ТҮҮХИЙН АЛЬМАНАХ: Төрийн мөнгөний бодлого хэрхэн зохицуулагдаж ирсэн тухай

2019 онд Монгол улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан салбарын түүхэн хөгжлийг харуулах түүхийн альманах номыг Монголбанкнаас бэлтгэсэн. Тус номын “Төрийн мөнгөний бодлого” хэсгийг коллегүүдтэйгээ хамтран бичиж, хувь нэмэр оруулснаа нийтэлж байна.

 Мөнгөний бодлого

Монгол Улс 1990 оноос чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтоолцоо руу шилжилт хийснээр санхүүгийн зах зээлийн хөгжил, мөнгөний бодлогын чиг хандлагад чухал өөрчлөлт бий болжээ. БНМАУ-ын үеийн эдийн засаг дахь үнийн тогтолцоо, мөнгөний систем нь үнийг тогтмол тогтоох зорилготой байсан бөгөөд санхүүжилтийн өртөг хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу шийдвэрлэж, жижиглэнгийн үнэ өөрчлөгддөггүй төрийн зохицуулалттай байв. Тухайн үеийн банкны тогтолцоог Улсын банк дангаараа бүрдүүлж байсан тул эдийн засаг дахь санхүүжилтүүд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж, нийт зээлийн 95% орчим нь улсын үйлдвэрүүдэд олгогдож байлаа.

Монгол улс 1990 оноос эдийн засгийн реформ хийн чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр хоёр шатлалт банкны систем үүсч арилжааны банкууд эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг зах зээлийн зарчмаар явуулдаг гол дэд бүтэц болон хөгжих замдаа орсон.

Төв банк буюу Монголбанк зах зээлийн шинэ тогтолцоонд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага болсноор эдийн засагт дунд урт хугацаанд үнийн тогтвортой байдлыг хангах орчин үеийн мөнгөний бодлогын хөгжлийн эхлэл тавигдсан юм.

Мөнгөний бодлогын үндсэн зорилт

1996 онд Төв банк /Монголбанк/-ны тухай хууль батлагдсанаар Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин тодорхой болж, мөнгөний бодлогын үндсэн зорилтыг “үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдал” гэж зааж өгсөн. Энэ нь үнийн тогтвортой байдал буюу инфляцийг тогтвортой нам доор түвшинд байлгахын зэрэгцээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тэнцвэрт түвшинд хэлбэлзэл багатай байлгах гэж тайлбарлагддаг. Иймд Монголбанк жил бүрийн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг тусгасан баримт бичигтээ тухайн жилийн инфляцийн зорилтот түвшнийг тусгадаг бөгөөд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан зарчмаар тогтоно гэж томъёолдог.

Монгол Улсын  төлбөрийн тэнцлийн хөрөнгийн данс нь нээлттэй буюу гадаад валютын орох гарах урсгалд ямар нэгэн хориг саад, хязгаарлалт тавьдаггүй. Жижиг, нээлттэй эдийн засгийн хувьд энэ тохиолдолд үр дүнтэй мөнгөний бодлого явуулж инфляцийг удирдахын тулд үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханшийг уян хатан байлгах шаардлагатайг Мандел-Флемингийн “Боломжгүйн гурвал”-ын онолоор тайлбарлагддаг. Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд инфляцийн тодорхой тоон зорилтыг тавьдаг ч ханшийг уян хатан байлгах зарчмыг баримталдаг цаад шалтгаан нь энэ болдог байна.

