Мэдээллийн дархлаагүй Монголчууд

Тэр жил Японд газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станцын гэмтэл үүсэх үед (2011 он) тэнд ажиллаж, амьдардаг янз бүрийн орны 2 сая гаруй гадаад хүмүүс дотроос зөвхөн монголчууд бөөн бөөнөөрөө нутаг буцацгааж, дуулиан шуугиан болж билээ. Нисэх буудал дээр “алив намайг одоо нисгэж аль” гэж хашгичиж, хэрүүл шуугиан паник үүсгэж байсан зэргийг нэхэн санахуйяа ичмээр. Хичээл ном, хамаг юмаа хаяад явсан оюутнууд буцаж очсон болов уу? Ямар нүүрээрээ очсон бол.

Харин энэ цунами болон цөмийн гэмтлээс үүдсэн онцгой байдал дэлхий дахинд япончуудын чанар чансааг таниулж гайхшруулсан. 30 орчим сая хүн амтай Токио метрополитан бүс, за бусад нягтаршил ихтэй хот суурин газруудад гамшгийн үеийн паник, эмх замбараагүй байдал үндсэндээ гарсангүй. Метроны шугамууд зогсч, нийтийн тээвэр дөнгөн данган ажиллаж байх үед хүмүүс хэдэн мянгаараа очерлон, ээлжээ хүлээн, хүлээцтэй тайван хандаж байлаа. Дэлгүүрүүд, конвиниенс сторууд хаалгаа нээлттэй орхин гэртээ харьж чадахгүй хашигдаад байгаа тэр хүмүүст уух идэх юм үнэгүй авах боломжийг олгож, авч байгаа хүмүүс нь ч бие биенээсээ өрсөнө, бөөнөөр нь авна гэж үймээн дэгдээхгүй, мөн л дарааллаар зогсон, өөрт оногдох хэн ч тогтоосон юм “нормоор” авч, бусдадаа үлдээж байлаа.

Ер нь байгалийн гамшиг, онцгой байдал тохиоход анхдагч гамшгаас илүүтэй түүнээс үүдсэн паник, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал хэд дахин хохирол авчирдаг. 2005 онд АНУ-д болсон Катрина хар салхины дараа эмх замбараагүй байдал, дээрэм тонуул дийлдэхээ байж буу шийдэмдээ хүрцгээсэн, 2010 оны Хаитигийн газар хөдлөлтийн дараа мөн л дэг журам үйлчлэхээ больж, гаднаас ирэх тусламжийн бараан дээрээ хүртэл алалцахдаа хүрсэн.

Манайхан энэ удаагийн Коронавирусын дуулианаар гурил будаагаа нөөцлөөд эхэлжээ. “Би сонсохоороо согтдог” гэдэг зарааны онигоо шиг.
Бид онцгой байдалд үнэхээр бэлэн биш байна. Цочролд орсон хүн “би л амьд үлдэж байвал яасан ч яахав” гэсэн бодлоор хамаа замбараагүй, зарим тохиолдолд гэмт үйлдэл гаргахдаа хүрч, энэ нь олон мянган хүний бие биеэс өрссөн үйлдэл болох үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болдог. Ийм үед хамгийн чухал зүйл бол үнэн зөв, албан ёсны мэдээлэл, зааварчилгаа авах хэрэгтэй. Хамгийн чухал нь хүлээцтэй, зөв үйлдэл хийх нийгмийн ухамсар юм.

Онцгой нөхцөл байдал үүссэн үед бид хаанаас албан ёсны мэдээлэл авах вэ гэдэг маань ядаж тодорхой байж байх ёстой. Ноднин улсаараа нэг өдөр ажил сургууль, нийгэм эдийн засгаа зогсоож, сүржигнэн байж хийсэн “Онцгой байдлын сургуулилт”-ын үр дүн юу байв? Лав л өмнөх өдөр нь аль хорооны иргэд хаана цуглах вэ, хэдэн цагаас хөдөлгөөн хаах вэ гэх мэт энгийн мэдээллийг авах гэж хайгаад олоогүй, баахан худлаа “ингэнэ гэнэ, тэгнэ гэнэ, бүртгэнэ гэнэ, бичиг авна гэнэ” гэсэн, төөрч будилсан хүмүүс. Ямар ч үр дүнгүй, хийрхсэн, сүржигнэсэн ажил болоод өнгөрсөн дөө.

