Жинхэнэ төрийн далбаа зүрхэнд намирдаг

Машинд мөргүүлээд тархи нь хагарч цусаа урсгасаар зам хөндлөн мөлхөж байгаа хүнд хэн ч тусламж үзүүлэлгүй удсан талаар саяхан бид нийтээрээ сонсож зэвүүцсэн. Үхэж байгаа хүнд туслахаас төвөгшөөж тойрон одсон монгол жолоочийн салоны урд хамар дээр буян хураах хүрд эргэлдэх. Тэр тэнэг өөрийгөө их буян номтой гэж төсөөлөх. Алтлаг гялгар цаасаар бүрсэн хуванцар дамар донсолгоонд доргиж эргэх бүрд буян заяа нь арвижиж байна хэмээн сэнхрэх. Эрээнд үйлдвэрлэж, Нарантуул зах дээр зарагддаг тэрхүү цилиндр хэлбэртэй полэтелин хуванцар дамарт хэн нэгэн тоомжиргүй хандвал тэр жолооч буян номгүйг нь гайхаж, уурлаж, үзэн ядаж бүр үхвэл таарна хэмээн хараадаг. Үнэн хэрэгтээ түүний тэр хоосон маяг, толиндоо өлгөсөн хадаг яндар, маанийн үсэг нь хэлбэр төдий зүйл бөгөөд үхэж байгаа хүнд туслахаас төвөгшөөсөн тэр өөрөө бол хар нүгэлтэн. Хуванцар дамар нь түүнийг нүглээс гэтэлгэж чадахгүй. Яг ижил хөгийн хуванцар эдлэл харин зовсон хүн амьтанд тусалдаг чин сүсэгтний гарт ирэхээрээ утга учиртай болох...

Зурагтаар энэ мэдээг сонссон хүмүүс баахан зэвүүцсэн. Гэтэл зэвүүцэж байгаа тэдний ихэнх нь яг л адилхан хувиа бодсон бэртэгчид. Өчнөөн олон явган зорчигчид, машинууд явж өнгөрсөн ч туслах хүн олдоогүй юм гэсэн. Тэгэхээр манай нийгмийн олонх ийм араншинтай байна гэсэн гунигтай дүгнэлтийг хийж болох нь.

70% полиэстер, 30% хөвөн даавууны хольц бүхий материалаар оёж, боронзтой утсаар соёмбо дүрсэлсэн дөрвөлжин даавуу бол төрийн далбааны илэрхийлэл. Түүнийг хүмүүс наадмын үеэр олноор нь Эрээнээс авч ирээд хийсгэж баярлаад хогийн саванд хаядаг. Засгийн газрын нээлттэй өдрөөр бас талбай дээр баахан тарааж намируулаад дараа нь хогийн саванд хаядаг. Зарим нь борлогдож дуусалгүй Эрээндээ үлдээд нэгэн хятад айлын жорлонд шидэгдэнэ, сайнаар бодоход зууханд шатна...

Жинхэнэ төрийн далбаа зүрхэнд намирдаг. Түүнийг маань хайр найргүй урж тасдан, нулиман доромжилж байгаа улстөрчидийг бид өнө удаан жил тэвчиж, толгой дээрээ суулгаж, үр хүүхдийг нь хүртэл удам дамжуулан төр өөд залж байна. Монгол төрийг самарч байгааг бид зүгээр л харсаар сууна. Бидний энэ бэртэгчин хоёр нүүртэй араншин яг л нөгөө цусаа урсган мөлхөж байгаа хүнд туслахын оронд эвтэйхэн тойрон өнгөрөх жолооч мэт. Амьд хүнд тусалж буян үйлдэхээс зайлсхийчихээд хуванцар дамраар өөрийгөө буянтай боллоо хэмээн хуурах жолооч мэт. Монгол төрийн сүлд хийморийг доромжилж байгаа улстөрчдийг үл анзаарсан хэрнээ түүний өнгөн илэрхийлэл болсон дөрвөлжин даавууг илүү чухалд тооцох. Хоржоонтой нь төрийг доромжилж буй нөгөө этгээдүүд нь төрийн бэлэгдэл далбааг хамгийн өндөрт өргөн хайртай дуртай гэж олны өмнө зарлах.

Та бидний энэ бэртэгчин байдлыг харуулж, цочроо өгөхийн тулд сэтгүүлч залуу төрийн бэлгэдэл далбааг урж таслав хэмээн бодно.

Төрийн жинхэнэ далбаа монгол хүний сэтгэл зүрхэнд бий, түүнийгээ тасар татан хаях төрийн хулгайчдаас хамгаалахтун! Тэрхүү нэвтрүүлгээр гарсан хулгайч 1, 2, 3, ...Х-аас. Хуванцар дамар эргүүлж буян хийлээ хэмээн сэтгэхийн оронд хөл доор чинь хэвтээд тусламж гуйж байгаа амьд хүнд туслахтун!

 Нүүр зургийн эх сурвалж: wikimon.mn


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4876

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%