Мөнгөний бодлогын арга хэрэгслүүд

Монголбанк хуулиар заасан үндсэн зорилтдоо хүрэхийн тулд “мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ” гэж Төв банкны тухай хуульд заасан бөгөөд, бодлого хэрэгжүүлэх хэрэгслүүдийг ч тодорхой тогтоож өгсөн байна. Мөнгөний бодлогын хэрэгслүүд нь Монголбанк санхүүгийн зах зээлтэй харилцах үндсэн арга хэлбэр болдог бөгөөд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, тухайн үеийн зах зээлийн хөгжлийн онцлогоос хамаараад аль хэрэгслийг хэрхэн ашиглахаа сонгосоор иржээ. Улсын Их Хурлаас батлан гаргадаг Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн дагуу Төв банк мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ хуулиар заасан хэрэгслүүдээс бие даасан сонголт хийдэг бөгөөд энэхүү арга хэрэгслийн хараат бус байдал нь мөнгөний бодлогын зорилт илүү үр дүнтэй биелэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд нийцсэн банкны салбар үүсч эхэлж байсан эхний жилүүдэд Монголбанк мөнгөний бодлогын шууд хэрэгслүүдийг хэрэглэдэг байв. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагад олгох зээлд хязгаарлалт хийх, зээлийн үлдэгдэлд хязгаар тогтоох, банкуудын хадгаламжинд төлөх хүүний доод хязгаар тогтоох г.м. хэрэгслүүдийг ашиглаж байв. Энэ нь нэг талаас зах зээлийн тогтолцоонд шилжиж орсон эхний жилүүдэд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол дэд бүтэц болсон банкны системийн хөгжил сул байсантай холботой. Харин нөгөө талаар шилжилтийн үеийн огцом шокууд эдийн засагт үүсч байсан тул богино хугацаанд шууд үр дүнгээ өгөх эдгээр арга хэрэгслүүд илүү үр дүнтэй байв. Хэдийгээр шууд хэрэгслүүд нь банкуудын актив пассивын удирдлага сайжрах, зах зээлийн систем тогтворжиход тодорхой үр дүнгээ өгч байсан боловч удаан хугацааны туршид захиргааны аргаар банкуудын үйл ажиллагаанд нөлөөлөх нь банк санхүүгийн эрүүл бус тогтолцоог бүрдүүлэх, банкуудын төлбөрийн чадварт сөрөг нөлөө үзүүлэх, санхүүгийн хөрөнгө хүүгээр дамжин үр ашигтай хуваарилагдахад саад болж улмаар банк санхүүгийн зуучлал, мөнгөний бодлогын үр дүнд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байлаа.

Иймд Монголбанк 1997 оноос илүү зах зээлийн механизмд тулгуурласан шууд бус хэрэгслүүдийг түлхүү хэрэглэх чиг хандлагад орж, банкуудын олгох зээлийн хязгаар, банкуудын хадгаламжийн хүүний доод түвшин дээр зохицуулалт хэрэглэгдэхээ больсон бөгөөд Заавал байлгах нөөц болон Төв банкны үнэт цаас мөнгөний бодлогын гол хэрэгсэл болжээ. Улмаар 2007 онд нэвтрүүлсэн Төв банкны 7 хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг Бодлогын хүү болгон хэрэглэсэн нь орчин үеийн төв банкны мөнгөний бодлого явуулах чиглэлд чухал дэвшил болов. Бодлогын хүү нь санхүүгийн зах зээл дээрх хөтөч хүүгийн үүргийг гүйцэтгэж, өгөөжийн муруйн эхлэлийн цэг болсон бөгөөд, зах зээл дээрх нөөцийг удирдах чухал арга хэрэгсэл болсон юм. Энэ нь тэгш бус хэмт хүүний коридорын хэлбэр байсан бөгөөд 2013 оноос тэгш хэмт хүүний коридорын тогтолцоог нэвтрүлжээ. Хүүний коридор нь мөнгөний бодлогын шилжих механизмыг сайжруулж, бодлогын хүүний нөлөөллийг дээшлүүлэх чухал алхам байв. Ингэснээр санхүүгийн зах зээл дээр арилжааны банкууд өөр хоорондоо санхүүжилт өгч авалцах хүү буюу банк хоорондын захын хүү Монголбанкны бодлогын хүүг даган, тогтоосон хүүний коридор дотор хэлбэлздэг болсон. Эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран Монголбанк бодлогын хүүг өөрчлөхөөс гадна, хүүний коридорын өргөн болон тэгш хэмт байдлыг өөрчлөх замаар мөнгөний бодлогын нөлөөллийг илүү үр дүнтэй болгох боломж нэмэгдсэн юм.

2018 оны 1-р сард Төв банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Монголбанк макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн, Монгол улсад макро зохистой бодлогыг нэвтрүүлэх стратеги батлагдсанаар мөнгөний бодлогын нөлөөллийг дээшлүүлэх, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдал болон макро тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэрэгслүүдийг ашиглах ерөнхий зарчмууд тодорхой болоод байна.

