ИЖИЛ ЗОВЛОН

 Монголын улстөрд гарч байгаа ялзрал хуучин социалист байсан бусад орнуудад бас ижилхэн  өрнөсөн талаар Чехийн Праг хотын их сургуулийн багш  Михайл Климагийн “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” хэмээх номд маш тодорхой бичжээ. Энэ номонд 1989 онд ардчилсан хувьсгал болж коммунист дарангуйллаас салсан ч яваандаа ардчилал маань хэрхэн гажуудсан, хэрхэн бизнесийнхэн улстөрийн намуудыг хувьчлан авсан, улс орон яаж дампуурсан, үр дүнд нь шинэ хандлага, шинэ өөрчлөлт хэрхэн өрнөж байгаа талаар дурдсан байна. Тэгвэл дээрх номонд бичигдсэн яг л Монголд өрнөж байгаа улстөрийн дампууралтай ижил түүхийг энд өгүүлье.

УЛСТӨРИЙН НАМЫГ ХУВЬЧИЛЖ АВАХ АРГА: Ардчиллын арга хэлбэрээр ардчиллыг хэрхэн гажуудуулдаг вэ гэж

Доороос нь хувьчилах технологи гэж байна. Орон нутагт хөлсний намын гишүүдийг олноор элсүүлээд, намын хороо гэсэн анхан шатны байгууллагыг олонхийн саналаар эзэлж авдаг. Үүнд орон нутгийн баячууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монголд жишээлбэл, ХҮН намыг Ганбаатар тэргүүтэй хүмүүс 2016 онд иймэрхүү байдлаар эзлэх гэж оролдсон байдаг. 
Дээрээс нь эзлэх арга бас байна. Намын удирдах тушаалтныг урвуулах, бизнесийн нөлөөнд оруулах замаар улстөрийн намыг эзэлдэг. Тэгвэл ХҮН намыг Ганболдоор дамжуулж дээрээс нь эзлэх оролдлогыг бас хийсэн байдаг. ХҮН намын залуучууд үүний эсрэг амжилттай тэмцсэн.

КЛИЕНТЕЛИЗМ: Чехэд улстөрийн нам иймэрхүү байдлаар хувьчлагдсаны үр дүнд хэт арилжааны шинжтэй байгууллага болж, өөрийн хүмүүсийг төр ба орон нутгийн удирдлагад тавьсан. Төрийн бусад албан хаагчдыг сүлжээндээ татан оролцуулсан. Ингэснээр албан тушаал гэдэг бол улстөр-бизнесийн холбоонд стратегийн ач холбогдолтой үнэт капитал болж хувирсан байна. Энэ тогтолцоог Клиентелизм буюу “харилцан үйлчилгээ үзүүлэх” тогтолцоо гэж энэ номонд нэрлэсэн байна. Ийм тогтолцоо манай Монголд жишээлбэл 60 тэрбумын хэргээр илэрсэн.

Улстөр-далд бизнес-төрийн алба гэсэн гурвалсан хэлхээг тойрсон албан бус боловсронгуй сүлжээг бий болгож, түүгээр дамжуулан эрх мэдэл, ашиг олзыг улам ихээр хуримтлуулж, улмаар ирээдүйд өөрсдөдөө ял шийтгэл ноогдуулахгүй байх орчинг бий болгосон. Монголын жишээн дээр албан тушаалтан бусдад нөлөөлж бусдаар дамжуулан улсын мөнгө завшсан бол эрүүгийн хариуцлага хүлээх заалтыг Эрүүгийн хуулиас хасаад дараа нь өнөөгийн их хурлын гишүүд, сайд нар ЖДҮ сангаас бөөнөөрөө мөнгө зувчуулсан нь яг ийм жишээ юм. Хуульчлагдсан хулгайн жишээ. 
Бүр цаашлаад хууль, хүчний байгууллага болох цагдаа, прокурор, шүүхийн төлөөлөгчид хүртэл тэрхүү системд хамрагдаж орсон талаар энэ номд өгүүлдэг. Тэр ч бүү хэл шударга өрсөлдөөнийг хамгаалах байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тагнуулын алба хүртэл хамрагдаж орсон байна. Ийм бизнес-улстөрийн тогтолцооны оройд нөгөө бидний хэлдэг төрөөс төрсөн тэрбумтанууд сууж байдаг. Тэгвэл Монголд өмнөх Ерөнхийлөгч, өнөөгийн Ерөнхийлөгч, Их хурлын даргыг ийм толгойлогч нар гэж хүмүүс харддаг.

