүүгийн байгууллагууд болон бодлого тодорхойлогчид зэрэг бүх талууд цугларсан, ёстой л “тархины чадлаараа уралдсан” арга хэмжээ болж өнгөрөв. Энэ арга хэмжээний үеэр олон илтгэлүүд тавигдсан бөгөөд эдгээрээс ОУСК-н MD хатагтай Финтек Фестивал  Christene Lagarde-н илтгэл яахын аргагүй “шигтгээ” байлаа. Бүгд маш анхааралтай сонсов, бас бүгдээрээ дижитал мөнгөний цаашдын ирээдүйг өөр өөрийнхөөрөө дүрслэн тунгаасан байх.Тус илтгэлийн гол агуулгыг орчуулан хүргэж байна.

 Шинэ дижитал мөнгөн тэмдэгтийн кэйс

 Сингапурт ихэвчлэн салхи ихтэй байдаг. Эндхийн салхи өөрчлөлт болон боломжийг хамтад нь авч ирдэг. Энэ л салхи түүхийн хугацаанд хөлөг онгоцыг эрэг рүү үлээсээр ирсэн. Тэгээд борооны улирлыг дуусахыг хүлээж байгаад улирал солигдох үед дахиад л үлээдэг салхи.

Сингапур үүнийг мэддэг. Энд сууж буй та ч үүнийг мэднэ. Энэ л өнөөдрийн Финтек Фестивалын амин сүнс— бид хөлөг онгоцоо өөрчлөлтийн салхиний чиг залж, шинэ дижитал ирээдүйн давалгаа өөд хаалгаа нээж байна.

Гэхдээ, өөрчлөлт сүрдэм аймшигтай, тогтворгүй нөхцөл байдлыг бий болгох, бүр цаашлаад аюултай ч харагдах боломжтой. Нэн ялангуяа бидний өдөр тутмын зуршил, ажил хийдэг арга барил, нийгмийн харилцааны хэв маягийг тэр чигээр нь эвдэж буй технологийн өөрчлөлтүүд ч байна. Гол нь бид давуу талыг нь хүртэхийн хажуугаар эрсдлийг нь удирдах нь зүйтэй. Би  өнөөдөр энд гурван чухал зүйл  хөндөхийг зорьлоо.

Эхнийх нь хувьсан өөрчлөгдөж буй мөнгө болон финтек хувьсгалын хүрээнд бий болж буй асуудлын цар хүрээ

Хоёрт, шинээр бүрэлдэж буй санхүүгийн газрын зурагт (landscape) Төв банкуудын үүрэг оролцоо—нэн ялангуяа дижитал мөнгөн тэмдэгтийн хүрээнд

Гуравт, үүсэх зарим сул талууд, тэдгээрийг хэрхэн багасгах аргууд

Хувьсан өөрчлөгдөж буй мөнгө болон финтек хувьсгал

Худалдаа гэдэг ойлголт жижиг хотынхоо булан тохойн хүрээнд л хязгаарлагддаг байсан тэр цагт мөнгөн тэмдэгт маань токень болон метал зоос байхад хангалттай байсан. Энэ нь үр дүнтэй ч байсан.

Нэг гараас нөгөө гарт зоосыг дамжуулан өгснөөр төлбөр тооцоо бүрэн хийгдчихдэг байв. Зоос нь харахад, тэмтэрч үзэхэд эсвэл бүр хазаж үзэхэд  хуурамч биш байх асуудал нь л чухал байснаас хэнээс хэний гарт зоосыг өгч буй нь чухал биш байлаа.

Гэвч худалдаа нь хөлөг онгоцоор дамжиж эхлэх үед, яг л өнөөдрийн Сингапурын эргээр өнгөрөх онгоцууд шиг, уртаас урт замыг туулж эхлэхэд зоосон мөнгийг авч явах нь маш их зардалтай, өндөр эрсдэлтэй мөн асар төвөгтэй болж эхэлсэн.

9-р зуунд Хятадын танилцуулсан цаасан мөнгө нэмэр болсон хэдий ч хангалттай байгаагүй. Инновацын явцад “bills of exchange” буюу “хөрвүүлэх боломжит мөнгө”-г бий болгосон ба энэ нь өөрийн оршин байх хотдоо банкны данстай худалдаачин өөр хотод очоод тэрхүү хотынхоо банкнаас мөнгөө гаргаж авч болохыг зөвшөөрсөн цаас юм.

