С.Мандахбат: Үндсэн хуулийн 6.2-т орох нэмэлт, өөрчлөлт батлагдвал Монгол уул уурхайн салбаргүй болно

Хуульч , өмгөөлөгч  С.Мандахбаттай ярилцлаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг УИХ хууль зөрчин явуулж байна гэж та үзэж байгаа бололтой. Ямар үндэслэлээр тэгж үзэх болов?

 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах, санал авах, хэлэлцэх үйл ажиллагаа бүхэлдээ маш олон хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон. Хэрэв гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлвэл Үндсэн хуулийн цэцэд олон хуульч, иргэд мэдээлэл, өргөдөл гаргах л болох байх даа.

 Нөгөө талаар, уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдвал уул уурхай салбар Монголд байхгүй болно. Та энэ зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлт хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарсан уу?

 Үгүй юм байна. Байгалийн баялаг төрийн өмч үү, нийтийн өмч үү, төрийн нийтийн өмч үү гэсэн маргаан л их яваад байх шиг байсан. Хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

 УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ганц өгүүлбэр нэмэхээр л байсан нь “Байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс,  үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална.” гэсэн өгүүлбэр.

 Харин Ерөнхийлөгчийн саналд энэ 6.2 дахь хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал орсон. Хуулийн төсөл боловсруулах нь нарийн арга техник, өндөр ур чадвар шаарддаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 4.1.2-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл“ гэж хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг хэлнэ” гэж заасан байдаг. Өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулах ёстой төсөл нь мэргэжлийн бус хүн битгий хэл тусгайлан мэргэшсэн хуульчид ч ойлгохооргүй нэг заалт дотор 8 өгүүбэр оруулсан дур зоргоор бичигдсэн байсан л даа.

 Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнө хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Засгийн газраас саналыг нь заавал авах ёстой. 2017 оны дундуур өмнөх Ерөнхийлөгчийн (Ц.Элбэгдоржийн) Тамгын газрын даргын төсөлд өгсөн саналыг УИХ-ын цахим хуудсанд оруулсан байсан. 2019 оны зун төслийг өргөн мэдүүлэхийн өмнө нэр бүхий 62 гишүүн нь 2017 оны 7 дугаар сард сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг авалгүйгээр өргөн мэдүүлсэн нь энэ бүх бантангийн эхлэлийг тавьсан. Ингээд УИХ нь Ерөнхийлөгчөөс аваагүй саналаа нөхөж авах гэж оролдсоноос анх өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлал, зарчим бүрэн алдагдсан.

 Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэг нь Ерөнхийлөгчийн санал орж ирсэнээр хэрхэн өөрчлөгдсөн юм бол?

 Өргөн мэдүүлсэн төсөлд байгалийн баялаг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс,  үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримталья л гэж байсан. Харин Ерөнхийлөгч 8 өгүүлбэрээрээ зарчмын цоо шинэ хэд хэдэн саналыг нэг заалт дотор тусгахаар оруулж ирсэн:

Нэгдүгээрт, байгалийн баялаг бол нийтийн өмч мөн,

хоёрдугаарт, онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялаг гэх ойлголт, гуравдугаарт, орд ашиглах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах,

дөрөвдүгээрт, татварын дараах ашгийн тавин нэгээс доошгүй хувь нь төрд ногдох,

тавдугаарт, баялагийн сан.Энэ саналууды Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу бол хэлэлцэх ёсгүй байсан юм. Хэрэв хууль баримталсан бол байгалийн баялагийг ашиглахдаа хууль санаачлагчийн санал болгосон 4 зарчмаас хасах, өөрчлөх, эсхүл шинээр зарчим нэмэх эсэх гэсэн асуудлыг л хэлэлцэж болох байлаа. УИХ дээр Ерөнхийлөгчийн гаргасан санал болон зарим поп улс төрч гишүүдийн энэ мэт саналыг хэлэлцээд 6.2 дахь хэсэг маань тэс өөр агуулгатай болсон. Ерөнхийлөгч долдугаар сард өргөн мэдүүслэн санал, төслөө хоёрдугаар хэлэлцүүлэг хийгдсэний дараа 2019 оны есдүгээр сард өөрийн гаргасан бүх саналаа татлаа гэсэн албан бичиг УИХ-д өгсөн тул Ерөнхийлөгчийн гаргасан санал гэж одоо бол хэлж болохооргүй болсон. Гэхдээ энэ санал хэлэлцүүлгийг нэлээд өөр чиглэлд хандуулчихсан.

 Байнгын хороо, УИХ-ын чуулган дээр хэлэлцээд энэ заалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

 Байгалийн баялаг ”төрийн өмч” гэснийг “төрийн нийтийн өмч” болгож өөрчлөх, газрын хэвлийн баялагийн үр өгөөжийг баялагийн  санд төвлөрүүлэх, газрын хэвлийн баялагийг  ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэн мэдэх эрх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоох гэсэн дөрвөн өгүүлбэр нэг заалт дотор байгаа.

 Эндээс гурван зүйл нь шинэ биш зүйл л дээ. Байгалийн баялаг төрийн өмч, эсхүл нийтийн өмч, эсхүл төрийн нийтийн өмч гэсэн маргаан хангалттай явсан. Баялагийн сангийн хувьд “Хүний хөгжлийн сан” гэж байгаад 2016 оноос “Ирээдүйн өв сан” гэдэг нэртэй болсон бие даасан хуультай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 1998, 2012 гээд онуудад батлагдсан иргэд энэ үнэлгээг угаасаа үзэх бүрэн эрхтэй, цахим хуудсанд тавиад одоо ч нээлттэй үзүүлэх боломжтой, шаардлагатай.