БУЛААГДСАН ТӨР: Иймэрхүү байдлаар Ардчилал гажуудаж, дархан эрхтэй хоёр том нам, тэдний дархалсан далд бизнесийн засаглалыг хэрэгжүүлдэг тогтолцоо болон хувирсан гэж энэ номонд бичсэн байна. Ингэж татвар төлөгчдийн хуримтлуулсан нийтийн баялгийг шимэн сорж, эцэстээ төрийг хулгайлах буюу булаан эзлэх байдлаар оргилдоо хүрсэн байна.

ЯЛЗРАЛ БА ЗАДРАЛ: Арилжааны ийм бүлэглэлүүд яваандаа хэт томорсон. Ашиг сонирхлын зөрчлөөс болж хоорондоо зодолдож эхэлсэн. Харилцан булай булхайгаа дэлгэсэн. Чехэд энэ үйл явдал 2010-2013 онд болж өнгөрсөн бол Монголд яг одоо болж байгааг бид өдөр бүр харж байна.

НЭГ ХҮНИЙ ЗАСАГЛАЛ: Цааш уншихаар бүр сонирхолтой. Энэ бүлэглэлүүдийн тэмцлээс болоод парламент хямарч, ажиллах чадамжгүй болжээ. Гэтэл Чехийн тэр үеийн Ерөнхийлөгч нь парламентад олонх болсон намын дотоод хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж, намын даргын эсрэг эргэлт хийх гэж оролдсон байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн хүнийг тавиад Ерөнхий сайд болгохыг зорьсон байна. Энэ хооронд парламент хямарч, Ерөнхийлөгч нь Засгийн газрыг томилохгүй хойшлуулсаар үндсэндээ бүтэн 6 сарын турш 1 хүний засаглал түр хугацаанд тогтсон гэж бичжээ. Өнөөгийн Монголын Ерөнхийлөгчийг бас ийм оролдлого хийх гээд байна гэж хүмүүс бас хардаад байдаг.

ШИНЭ ҮЕ: Энэ бүхний үр дүнд юу болов оо гэхээр, Чехийн хоёр том нам урд нь нийт сонгогчдын саналын 68%-г авч байсан бол 2013 онд ердөө 28% болж буурсан байдаг. 

Үүссэн орон зайг нь Шинэ намууд бөглөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хуучин намуудын дампуурал шинэ намуудыг түрүүлсэн байна. 
Энд бичсэн шинэ хуучин намууд нь зарчмын том ялгаатай. Хуучин намууд олон зуун мянган гишүүнтэй, үй түмэн ашиг сонирхолд орооцолдсон байдаг. Харин шинэ намууд нь маш цөөхөн гишүүнтэй, нийгмийн элит, боловсролтой хэсэг буюу мэргэжлийн боловсон хүчнүүдээс бүрдсэн гэж энэ номонд бичсэн байна. Өнөөдөр Монголын жишээн дээр ХҮН нам хатуу гишүүнчлэл байхгүй, цомхон, бодлогын нам, тэгээд нам харгалзахгүй чадвартай боловсон хүчнийг тохирсон албан тушаалд нь томилно гэж зарлаж байгаа нь яг л энэ хандлагыг санагдуулж байна.

ХАНДЛАГА: За иймэрхүү шинэ намууд Итали, Чех, Унгар гэх мэт Европын орнуудад маш богино хугацаанд амжилтад хүрч парламетнад олонх болсон байна. Дэлхийн улстөрийн хандлага өөрчлөгдөж байна. Түүх сөхвөл 1980-аад онд Польш Улсад өрнөсөн Солидарность хөдөлгөөн, дараа нь ЗХУ-д өрнөсөн Перестройка явсаар Монголд ирж 1990 оны Ардчилсан хувьсгал болсон. Яг иймэрхүү байдлаар сүүлийн жилүүдэд гажуудсан ардчиллыг засах нийгмийн хөдөлгөөн Европ өрнөж, хэдэн жилийн хоцрогдолтойгоор Монголд орж ирэхнээ.  Монгол ардын нам, Ардчилсан нам энэ түүхийн давалгаанд амжиж өөрчлөгдөж чадахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл тэд зуу зуун мянган гишүүдтэй, тэднийгээ тэжээх үүрэгтэй, зуу зуун том бизнесийн ашиг сонирхолд хүлээстэй учраас хэрэв гишүүнчлэлгүй болчихвол хэн ч биш, юу ч биш болно гэсэн үг. Энэ намчирхалдаа хүлээслэгдээд болдого, инститүүцийн чанар нь алдагдчихсан байна. 

Тийм учраас эд нарын нийгэмд эзлэх байр суурь хумигдана. Оронд нь Шинэ хүч, Шинэ ХҮН, шинэ Хүмүүс гарч ирнэ. Ванга шиг хэлчье. ХҮН нам ийм шинэ үеийг манлайлан гарч ирж байгаа.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3834

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%