Арабууд үүний “Sakks” гэж нэрлэдэг бөгөөд энэ нэршил нь бидний өнөөдрийн мэдэх “чекь” гэдэг үгийн үүслийг тавьсан билээ. Ренессансын үеийн худалдаачид, Италийн банкируудаар толгойлуулан эдгээр чекүүд, түүнийг гаргаж буй банкууд дэлхий даяар тархаж эхэлсэн. Хятадын “Shansi” болон Энэтхэгийн “Hindi bill” зэрэг нь дээрхийн зарим жишээнүүд юм.   

Гэтэл гэнэт чиний хэнтэй худалдаа хийж буй чинь хамаатай, чухал болоод ирсэн. Персийн энэ худалдаачин “билл”-ны (өөр улсын банкинд очоод мөнгө болгоод солиулах эрхтэй цаас гээд ойлгочихоё) жинхэнэ эзэн нь мөн байгаа? Энэ ер нь найдвартай “билл” мөн болов уу?

Хятадад очоод мөнгөө авах болбол Шанши банк нь билл-г хүлээн зөвшөөрөх юм болов уу гэх зэрэг асуултууд гарч ирнэ.

Ингээд итгэл гэдэг зайлшгүй хүчин зүйл болов.  Тэгээд улс орон бүр өөрөө тэрхүү итгэлийг баталгаажуулдаг болов. Хяналт зохицуулалтыг бий болгох замаар мөнгөө эргүүлэн авах (liquidation) эцсийн цэг нь тухайн улс орон болов.

Яагаад бид өнгөрсөн түүхийг ярих хэрэгтэй байсан бэ? Учир нь финтекийн хувьсгал нь бидний дурдсан хоёр төрлийн мөнгөн тэмдэгт—(1) арилжааны банкин дахь хадгаламж хэлбэрийн мөнгө, (2) зоосон мөнгө--- хоёуланг нь сорилтод дуудаж байна. Мөн мөнгөний хангамж нийлүүлэлтийг хийх улс орны өөрийн үүрэг оролцоонд асуултын тэмдэг тавьж байна.

Ингээд бодохоор бид түүхэн эргэлтийн мөч дээр зогсоцгоож байна. Та бүгдЗалуу, хурц энтрепренерүүд та бүгд зөвхөн өөр нэг шинэ үйлчилгээг зохион бүтээгээгүй, харин түүхийг шинээр бичилцэж байна. Бид бүгд дасан зохицох процесс дээрээ хамтдаа явж байна.

Шинэ салхи, дижитал эриний шинэ салхи үлээж байна. Энэ шинэ дэлхийд бид хэнтэй ч, хаана ч уулзах боломжтой. Хормын төдийд л бид мэдээлэл, үйлчилгээ бүр сэтгэл хөдлөл (эможи) -өө бие биетэйгээ, нөгөө байгууллагатайгаа солилцож байна.

Хувийн мэдээллийн нууцын асуудал болон кибер аюулгүй байдлыг эс тооцвол дата нь “шинэ алт” болсон мэдээллийн ертөнцөд бид хамтдаа байна. Дэлхийн эдийн засгийн явсаар ирсэн урсгалыг гарт байх гар утсаараа Милениалс залуучууд шинээр өөрчлөн зохион бүтээж буй дэлхий ертөнцөд бид амьдарч байна.

Харин энэ бол маш чухал. Мөнгө өөрөө өөрчлөгдөж байна. Бид мөнгийг илүү хялбар, ашиглахад амар, магадгүй бүр харагдах байдал нь хүртэл чухал биш байхыг хүсдэг болсон.

Бид мөнгийг сошиал медиатай холбогдсон, онлайнаар хэрэглэх боломжтой, өөр хоорондоо дамжуулахад болон бичил төлбөр хийхэд хэзээд бэлэн байхыг хүсдэг болсон. Дээр нь мэдээж зардал багатай, аюулгүй байдлыг хангасан, буруу нүдэт хүмүүс болон гэмт хэргийн асуудлаас мөнгөө хол байлгахыг хүснэ.

