ТЭД БОДЛОГОО ХЭРЭГЖҮҮЛЭВ

Парламентын засаглалтай улсад нам хөгжлийн бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлдэг. Монголд засгийн эрхийг барьж ирсэн МАН (МАХН), АН тэргүүтэй намууд бодлого хэрэгжүүлсэн. Бодлого нь нийтийн баялгийн хуримтлалыг цөлмөн идэх зорилготой байв. Сайн ч хэрэгжиж ирлээ. Тэдгээр намд дандаа муу хүн цугларсандаа биш. Тэдний бүтэц гажуудаж, оршин тогтнох утга учир нь алдагдсан учраас нийтийн төлөө ажиллах зорилго өвөртөлсөн хүн ороод ч санаснаа хэрэгжүүлэх хөрс үгүй болсон.

Нэгэн жишээ. 2019 оны эхний байдлаар Засгийн газрын өр 22,600,000,000,000 ₮ буюу 8,000,000,000$ болсон байна. Энэ мөнгөнөөс идэх бодлогоо намуудын нэрийн доор бөөгнөрсөн арилжааны фракцууд амжилттай хэрэгжүүлсэн. Харин Засгийн газрын өрийг монголчууд бид нийтээрээ, тэр дундаа монголчуудын дийлэнх амьдардаг гэр хорооллын иргэд бүгд хувааж төлнө. Бүгд хувааж төлөх учраас бүх нийтийн хөгжилд энэ өр зарцуулагдах ёстой. Гэтэл Улаанбаатарын дийлэнх, монголчуудын ихэнх амьдардаг гэр хороололд энэ мөнгөнөөс хүртээсэнгүй. Гэр хорооллоо хөгжүүлж утааг бууруулах таатай боломжийг бид алдсан. 

Нэгэн жишээ. Утаа эсрэг зуух тараах, зуух тараахаа болих, шахмал түлш дэмжих, шахмал түлшийг дэмжихээ болих, шахмал түлшийг дахиад дэмжих зэрэг элдэв янзын арга хэмжээнд 2008-2016 онд ойролцоогоор 560,000,000,000 ₮ зарцуулсан. Үр дүнд нь утаа нэмэгдсэн. Ингэснээр шууд дүнгээр бол гэр хорооллын 20,000, зээлийн урьдчилгаа 30%-аар тооцвол 60,000 өрх хашаандаа бие даасан дэд бүтэцтэй, дулаан сууц барих боломжийг алдсан.

Нэгэн жишээ. Гэр хорооллын утаа буурахад ямар ч хамаа үгүй хотын төв хэсэгт нүх сүв болгонд шахан таглаж орон сууцнууд барьсан. 2008 оноос хойш 100 мянга гаран орон сууц барьжээ. Үүний тулд тоглоомын талбай, ногоон байгууламжуудыг устгасан. Нийслэл хот минь цонхоороо нар үзэх боломжгүй, гадаа гараад салхилах газаргүй, хүүхдүүд пи-си тоглохоос өөр нөхцөлгүй шавааралдсан шавар байшингийн цуглуулга болж хувирсан. Энэ бодлогын үндсэн зорилго нь мөнгө хийх явдал байв. Төр барьж ирсэн намуудаас сонгогдсон Их хурлын гишүүд хамаарал бүхий компаниудаараа орон сууц бариулж, түүнийгээ борлуулахын тулд хамаарал бүхий банкуудаараа дамжуулан ипотекийн зээл олгосон. Барьсан барилгыг нь сар жилээр гэрийн бараа харах боломжгүй хүнд хөдөлмөр эрхэлдэг уул уурхайн ажилчид банкны хүүгийн хамт хоёр нугалан төлж авсан. Гэр бүл, үр хүүхдээ орхиод явсан, эцэг эх нь нас эцэслэх үед ч ирэх эрхгүй Солонгост боолын хөдөлмөр эрхэлж байгаа монгол залуучууд худалдаж авсан. Хамаарал бүхий банкууддаа ипотекийн зээл өгөх эх үүсвэртэй болгохын тулд тэд Монгол банкнаас их хэмжээний цаасан төгрөг хэвлэж гаргуулсан. Тэр хэмжээгээр мөнгөний ханш унасан. Ханшийн зөрөөг 3 сая монгол хүн бүгд хувааж төлсөн. Тэр их мөнгөний тал нь тэд нарын барилгын компанид ашиг болж, тал нь Эрээний зах зээлийг тэтгэж Хятадын барилгын материал авахад зарцуулагдсан. Тэдний бодлого амжилттай хэрэгжиж, асар их ашгийг банкуудаараа дамжуулан олж, харин өртөг зардлыг нь нийт 3 сая монгол хүн бид бүгд хувааж төлсөн. Багцаагаар 10,000,000,000,000 төгрөгөөр бий болсон энэ олон сууцыг гэр хорооллын нутаг дэвсгэрт байгуулсан бол хот маань утаагүй, эмх цэгцтэй хэвээр байх боломжийг бид алдсан.

