Нийтлэл 09 сарын 01, 2019

Морин хуурын инженерчлэл

Монгол ахуй соёлоос урган гарсан Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсэгийг Италид төрсөн Зөвлөлтийн их мастер модон цараар хөглөж, Өвөр Монголын алдарт хуурч нийлэг мяндасаар сайжруулж, өдгөө Монголын эрдэмтэд улам төгөлдөржүүлж, соёлын зүтгэлтэнүүд дэхийн тайзанд тоглож байна. 

 Инженер

Инженер гэдэг зөвхөн байшин барьж, машин засдаг хүн биш. Үндэсний хөгжмийн соёлоо тээж үлдэх, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд ч инженерийн оролцоо чухал. Хөгжмийн сонсголонт сайхан эгшгийг зохион бичих, түүнийг тоглож амилуулах, тэр нь дууны долгион хэлбэрээр агаарын молекулуудыг хөдөлгөөнд оруулан тархаж хүний чихэнд хүрэх хүртэл бүхий л явц бол нарийн шинжлэх ухаан юм. Тэрхүү цэвэр тунгалаг эгшгийг гаргадаг хөгжмийн зэмсэг гэдэг нь материал судлал, физик акустик, механик инженерийн шийдлүүдийг тусгасан инженерийн цогц бүтээл юм.

Хөгжмийн дуугаралт

Хөгжмийн нумыг татахад утас чичирнэ. Тэрхүү чичиргээний давтамж ямар эгшиг дуугарахыг тодорхойлно. Жишээлбэл “Ля” эгшиг 440 ГГц гэх мэт бүх эгшиг давтамжтай байдаг. Утасны чичиргээ түүнийг хөгжмийн нүүртэй холбосон тэвхээр дамжина. Тэвх нь дууны долгионыг хурдтай, цэвэрхэн дамжуулахын тулд босоо ширхэгтэй хатуу модоор хийсэн байдаг. Ямар ч илүү зүйл байхгүй, хөнгөн, бөх бат байлгахын тулд ач холбогдогүй хэсгийг ухаж авсан нь харахад сонгодог гоо сайхан хэлбэр дүрсийг санагдуулдаг аж. Зөвхөн нэг тэвх гэхэд хэдэн арван мянгаас 20-30 сая төгрөгний үнэ хүрэх нь бий. Тэвхээр дамжиж ирсэн долгион нүүрний царыг чичрээнэ. Нүүрний цараас доторх тулгуураар дамжиж арыг чичрээнэ. Ар, нүүр хоёрын хооронд дууны долгион хэлбэлзэж, резонанс үүсэн долгионы хүч нэмэгдэж Латин F үсгийг санагдуулам нүхээр гадагшилдаг.

 Материал

Морин хуурын ишийг хус эсвэл халуун орны хатуу модоор хийдэг бол царыг дууны долгионы чичирхийлэлд зориулж гацуур, нарс мэтийн зөөлөн модоор хийдэг. Европын хийл хөгжмийн царыг гацуур модоор хийх технологийг Морин хуурд нэвтрүүлжээ. Царыг хийх модны хээг ажиглавал хар ба цагаан зураас алагласан байдаг. Хар зураас нь өвөл ургасан, цагаан нь зун ургасан модны өсөлтийг илэрхийлнэ. Хийл хөгжим хийхэд хамгийн тохиромжтой гацуур мод Балканы хойг, Австри, Чех, Италийн хойд хэсэг гэх мэт зөөлөн уур амьсгалтай нутагт ургадаг ажээ. Харин Монголын гацуур “хулс ихтэй” буюу өвлийн ургацын хар зураас нь бүдүүн, хатуу байдаг ба энэ нь Морин Хуурандаа илүү тохиромжтой байдаг аж. Нутаг нутгийн хөгжмийн зэмсэг нь хүртэл нутгийнхаа материалд илүү тохирсон онцлогтой байгаа нь сонирхолтой.

 

Монгол аялгуу

Морин хуурын эгшиг талын салхины исгэрээн, морины төвөргөөн, уртын дуу, биелгээний татлага зэрэгт сайхан зохицсон, жинхэнэ Монгол ахуйгаас үүдэлтэй хөгжмийн зэмсэг билээ. Морин хуурын дуугаралтын онцлог нь барууны сонгодог хөгжмийн зэмсэгтэй харьцуулбал техникийн хийц, материал болон тоглолтоосоо хамаардаг аж. Хуучин цагт арьсан монгол гутал дээр тавьж, завилж суугаад тоглоход чичиргээнээс гарсан дууны долгионы зарим хэсэг нь гутлын арьс, эсгий гадаргууд шингэж, зөөлөн таатай өнгө гардаг байсан гэдэг.  Монгол гэр агаарын босоо урсгалтай, хаалга хаяагаар агаар ороод тооноор гадагшилдаг. Ийм онцлогтой, жижиг талбайтай орчинд ширэн цартай хуурын хүнгэнэсэн өтгөн дуу маш сайхан сонсогддог