Энэ дижитал ертөнцөд бэлэн мөнгөний үүрэг ер нь юу вэ? Дэлгүүр, үйлчилгээний төвүүдийн үүдэнд “Бэлэн мөнгөөр үйлчлэхгүй” гэсэн анхааруулгууд тавигдаад эхэлсэн байна. Бэлэн мөнгөөр үйлчилдэггүйгээрээ алдартай Скандинавын улсуудаас бусад улсуудад шүү.

ОУВС-н судалгаагаар бэлэн мөнгөний эрэлт буурч буй орнуудын тоо нэмэгдсээр байна. Арав, хорь, гучин жилийн дараа хэн цаасан мөнгөөр төлбөр хийгээд явж байх уу?

Банкин дахь хадгаламж хүртэл шинэ төрлийн мөнгөний сорилтод өртөж байна.Тусгай зориулалтын төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг мөн виртуал мөнгийг санал болгодог Хятадын AliPay, WeChat, Энэтхэгийн PayTM болон Кениагийн M-Pesa-г жишээ татъя. Эдгээр төрлийн мөнгөний хэлбэр нь дижитал эдийн засгийн санаан дээр үүсэн бий болсон. Эдгээр нь хүмүүсийн эрэлтэд болон эдийн засгийн шаардлагад хариу үйлдэл үзүүлж байна.

Крипто мөнгөнүүд болох Биткойн, Этэриум, Рипл зэрэг нь бэлэн мөнгөгүй ертөнцөд орон зай олох гэж тогтмол өөрсдийгөө дахин зохин бүтээж, сайжруулж байгаа нь урт хугацаандаа тогтвортой үнэ цэнийг бий болгох, илүү хурдан бөгөөд хямд төлбөр тооцоог бий болгох гэсэн тэмүүлэл юм. Төв банкны дижитал мөнгөн тэмдэгтийн кэйс

Дараагийн гол сэдэв рүүгээ оръё. Шинээр бүрэлдэж буй санхүүгийн газрын зурагт улсын төв банкуудын үүрэг оролцооны тухай ярилцъя.

Цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийгөө эрсдлийн хувь хэмжээгээрээ энгийн банкуудыг бодвол харьцангуй бага, учир нь бид зээл олгох үйлчилгээ үзүүлээгүй гэсэн аргументийг дэвшүүлж байна. Тэд харилцагчдынхаа эх үүсвэрийг кастодиан дансанд байршуулаад өөрсдийнхөө сувгийг ашиглаад төлбөр тооцоог гүйцэтгэх үйл ажиллагааг л эрхэлж буйгаа мөн тайлбарлаж байна.

Тэдний хувьд технологит итгэх итгэлийг крипто мөнгөтэй уяхыг зорьж байгаа. Үйл ажиллагаа нь “шилэн” (transparent), мөн технологийн өндөр чадвартай л бол та магадгүй тэдний үйл ажиллагаанд итгэл үзүүлж байх.

Гэхдээ, миний хувьд бүрэн бөгөөд бат итгэлтэй хараахан болоогүй байна. Оновчтой эрх зүйн зохицуулалтыг эдгээр байгууллагуудад бий болгох нь итгэлийг бий болгох чухал хүчин зүйлүүдийн нэг мөн.

Бид илүү цаашаа явах хэрэгтэй юу? Зохицуулалт хяналтаас илүүтэйгээр төрийн оролцоо энэхүү мөнгөний зах зээлд байх шаарлагатай юу?

Асуултаа илүү тодорхой болговол:

Төв банкууд дижитал хэлбэрээр шинээр мөнгөн тэмдэгт гаргах хэрэгтэй юу?

Тухайн улсынх нь баталгаатай токень, эсвэл төв банкинд шууд байрших харилцах данс--- аж ахуйн нэгж болон хувь хүмүүст ритэйль төлбөр тооцоогоо хийхэд зориулагдсан. Мэдээж, таны банкин дахь одоогийн хадгаламж тань дижитал хэлбэрээр байршиж байгаа. Гэхдээ ялгаа нь энд, дижитал мөнгөн тэмдэгт нь  аль нэг хувийн байгууллагын бус тухайн улсын өөрийнх нь төлбөрийн үүргээр баталгаажсан гэсэн үг, яг л одоогийн бэлэн мөнгө шиг.

Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөл бол биш юм. Канад, Хятад, Швед, Уругай гэх мэт хэд хэдэн улсын төв банкууд дээрх алхмыг аль хэдийн нухацтай судлаад эхэлсэн байна. Тэд өөрчлөлт, шинэ сэтгэхгүйг хүлээн авч байна, ОУСК-н бид ч мөн адил.

Төв банкууд дижитал мөнгөн тэмдэгт гаргах боломжийг судлах хэрэгтэй гэдэгт би итгэлтэй байна. Засгийн зүгээс дижитал эдийн засгийг мөнгөн тэмдэгтээр хангах үүрэг оролцоо байх боломжтой.

Энэхүү мөнгөн тэмдэгт нь төрийн үйлчилгээний зориултуудыг дэмжих боломжтой, жишээ нь

1) санхүүгийн хүртээмжтэй байдал,

 2) аюулгүй байдал болон хэрэглэгчийг хамгаалах, хувийн секторын хангах боломжгүй үйлчилгээг нэвтрүүлэх,

3) төлбөр, тооцооны нууцлал г.м

А) Санхүүгийн хүртээмжтэй байдал

Алслагдмал болон хязгаардлагдмал газарзүйн бүсэд оршин суугаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд дижитал мөнгөн тэмдэгт нь томоохон боломжийг бий болгож буй талаар энэ сэдвээ эхлүүлэе.

Банкуудын хувьд эмзэг давхаргын алслагдсан бүсийн иргэдэд хүрч үйлчлэхийг төдийлөн зорьдоггүй гэдгийг бид бүгд мэднэ.

Энэ бол тун чухал, учир нь энэ бүсэд бэлэн мөнгө хүрэхэд тун төвөгтэй болох боломжтой. Хэрэв дийлэнх хүмүүс дижитал мөнгийг ашигладаг болбол, бэлэн мөнгөний түгээлтийн дэд бүтэц сулрах нь гарцаагүй. Энэ нь алслагдмал нутагт оршин суух иргэдийг орхигдуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Тэгвэл алслагдмал бүсийг бэлэн мөнгө ашиглах бүс болгох боломжтой юу?

 Гэтэл энэ нь алслагдмал бүсийн эдийн засаг маань өөрөө төвийн эдийн засагтайгаа холбоогүй болох суурийг бий болгоно.

Мэдээж хэрэг, дижитал мөнгөн тэмдэгт нь цор ганц шийдлийн гарц бол биш шүү дээ. Засгийн газрын зүгээс тодорхой санхүүжилт, дэд бүтцийн боломжийг санал болгох замаар хувийн секторынхныг тодорхой гарц гаргалгааг гаргаж ирэхийг дэмжих боломжтой.

В) Аюулгүй байдал болон хэрэглэгчийг хамгаалах

Дижитал мөнгөн тэмдэгтийн дараагийн нэг давуу тал нь түүний аюулгүй байдал болон хэрэглэгчийг хамгаалалтай холбоотой. Яг л Дэвид болон Голиатийн маргалдаан шиг. Хуучин цагт бол зоосон болон цаасан мөнгө нь томоохон, олон улсын хэмжээний төлбөрийн компаниуд болох банкууд, төлбөр тооцооны төвүүд (clearinghouses), сүлжээний компаниуд зэрэг зах зээлд ноёрхогч байгууллагуудын байр суурийг илэрхийлдэг байв. Зардал багатай, нийтээр ашигладаг төлбөрийн үйлчилгээг санал болгох замаар.

Бэлэн мөнгөний оролцоогүй бол маш их эрх мэдэл маш олон жижиг төлбөр тооцооны байгууллагуудад сарнин хуваагдах болно шүү дээ.

Төлбөр тооцооны үйлчилгээ гэдэг бол эцсийн дүндээ монополь талруу нь хазайх хандлагатайг бид мэднэ. Илүү олон хүнд хүрч үйлчлэх тусам нэгж үйлчилгээний зардал нь буурч байдаг.