Нэгэн жишээ.

Туул голын эргээр хотын иргэн салхилах боломжгүй болгож хууль зөрчин битүү хашаа хатгасан. Голын эргээр байгуулсан цэнгээний газрууд руугаа үйлчлүүлэгчээ зөөхийн тулд, дархан цаазтай Богд ууланд барьсан орон сууцаа борлуулахын тулд хатуу хучилттай зам, халуун хүйтэн ус, цахилгааны дэд бүтцийг улсын төсвөөр хийлгэсэн. Ингэж тэд нийтийн мөнгөөр хувийн бизнесээ дэмжсэн. Энэ ажил Зайсан хавийн  цөөн өрхүүдэд хэрэгтэй ч хот хэмээх том айлын нийт 1.4 сая иргэнд ямар ч хүртээлгүй. Хүн бараг явдаггүй хотын өмнөд хэсгээр дэд бүтэц байгуулах нь чухал уу эсвэл хүмүүсийн дийлэнх амьдардаг гэр хороололд дэд бүтэц тавих нь чухал уу? Энэ мэтээр нийтийн мөнгийг хэдэн хүний бизнесийг тэтгэхийн оронд гэр хорооллын хөгжилд зарцуулж нийтээрээ хожих боломжийг Улаанбаатарчууд бид алдсан.

Нэгэн жишээ.

Утааны эсрэг тэмцлийн хариуцах эзнийг байнга өөрчилж, олныг төөрөгдүүлж бантагнуулах замаар эвтэйхэн цонх үүсгэж мөнгө идэх бодлогыг тэд амжилттай хэрэгжүүлсэн. Агаарын бохирдлын эсрэг тэмцлийг удирдан чиглүүлдэг “Үндэсний Хороо” анх АН-аас гарсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн харьяанд үүсгэн байгуулагдаад улмаар хариуцлагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг руу булзааруулсан. Дараа нь Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд нарын харьяанд байгаад, хожим МАН-аас гарсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээр ирж, түүнээс Байгаль орчны салбарын сайд руу шилжиж хариуцлага хүлээх төвшин шат шатаар буурч, тогтсон эзэнгүй явж иржээ. Ийнхүү хэн нэгэнтэй хариуцлага тооцох боломжийг иргэд бид алдсан.

Нэгэн жишээ.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд УИХ баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2025 он хүртэл ойролцоогоор 10 000 000 000 000 ₮ буюу 2 500 000 000 $ зарцуулахаар төлөвлөжээ. Үүнийг зам, гүүр, цахилгааны шугам сүлжээ, зам дагуу жорлон байгуулах гэх мэт ажилд зарцуулахаар төлөвлөж. Иргэдийг тайван байлгах зорилгоор туршилтаас хэтрэхгүй цөөн тооны байшинг дулаалж, ганц нэг газар дэд бүтэц шийдэх зэргээр аргацаасан арга хэмжээг энд тэндээс олж ирсэн хөрөнгө оруулалтын үлдэгдэл шавхруугаар хийж байна. Тэд гэр хорооллын хөгжлөөс олигтой ашиг хийж чадахгүй учраас мэргэжилтнүүдийн гаргаж ирсэн шийдлийг хэрэгжүүлж эхэлсэн нэр зүүж хальт гурилдаж байгаад саармагжуулж, юу ч биш болгон хаядаг зуршилтай. Ийнхүү тэд дараагийн 5 жил дахиад гэр хорооллыг чимээгүй тойрч хаяхаар төлөвлөж байна. Энэ их мөнгөөр гэр хорооллын үндсэн асуудал болсон орон байрыг шийдэж, утаанаас салах боломжийг бид дахиад л алдах магадлал өндөр байна.

