Нийтлэл 09 сарын 11, 2019

ҮХНӨ-ийн эхийг Ард нийтийн санал асуулгад оруулах шийдвэрийг УИХ гаргалаа

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хуралдаанаар  Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

 Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр найруулгын өөрчлөлт оруулахаар санал гаргасан.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, А.Сүхбат нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэснийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ саналын томьёоллын цаана эдийн засгаа боомилох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх, тэдний үйл ажиллагаанд хязгаар тавьсан асуудал үүсэх эсэх, дийлэнх гэдгийг хэдэн хувь гэж ойлгохыг илүүтэй тодруулж байлаа. Мөн стратегийн ач холбогдол гэдгийг эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий орд газар, эсвэл эрдсийн нөөц орд гэж өөрчлөх, улмаар Үндсэн хуульд гадаад үг оруулахгүй байхад анхаарах гэсэн саналуудыг хэлж байв.

    Түүнчлэн  төслийн 3 дугаар зүлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайлан” гэж өөрчлөх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр найруулан өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 93,3  хувь нь тус тус дэмжив.

    Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын хороонд шилжүүллээ.

    Үргэлжлүүлэн “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

    Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 11-ни өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн  тусгажээ.  Түүнчлэн Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.

    Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 98,3 хувь нь  дэмжлээ.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ард нийтийн санал асуулгын  зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг гишүүдэд анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

arrow icon