Төлбөр тооцооны уналтаас нийгэмд үүсч болох асуудлыг бүрэн зургаар нь гаргаагүйгээс аюулгүй байдлын тал дээр хувийн хэвшлүүд хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй байж болно. Төлбөр тооцооны гинжин хэлхээнд хэдхэн томоохон компани байснаар аль нэгэнд нь л асуудал үүсвэл систем тэр чигээрээ доголдон сэлгэх чадвар сулрана. Киберь дайралт, дампуурал, гэнэтийн доголдол болон зүгээр л тухайн төлбөр гүйцэтгэгч нь тус бүс нутагт үйл ажиллагаа явуулахаа зогсоохоор шийдвэл яах билээ гэдгийг бодож үзэцгээе.

Эрх зүйн зохицуулалт нь дээрх асуудлыг бүрэн шийдэх боломгүй байж болно. Дижитал мөнгө нь дээрх уналтын тохиолдлуудад төлбөрийн системийн нөөц хамгаалалт хэлбэрээр давуу талыг бий болгох боломжтой. Мөн зардал багатай, үр дүнтэй сонголтуудыг санал болгох замаар энэхүү төлбөрийн зах зээлд өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих боложтой. Яг л өвөг эцэг цаасан билл-тэйгээ ижлээр.

С) Хувийн нууцлал

Хувийн домайнаар дамжих худал мэдээллийн хүрээнд дижитал мөнгөн тэмдэгтийн гуравдагч давуу талыг ярихыг хүсч байна. Бэлэн мөнгө ашилах замаар хэн төлбөрийн харилцаанд оролцож буйг нууцлах боломжтой. Бид хувийн мэдээллээ хакердуулахаас сэргийлэх гэх мэт шалтгааны улмаас бэлэн мөнгөөр төлбөр хийх тохиолдолд байдаг.

Нэг энгийн жишээ авъя. Шар айраг, хөлдөөсөн пицца худалдан авдаг хүмүүсийн мортгэйжээ төлөхгүй байх тохиолдолд нь органик броколи болон цэвэр ус худалдан авдаг хүмүүсээс хамаагүй өндөр байдаг гэж төсөөлөе. Хэрвээ чи шар айраг ууж, хөлдөөсөн пицца авч идмээр байвч кредит скоринг буюу зээлийн түүхээ муу харагдуулахыг хүсэхгүй бол яах вэ? Өнөөдөр бол бэлэн мөнгөөр л худалдаад авчихна. Харин маргааш? Таний ашигладаг төлбөрийн систем чинь танийг броколины тасаг руу түлхэх болов уу?

 Төв банкны дижитал мөнгөн тэмдэгтийн сул талууд

Дээрх асуудал нь миний гуравдахь санаа буюу дижитал мөнгөн тэмдэгтийн боломжит сул талууд дээр авчирч байна. Хамгийн тодорхой хоёр нь бол санхүүгийн ёс зүй болон санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой. Мөн та бүгдийн сонсохыг үл хүсэх гуравдах сул тал байгаа нь эдгээр инновацийн хүрээнд үүсэх эрсдлүүд юм.

Миний гол санаа гэвэл бид эдгээр эрсдлүүдийг илүү бүтээлч байдлаар шийдвэрлэхийг эрэлхийлэх нь зүйтэй. Шинэлэг, инновацлаг дижитал мөнгийг зохион бүтээх замаар эдгээр эрсдлийг хэрхэн шингээх боломжтой вэ? Технологи өөрөө үүнд маш том орон зайг бий болгосон.

А) Санхүүгийн ёс зүйд үүсэх эрсдэл

Хэдүүлээ эргээд хувийн нууцлал болон санхүүгийн ёс зүйн жишээн дээрээ очицгооё. Энд бид дундыг баримталсан шийдэл олох боломжтой юу?

Хэрэглэгчийн мэдээлэл болон гүйлгээний түүхээр нь тухайн хүнийхээ мэдээллийг баталгаажуулж авдаг дижижал мөнгөн тэмдэгтийг төв банк зах зээлд гаргаж болох юм. Гэхдээ хэрэглэгчийн мэдээллийг хуульд тодорхой зааснаас өөрөөр бол гуравдагч этгээдэд бизнесийн зорилгоор хуваалцахгүй.

Тиймээс би супермаркетаас шар айраг, хөлдөөсөн пиццагаа худалдан авахад банкууд, маркетингийн компаниуд намайг хэн бэ гэдгийг мэдэх боломжгүй гэсэн үг.

