НАДАД АСУУЛТ БАЙНА: Иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулга мөн чанарыг ойлгож байгаа юу?

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах, хэлэлцүүлэх гэж бөөн юм болсоор хэд хоногийн өмнө УИХ-аар хэлэлцэгдэж зарим нэг чухал, ач холбогдол бүхий заалтууд дэмжигдлээ. Гэтэл гуравдугаар хэлэлцүүлгээр эрх баригчид гэнэт "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээсээ асуунаа!" гэлээ. Би ард иргэдийн санал, асуулга явуулахыг зөв шийдвэр гэж бодохгүй байна.
Асуулгыг яг ямар хэлбэрээр явуулах эсэхээс их зүйл шалтгаална. "Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй бол 1-ийг дугуйл" гэвэл олонхи нь "Дэмжихгүй" гэж хариулах нь ойлгомжтой.
Нөгөөтэйгүүр, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн утга агуулга, мөн чанарыг иргэдийн дийлэнх нь ойлгоогүй байна. Би ард иргэдээ юм ойлгодоггүй гэж байгаа юм биш л дээ. Угаасаа #ҮХНӨ -ийн агуулга, утга санаа нилээн ээдрээтэй, хуульч мэргэжилтэй надад хүртэл хуулийн заалтын цаад утга санаа, агуулгыг ухаж ойлгоход амаргүй байгаа. Гэтэл  долоон буудлын Должин эмээд тэр нарийн ширийн зүйлийг хэн нэгэн нь тайлбарлаж өгсөн үү, ингэхэд?
Ард нийтийн санал асуулга тэр бүр эерэг үр дүн авчирдаггүй. Англичууд Европын холбооноос гарах эсэх талаар ард иргэдээсээ Brexit гээд санал асуулга явуулчихсан чинь 51,9% нь гарахыг дэмжчихсэн. Одоо гарах дээрээ тулсан чинь эх захгүй хэрүүлд умбасан, улс төрийн хямралд ч хүрч магадгүй байдалтай байна.
Ард иргэдийн 70% нь амьдралын чанараар чинээлэг, эсвэл дундаж хэмжээний түвшинд хүрээгүй бол бүх сонгууль, санал асуулгын дүн худал байдаг гэж Сингапурын эцэг Ли Куан хэлж байсан байдаг.
Биднээс "Нийслэлд бүсчлэлтэй болоё" гээд санал хураахад 65% нь "Үгүй!" гэж хариулж байх жишээний. Тэр 65% нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулсан нөхөд. Бид ийм л сонирхлын зөрчилтэй хүмүүс.
Бид чинь сонгууль болохоор саналаа зарчихдаг увайгүй хүмүүс шүү дээ. Биднээс ийм чухал зүйлийг асууна гэдэг тун эрсдэлтэй алхам.
Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэж сүүлийн хэдэн жилд судалгаа, хэлэлцүүлэг гэж татвар төлөгч бидний хэдэн зуун сая төгрөг зарцуулав?

Одоо ард түмнээс санал асуулга авах гэж дахиад хэдэн тэрбумыг үрэн таран хийх гэж байна. Энэ УИХ өөрөөсөө галыг зайлуулах гэж, хариуцлагаас зугтах гэж ард түмний санал асуулга гэгч рүү зүтгэж зальдаж байна.
Иймд энэ УИХ ҮХНӨ батлаад, чадахгүй бол санал асуулга гэж домбооролгүй больчихмоор байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5142

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%