 Харин хамгийн сүүлийн үр өгөөжийн дийлэнх гэсэн өгүүлбэр нь Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь чирж унагах аюултай заалт болоод байгаа юм.

 “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн өгүүлбэр  Монгол Улсын Үндсэн хуульд орсоноор ямар үр дагавар гарна гэж та бодож байгаа юм?

 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн санааг анх Б.Чимид гуай гаргаж байсан байдаг юм. Яагаад гэвэл уул уурхайн салбараас орж байгаа асар их баялагийн төлөөх дайн, их мөнгөтэй холбоотойгоор Үндсэн хуулийг дур зоргоороо өөрчлөх гэсэн хандлага их гарах болсон. Ингээд Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиас тусдаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай гэдэг тусгайлсан хуулийг УИХ-ын гишүүд санаачлан боловсруулж баталсан. Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан, өргөн мэдүүлсэн, хэлэлцсэн процесс нь бүхэлдээ энэ хуулийг хэд хэдэн удаа ноцтой зөрчсөн гэж би үзэж байгаа.

 Дээр дурдсан заалтын хувьд энэ ямар холбоотойг одоо тайлбарлая. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд төсөлд тавих нийтлэг шаардлагыг заасан. Энэ тавьсан хэд хэдэн шаардлагыг 6.2 дахь хэсэгт орсон заалтууд хангахгүй байгаа. Тухайлбал,

1) Монгол Улсын Олон Улсын гэрээнд харшлаагүй тухай болон хэрэв Монгол Улсын олон улсын гэрээтэй зөрчилдөхөөр байвал түүнээс гарах арга замыг тус тус тодорхойлсон байх;

2) Төслийн талаар Ерөнхийлөгч, Засгийн газрын санал авсан байх.

 Нэгдүгээрт, стратегийн ач холбогдол бүхий цөөнгүй ордод гадаадын хөрөнгө оруулалт орсон байгаа, эдгээр хөрөнгө оруулагчийн байрладаг улс орнууд Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай болон бусад хэд хэдэн гэрээ байгуулсан. Энэ заалт анхнаасаа төсөлд өргөн мэдүүлээгүй байсан тул олон улсын гэрээтэй нийцэх эсэх дүгнэлт хийгээгүй;

Хоёрдугаарт, улс орны эдийн засаг, улс төрийн өндөр ач холбогдол бүхий ийм өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгч, Засгийн газрын саналыг авалгүйгээр баталж болохгүй. Ер нь бол салбарынхан, ард иргэд, олон нийтийн саналыг авах ёстой.

 Та ордын үр өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдохыг эсэргүүцээд байгаа юм уу?

 Мэдээж үгүй. Гэхдээ юм ойлгомжтой, тодорхой, бас хэрэгжүүлж болохуйц байх ёстой. Энэ заалт батлагдсан тохиолдолд ямар ч байсан нарийвчилсан зохицуулалтыг тодорхойлсон бие даасан хууль батлагдахаар байна. Энэ хууль ямар байх нь маш ойлгомжгүй, олон эргэлзээтэй зүйлийг бий болгоно.

 Дийлэнх гэж яг хэдэн хувь бэ? 50+1, эсхүл 2/3, эсхүл 75% гэсэн эхний маргаан үүснэ. “Үр өгөөж” гэдэг нь өөрөө хувьцааны хувь, ногдол ашиг, татварын хувь гэдэг шиг тогтчихсон, нэгдсэн ойлголт болоогүй. Үүнийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй. Үр өгөөж нь дийлэнх болохгүй байна гээд өөрийгөө эдийн засагч гэсэн хүн бүр Үндсэн Хуулийн Цэцэд маргаан үүсгэх боломж гарч болзошгүй. Цэц тэгээд тооцоо хийгээд сууж байх уу.

 “Стратегийн ач холбогдол бүхий орд” гэдэг ойлголт Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Үндсэн хуульд байгаа ойлголтоо тодорхойлох уу. Монгол Улсын Үндсэн хуульд орсон анхны гадаад нэр томьёо энэ болох гээд байна.

 Үр өгөөжийг ямар хугацаагаар тооцох вэ? Томоохон ордуудын ашиглалт өөрөө 30-аас дээш жил байдаг. Ордын техник, эдийн засгийн тооцоолол бол урт хугацаанд хийсэн цэвэр таамаг, Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ яаж ч өөрчлөгдөж болно, техник технологийн өөрчлөлт ч байнга хийгдэж байна. Энэ өөрчлөлтийг дагаад үр өгөөж байнга л өөрчлөгдөнө. Уул уурхай өөрөө эхний 10-15 жил маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаад үр өгөөжөө өгч эхлэх буюу хөрөнгө оруулалтаа нөхөж эхэлдэг. Үр өгөөж бол цэвэр таамаг төдий зүйл бөгөөд уурхай бүр хаагдсаны дараа л үр өгөөжийг бодитой тооцоолох боломжтой болно шүү дээ.

Энэ ойлгомжгүй заалт Монгол Улсын Үндсэн хуульд орох юм бол гадаадын төдийгүй дотоодын ч бүх хөрөнгө оруулагчид уул уурхайн салбараас бүрэн гарч явна. Гадаадын хөрөнгө оруулагчид нь нэгэнт оруулсан хөрөнгөө олж авахаар Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу Олон улсын арбитр, шүүхийн байгууллагад хандаад оруулсан хөрөнгөө нөхөн төлбөр хэлбэрээр авчихна.Үр дагаварт нь уул уурхайн салбар бүрэн зогсоно, манай эдийн засаг дийлэхийн аргагүй олон жил үргэлжилсэн хямралд орно л гэж би харж байна.

 Танд баярлалаа.

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%