ТЭДНИЙ БОДЛОГЫН ОНЦЛОГ

Тэд нийтийн мөнгийг идэх бодлогыг хэрэгжүүлэх чадамж сайтай. Яагаад гэвэл тэдгээр намууд үүнд тохирсон оновчтой бүтэцтэй. Тэд намын гишүүдээ ч, сонгогчдыг ч худалдан аваад үүнд зарцуулсан мөнгөө сонгогчдоос хулгай хийж буцааж нөхдөг. Тэдэнд хамтарч хулгай хийдэг, шимэгч байдлаар амьдардаг олон мянган гишүүдийн арми бий. Тэднийгээ ЖДҮ сан зэргээс хулгайлсан мөнгөөр тэтгэхээ баймагц, эсвэл 60 тэрбумын схемийн албан тушаалаар шагнахаа болимогц цаадуул нь хаяад явах учраас мөнгөөр тэтгэхээс өөр гарц байхгүй. Мөнгөөр тэтгэж байгаа учраас тэд хулгай хийхээс өөр замгүй. Хулгайлж байгаа учраас нийтийн эрх ашгийн төлөө мөнгө үлдэхгүй. Нийтийн эрх ашиг хаягдаж байгаа учраас гэр хороолол хөгжихгүй. Гэр хороолол хөгжихгүй учраас утаа арилахгүй. Утаа арилахгүй бол бидний ирээдүй нийтээрээ өвчилнө. Нийтээрээ өвчилвөөс Монгол сөнөнө ! Тийм учраас, тэднээс, өнөө хүртэл Засгийн эрх барьж ирсэн хуучин намуудаас салж, тэдний бодлогыг таслан зогсоохоос өөр зам бидэнд үгүй.

ШИНЭ ХАНДЛАГА

Тийм учраас, одоо эргэлт хийх цаг болсон. Энэ эргэлт нь дараах зарчимд үндэслэнэ. 

Нэг. Хөрөнгийн шударга хуваарилалт. Үлдэгдэл шавхруу биш үндсэн зарцуулалтыг гэр хороолол руу !

Хоёр. Төвлөрсөн, тууштай бодлого. Утааг шийдэх элдэв туршилт, содон санааг судалгааны төвшинд дэмжиж, их хөрөнгийг харин зөвхөн гэр хорооллын орон байрны асуудалд төвлөрүүлье !

Гурав. Мэргэжилтний шийдэл. Хот байгуулалт, барилга, түлш эрчим,  байгаль орчин, цаг уур, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамтарч гаргасан шийдлийг хэрэгжүүлэх боломжийг олгоё ! Мэргэжлийн боловсон хүчин байхгүйдээ биш, дэвшүүлэн гаргасан шийдлийг нь тууштай аваад явах улстөрийн манлайлал үгүйлэгдэж байна.

ТЕХНИКИЙН ШИЙДЭЛ

Салбар салбарын мэргэжилтэнүүдийн зөвлөмжид үндэслэн, гэр хорооллын орон байрны асуудлыг орлогын төвшинд нийцсэн байдлаар 5 жилийн хугацаанд үндсээр нь сайжруулж, утааг 80%-аар бууруулах саналыг бид дэвшүүлж байна. Үүнд:

Нэг. “Дахин төлөвлөлт”. Нэгэнт хэрэгжээд эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг туйлбартайхан үргэлжлүүлж, ямар ч нам төрийн эрхийг барьсан хуучин зарчмаар нь буюу хувийн хөрөнгө оруулалтаар, хашаагаа орон сууцаар солих байдлаар гүйцэтгэж үр дүнд хүргэе. Төлөвлөж байгаа 90 000 орон сууцыг байгуулж чадвал гэр хорооллын зарим хэсэг нүүн орохоос гадна хамгийн гол нь хүн амын өсөлтөөс үүдэх орон сууцны хэрэгцээ хангагдана. Энэ тоо бол төвийн бүсэд байрлалтай, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр, боломжийн орлоготой өрхүүдийн судалгаанд үндэслэн гарсан тоо. Харин гэр хорооллыг тэр чигээр нь ингэж орон сууцжуулна гэвэл бүтэхгүй их хөрөнгө, хугацаа шаардлагатай болно.

