Коммунизмоос том аюул

Өнөөг хүртэл манай улстөр, бодлогын хамаг динамик төсөв, уул уурхай, зээл, төрийн өмч гэсэн хэдэн мөнгөний эх үүсвэрээ тойрсон хэдэн группийн тэмцэл маягтай өрнөж ирсэн байдаг.  Чухам эдгээр орд, төрийн өмчийн хувьчлал тойрсон зөрчлийн улмаас Н.Алтанхуягийн кабинет огцорсон нь хэн бүхний мэдэх саяхны түүх. Н.Алтанхуяг огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноос хойш баялаг хуваарилалт, эрх мэдлийн нягтралд хэд хэдэн томхон өөрчлөлт гарсан. Оюутолгой төслийн хувьд Дубайн гэрээ хийгдсэн. Тавантолгой төслийг М.Энхсайхан удирдсан тендерийн гэрээгээр Энержи Ресурс, Шэнхуа нарын консорциумд өгөхөөр зүтгүүлсний эсрэг талд З.Энхболд, Х.Баттулга нарын нягтрал үүссэн нь одоо Ерөнхийлөгчийн тамгын газар болж хувирсан. Энэ дундаа Монголын эдийн засгийн халуун цөм Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхийг ХХБ-нд шилжүүлснээр 90-ээд оны их хувьчлалаас хойш үргэлжилсэн цөөн группт эрх мэдэл, баялаг төвлөрөх явц оргилдоо хүрсэн гэж хэлж болно. ХХБ төвтэй Дархан төмөрлөг, Хөтөл цемент, Эрдэнэт үйлдвэрийг агуулсан, банк, төмөр зам, төр, медиа, өнгөт металлын салбар дамнасан, жижиг эдийн засагт хэт хүнддэх хар нүх шиг хүнд жин бий болсон. Эднийх МАК, MCS зэрэгтэй харьцуулахад оройхон гараад ширүүхэн дайрсан хамгийн цээж өвчтэй, хамгийн муйхар нэгдэл. 2016 он хүртэлх төрийн өмчийг хувьчлах жагсаалт хийж байснаас харахад энэ группууд үлдсэн өмчүүдийг ч хамж их хувьчлалыг гүйцээхээр лобби хийж байсан бололтой байдаг. Эргүү тэнэгээрээ дуудуулаад байгаа хэдэн поп эдний дур зоргод тоормоз гишгэж үзүүлсэн нь бол үнэн. Өт хүртэл биед нь хүрэхээр арвалздаг гэдэгчлэн өнгөрсөн 30 жилд  эдийн засгийн болон улстөрийн асар их капитал хуримтлуулсан клиент нэгдлүүд эрх ашигт нь тулмагц хэрхэн риакцалж байгааг нэгд нийтлэг эрх ашгийн нэр дор хийж байгаа улстөр, хоёрт үзэл суртлын өнцгөөс салгаж харъя. 

Улстөр

Өмнө бичсэнчлэн “хувийн хэвшил” гэдэг хонины арьс нөмөрдөг улстөр, бизнесийн эрх ашгийн нэгдлүүд зоргоороо жаалж байх зуур Монгол Улс нийгэм, эрүүл мэндийн олон үзүүлэлтээр дэлхийн бөгсөнд  жагсах болж өөрчлөлт, шударга ёсны эрэлт хэзээ хэзээнээс илүү хүчтэй мэдрэгдэх болов. Либерал ардчилал, чөлөөт эдийн засгийн туршлага, боловсрол байхгүй гэвч нэг л буруу тийш яваад байгааг монгол хүний саруул ухаан мэднэ. Энэ эрэлт дээр тоглож засгийн эрх авсан У.Хүрэлсүх өөрөө ч авилгажсан системийн нэг хэсэг гэдгийг 14 тэрбум, ждү гэх мэт асуудлаас харж болдог. Гэхдээ Хүрэлсүхийн кабинет нь бол өмнөх засгийн газруудыг бодвол баялаг хуваарилах улстөрийн зөрчлөөс биш түүнийг хянах, шударга ёс нэхэх олон нийтийн эрэлтээс бий болсон засгийн газар юм. Хоёрт, харьцангуй ойлголт боловч улстөрийн гол капитал нь баялаг, банк биш популизм, олон нийт. Тиймд Хүрэлсүх шударга гэхээсээ олон нийтэд нүүр алдвал гол капиталаа алдаж нэгэнт хоёр хуваасан намынхаа нөгөө аманд эргээд унах учраас Сайханбилэгийн кабинетийн үед оргилдоо хүрсэн эрх мэдэл, баялгийн нягтралыг задлах зарим нэг оролдлого хийж байх шиг.  