 Уламжлалыг сайжруулахын учир

Морин хуурын бас нэгэн онцлог нь багц хялгаснаас бүрдсэн утастай. Харьцуулбал хийл хөгжмийн утаснууд тус бүр нь нэг л төмөр утас байдаг. Ямарваа хөгжмийн зэмсэг дуугарахад үндсэн эгшгээс гадна дагалдах төрөл бүрийн шуугиан ялгарч байдаг. Тэр дагалдах шуугианыг бага байлгах нь чухал гэж сонгодог хөгжмийн ертөнцөд үздэг байна. Жишээлбэл хийл хөгжмийн хувьд “Ля” эгшиг дангаараа чанга дуугарч бусад шуугиан огцом багасах буюу экспоненциалаар буурдаг. Гэтэл Морин Хуурын хувьд үндсэн эгшиг тод дуугарсан ч дагалдах шуугианууд харьцангуй тод бөгөөд экспоненциалаар биш бараг шулуун шугамаар алгуурхан багасдаг байна. Энэ нь олон шуугиан холилдсон “бохир” мэтээр ойлгогдох боловч сонсоход “өтгөн”, илүү амьд байдаг. Энэ нь нэг талаасаа багц хялгасан утастай Морин Хуурын онцлог, нөгөө талаасаа хөгжмийн зэмсэгийн хийц, нүүр, арын хөглөлт зэрэг нь бүрэн төгөлдөржөөгүй, хөгжлийн шатандаа явж байгааг илэрхийлдэг юм байна.

 

 Денис Яровой

Ширэн цартай морин хуурыг концертын том зааланд оруулаад ирэхээр түүний онцлог сайхан дуу нь суларч сонсогдохоо байдаг. Дууны долгионы агуурга талаасаа нам гэсэн үг.  Дээрээс нь ширэн цар чийг, халуун, хүйтний нөлөөгөөр агшиж сунадаг. Ингэхээрээ хөг алддаг. Концертын зааланд, халуун орон, чийгтэй уур амьсгалтай газар хуучин ширэн цартай морин хуурын тааламжтай сайхан эгшиг гарахгүй гэсэн үг юм.

Морин хуурыг орчин үеийн хөгжмийн зэмсэг болгох зорилгоор арьсан царыг халж, хийл хөгжмийн жишгээр модон цартай болгох ажлыг Зөвлөлтийн их мастер Денис Яровой 1960-аад онд хийсэн байдаг. Ингэснээр Морин Хуур хөгжлийн шинэ шатанд гарч, дэлхийн хөгжим болох эхлэл тавигджээ.

Чибулаг

Өвөр Монголын алдарт Морин Хуурч Чи Булаг гуай морин хуурын хөгжилд чухал нэгэн алхмыг санаачилж хэрэгжүүлжээ. Хуурын багц хялгасан утсыг адууны сүүлээр хийж ирсэн нь яах аргагүй Монгол ахуй соёлыг илэрхийлдэг билээ. Гэвч Морин хуур өдгөө дэлхийн хөгжим болж, Япон зэрэг чийглэг уур амьсгалтай орон нутагт тоглоход адууны “амьд” дэл сүүл агшиж сунан, хөг алдаж гайхамшигт эгшгээ гаргаж чадахгүйд хүрдэг байна. Иймд цаг уурын нөлөөлөлд орохдоо бага нийлэг сатуркан материал ашиглах санааг дэвшүүлж, олон төрлийн материал туршиж, тохиромжтой шийдлийг олсон байдаг. Ингэснээр Морин хуурын дуугаралт нэгэн шатаар урагшилжээ.

 Эрнст Кладни

18-р зууны физикч бөгөөд хөгжимчин Эрнст Кладнийг акустикийн эцэг хэмээн заримдаа нэрлэдэг. Тэрээр янз бүрийн хийн агаарт тархах хурдыг тооцоолж, чичирхийллийн нөлөөг металл хавтан дээр судалж байжээ. Сонирхолтой нь тэр бас сансрын сүүлд одны судалгааг шинэ төвшинд гаргаж тавьсан эрдэмтэн юм байна.