Хоёр. “Дулаан байшин”. Гэр хорооллын өрхүүдийн бараг тал нь байшинд, тал нь монгол гэрт амьдарч байна. Байшингуудын ихэнх нь гарын доор материалаар хямд аргаар барьсан, дулаан техникийн шаардлагад огт нийцдэггүй. Монгол гэр бүр ч их дулааны алдагдалтай. Үр дүнд нь их хэмжээний нүүрс түлж утаа гаргахаас өөр арга үгүй. Цахилгаанаар халаая гэвч дулааны алдагдал ихтэй сууцны хувьд хэт өндөр төлбөр гарах, эсвэл шугамын хүчдэл хүрэхгүй байх зовлонтой. Тэгэхээр, эхний алхам бол дулаан сууц.

Үүний тулд дундаж хэмжээний хуучин байшинг дулаалж, гаднах фасадыг шинэчлэн сайжруулж, бохирын септик эсвэл хуурай жорлонгийн технологи нэвтрүүлэхэд нэг өрхөд ойролцоогоор 10 сая төгрөг болно. Ингэснээр дулааны алдагдал хоёр дахин, нүүрсний хэрэглээ хоёр дахин буурч, улмаар утаа хоёр дахин буурах нь олон жил хийгдсэн дотоодын болон гадаадын судалгааны байгууллагуудын ажлаар батлагдсан.

Орон сууцны 100 сая төгрөгийн зээл авах санхүүгийн чадамжгүй, захын болон дундын бүсийн гэр хорооллын өрхүүдэд 40-50 м2 буюу 2 өрөө орон сууцтай ойролцоо талбайтай, дотроо ариун цэврийн өрөөтэй 40 орчим сая төгрөгийн үнэтэй “дулаан байшин” барих бага хүүтэй ипотекийн зээлийг өргөн цар хүрээгээр, хангалттай санхүүгийн эх үүсвэртэйгээр, хашаа байшингаас нь өөр нэмэлт барьцаагүйгээр олгоё.

 Гэр хорооллыг бүхэлд нь төвлөрсөн дулаан, цэвэр, бохирын шугамаар хангана хэмээх хэзээ хэрэгжих нь мэдэгдэхгүй мөрөөдөлд автаж суухын оронд эхний ээлжинд уламжлалаа сэргээж, “зөөврийн дэд бүтэц” буюу ус хангамжийг гэр хороололд байршуулсан худгуудаар дамжуулж, худгаас алслагдмал газар зөөврийн цистернээр түгээе. Бохирын цооногийг цистернээр соруулж төвийн шугамын тодорхой цэгүүд рүү нийлүүлдэг үйлчилгээг нэвтрүүлье. Тэрхүү үйлчилгээний төлбөр нь орон сууцны хорооллын өрхийн төлбөрөөс ихгүй байхаар шударгаар тогтооё. Алсдаа эдийн засаг чадавхжихын хэрээр төвлөрсөн болон хэсэгчилсэн шугаманд бага багаар холбоод явах боломж бүрдэнэ. Харин тэр цагийг хүлээж суухын оронд байгаа нөхцөлдөө тохирсон, шалгагдсан туршлагаа дахин сэргээе.  Өвлийн хүйтэнд худагаас ус зөөх хүүхдүүд, бохир нүхэн жорлон, хүйтэн устай ноцолдох бүсгүйчүүдээ бодъё.

