Хүхэрлэг хийн хэмжээ яагаад өсөх болов? (Хоёрдугаар хэсэг)

Хүхэрлэг хий яагаад өсөх болов? нийтлэлийн үргэлжлэлийг хүргэж байна. Өмнөх нийтлэлээр сайжруулсан түлш, автомашины хэрэглээ хүхэрлэг хийг нэмэгдүүлж байгааг тайлбарласан. Энэ удаад эрчим хүчний үйлдвэрлэлээс гарч буй хүхрийн хэмжээг тооцож үзье.

Нийслэл дэх агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг 2015 онд хийсэн ба төрийнхний одоо яриад байгаа тоо баримт нь уг тооллого болон Дэлхийн Банкны Цэвэр агаар төсөл, Улаанбаатарт хэрэгжиж байгаа ЖАЙКА-гийн төслийн дүнд гарч ирсэн тоо баримт юм.

Цахилгаан станцууд:

Бид Тавдугаар цахилгаан станцын шав хэд хэд тавьсан ч өнөөг хүртэл хуучин хэдийгээ додомдон тордож, хүчин чадлыг нь нэмэгдүүлж хөрөнгө зарсаар суугааг хэн хүнгүй мэдэж буй. ДЦС V гээчийг барихгүй байх сонирхол гадаад, дотооддоо хоёуланд нь байдаг бололтой юм билээ.

Улаанбаатар хотод ажиллаж байгаа 2, 3, 4, Амгалангийн станцын 29 зууханд жилдээ 4.8 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа гэж 2017.1.20-нд Ж. Эрдэнбатын Засгийн газраас мэдээлж байжээ. Нээлттэй их сурвалж үндэслэн тооцож үзэхэд 2018 онд дээрх цахилгаан станцууд нийлээд 5.5 сая тонн нүүрс шатаажээ. Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5% өсдөг, мөн ДЦС-2, 3-ын хүчин чадлыг 50, 250МВт-р нэмэгдүүлэхээр төсөл нь хэрэгжиж байгаа. Иймд цаашид ч нүүрсний хэрэглээ өснө. Гэвч энд агаарын бохирдолтой холбоотой нэг анхаарал татах мэдээлэл нь эдгээр станцуудаас гарч байгаа бохирдуулагчийн хэмжээг хэрхэн яаж тооцдог нь ойлгомжгүй хэвээр. Станцуудаас гарч байгаа бохирдуулагчийн хэмжээг хамгийн сүүлд 2015 онд тооцсон байдаг. 

 Багануур ХК 2018 оны үйл ажиллагааны тайланг эндээс харна уу.

Ойролцоо тоо гэдгийг анхаарна уу?

Ялгарлын коэффициент, кг/тонн

Амгалан станц 2015 онд ашиглалтад орсон.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах суурь судалгааны тайланд (2018 он) нүүрс түлж буй эх үүсвэрүүдээс агаарт хаяж буй хүхэрлэг хийн 88% ДЦС-с, 11% (сайжруулсан зуух 55%) гэр хорооллоос, 3% уурын зуухнаас гэж дүгнэсэн байх юм (86-р тал).  Гэтэл Засгийн газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан МХЕГ-с ДЦС-уудаас гарч байгаа утаанд хэмжилт хийж үзэхэд ДЦС-4-с гарч буй SOx хэмжээ MNS5919:2008 стандарт хэмжээнээс 34.9% их,  ДЦС-2-оос гарч буй NOx 11.2%-р их байжээ.  Дээрхийг дүгнээд харахад ДЦС-ууд, ялангуяа ДЦС-4 нь УБ хотын хүхэрлэг хий нэмэгдэхэд томоохон эх үүсвэр болж байгаа юм биш биз? Ямартаа ч цаашдаа ДЦС-уудын үнс баригчийг солих, засвар хийж утаа шүүх чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай аж.

