Буурай орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ?

Дэлхийн олон улс оронд баян, хоосны ялгаа туйлдаа хүрч, ядуурлын улмаас нялхсын эндэгдэл, халдварт өвчин газар авч, хүний дундаж наслалт буурч байна. Үүн дээр агаарын бохирдол, хүрээлэн буй орчны доройтол зэргийг нэмбэл ядууст улам бэрх болох нь мэдээж.

Норвегийн эдийн засагч Эрик С.Райнерт 2007 онд “Баян орнууд хэрхэн баялаг бүтээсэн бэ? Буурай орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ?” хэмээх номдоо ийм тэгш бус байдалд хүргэсэн гол механизмыг тайлбарлажээ. Хөгжлийн эдийн засгийн онолоороо дэлхийд тэргүүлэх эрдэмтдийн нэгд тооцогддог Эрик С.Райнерт 2000 онд Монголд айлчилж, Монголын Хөгжлийн Судлалыг дэмжих төвөөс зохион байгуулсан олон улсын хуралд илтгэл тавьж байсан юм. Энэхүү номын 5 дугаар бүлэгт Монголыг шилжилтийн эдийн засгийг жишээ болгон бичсэн нь тун сонирхолтой. 

Номын нэгдүгээр бүлэгт эдийн засгийн олон онолуудыг энгийн ойлгомжтойгоор танилцуулах бөгөөд хоёрдугаар бүлэгт Адам Смит, Дэвид Рикардо зэрэг эдийн засгийн стандарт сурах бичгүүдэд нэр дурдагддаг гол онолчдын тухай өгүүлнэ. Харин номын гуравдугаар бүлэгт өгүүлснээр амжилттай хөгжлийн түлхүүр нь “харьцангуй давуу тал”, эсвэл “чөлөөт худалдаа” огт биш харин өөр хүчин зүйлс байдаг аж. 

Эрик С.Райнерт тус номдоо эдийн засгийн тэнцвэрт байдлын тухай онол болон эдийн засгийн бодит байдлын хооронд асар том ялгаа байдаг тухай ч бас өгүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тэнцвэрт байдал бурхны зурсан зургаар, эсвэл математик аргаар урьдчилан тооцоолсны үр дүнд бий болдог гэхээсээ илүү зөв бодлогын үр дүн юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.

С.Райнерт өнөөгийн буурай орнуудад хөгжил дэвшил бус, харин ч ухралт доройтол бий гэж үзээд үүнийгээ Монгол, Руанда, Перугийн жишээгээр харуулжээ. Мөн зургаадугаар бүлэгт орчин үеийн нөлөө бүхий эдийн засагчид ядуурлын тухай асуудлыг хэрхэн авч үзэж буйг тайлбарласан байна.

"Баян орнууд ядуу орнуудад чөлөөт худалдааг хүчээр тулгадаг бөгөөд тэднээс импортлох газар тариалангийн бүтээгдэхүүнийг хязгаарлаж, зөвхөн өөрсдийн газар тариаланг дэмждэг."

Ийнхүү умардын орнууд газар тариалангаа хамгаалах бодлого хэрэгжүүлдэг учраас өмнөдийн орнууд явцуу хэвээр үлддэг байна. Өмнөдийн орнуудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг зөвшөөрлөө ч тэд баяжна гэсэн үг биш юм. Бодит байдал дээр энэ нь тийм ч амархан биш гэдгийг долоодугаар бүлэгт өгүүлдэг.

Энэхүү номын давуу тал нь мэргэжлийн бус хүмүүст ч тун ойлгомжтойгоор тайлбарласан явдал юм. Эрик С.Райнерт номоо 3 төрлийн уншигчдад зориулсан гэдгээ оршил хэсэгтээ дурддаг. Тэдгээр нь түүний мэргэжил нэгт эдийн засагчид, эдийн засгийн боловсролгүй хүмүүс, ядуу буурай орны иргэд юм.

Номын төгсөл хэсэгт Эрик С.Райнерт ийн бичжээ:

“Энэхүү номыг уншсанаар та бүхэн ядуу орнуудын гудамжаар алхаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс баян орнуудын хүмүүстэй ижил мэргэжлээр адилхан үр ашигтай ажиллаж байгаа атлаа яагаад тэднээс хамаагүй ядуу амьдарч буйг илүү сайн ойлгодог болсон гэж найдаж байна.”

Ном хэвлэгдсэн жилд буюу 2007 онд өөр нэгэн сонирхолтой ном олны хүртээл болж байв. Энэ бол Макартан Хамфриз, Жеффри Д.Сакс, Жосеф И.Стиглиц зэрэг дэлхийд алдартай эдийн засагчдын хамтран бичсэн “Байгалийн баялгийн хараалаас зайлсхийх нь” хэмээх ном юм. Хэвлэгдсэн даруйдаа олон улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд ихээхэн нөлөөлж, олон орны удирдагчдын ширээний ном болж чадсан билээ. 

“Байгалийн баялгийн хараал”

 Байгалийн баялаг багатай улс орон хөгжихөд хүндрэлтэй гэж зарим хүмүүс үздэг. Гэтэл бодит байдал ихээхэн өөр бололтой. Сүүлийн тавин жилийн түүхийг сөхвөл байгалийн баялаг ихтэй орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй байсан нь харагдана. Жишээлбэл Швейцар, Англи, Япон, Сингапур гээд дэлхийн хамгийн баян орнуудын жагсаалтад байгалийн баялаг ихтэй орон байдаггүй. Байгалийн баялаг өгөөмрөөр заяагдсан улс орнууд ихэнхдээ урууддаг үзэгдлийг "Байгалийн баялгийн хараал" гэж нэрлэжээ.

“Байгалийн баялгийн хараалаас зайлсхийх нь” ном байгалийн ямар нэг баялгийг олборлож буй орнуудад нийтлэг тохиолддог бэрхшээл, тэдгээрийн учир шалтгаан, түүнээс хэрхэн зайлсхийх арга замыг олон орны бодит жишээн дээр батлан бичсэн учир уул уурхайгаас бүрэн хамааралтай болсон Монгол улсын хувьд үүнийг нэн тэргүүнд анхаарах ёстой юм.

Бодлого боловсруулагчид болон оюутан сурагчдад ойлгомжтойгоор бичигдсэн дээрх хоёр номыг уншсанаар баялаг ба ядуурлыг бий болгож буй механизмыг ойлгож, ядуурлыг хэрхэн даван туулах арга замыг танин мэдэх болно. Үүнээс гадна, байгалийн баялгийн хараалын учир шалтгааныг ойлгож, цэцэглэн хөгжих тухай мөрөөдлөө биелүүлэх, баялгаас хүртэх ашгийг шударга хуваарилахын тулд юу хийх ёстойг ойлгох юм.  

Монгол улс яагаад ядуу хэвээр байна вэ? Ядууралтай хэрхэн тэмцэх вэ? Баян орнууд бялгаа хэрхэн бүтээсэн бэ? Ядуу орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ? Байгалийн баялгийн хараалаас хэрхэн зайлсхийх вэ?

Монгол хүн бүр өөрөөсөө заавал асуух ёстой эдгээр асуултын хариуг дээрх хоёр ном танд ойлгомжтойгоор тайлбарлах болно.

Б.Дөлгөөн

 Нүүр зургийн эх сурвалж: https://enkhjinotgonbat.wixsite.com/zingx


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4688

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%