Он гарсаар 49 хувийн хэргээр олон хүн хуулийн өмнө дуудагдаж, Б.Хурц, сахал хочит Д.Эрдэнэбилэг нарын зарим хүн хоригдов. Шударга бус шүүхийн асуудал хэзээ хэзээнээс хүчтэй сөхөгдөж, ҮАБЗ-ийн шүүх засаглал дахь нөлөө аюумшигтайгаар нэмэгдэж, зарим шүүгчдийг чөлөөлөх зарлиг хүртэл гарлаа.  Захиргааны хэргийн шүүх бодлогын чанартай асуудлаар Засгийн газрыг хянах боломжгүй болов. Мөн Ц.Элбэгдорж, Б.Хурц нар Зоригийн хэргийн зарим материалыг нууцын зэргээс гаргаж, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай гэж үзэх агуулга үндэсний ТВ-ээр цацагдсан удаатай. Одоо тэдгээр хүмүүсийг хилсээр эрүүдэн шүүсэн гэх асуудал сөхөгдөж буй.

Тэр утгаараа Ц.Элбэгдоржийн туслах байсан залуу Гадаад харилцааны яамны гадаа Д.Цогтбаатар огцор гэж орилоод зогсож байгаа нь тэсч үлдэх зөн юм уу даа. Дипломатуудын хар тамхины хэрэг гэгч аль 2008 оноос хойш дэгдсэн байдаг. Ер нь Гадаад харилцааны яамны иргэнээ хамгаалах, хилийн чинадад баригдсан иргэдийн тоог ил тод мэдээлэхгүй байх, өөрсдөө гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх гэх мэт гадаад дотоод харилцааны sensitive ярвигтай чиг үүргүүдийг хэт улстөржүүлж байгааг эдний эрх ашгийн зөрчлөөс салгаж харах боломжгүй.  Эрх ашгийн нэгдлүүд хар тамхи, ждү гэх мэт нийтлэг эрх ашгийн морал үүсэхэд иргэдтэй хамт нэг завинд сууж гол гатлах гэж үздэг нь гэм биш зан. Ц.Нямдорж руу хийх дайралт ч ширүүссэн. Нэгэн цагт Центерпоинтын хэргээр рекетүүдийг дарж авсан гэгдэх Ц.Нямдорж энэ удаа төр хувь дамнасан power группуудын хандыг дарж чадвал хууль, улстөрийн карьерээ нэр төртэй дуусгах боломж болно. 

Үзэл суртал

Үнэт зүйлийн сонголт, оюун санааны орчинд үйлдэл, жагсаалаас ширүүн дайн өрнөж байгаа нь ардчилсан орны шинж. Өдөр болгон гоё жүжиг үзэж байгаа. Болд, Батзандан, Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Аюурсайхан гэж таван популист Монголыг сөнөөх гээд байна гэнээ. Нямдорж дотоод яамыг, Цогтбаатар гадаад яамыг сөнөөх гээд, тийм байтал Хүрэлсүх улс орноо тоохгүй савхи, гинж болоод мотоцикл унаж зугаалаад байна гэнэ. Тэдний савраас Монголыг аварч чадах нь манай хувийн өмчийг үхэн хатан хамгаалагч “либералууд” гэнэ. Популистууд болохоор манай “либералууд”-ын бүтээсэн өмчийг хурааж, коммунист бодлого хэрэгжүүлэх гээд байна гэнэ. Коммунизм гээч нь ямар аюумшигтайг ярьж өгөх гэхээр Мао, Сталины түүх хуучраад баларч байтал Венесуэль гэж улс нүдэн дээр сүйрч өгөөд аврал болов. Ингээд өдөр шөнөгүй Венесуэлийг ярьж суудаг хэдэн хүнтэй болсон.

Тэднийг ажиглаж байхнээ коммунизм ба түүнээс Монголыг авардаг хэдэн хулхи ”либерал” тархи угаагч үнэхээр хоцрогджээ. Хашилтад хийгээд байгаа учир нь либерал гэж шал өөр юмыг хэлдэг болохоор тэр л дээ. Тэр талаар өмнө нь энд бичсэн. Коммунизм руу ухарлаа, хувийн өмчийг хураах гээд байна элий халаг гэх мэт нь насаараа ярьсан үлгэрээ давтан ярих дадал, муу бараагаа шахахын төлөө илүү муу сонголттой харьцуулж үзүүлэх олон нийтийн сэтгэлзүйн менежментээс хэтрэхгүй. Мөнгө санхүүгийн болоод олон нийтийн оюун санаа, үнэт зүйлийг монопольдож байдаг нэгдлүүд тэрэнд нь аюул учруулсан буюу тогтолцоонд асуулт тавьсан эргэлзсэн хүн бүрийг популист гэж цоллож замаа засах үзэл суртлын дайн хийдэг нь зөвхөн Монголд тохиолддог асуудал биш. Коммунизм руу ухарч, попууд сөнөөх гээд байгаа үлгэр өдөр шөнөгүй бичигдэж байгаа нь санамсаргүй зүйл биш.