ДЦС-4 хувьд 1990 оны хүнд хэцүү үед гал алдчихгүй, УБ хотыг хөлдөөчилгүй ажиллаж чадсан, УБ-ын дулааны 55%, төвийн бүсийн цахилгааны 58.2%-г дангаар хангадаг социализмын үед баригдсан манай улсын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч юм. Нийт 700 МВт-ын цахилгаан эрчим хүчний, 1373 Гкал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай аж. Багануур, Шивээ овоогийн уурхай үндсэн нүүрс нийлүүлэгчид нь юм

V ангийн өгүүлбэртэй бодлого:

2016 оны тайлангаар 4.8 сая тонн нүүрс хэрэглэсэн бол 2018 онд 5.5 сая тонн болж өсчээ. УБ-ын ДЦС-уудын нүүрсний хэрэглээний өсөлт жилд хэдэн хувь бэ?

ДЦС-4 хэрэглэж буй Багануурын нүүрсний хүхрийн агууламж 0.38-0.45% Шивээ овоогийнх 0.58-0.82% бол нийт хүхрийн хэмжээ хэд вэ?

УБ хотын ДЦС-ууд 2015 онд 5.1 сая тн нүүрс хэрэглэж 11.9 тн хүхэрлэг хий ялгаруулж байсан бол 2018 онд 5.5 сая тн нүүрс хэрэглэж ялгаруулсан SO2 хэд вэ?

Шивээ овоогийн хүрэн нүүрсний чанарын үзүүлэлт эндээс харна уу.

Уурын зуух:

Улаанбаатар хотын хэмжээнд 3000 гаруй уурын зуух ажиллаж буй. Үүнд 15-101кВт чадалтай 2333 буюу 8 нэрийн дэлгүүрээс эхлээд халуун усны газар хүртэл ийм зуухаар халаадаг), 101кВт-с дээш чадалтай (сургууль цэцэрлэг, төр, хувийн хэвшлийн байгууллага) нь 396 бий. Төвийн 6 дүүргэд 101кВт-с дээш хүчин чадалтай болон усан халаалтын зуух ашиглаж байгаа 158 ААН, байгууллагын 319 халаалтын зуух 2015 онд бүртгэгджээ.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний суурь судалгааны тайланд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн уурын зуухнууд 2016/2017 оны халаалтын улиралд 171 305 тонн нүүрс шатаасан гэжээ. Мөн 2017 онд Улаанбаатар хотын нүүрс түлдэг эх үүсвэрүүдээс ялгарах хаягдлыг (Guideline of GAP pollution forum 2012) аргачлалаар Оюунчимэг, Мөнхбат нар тооцоолон гэр хороолол болон халаалтын зуухнуудаас агаарт хаягдсан хүхэрлэг хийн тархалтыг 1км2-т жилд багадаа 30-50 тонн, ихдээ 120-140 тонн гэж  тонн гэж дүгнэжээ.

Орчны бохирдлыг бууруулахад 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ жилийн 10 сар гэхэд 1110 халаалтын зууханд утаа шүүх фильтр тавина гэжээ. Нийт төсөв нь 10 тэрбум төгрөг бөгөөд ЭХЯ, НЗДТГ хариуцаж буй. Уг ажлыг зохион байгуулж хяналт тавих ажлыг ЭХЯ-ны ТНБД З.Мэндсайханд даалгаж, Ажлын хэсэг томилсон (АОББҮХорооны тогтоол 19/02). Үндэсний хорооны 9 сарын 19-ны хурлын үеэр БОАЖСайд Н. Цэрэнбат 10 сарын 1-с өмнө 290 зууханд фильтр тавих ажлыг дуусгана гэж мэдэгдсэн. Нийслэлийн ерөнхий менежер Т.Гантөмөр 10 сард хувийн уурын зуухны эзэдтэй уулзаж, фильтр авч тавихад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцсэн гэж Фэйсбүүк хуудастаа мэдээлж байсан юм. 

Яагаад уурын зууханд фильтр тавих гээд байна вэ гэхээр Ч. Сономдагва, Ш.Эрдэнэцэцэг нарын 2017 онд хийсэн судалгааны дүнгээс харахад судалгаанд хамрагдсан нийт зуухны 85% нь MNS5457:2005 Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга”-д заасан стандарт хэмжээнээс хэтэрсэн хүхэрлэг хий ялгаруулдаг. Тэр байтугай нийт зуухны 30% нь стандарт хэмжээнээс даруй 1.8-2.1 дахин их хүхрийн агууламжтай утаа үйлдвэрлэдэг ажээ. Ялангуяа, Монголд үйлдвэрлэсэн зуухнуудын утаанд хүхэрлэг хий өндөр гэж дүгнэсэн нь анхаарал татах асуудал мөн. (Шинжлэх Ухааны Академийн Мэдээ, 2017 оны №01 (221) https://www.mongoliajol.info › PMAS › article ) Учир нь Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан “Халаалтын зуухны байгууламжийн магадлан итгэмжлэх тайлан 2018”-нд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт хэрэглэж буй халаалтын зуухны 25.5% буюу 88 зуух нь Монголд үйлдвэрлэсэн халаалтын зуух хэрэглэдэг аж.