Төр засаг ч гэсэн тэр мэдээллийг харах эрхгүй, ямар нэг алдаа гараагүй л бол шүү дээ.

Мөнгө угаахын эсрэг болон терроризмийн санхүүжүүлэхийн эсрэг холбогдох шалгалтууд нь мэдээж төв банкны энэ мөнгөн тэмдэгтийн ард явж л байна. Хэрэв сэжигтэй гүйлгээ гарсан гэж үзвэл төв банк мөн л одоогийнхтой ижил шалгаж, илрүүлэх боломжтой.

Энэ шийдэл нь одоогийн бэлэн мөнгөтэй харьцуулбал хэрэглэгчдэд давуу талтай, төр засагт бүр илүү давуу талтай, харин гэмт хэрэгтнүүдэд ашиггүй хувилбар. Үүгээрээ би та бүхнийг боломжит шийдлийг л эрэл хайгуул хийхийг дэмжихийг зорьсон юм.

Б) Санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд үүсэх эрсдэл

Дараагийн эрсдэл бол санхүүгийн тогтвортой байдлыг хүрээнд яригдах эрсдэл. Дижитал мөнгөн тэмдэгт нь банкны хадгаламж хэлбэрийн мөнгөнд мөн давхар сорилтыг бий болгож буй талаар өмнө нь ярилцсан.

Хэрэв дижижтал мөнгөн тэмдэгт нь арилжааны банкны дансанд байршуулсан таны мөнгөтэй хангалттэй түвшинд ижилхэн юм бол маш найдвартай, ямар нэг лимитгүй дүнгээр мөнгөө байршуулах боломжтой, магадгүй үлдэгдэл дээрээ хүү авах боломжтой бол энгийн банкны данс ер нь хэрэгтэй гэж үү?

Гэхдээ банкууд бол идэвхгүй дундын дамжуулагчид биш. Тэд илүү сайн үйлчилгээ, илүү өрсөлдөхүйц хүү санал болгох замаар өрсөлдөх боломжтой.

Дампуурлын үед буюу хүмүүс мөнгөө буцаан татах тохиолдолд тэгвэл яана гэсэн үг вэ? Ийм зүйл тохиолддог. Энэ тохиолдолд хүмүүс банк руу яагаад яардаг гэхээр түрүүлж очсон нь мөнгөө түрүүлж авах буюу эртэч шувуу илүү хожино гэж боддог.

Дижитал мөнгөн тэмдэгтийн хувьд заавал банкин дээр очих шаардлагагүйгээр хялбар авах боломжтой учир буйдан дээрээ хэвтэж байгаад л мөнгөө авчих боломжтой.

Түүнчлэн, хадгаламж эзэмшигчид гадаадад хөрөнгө эзэмших шаардлагатай бол дижитал мөнгөн тэмдэгтийг ашиглах боломжтой. Олон улс орнуудад түргэн арилжих боломжтой, харьцангуй найдвартай активын хэлбэрүүд байна, жишээ нь гэхэд зөвхөн засгийн газрын бондуудад мэргэшсэн хамтын сангууд (mutual funds) байна. Тиймээс, дижитал мөнгөн тэмдэгт санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхүү гэдэг дээр оролцогч талууд нарийвчлан дэнслэж ажигласаар байна.

С) Инновацаас бий болох эрсдлүүд

Хэрэв дижитал мөнгө маань хэт газар аваад “алдартай” болчихвол энэ нь өөрөө инновацаа боомилж эхлэх боломжтой.

Хэрэв төв банк өөрөө дижитал хэтэвч, токениос эхлээд бүх төрлийн үйлчилгээг санал болгоод эхэлбэл таний орон зай хаана нь үлдэнэ гэж?

Түүний оронд, хэрэв төв банк хувийн хэвшил болон банкуудтай хамтраад тэднийг харилцагчидтайгаа харьцах, мөнгийг нь байршуулах, харилцагчиддаа зөвлөх, байршуулсан мөнгөнд нь хүү өгөх зэрэг бүх ажлыг хувийн хэвшлийнхэн, банкууд та нарт даатгаад, харин гүйлгээ хийх хэсгийг төв банк хийе гэсэн санал тавьбал яах вэ.

