Нийтлэл 11 сарын 01, 2019

OPINION: Юунд инээж байгаагаа сайн шинж

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн бөгс базаж бэлгийн дарамт учруулсан гэх мэдээ Солонгосын эх сурвалжуудаар гарч, Монголд бол үгүйсгэх, няцаах мэдээнүүд гараад байна.

Энэ үйл явдлын үнэн худлаас илүү энэ сэдэв дээр хүмүүс хэрхэн риакцалж байгааг хэсэг харлаа. Янз янзын онигоо их бичиж байна. Нэг хэсэг нь хүний нутагт нэр баасдаж байхаар Монголдоо монгол хүүхнийхээ өгзгийг базахгүй яасан юм гэнэ. Хоёр дахь хэсэг, онгоцны үйлчлэгч нар бөгсгүй байвал таарах байсан юм гэх мэтээр нөгөө л танил хохирогчийг буруутгадаг зангаа гаргаж харагдана. Бас нэг хэсэг эрэгтэйчүүд стюардесс эмэгтэйчүүдийн араас авсан зураг оруулж байгаад ийм бөгс базахдаа яахав дээ гэхчлэн эмэгтэй хүний бие галбир доромжлох боломжийг алдахгүй байна.Үүнээс гадна бас нэг хэсэг бол бөгс ийм, бөгс тийм гээд энэ үг сэдэв болсонд учиргүй хөөрч назгай шалиг онигоо бичих чадвараараа уралдаж байна.

Тэр Монголдоо баз гээд байгаа гарууд, ялангуяа хүүхнүүд өөрсдийгөө битгий доромжил. Яагаад хүний хүн өөрсдийгөө хамгаалж бхад өөрсдийгөө, өөрсдийнхөө эмэгтэйчүүдийг доромжлоод бга юм бэ? Хоёрт, бөгстэй болохоор базуулчихлаа гэх маягаар буруутгаж байгаа хүмүүс бол хүнд алуулсан хүнийг амьтай болохоор алуулж гэж хэлж мэднэ. Гуравт, хүний бие галбир доромжлох бол хэзээ ч хүссэн хүүхнээ найрч үзээгүй эрэгтэй хүний авч чадаагүй юмаа муулж тайвширдаг тайтгарал байх. Тэр сүүлийн бүлэг буюу ёс суртахуун, хэм хэмжээний ямар ч асуудлыг хоёрдугаар сувагт наагаад маазарч байдаг хүмүүс.

Инээд ер нь даган баясах мулгуу амьтанлаг инээд буюу мааз, оюун ухаанаар егөөдөх ёгт инээд гэж хоёр янз байдаг бололтой. Сүүлийнх нь муу муухайг ичгүүрлэх, нийгмийг эмчлэх хамгийн том зэвсэг байдаг бол эхнийх нь яг эсрэгээрээ, өөгшүүлж нормалчлах маягтай. Юун дээр инээнэ, түүнийгээ хураана.

Ер нь модерн гэдэг хүний адгуус, амьтны инстинкт, эсвэл амин хувийн эрх ашгийг нийгмийн шинжтэй харилцаанаас ялгаж салгах явц гэж олон бичиж байна. Манайх гэтэл хамаг юманд сексуал буюу үржих, эвцэлдэх инстинктээ заавал хутгадгийг ажиглаж болно.

Хүний нүүр царай сайн сайхан агшин, бүр өөрийнхөө хүндтэй хүмүүсийн зургийг оруулаад цаад хүнээ хүндлэхгүй юу яалаа гэх мэт шар тайлбар бичнэ. Ёс суртахуун, хэм хэмжээний асуудал сөхөгдөж байхад амьдралдаа бөгс үзээгүй мэт өлөн онигоонууд бичнэ. Бүх юмаа бөгсөндөө уядаг нийгэмд толгой байх уу?

Ер нь тэгээд эмэгтэйчүүд, залуу үеэс соёлт нийгмийн байх л ёстой хэм хэмжээ ярихаар хүлээж авахгүй, эсвэл феминаци г.м элдэв янзаар цоллож пээдийгээд үхширсэн соёлдоо салхи оруулдаггүйн гор нь хуримтлагдсаар байгаад хуульт ёсны манаа байгууллагын тэргүүнд хүртэл тулж шившиг болжээ.

Энэ нь гэхдээ монгол хүн бүгд ийм байдаг гэсэн үг биш. Миний хувьд бол цөөнх дунд байж мэдэх ч маш соёлтой, хүндэтгэлтэй залуучуудтай ажиллаж харилцаж байдагтаа сэтгэл хангалуун байдаг. Эрэгтэйчүүд ийм байхаар эмэгтэй амьтны хувьд хүйсээр татсан гортиг дотор биш human being/оюун ухаант хүний хувьд бүрэн бүтэн амьдрах боломж болдог. Нөгөө талаар эмэгтэйчүүд бид нар ч өөрсдийгөө болоод эсрэг хүйсээ хүндлэх ёстой. Гол нь ийм соёл бүх нийтийн болж хөгжихийн тулд дээр дөрвөн жишээгээр дурдсан шиг сэтгэлгээг хаямаар байна. Дахин хэлэхэд юунд инээж байгаагаа л сайн шинж. Амьтан уу, хүн үү? Адгуусны сүрэг үү, хүний нийгэм үү?

arrow icon