Нийтлэл 03 сарын 17, 2019

Төгс нийгмийн мөн чанар

Хоёр номын дунд буй товч эшлэлийг унших тоолонд сэтгэл огшиж самсаа шархирмаар санагдах үе буй. Тэдгээрийн нэг нь ойрын үеийн бичлэгүүдэд нэр нь цөөнгүй давтагдаад байгаа Хань улсын түүхч Сыма Цяньгийн «Түүхэн тэмдэглэл» болой. Тэр аварга том түүхэн сурвалжийн «Хүннүгийн шастир» бөлөгт: “Хүннү гүрэнд хамгийн олондоо арав хүрэхгүй тооны хоригдолтой. Дээд талын хорих ял нь арав хоногоос хэтэрдэггүй. Арав хоног хар гэрт хоригдсон хүмүүн насан туршийн ичгүүр дор амьдармуй. Хүн болгон хутга сэлэм зүүж явдаг атал бусдыг «Ална шүү!» хэмээн заналхийлээд илд мэсээ тохой хиртэйгээс илүү урт сугалсан нэгнийг нийгэмд хөнөөлтэй этгээд хэмээгээд өчиггүй шууд цаазладаг байснаас хоригдол гэмт хэрэгтэнгийн тоо тийм цөөхөн байдаг буюу.” гэсэн цөөн хэдэн мөрт байдаг.

Үүнийг уншиж байхад хүн бүр тухайн нийгмийнхээ үнэ цэнэт зүйлийг аминаасаа илүү дээдлэдэг байсан сайхан чанар тодорхой харагддаг. Гол нь хүн бүрийн нийгмийн ухамсар ямар өндөр дээд төвшинд байгаа вэ? Улсын нууц байдаг байх л даа. Гэхдээ өнөөдөр манай улсад цагдаа, хоригдол хоёрын тооны нийлбэр армийн нийт бие бүрэлдэхүүнээс дутуугүй болсон байж мэдэх юм шүү. Үнэхээр тийм бол манай нийгэм хаашаа яваад байна вэ? “Орчин үеийн «тохилог» шорон байгуулчихлаа.” гэсэн шүү юм зурагтаар яриад сууж байгаа хуульзүйн сайдыг сайн ажиллаж байна гэж хэлэх бас чиг учир дутагдалтай шиг.

Нийгмийн хөгжлийг зохицуулдаг хууль журам, шашин, нийгмийн ёс суртахуун хийгээд ардын дэвшилтэт зан заншил хэмээх дөрвөн чухал хэрэглүүр тэр эрт балар цагт үүргээ их тэнцүү сайн гүйцэтгэж байсан болох нь хуучны ном зохиолуудыг уншиж байхад ойлгогдоод ирдэг. Харин манайд хууль цааз нь үүргээ ор нэр гүйцэтгэдэг болсон нь сүүлийн үед нийгэмд болж байгаа томоохон үйл явдлуудаас тодорхой харагдах болов. Харин нөгөө гурвынх нь үүрэг ямар байгаа бол гээд бодохоор ихээхэн гунигтай бодол сэтгэл дармуй.

Угтаа бол бусад хөгжингүй улс орнуудад «Хууль цааз гэдэг бол ёс суртахууны хамгийн доод хэмжүүр болой.» гэсэн үг маш алдартай. Энэ үгийг 1879 онд Германы хуульзүйч Георг Желлинек (Georg Jellinek) хэлжээ. Үүний цаана ёс суртахууны нийгэмд хичнээн жинтэй үүрэг гүйцэтгэх учиртай нь тодорхой харагдаж байгаа биз дээ? Өөрөөр хэлбэл нийгмийн гишүүдийн ухамсартай зөв ажиллах санаа цухалзаад байна гэсэн үг.

Миний энд дурьдах учиртай хоёрдох номыг харин олон хүн мэдэж байгаа байх аа. Тэр бол Инжинааш авгайн «Хөх судар» нэрт түүхэн сонгомол роман болой. Уг романы долдугаар бөлгийн цохолбор хэсэгт байдаг нэг чухал санааг би санаандаа бууснаар энд сийрүүлэн бичье ! «Сударч тайж би саваагүй хүн. Багаасаа олон зүйл эрдэм сонирхон оролдож байсны нэг нь уран зураг юм. Нангиадын Хуафү нэрт уран зургийн бичигт зураг зурж сурах гурван үндсэн арга буй нь дууриамал, сурмал, төрмөл эрдэм бөлгөө. Энэ лүгээ үлгэрлэн авч үзвэл манай ар газар буюу Монгол оронд дандаа төрмөл эрдэм оршдог бөгөөс өмнөд газар болох Нангиадад төрмөл эрдэм гэж үгүй. Дандаа дууриамал, сурмал эрдэм голломуй.» хэмээсэн нь буй. «Төрмөл эрдэм» гэж хичнээн гоё үг вэ? Хүннүгээс инагш ардын хувьсгал хүртэлхи үеүүдэд манай өвөг дээдэс төрмөл эрдмийн тухай маш сайн мэддэг, түүнийг бөхөөхгүй харин ч бадраан авч явах аргыг ойлгодог байсан тул Мэдэл хаан (Модун шаньюй), Чингис хаан, Шихихутаг, Инжинааш зэрэг суутангууд үе алгасалгүй цолгорон гардаг байсан байж таарна. Харин сүүлийн үед янз бүрийн шатны сургуулиудад оюутан сурагчдыг дааж давшгүй их даалгаврын ачааллаар дараад тэрхүү хосгүй нандин «төрмөл эрдмийг» бөхөөгөөд хаячихдаг юм биш байгаа. Хэрвээ үнэхээр тэгдэг бол Оюутолгой, Тавантолгойгоос илүү үнэ цэнэтэй оюуны уурхайгаа ашиглалгүй үрэн таран хийгээд байгаагаас өөрцгүй юм.

Би энэ бичлэгтээ нийгмийн харилцааг зохицуулах чухал хэрэглүүр болсон хуульзүйн гүйцэтгэх үүрэг, түүнд үзүүлэх боловсролын дам нөлөөллийн асуудлыг хөндөж бичсэн болохыг мэргэн уншигч та эрхбиш гадарласан буй за. Бичлэгийг тэрлэж суухад боловсролын сайд, хуульзүйн сайд хоёр одоогийнхоос арай л ондоо хүмүүс баймаар санагдаж байгааг нуух юу? Энэ хоёр салбарын сайдыг нам бус, харин салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн томоохон мэргэжилтэнүүд байна гээд хуульчлан батлачихад ч болохгүй зүйл юу байх вэ?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon