Нийтлэл 09 сарын 10, 2019

“Уурхайн хаалт” гэдгийг томоор харж, томоор бодъё

Уурхайн хаалт, нөхөн сэргээлт гэдгийг томоор харж, томоор бодоцгооё.

Яагаад гэж үү ?

Одоо юм өөрчлөгдсөн. Таны илрүүлсэн ордыг ашиглахын тулд та  нийгмийн лиценз (social license to operate) гээч юмыг авах хэрэгтэй болоод байна. Нийгмийн лиценз гэдэг нь бодит, хууль ёсны тусгай зөвшөөрөл биш, гарын үсэг цуглуулсан цаас биш харин төсөл хэрэгжүүлж нутгийн иргэн, олон нийттэй хийж чадсан аман тохиролцоо юм.

Хуучин цагт болох бага зардлаар их нөөц олборлож их ашиг олохыг хүсдэг байсан. Тэр явдлаас чинь л болж уул уурхайн салбарын нэр хүнд газар шороонд хутгалдчихаад байна. Ашигт малтмал хайх, ашиглах лиценз олгохдоо орон нутгаас санал аваад хэдийг зөвшөөрсөн билээ? 10/100-ийг зөвшөөрсөн байх аа?

Яагаад гэж үү?

Нөхөн сэргээдэггүй явдлаас болж нутгийн иргэд хаширсан байна.

Уурхай эхлэхийн өмнөх худлаа амлалтуудад нутгийн иргэдийн итгэл алдарсан байна.

Байгаль орчны асуудал дээр дөрөөлсөн поопчид, шантаажчид олширч мэргэшсэн байна.

Уурхайчин болон нутгийн иргэд, олон нийт хоорондын итгэлцэл алга болжээ.

Ийм нөхцөлд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэж үү?

Хүссэн ч, хүсээгүй ч уурхайгаа эхлэхээс өмнө уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага гараад байна. Энэ нь их зардал мэт харагдавч үнэндээ уул уурхайн салбарын үр өгөөжийг нийтэд таниулж, орон нутгийн иргэд, олон нийтэд итгэл төрүүлэх юм.

Яагаад гэж үү?

1-рт Ямар янзын уурхай ажиллуулж дараа нь буюу төгсгөлд нь ямар янзын газар нутаг үлдээх гэж байгаа тухайгаа тодорхойлж түүнийгээ хэрэгжүүлэх ухаалаг арга замуудыг төлөвлөж төр, нутгийн иргэд, олон нийтэд танилцуулах хэрэг гарч байна.

2-рт Том төсөл хөдөлгөж, том уурхай ажиллуулахын тулд та нар минь том мөнгө зээлнэ шүү дээ.Том мөнгө зээлдэгч нар мөн л адил;

Байгаль орчныг яаж хамгаалах?

Байгаль орчны сөрөг нөлөөллийг яаж бууруулах?

Нийгмийн сөрөг нөлөөллийг яаж бууруулах?

Уурхайгаа хэрхэн хааж, нөхөн сэргээх?

Уурхай хаагдах үед тухайн бүс нутагт бий болсон нийгэм эдийн засгийн өсөлтийг хэрхэн тогтвортой байлгах?

гэсэн том асуултуудыг асууж хариулт авч зээлсэн мөнгөнөөсөө дээрх арга хэмжээнүүдийг авахыг шаардаж байгаа юм.

За тэгээд томоор алсыг харж дээрх асуултуудад системтэйгээр хариулт гаргаж ирэх Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гэдэг том төлөвлөгөө боловсруулж тааралдсан болгондоо танилцуулж, дараа нь хэрэгжүүлж үзүүлснээр тэр нийгмийн лиценз гэж итгэл төрсөн хүмүүсийн ам дамжин яригдах танай уурхайн нэр хүндийг өсгөх цуу яриаг би болгох юм шүү дээ.

Энэ бүхнийг төлөвлөнө, хийнэ, хэрэгжүүлнэ гэдэг амар хялбар биш тул дэвшилтэт технологи, инноваци, ашиглахаас гадна 10, 20, 30 жилийн дараах танай уурхайн ирээдүйг харж төлөвлөж бас гүйцэтгэж чадах мэдлэг ур чадвар сайтай мэргэшсэн инженер, мэргэшсэн мэргэжилтнүүдийг ашиглах хэрэг гарч байна.

МБОМХ

Д.Өлзийбаяр

Сэтгэгдэл бичих

arrow icon