Долоо хоног бүр хийж буй агаарын бохирдлын талаарх мэдээлэл хийж байгаа. Нийслэлийн МХГ-ын дэд дарга С. Даваасүрэн өнөөдөр өгсөн мэдээлэлдээ “Сүүлийн үед нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөх байдлаасаа нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан НМХГ-аас түүхий нүүрс төлөх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалтыг зохион байгуулахаар ажилдаа гарч байна. Эдгээр ААН-үүд түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авахдаа янданд утаа шүүгч тавих үүргийг хүлээсэн. Гэтэл иргэдээс ирсэн дуудлагын дагуу хяналт шалгалт хийхэд зарим нь шүүлтүүрээ суурилуулсан ч “тогны мөнгө их гарч байна” гэдэг шалтгаанаар унтраасан эсвэл ажиллуулаагүй, зарим нь шүүлтүүр гэх нэр төдий зүйл тавьсан зэрэг зөрчлүүд илэрсэн. Тиймээс өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа түүхий нүүрс түлдэг бүх ААН-үүдэд хяналт  шалгалтыг эхлүүлнэ гэжээ.

Эндээс харахад төвлөрсөн шугам хүрээгүй гэр хорооллын дундах цэцэрлэг, сургууль, төрийн байгууллага халаадаг, үүнийхээ төлөө төсвөөс мөнгө авдаг хувь, хувьсгалын уурын зуухнуудын 85% стандартаас давсан утаа үйлдвэрлэдэг байж утаа шүүгч-фильтрээ ажиллуулахгүй тогоо хэмнэн зардлаа танах гэж амиа бодож байгаа бол агаарт хүхэрлэг хий нэмэгдэх нь аргагүй биз дээ.

XII анги Иргэний боловсрол хичээлийн гэрийн даалгавар:

Бизнес эрхлэгч үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй юу?

Аливаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт шаардлагыг мөрдөхгүй байгаа бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

Төр нь өөрөө баталсан стандартаа мөрддөггүй бол иргэд яах ёстой вэ?

ДЦС болон уурын зуух хүхэрлэг хий нэмэгдэхэд хувь нэмрээ оруулж байгаа юу гэвэл ТИЙМ гэж би хариулна. Харин хэр их вэ гэдгийг тооцохын тулд бүх судалгааны тайлан төдийгүй статистик мэдээллийг нягтлан шалгах шаардлагатай. Цаашид Эрчим хүчний зохицуулах хороо, ЭХЯ дулаан, цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгахдаа агаарын бохирдол, бохирдуулагчийн хэмжээ ядаж үндэсний стандартаа барьж байгаа эсэхийг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай юм. Тэгэхгүй бол “чинийх долоо, минийх долоохон” гэдэг шиг бүгд агаар бохирдуулахад хувь нэмрээ оруулж байж гэр хороолол vs байшин хороолол, ДЦС vs уурын зуух, бензин vs дизел, автобус vs машин гэх хэрүүл дуусахгүй үргэлжилж, манай сайхан эх орончсог, ард түмэнсэг улстөрчид өлгөж аваад попроно. Үр дүнд нь утаа буурахгүй, харин зарцуулсан мөнгө нь нэмэгдсээр байх болно доо...

Үргэлжлэл бий...

Эх сурвалж:

http://aprd.ub.gov.mn/Media/Uploads/News/master%20plan%202018.06.21-boti-1.pdf

http://aprd.ub.gov.mn/images/pdf/Annual-Report-on-Emission--Inventory2015_MN_last.pdf

(http://aprd.ub.gov.mn/Media/Uploads/Tailan/%D0%A2%D0%9E%D0%9E%D0%9B%D0%9B%D0%9E%D0%93%D0%9E-2018-dahin-v3.pdf)

 

   


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5109

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%