 Мөнгөний бодлогын арга хэлбэр

Монголбанк хуулиар ногдсон үндсэн зорилтоо биелүүлэхийн тулд мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээ ашиглан хүрэх үйл ажиллагааны зорилт, завсрын зорилтуудыг тавьж ирсэн бөгөөд эдгээр нь тухайн цаг үеийн санхүүгийн зах зээлийн хөгжлөөс хамаараад хувьссаар иржээ. Тухайлбал, санхүүгийн зуучлалын хөгжил сул, бусад санхүүгийн байгууллага гүйцэт хөгжөөгүй 1990-ээд оны дунд үеэс эхлэн мөнгөний нийлүүлэлтийг завсрын зорилт болгон инфляцийг бууруулах мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ нөөц мөнгийг бодлогын үйл ажиллагааны зорилтоор сонгон ажилласан байдаг.

Гэвч 2000-аад оны дунд үеэс эхлэн санхүүгийн зах зээлийн хөгжил, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэл, банкны бус санхүүгийн салбарын хөгжил, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийн боломж, төсвийн бодлогын нөлөө эрчимтэй нэмэгдэж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт явагдаж, санхүүгийн хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор мөнгөний үржүүлэгч тогтворгүй болж эхэлсэн. Улмаар аль нэг үзүүлэлтийг мөнгөний бодлогын завсрын зорилт болгон сонгох боломжийг хязгаарлах болов. Мөнгөний аггрегатуудыг онилох энэхүү бодлогын үр нөлөө ийнхүү буурсан тул Монголбанк инфляцийг онилох (Inflation targeting) мөнгөний бодлогын шинэ загварт шилжих ажлыг эхлүүлэн 2007 онд анх удаа мөнгөний бодлогын хүүг зах зээлд нэвтрүүлж ашиглах болов. Ингэснээр банк хоорондын захын хүүд нөлөөлөх, улмаар эдийн засаг дахь эх үүсвэрийн зардлууд, санхүүжилтийн өртөгт нөлөөлснөөр эдийн засгийн идэвхжилд эрэлт талаас нь нөлөөлж, эцсийн дүндээ үнийн тогтвортой байдлыг хангах бодлогын үндэс суурийг бүрдүүлэх эхлэл байв.

Монголбанк 2012 оны сүүл үеэс эхлэн эдийн засгийг дэмжих зорилгоор уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд зах зээлийн өртгөөс хямд санхүүжилтүүдийг эдийн засгийн тодорхой салбаруудад нийлүүлэх бодлого хэрэгжүүлсэн нь төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж, зах зээл дээр гажуудал үүсгэх, бодлогын хүүний үр нөлөөг сулруулах сөрөг нөлөөтэй байсан тул энэ бодлогоос аажмаар гарч, урт хугацаанд үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор инфляцийг онилох бодлогыг хэрэгжүүлэх стратегийг үндсэн чиглэлээ болгож байна. Дунд хугацаанд инфляцийг онилох мөнгөний бодлогын хүрээнд Төсөөлөл, бодлогын шинжилгээний систем (Forecasting and Policy Analysis System)-ийг нэвтрүүлэх ажил 2013 оноос эхэлсэн.

Уг тогтолцоо нь Шинэ Зеланд, Канад, Чех зэрэг олон улс оронд амжилттай хэрэгжсэн бөгөөд дунд хугацааны инфляцийн хүлээлтийг тогтворжуулах, цаг хугацааны нийцгүй байдлыг шийдвэрлэж мөнгөний бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлэх, инфляцийн түвшин төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж, бодлогын зардлыг бууруулахад үр дүнтэй арга байв. 2016 оноос шинжилгээний системийг боловсронгуй болгох чиглэлээр мөнгөний бодлогын шийдвэрийн үндэслэл болдог тоон мэдээлэл цуглуулалт болон тооцоо судалгааны аргачлалуудын хөгжүүлэлт, бодлогын нээлттэй ил тод байдал, олон нийттэй харилцах харилцааг сайжруулах алхмууд эрчимтэй хийгдэж байна. Түүнчлэн, 2018 онд Төв банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орсноор Монголбанкны хараат бус байдлыг дээшлүүлэх, сайн засаглалын тогтолцоог нэвтрүүлж мөнгөний бодлогын шийдвэр хамтын зарчмаар гарах хууль эрх зүйн орчин бүрдсэн нь инфляцийг онилох мөнгөний бодлогын үр дүнтэй байдлыг дээшлүүлэхэд чухал алхмууд болоод байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4840

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%