 Гурав. “Хаус хороолол”. Санхүүгийн чадамж арай өндөртэй өрхүүдэд зориулж хэдэн зуун дулаан байшингаас бүрдсэн хотхонуудыг халаалт, цэвэр, бохирын дэд бүтцийн бие даасан төвүүдийн хамтаар байгуулъя. Эргэн төлөгдөх зээлийн хэмжээ нэг өрхөд 60 сая төгрөг орчим болно. Ингэхдээ газар чөлөөлөх эцэс төгсгөлгүй маргаан дэгдээхийн оронд хоорондоо харилцан тохиролцож нэгдсэн иргэд өөрсдөө ирж хүсэлтээ тавьбал дарааллын дагуу хэрэгжүүлж өгөхөөр төлөвлөе. Ийм бичил хорооллууд нь дулаан, цэвэр, бохир, цахилгаан хангамжийн дэд бүтцийн бие даасан төвүүдтэй, тийм олон дэд бүтцийн бие даасан төвүүдийг холбосон нийтийн үйлчилгээний тогтолцоог бий болгоё.

САНХҮҮГИЙН ШИЙДЭЛ

Санал болгож байгаа шийдэлд 5 жилийн хугацаанд 5.7 их наяд ₮ буюу 2.1 тэрбум $ шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зарцуулж ирсэн хөрөнгө, тавьсан өртэй харьцуулахад энэ бол их мөнгө биш. Жишээлбэл, өмнөх 4 жилд 7.2 их наяд төгрөгийг үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр зарцуулсан. Нийтдээ бараг 3 тэрбум долларын бондуудыг авсан байна. ЖДҮ-ийг дэмжих сангаас л гэхэд 700 тэрбум төгрөгийн зээлийг тодорхой бус шалгуураар олгосон байдаг. Цаана нь хөдөө аж ахуйг дэмжих гэх мэт бусад сангууд байна. Улсын төсвөөр 76 тойрогт маш их мөнгийг үр ашиггүй зарцуулж ирсэн. Энэ мэтчилэн бидэнд хөрөнгө санхүүгийн боломж байнга байсан. Одоо ч байгаа. Тийм учраас, 2.1 тэрбум $-ыг Монгол Улсын өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр, төсвийн ачаалалд нэрмээс болохгүйгээр, хөгжлийн хурдасгуур байдлаар шийдэх боломжтой. Үндсэндээ улсын төсөв, уул уурхайн ногдол ашиг, гадаадын хөнгөлөлттэй зээл гэсэн гурван төрлийн эх үүсвэр байна.

Нэг. Улсын төсөв. Нийт 5 жилд 600 сая $, нэг жилд 120 сая $ буюу 320 тэрбум ₮-ийг улсын төсөвд суулгаад байх бүрэн боломжтой. Энэ бол 2019 оны батлагдсан төсөвтэй харьцуулбал ердөө 3.3%, нийт хөрөнгө оруулалттай харьцуулбал 16%-тай тэнцэх тоо юм.

Хоёр. Уул уурхайн ногдол ашиг. Олон улсын санхүүгийн байгууллагуудын үнэлгээгээр Монголд нийтдээ 3-4 их наяд $-ын байгалийн баялаг байна. Энэ салбараас олох ногдол ашгаас Монголын хүн амын дийлэнх нь амьдардаг гэр хороолол хүртэх учиртай. Эрдэнэс Монгол, Эрдэнэс Таван Толгой, Эрдэнэт, Монросцветмет, Шивээ Овоо гэсэн 5 компаниас гэхэд л 2019 онд нийт 310 тэрбум төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байгаа. Ганцхан Эрдэнэс Таван Толгой компанийн хуримтлагдсан ашиг 720 тэрбум төгрөг болсон байна. Тэгэхээр, жилдээ 320 тэрбум төгрөгийг утааны эсрэг, гэр хорооллын хөгжилд зарцуулах бүрэн боломж байна.