Тэгээд үнэхээр хэн нь сөнөөж, хэн нь аврах гээд байгаа нь бол тороолуудын тархи угаалтаас арай өөр түвшний асуулт. Хоёр туйлт дэлхийн дэглэм өөрчлөгдөөд 30 жил өнгөрч, нэгэнт задарсан коммунизмоос илүүтэй тэрнээс хойш хүчийг авсан неолиберал тогтолцооны алдаа оноо, тэр нь ардчилалд авчрах эрсдэлийн талаар илүү их судлагдаж хэлцэгдэх болов. Монгол шиг бүс нутагт интеграцчлагдсан нээлттэй эдийн засгийн хувьд ч одоо коммунизм руу ухрах боломж хүсээд ч нойл гэхэд болно. Харин түүнээс аюултай, илүү бодитой болж хувираад байгаа аюул нь цөөн тооны хүчирхэг power хувийн тоглогчид төрийг буюу олон нийтийн институцуудыг “хувьчилж” авсан kleptocracy клептокраси юм. Ардчилсан сонгууль бүхий нээлттэй нийгэмд төрийн өмч, газрын баялаг тойрсон улстөрийн тогтворгүй байдал, авилга, ядуурал зэрэг хамаг асуудал төр ба хувийн хэдэн тоглогч дунд нягтрал үүссэн клиент харилцаанаас урган гардаг.

Манай улсын хувьд клептокрасид өртсөн хамгийн түгээмэл шинжүүд буюу нэгд төрийн өмчийн огцом, далайцтай хувьчлалаар өмч цөөнхийн гарт төвлөрсөн, хоёрт тэр нь улстөрийн эрх мэдлийг авч өөрсдөдөө зориулсан бодлого хэрэгжүүлэх боломж болж хувирсан, гуравт уламжлалаас улбаалан орчин үеийн улстөрийн институц хөгжиж амжаагүй, дөрөвт нээлттэй жижиг эдийн засаг, тавд байгалийн баялагтай зэрэг хэд хэдэн шинж давхардаж байгаа талаар цаашид дэлгэрэнгүй бичих, өргөнөөр хэлэлцэх хэрэгцээ байна. Ерөнхийдөө Монголын залуу ардчилал, зах зээл өнөөдөр коммунизм руу ухрах уу байх уу биш клептокрасид живэх үү үгүй юу гэсэн сонголт дээр ирээд байна гэж дүгнэж болно. Дахин давтахад бид хоёр туйлт дэлхийн нэг талд харьяалагдаж байгаад нөгөө туйл руу савсан синдромоос салж, өнөөгийн эдийн засаг улстөрийн шинж чанартаа үнэн бодитой үнэлэлт шинжилгээ хийх хэрэгцээ үүсээд удаж байна.

Өнөөдөр төрийн, тэр тусмаа шүүхийн нэр хүнд шалдаа бууж, тэр нь зарим улстөрийн хүчнүүдэд өгөөш болох нөхцөл байдал үүсээд байгаа нь авилга албан ёсны системийн нэг хэсэг болж, тэрнээсээ болоод улам хүнд системийн хямралд унасан  Венесуэль, Танзани зэрэг Африк, Латин Америкын орнуудын араас шааригдахын цондон юм. Венесуэлийн социализм ба түүний сүйрэл ч гэсэн попуудын гэхээсээ анхнаасаа бол клептократ улстөрөөс үүдсэн ядуурал, хямрал попуудад боломж олгосноос үүдэлтэй гэж хэлж болно. Манайх шиг шилжилтийн гэгдэж асан эдийн засгуудын хувьд ч анхдагч шат буюу төрөөс зах зээлд шилжих процессоос гадна тэр процессоос төрж гарсан цөөнх эргээд төрд нөлөөлөх харилцааны тухай судалгаа эрчимжиж ирж байна. Өөрөөр хэлбэл бид коммунизм хэмээх өнгөрсний сүнстэй байлдахаа больж, оношоо шинэчлэх цаг болжээ гэсэн үг.

Тиймд ямар нэг эрх ашгийн нэгдэлд хамааралгүй төвийг сахисан иргэд зарим нэг хүний  санаатай санаандгүй буруу оношт хэзээ ямагт итгэж, тархиа угаалгаж байхаа одоо больё. Үнэнээ хэлэхэд Ерөнхий сайд Хүрэлсүхийн хүний нутагт танк унаад буу бариад яваа зураг хараад гутарсан л даа. Хүрэлсүх нар яваандаа ардчилалд, шинэ цаг үед гологдоно, гэхдээ одоохондоо нураах ёстой юмыг нь нураалгаж, хийх ёстой ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Танк унаж, Оспан ярихгүйгээ мэдэх ухаантай хулгайчууд, сахал Эрдэнэбилэг мэтээр толгойлуулсан клептократ нэгдлүүд бол ардчиллыг, зах зээлийг голж бүхэлд нь ширвэх аюултай болохоор. Мэдээж хонгил нураах нэрээр өөр хонгил барих эрсдэлийг үргэлж хянах, асуух хэрэг бий. Бид асуултаа асууж чадах эсэх нь ямар хариулт гарахад нөлөөлөх болно. Монгол бол ардчилсан орон. 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4822

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%