Нийгмийн зѳвшилцѳл ба чанартай институци: Тѳв банкны хараат бус байдал

Орчин үеийн тѳв банкны анхны загвар гэгддэг Bank of England 1694 онд анх байгуулагдсан байдаг. Үүнээс хойш 300 гаруй жилийн дараа буюу 1997 онд Английн тѳв банкийг Засгийн газраас хараат бус болгон үйл ажиллагааг нь тусгаарлаж, мѳнгѳний бодлогын шийдвэрийг улстѳрчид биш технократ/мэргэжилтнүүдэд даатгах болжээ. Үйл ажиллагааны хараат бус байдлыг ийнхүү хуулиар баталгаажуулсны 20 жилийн ойгоор "Independence 20 years on: Past, Present and Future" нэртэй хурал зохиогдсоныг Youtube-ээр үзэж болно. Хурлын илтгэгчид нь Stanley Fischer, Adam Posen гм Тѳв банкны хараат бус байдал сэдвийн "аваргууд" болон Британийн үе үеийн ерѳнхий сайд, сангийн сайдууд ч байна. Ѳнгѳрсѳн 20 жилийн сургамж нь юу байсан бэ,технократуудад итгэх итгэл суларч, тѳв банкуудын хараат бус байдал хѳгжсѳн болон хѳгжиж буй орнуудад эргээд сорилттой тулж буй ѳнѳѳ үед юунд анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаарх илтгэл, хэлэлцүүлгүүдийг сонсох зуур дараах 2 яриа их чухал санагдав:

1) 1997 онд Английн тѳв банкийг Засгийн газраас хараат бус болгох шийдвэрийг гаргах үед Сангийн сайдаар ажиллаж байсан Gordon Brown ингэж ярьж байна:

"Алсын хараагүй бодлого Британид том асуудал болж байсан, үүнийг шийдэхийг зорьж байсан тул Ерѳнхий сайд (Tony Blair) бид хоёрт эргэлзээ байгаагүй. Уг нь тухайн үед сонгууль ойртсон, Засгийн газрын хувьд бодлогын хүүг буулгаж эдийн засгийг дэмжих хэрэгцээ шаардлага мэдээж их байсан. Тѳв банк болохоор хүүг ѳсгѳх шаардлагатай гэж үзэж байв. Энэ үед Английн тѳв банкийг хараат бус болгож мѳнгѳний бодлогыг экспертүүдэд даалгах нь Британиийн эрх ашигт чухал гэж үзээд шийдвэрийг яаравчлан гаргасан юм. Сүүлийн 20 жилд Британид инфляци нам, тогтвортой байсан нь энэ шийдвэрийн үр дүн байлаа" гэсэн бол,

2) Английн тѳв банкны Мѳнгѳний бодлогын хорооны гишүүн байсан, одоо Петерсон Институтийн (PIIE) ерѳнхийлѳгч Adam Posen:

"Хуулийн статус нь тѳв банкны хувьд 100% хараат бус байдлын баталгаа болдоггүй. Rule of law -- хуулийн хэрэгжилт чухал. Европын институцийг механикаар суурилуулаад Италийг Швед болгож чадаагүй бэлэн жишээ байна. Унгарт тѳв банкны хараат бус байдлын индекс ѳндѳр ч удирдлагыг нь үндэслэлгүй огцруулах боломжтой нь харагдсан. Одоо Туркт Эрдоган тѳв банкны хараат бус байдалд халдаж байгаа байдлаас ч тэр, Америкт Трамп мѳнгѳний бодлогын шийдвэрийг гартаа авах гэж оролдож байгаагаас харахад улсын хѳгжлийн түвшин эсвэл хуулиас үл хамаараад сорилт тулгарч байна. Эсрэгээрээ Япон, Хятад гэх мэт хараат бус тѳв банкгүй улс орнуудад мѳнгѳний бодлого мэргэжлийн хэлбэрээр явагдаж байна. Иймд, тѳв банкаар хариуцсан ажлыг нь хийлгүүлэх сонирхол нийгэмд байна уу, үгүй юу гэдгээс их зүйл шалтгалж байна" гэсэн нь анхаарал татав.

Ер нь хѳдѳлмѳрийн хуваарь оновчтой, институцийн чанар сайн, засаглалын тогтолцоо сайтай орнуудын эдийн засаг тогтвортой, иргэдийн амьжиргааны түвшин ѳндѳр байдаг. Гэхдээ сайн дүрэм цаасан дээр бичигдэхээс гадна, түүнийг мѳрдүүлж ажил хэрэг болгохын тулд нийгэмд нийтлэг итгэл үнэмшил, нэгдсэн ойлголт, үнэлэмж зайлшгүй шаардлагатай. Иймд иргэд олон нийт болон шийдвэр гаргагчид"Тѳв банкны үйл ажиллагаа мэргэжлийн байх ёстой" гэдэг нийгмийн зѳвшилцѳлд хүрсэн цагт Тѳв банкны хараат бус байдал жинхэнэ утгаараа батаалгаажих нь байна. Тэгвэл энэхүү зѳвшилцѳлд хүрэхэд эдийн засгийн суурь мэдлэг, судалгаанууд маш чухал. Сайн институци, сайн боловсролтой улс орон муу амьдарсан тохиолдол үгүй.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4343

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%