Гурав. Гадаадын хөнгөлөлттэй зээл. Энэ бол бонд биш. Өндөр өртөгтэй концесс биш. Энэ бол 20-30 жилийн хугацаатай, жилийн 1-2% хүүтэй санхүүжилтийн маш тааламжтай хэрэгсэл. Өнөөдөр Япон улс болон Азийн хөгжлийн банкнаас гэхэд нэг жилд 600 сая $-ын зээл Монгол Улс авч байгаа. Энэ 600 сая $-аас ердөө 180 сая $-ыг утаандаа зарцуулъя. Азийн хөгжлийн банк сүүлийн 30 жил Монголд хот байгуулалтыг дэмжиж ирсэн. Японы Засгийн газар Улаанбаатар хотын Мастер төлөвлөгөө 2030-аас авахуулаад хотын дэд бүтцийн чиглэлээр санхүүжилтийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Тиймээс санхүүгийн эх үүсвэрийн хувьд ч боломжтой, бодлогын хувьд ч нийцтэй юм.

Товчхондоо, гэр хорооллын хөгжилд 2.1 тэрбум $-ын санхүүжилтийг шийдэх боломж урьд өмнө байсан. Одоо ч өөрсдийн эх үүсвэрээр энэ санхүүжилтийг эхлүүлээд явчих бүрэн боломж байна.

ҮР ДҮН

Улаанбаатар хотын 380 мянга гаруй өрхийн талаас илүү буюу 220 мянган өрх гэр хороололд, түүнээс бараг тал нь монгол гэрт, үлдсэн тал нь ихэнхдээ гарын доор хямд материалаар барьсан дулааны алдагдал өндөртэй байшинд нүхэн жорлонтой амьдарч байна. Сүүлийн жилүүдийн хүн амын өсөлт хэвээр хадгалагдана гэж үзвэл 2025 он гэхэд Улаанбаатарын өрхийн тоо 420 мянга орчим болно. Орон сууцжуулалт, гэр хорооллын барилгажилтын чиглэлээр ямарваа дэвшилт гарахгүй бол гэр хорооллын өрхийн тоо 220 мянгаас 260 мянга болж нэмэгдэнэ гэсэн үг.

2020-2025 оны хооронд 5 жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах орон сууц, хуучин байшингийн засвар дулаалга, шинээр баригдах дулаан байшингуудыг халаалтын эх үүсвэртэй нь хамтаар авч үзвэл утаа 80%-аар буурах боломж байна. Тухайлбал,

Нэг. Дахин төлөвлөлтөөр 90,000 орон сууц байгуулж, төвийн халаалтын шугам хоолойд холбож чадвал утаа 35%-аар буурна.

Хоёр. Дулаан байшинтай 50,000 өрхийг цахилгаанаар халааж, 70,000 өрхийг шахмал нүүрсээр хангаснаар хотын хэмжээнд утаа 28%-аар буурна. Үүнд 50,000 өрхийг цахилгаанаар халааснаар хотын хэмжээнд утаа 19%-аар буурна. Цахилгаанаар халаах өрхийн тоо нь хотын цахилгаан дамжуулах сүлжээний техникийн хүчин чадлаар болон шөнийн тарифын хөнгөлөлт олгох эдийн засгийн чадамжаар хязгаарлагдана. Шахмал нүүрсэн түлш хэрэглэснээр нэг өрхийн нүүрсний зарцуулалт болон ялгаруулах утаа 30%-аар багасна гэвэл 70 мянган өрх нийлээд хотын утааг 9%-аар бууруулах боломж байна. Багануур, Налайхын оронд Таван Толгой мэтийн сайн чанарын нүүрс ашигласнаар утаа буурах үндэслэл бий. Гэвч амьдрал дээр утаа ялгаруулалт нь түлшний чанараас илүүтэйгээр хүмүүсийн хэрэглээний дадал зуршлаас хамаардаг тул сайн нүүрс шатаасан ч мэдэгдэхүйц үр дүн гардаггүй нь олон улсын туршлагаас харагддаг. Иймд түлшээ сайжруулснаар утаа эрс буурна гэсэн хүлээлт нь бодит бус юм.

Гурав. Хаус хорооллын 50,000 өрхийг төвлөрсөн халаалтын “уурын зуухаар” халааснаар хотын утаа 17%-аар буурна. Халаалтын зуухны янданд цахилгаан станцаас ялгарах утаан дахь нарийн тоосыг 99%-аар шүүж чаддаг цахилгаан шүүлтүүр (electrostatic precipitator) тавьж, утааны ялгаралтыг бууруулж болно.

2030 он хүртэл гэр хорооллын орон байрны асуудлыг шийдсэний дараа халаалт, түлшний асуудлыг үндсээр нь өөрчилж утааг 95%-аар бууруулж, Улаанбаатар хотын агаарын чанар Зүүн Европын хотуудын төвшинд буюу 80-100 ppm хүрэх боломж байна. Тухайлбал,

Нэг. 30%-ийг цахилгаанаар халаах. Цахилгаан халаалтыг зохих хэмжээгээр ашиглаж болох ч хэт их хэмжээгээр ашиглавал сүлжээний аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хувьд ихээхэн алдагдалтай болно. Хотын цахилгаан сүлжээг сайжруулах ажил төлөвлөгдөж, зарим алхмууд хийгдэж байгаа ба хуучин цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэх төслүүд хэрэгжсэнээр цахилгаан халаалт ашиглах боломж ирэх жилүүдэд бага зэргээр нэмэгдэнэ.

Хоёр. 30%-ийг дотоодын эх үүсвэрээс гаргаж авсан хийн түлшээр хангах. Монголд нүүрсний давхаргын метан хий илэрсэн боловч боловч нарийвчилсан хайгуул хийж нөөцийг үнэлээгүй байна. Нүүрсийг хийжүүлж ахуйн хий гарган авах судалгааны ажлууд ч бас байдаг. Ийм боломж байгаа тухай ярьж суухын оронд ажил хийж, нөөцийг үнэлж, ашиглалтанд бэлтгэж гэмээнэ хийн түлш ашиглах боломж бүрдэнэ.

Гурав. 40%-ийг яндандаа цахилгаан шүүлтүүр бүхий дэд бүтцийн төвийн уурын зуухнуудаар хангах. Эдийн засаг хөгжихийн хэрээр хэсэгчилсэн дэд бүтцийн төвүүдэд холбогдох өрхүүдийн тоо нэмэгдэнэ. Алсдаа хийн хангамж нэмэгдвэл дэд бүтцийн төвүүдийн нүүрсийг хийгээр орлуулах боломж бүрдэнэ.

Нэг үгээр хэлбэл, утааг бууруулах үндсэн алхам нь дулаан орон байр,  дараагийн алхам нь хувь өрхийн нүүрсний хэрэглээг тэглэж, олон төрөлт цэвэр эх үүсвэр ашиглах явдал юм.

ХҮНД ӨГӨӨЖТЭЙ, УЛСАД ХЭРЭГТЭЙ

Гэр хорооллыг хөгжүүлж, утааг бууруулах энэхүү санал нь хоосон амлалт, үндэслэлгүй популизм биш ээ. Харин эргэн төлөгдөх бүрэн боломжтой, хувь хүнд хамгийн өгөөжтэй, олон нийтийн эрүүл мэндэд тустай, улсын хөгжилд хэрэгтэй. Яг үнэндээ өөр зам байхгүй. Хойшлуулшгүй барьж аваад тууштай хэрэгжүүлэхээс өөр гарц үгүй ! Гэр хорооллын иргэд өдөр тутмын аж ахуйгаа авч явахын тулд орон сууцны хорооллын иргэдээс илүү их хөдөлмөрлөдөг. Гэр хорооллын иргэд хүний онцлог үүлдэр “орк” учраас орон сууцны хорооллоос тусдаа суурьшсан юм биш ээ. Залхуудаа биш, хүнээс үнэгүй юм авах дуртайдаа биш боломжинд нь таарсан шийдэл байхгүй байгаа учраас утаатайгаа, нүүрстэйгээ зууралдаж сууна. Тийм учраас, асуудалд бодитой хандаж, цөөн улстөрчдийн бизнесийн ашиг биш нийт иргэдийн ашиг сонирхолд нийцсэн зарчмыг баримталж ажиллавал хэрэгжих бүрэн боломжтой. Тухайлбал,

Нэг. Зээлийн барьцаанд барьсан байшин, оршин байгаа газраас өөр зүйл шаардахгүй.