1787 онд түүний бичсэн “Дууны онол” хэмээх номонд металл хавтан дээр багахан элс тараагаад дууны долгионоор чичирхийлэл үүсгэхэд хавтангийн зарим хэсэгт элсэн ширхэг муруй шугам үүсгэн бөөгнөрч байгааг анзаарчээ. Энэ үзэгдлийг хөгжмийг зэмсгийн царыг хөглөхөд ашиглаж туршжээ. Ингэхэд зөв хөгтэй хийлийн нүүрний хавтан дээр элсний ширхгүүд тэгш хэмтэй, зөв хэлбэртэй муруй шугам үүсгэн бөөгнөрдөг байна. Үүнийг Кладнийн арга хэмээн нэрлэдэг. Зарим урлаачид болон судлаач нар энэхүү аргыг хөгжмийн зэмсэгийн царыг хөглөхөд ашиглаж болно гэж үздэг.

Кладнийн энэхүү үзэгдэл нь урлаачийн гарын ур, үзэгдэхүйн гоо сайхан, дууны долгионы физик шинж чанар, чичирхийллийн давтамж, хөгжмийн зөв эгшиг, хүмүүний гоо сайханы мэдрэмж зэрэг нь угтаа нэг буюу урлагийн гоо сайхан, инженерийн тооцоо хоёрын хооронд нийтлэг чанар байдгийг илэрхийлсэн гайхамшигт үзэгдлүүдийн нэгэн жишээ ажээ !

(Гитарын цар дээр янз бүрийн эгшиг буюу давтамжтай дууны долгионы үүсгэх Кладнийн муруй )

Монгол шинэчлэл

Кладнийн энэхүү аргыг ашиглан Морин хуурын хөгийг сайжруулах судалгааг СУИС-ын доктор О.Баттөгс, ШУТИС-ын доктор О.Батэнх, С. Соронзонболд, Ц. Баатархүү, Б. Нэргүй нарын эрдэмтэд болон хуур хөгжмийн урлаач Б.Энхболд, Д.Түвшинтөр, Д.Уламбаяр, П.Байгалжав нарын хамтаар хийжээ. Тэд мөн хийл хөгжмийн цараас гарах дууг хамгийн хүчтэйгээр гадагшлуулдаг сонгомол хэлбэр Форте буюу Латин f үсгийн хэлбэртэй “нүх”-ийг монгол бичгийн үсэг, нум сумын хэлбэртэй болгож туршсан байна. Монгол үндэсний хөгжмийн зэмсэг болох морин хуур зэмсгийн эгшиг дуурьсал, түүний онцлогийг физикийн үүднээс судалж, цахилгаан дохионы үзүүлэлтийг тодорхойлох, эд анги, царны хөглөгөө, хийц, нумын барилаас шалтгаалан эгшиг дуурьсал нь хэрхэн өөрчлөгдөж болохыг судалж, мэргэжлийн морин хуур зэмсгийн урлалд инноваци шинэчлэл хийхийг тэд зорьжээ.

Монголын нэрийг дэлхийд дуурсгаж буй үндэсний хөгжмийн энэхүү гайхамшигт зэмсэгийг төгөлдөржүүлэх зорилгоор физикийн эрдэмтэн, хөгжимчин, хөгжим урлаачдын хамтарч сайн дураараа эхлүүлсэн энэхүү судалгааны ажлыг төр албан ёсоор төсөв гарган өгч дэмжээсэй.

 Дэлхийн хөгжим

Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг морин хуур өнөөдөр дэлхийн хөгжим болжээ. Тэр хэрээр Монголын соёл дэлхийд танигдаж, монгол үндэстний дархлаа улам бэхжинэ. Морин хуур цаашдаа ардын ба сонгодог гэсэн хоёр чиглэлээр хөгжихнээ. Ардын сайхан уламжлалт хуураа Монгол ахуйн нөхцөлд тоглож, төгөлдөржүүлэн хөгжүүлж буй хуураа дэлхийн тайзнаа тоглоно гэсэн үг. Морин хуур хэмээх үндэсний “судалгааны объект” дээрээ монгол инженерүүд, эрдэмтэд маань төвлөрч ажиллах хэрэгтэй юм байна.

 

Сэтгэгдэл бичих

    • зочин
    • 2019-09-15

    дээд ѳнгѳѳ яахав гаргадаг. чибулаг доод ѳнгѳ доошоо гаргахгүй хийл шинжтэй болгосон доо

    • зочин
    • 2019-09-15

    дээд ѳнгѳѳ яахав гаргадаг. чибулаг доод ѳнгѳ доошоо гаргахгүй хийл шинжтэй болгосон доо

    • зочин
    • 2019-09-15

    дээд ѳнгѳѳ яахав гаргадаг. чибулаг доод ѳнгѳ доошоо гаргахгүй хийл шинжтэй болгосон доо

    • зочин
    • 2019-09-15

    дээд ѳнгѳѳ яахав гаргадаг. чибулаг доод ѳнгѳ доошоо гаргахгүй хийл шинжтэй болгосон доо

arrow icon