Эх орноо сурталчилж, экспортын сувгаа тэллээ

ОХУ-ын Казань хотноо энэ сарын 6-нд АПУ ХК Монгол Улсаа сурталчлах “Монголын Нэг Өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Үндэсний соёл урлаг, орчин үеийн хөгжил дэвшлээс танилцуулах зорилготой тус арга хэмжээнд морин хуурын эгшиг, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний язгуур соёлоос гадна сонгодог урлаг, рок попын төлөөлөл, залуу уран бүтээлчид оролцож эх орноо сурталчиллаа.

Хөөмийтэй хослох морин хуурын содон аялгуут тоглолт хэзээнээс л гадаадынхны сонирхлыг татсаар ирсэн бөгөөд хүндэтгэлийн идээ аягалсан аягатай охидын чадварлаг бүжиг зочдыг алмайруулж чадсан юм.

Ардын урлагаас гадна сонгодог урлаг, орчин үеийн соёл, урлагаас танилцуулах гараа мөн хөтөлбөрт багтлаа. Дэлхийн дуурийн олимп гэж тодорхойлж болох  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт, гоцлол дуучин Э.Анхбаяр, ДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Энхнаран нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав ээж хоёр минь” дуугаар Монголын дуурийн гайхамшгаас толилууллаа. Түүнчлэн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, жазз дуучин Наагий нар өөрсдийн хэв маягийг илэрхийлсэн ая дуугаараа орчин үеийн Монголын хөг хэмнэлээс ирсэн зочидтой хуваалцлаа.  

“Монголын Нэг Өдөр”-ийн танхимд үндэсний гэр сууцаа барьж, үндэсний хувцас загварыг толилуулахын зэрэгцээ дэлхийд алдартай ОХУ-ын уран барималч Даши Намдаковын тал нутгийн анчин, дайчдыг дүрсэлсэн “Жанжин”, “Бай”, “Шонхор шувуутай цэрэг эр” хэмээх гурван уран баримлыг залж, хүрэлцэн ирсэн зочдын оюуны мэлмийг баясгалаа. 

Монгол Улсаа сурталчлах энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсын Ерөнхий сайдын орлогч Василь Шайхразиев, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын орлогч захирагч О.Мөнгөншагай,  АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Батсайхан, ОХУ-ын “Татспиртпром” компанийн ерөнхий захирал Ирек Миннахметов, нэрт уран барималч Даши Намдаков нарын хүндэт зочид, бусад албаны төлөөлөгчид оролцсон юм. Хүндэт зочид энэхүү соёл урлагийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ түүх, соёл уламжлалаар уялдаатай хоёр орны ард түмний цаашдын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх нь чухлыг онцолж байлаа.

Казань хот нь Чингис хааны ач хүү Бат хааны байгуулсан Алтан ордны улс, Казанийн ханлиг, Хаант Орос зэрэг өрнө дорнын их хаад, эзэнт гүрнүүдийн түүхийг агуулсан дурсгалт хот юм. Тус хот энэ онд Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэж байна. "Монголын Нэг Өдөр" арга хэмжээний огноог 12 дугаар сарын 06-ны өдрөөр сонгосон нь "Их Монгол Улс" байгуулагдсан 1206 оныг бэлгэдсэн аж.Казань хотод Алтан Ордны улсын ойг тэмдэглэхтэй зэрэгцэн Монголын бизнес, урлаг соёлынхон тус хотод “Монголын нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулсан нь сайхан давхцал гэдгийг зочид төлөөлөгчид илэрхийлж байлаа.

Мөн соёлын өдөрлөгийн өмнө АПУ ХК болон “Татспиртпром” компанийн хооронд худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр “Татспиртпром” компани АПУ ХК-ийн “Чингис Хаан” брэнд бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаална. Харин АПУ ХК нь хойд хөршид хамгийн өндөр борлуулалтайд тооцогддог “Тундра” брэндийн бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэнэ. АПУ компани нь Оросын компанитай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, худалдаалах замаар ОХУ-ын зах зээл дэх байр сууриа илүү тэлэх зорилт тавьж байгаа юм.

Монгол Улсын имижийг дээшлүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой “Монголын нэг өдөр” соёлын арга хэмжээ нь Улаан-Үд, Красноярск, Эрхүү хотуудад болсон цуврал хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд  ирэх онд бусад томоохон хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.

Фото зургуудаас:


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5116

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%