Дээрх хамтын ажиллагаа нь олон хэлбэрээр хийгдэх боломжтой. Банкууд, санхүүгийн байгууллагууд старт апууд дижитал мөнгөн тэмдэгтээ өөрсдөө удирдаж чадна. Яг л одоогийн арилжааны банкууд бэлэн мөнгөтэй холбоотой үйлчилгээ үзүүлж буйтай ижил.

Эсвэл хувь хүмүүс бэлэн мөнгийг одоогийнх шигээ дансандаа байршуулсан хэвээр байх хирнээ төлбөр тооцоо хийхдээ дижитал мөнгөн тэмдэгт рүү шилжүүлээд хийдэг байх боломжтой. Одоо хийгдэж буй төлбөр тооцооны хэлбэртэй төстэй, гэхдээ секундын төдий л хийгдэх боломжтой. Энэ гүйлгээ нь бараг үнэгүй, мөн хэдийд ч хийж болохоор.

Давуу тал нь бол тодорхой. Чиний төлбөр тооцоо түргэн, найдвартай, хямд, тодорхой түвшинд нууцлалтай байна гэсэн үг. Чиний хүссэн түвшинд. Мөн төв банкууд тодорхой орон зайг эзлэн оролцоно гэсэн үг. Энэ нь илүү олон бизнесүүдэд тоглолт хийх боломж олгон, өрсөлдөөн инновацийг нэмэгдүүлэх боломжтой. Үүний үр дүнд илүү сайн үйлчилгээ, хамгийн дэвшилтэт технологийг банкууд болон энтрепренерүүд үзүүлэхийг зорин ажиллана.

Арай өөрөөр хэлбэл Төв банк бол зөвхөн харьцангуй давуу тал дээр л төвлөхөр  эцсийн шатны төлбөр тооцоо. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэлч байгууллагууд болон стартапууд харин өөрсдийн хамгийн сайн хийдэг зүйл дээрээ төвлөрөх энэ нь харилцагчийн үйлчилгээ, холболт болон инновац. Энэ бол төр хувийн хэвшлийн хамгийн сайн партнершип байж болох жишээ.

Дүгнэлт

Энэ удаад би дижитал мөнгөтэй холбоотой кэйсийн талаар сайн болон саар талаас нь дүгнэхийг оролдлоо. Одоогийн мөнгөн тэмдэгтийн шинээр бий болж буй шинж чанаруудын уялдаа болон төрийн үйлчилгээний чухал зорилтуудтай хэрхэн нийцэж буй дээр үндэслэн кэйсээ ярилцлаа. Дижитал мөнгөн тэмдэгтийн дээрх кэйс нь бүх улс орнуудад ижил биш ч гэлээ бид үүний талаар илүү нухацтай, болгоомжтой мөн бүтээлч байдлаар цааш гүнзгий судлах зайлшгүй шаардлагатай гэдэг дуу хоолойг дамжуулахыг хүслээ.

Бидний өнөөдрийн ярьсан зүйл үндэс сууриараа бол өөрчлөлтийн тухай юм. Өөрчлөлтөд нээлттэй байж, өөрчлөлтийг илүү хүлээн авч, өөрчлөлтийг бий болгох тухай юм.

Технологи өөрчлөгдөх нь тодорхой, тиймээс бид ч мөн өөрчлөгдөх хэрэгтэй. Салхитай хамт бусад нь нисэн одсон байхад, хатсан мөчирний навчин дээр хамгийн сүүлд үлдсэн нь ч мөн хийсдэг. Финтекийн ертөнцөд бид өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй. Энэ л шударга, найдвартай мөн динамик хариу үйлдэл.

Өөрчлөлтийн салхи ширүүсээд эхлэхэд юу бидний замыг чиглүүлэх бол? Сингапурын эргээр Алтангадасыг даган хөлгөө залж буй хөлөг онгоцны ахмадууд та бүгд чиглүүлнэ.

Өнөөдөр үү? Эсвэл маргааш уу?

 

Сэтгэгдэл бичих

    • kkkk
    • 2019-01-15

    bidend digital mongo herggui er ni neeh hol yvaad bh ym bisheee herggui manaid odoogoor mongo huuleh g heden shunaltnuudiin hiij bga ym bolj bh shig bna

arrow icon