Хоёр. Улаанбаатар хотод шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласан эрх зүйн орчин болон суурин газар заавал мөрдөх сууцны стандартыг хатуу мөрдүүлснээр зээл авсан хашаа байшингийн үнэ ямагт нэмэгдэх буюу үнээ алдахгүй байх нөхцөл бүрдэнэ.

Гурав. Төлж баршгүй өрийн дарамтад оруулах эрсдэлээс иргэнээ хамгаалах зохицуулалтыг нарийвчлан гаргая. Зээлийн нөхөн төлөлт хийгдэхгүй тохиолдолд банк хашаа байшинг дураар хурааж авах боломжгүй, түүнээс өмнө иргэн өөрөө борлуулж, зээлээ төлөөд илүүгээр нь хөдөө тийш нүүх, эсвэл түрээсийн сууцанд орох боломжийг олгох хугацааг хууль, гэрээгээр зааж, иргэнийг хамгаалъя.

Дөрөв. Гэр хорооллын дулаан байшингийн зээлийн хүүг төвлөрсөн орон сууцанд олгох ипотекийн зээлийн хүүгээс ихгүй байхаар тогтооё.

Тав. Хот суурин газрын байшингийн стандартыг тогтоож, цэвэр, бохирын техникийн шаардлагыг мөрдүүлэх ба зөвхөн шалгуурт нийцсэн байшинд зээл олгоё.

Зургаа. Барилгын ажлыг улстөрчдийн халаасны том компаниуд биш олон тооны жижиг компани, барилгын бригадуудаар, мэргэжлийн хяналтын доор гүйцэтгүүлж ажлын байрыг нэмэгдүүлье.

Долоо. Улаанбаатар хотын араас бусад хот, аймаг, сумын төвүүдийг ижил зарчмаар цэвэр, цэмцгэр болгоё.

Найм. Төвлөрлийг сааруулах, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, орон нутагт татварын дорвитой хөнгөлөлт эдлүүлж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэх мэт бусад бодлогыг тус тусдаа боловч хоорондоо уялдаатайгаар төлөвлөж, хэрэгжүүлье. Эдгээр нь утаа бууруулахад чухал нөлөөтэй боловч тал бүр тийш савчиж, төвлөрөл алдахгүйн тулд үндсэн анхаарлаа гэр хорооллын орон байранд хандуулъя.

ХҮН ДЭЭД ҮЗЭЛ БА ГЭР ХОРООЛОЛ

Монголчууд бид хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилгоо Үндсэн Хуульд зааж өгсөн. Хүн өөрийн авьяас чадвараа ашиглан чөлөөтэй өрсөлдөж, хөгжин дэвжихийн тулд гарааны тэгш боломжийг эдлэх ёстой гэж Хөдөлмөрийн Үндэсний Намын ХҮН ДЭЭД үзэл баримтлалд үздэг. Гарааны тэгш боломжийг бүрдүүлэгч хүний суурь хэрэгцээний нэг бол орон байр юм. Энэ хэрэгцээ хангагдаагүй нөхцөлд хөгжил дэвшил ярих боломж байхгүй. Гэр хорооллын орон байрны асуудал бол зөвхөн утааны эх үүсвэр болоод зогсохгүй монгол хүний хөгжил, Монголын ирээдүйн үндсэн асуудал мөн. Тийм учраас, энэ асуудалд онцгой анхаарч, хөрөнгө хүчийг далайцтайгаар төвлөрүүлж боломжит хамгийн богино хугацаанд шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулж ирсэн байна.

Эцсийн бүлэгтээ төрийн анхаарлын гадна хаягдаж хоцорсон гэр хороолол ч бай, арилжааны сонирхлын золиос болж замбараагүй шавалдсан орон сууцны хороолол ч бай, утаанаас зугатаагаад амжилт олоогүй Зайсан орчмын хороолол ч бай бид нэг л хоттой, нэг агаартай, нэг улстай, нэг ирээдүйтэй. Бид гэр хорооллоо цэгцлэхгүй бол бидэнд ирээдүй байхгүй.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4337

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%