Олон нийт нь дэгсдүүлсэн мэдээнд итгэмхий, заавал юмыг томруулж, сүр дуулиан болгож, хардаж хүлээж авдаг. Албаны мэдээнд итгэхгүй бөгөөд хандалт, лайк шэйр авах гэсэн зохиомол мэдээнд илүүтэй итгэнэ. Түүнд оросын голдуу фэйк сайтууд ташуур өгнө. Гадны сайтуудад ингэж бичсэн байна, америкийн явуулга гэнэ, тийм юм битгий идээрэй гэнэ, коронавирусээр 2-3 сая хүн үхсэнийг нууцалж байна гэнэ. Гэх мэтчилэн. Ичиг цаашаа.

Мэдээллийг хүлээж авах шүүлтүүр, мэдлэгийн дархлаа ийм үед л хэрэгтэй. Ердийн үед бол тэгээд хов жив, сенсаац нь дүүрч гэхсэн. Үнэхээрийн гамшиг, онцгой байдал нүүрлэсэн үед бол үндэстний сүйрэл авчрах ч энүүхэнд. Ийм үед сошиалын хэл амаар ажлаа хийдэг сайд дарга нар, сүржигнэх, “попрохоос” цааш ид шидгүй улс төрчид өөрсдөө аюул. Жинхэнэ эрсдэл энд л байна!

Цэцэрлэг сургуулийг хаахыг дэмжинэ. Гэхдээ сараар гэдэг зөв үү? Эрсдлийг хяналтандаа авах 2 долоо хоног байхад нууц тархах үе мэдэгдээд эхэлнэ, дэлхий нийтийн эрүүл мэндийн чиглэл, зааварчилгаа тодорхой болоод ирнэ, цаашдын явц төлөв ч мэдэгдэнэ. Өнөөдөр хэдэн арав, зуун сая хүнтэй Азийн улс орнууд, томоохон хотуудад цэцэрлэг сургуулиа хаагаад, хөл хориод байгаа юм алга. Албаны мэдээллийг аваад, биеэ хамгаалах арга хэмжээгээ тус бүрдээ аваад, ажил сургууль, нийгмийн амьдралаа хэвийн явуулж байгаарай, нөхцөл байдлыг хяналтандаа аваарай гэдэг зүйл л үйлчилж байна. Өдөртөө сая гаран хүн зорчдог томоохон өртөөнүүд, нисэх буудлууд ажиллаж л байна. Мэдээж нөхцөл байдал эвгүйтвэл хаанаас яаж зогсоох, ямар арга хэмжээ авах гэх мэт төлөвлөгөө хэдийнэ гарсан байгаа. Түүнээс яаж ч магадгүй учраас нийгмийн бүх амьдралаа зогсоочихъё, тэгээд харъя гэж амьдардаггүй юм. Зүйрлэвэл Улаанбаатарт айхтар ханиад гарлаа гэх сургаар ганцхан Дорнодын Матадад “хөл хорио тогтоох” мэт.

Энэ хэдэн хүүхдийн боловсролын чанар хэцүүдлээ. Нөхөж олгосон боловсрол хэзээ ч төлөвлөгөөний дагуу жигд явж байгаа сургалтын чанарт хүрэхгүй. Онлайн сургалт л гэж байна, хэзээ тэр бэлтгэл нь хангагдсан юм, Боловсролын сайд аа? Ингээд хэлэхээр зарим хүн “энэ жилийн ханиад томуу арай л өөр байна, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна” гэж хариулна. Харин тийм. Хүүхдүүд олноороо өвдөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрэлцэхгүй байгаа. Энэ бол коронавирусээс тусдаа асуудал. Энэ бол эрүүл мэндийн салбарын маань байгаа нүүр царай. Шүүмжлүүлж, адлуулаад байгаа галыг коронавирусээр далимдуулж өөрөөсөө жаахан ч гэсэн холдуулж, нэг амьсгаа авсан байх тиймээ, Эрүүл мэндийн сайд аа?

Худлаа баахан бужигнаад тэгсгээд намжина даа. Эргээд арга хэмжээ авахгүй. Хийрхсэн, сүржигнэсэн улс төрчид гоё харагдаж, оноо авах бөгөөд, иргэдийн амьдрал бахь байдгаараа, “оноо алдаад” үлдэнэ. Төлөвлөлтгүй, тогтворгүй байдал эдийн засагт хамгийн хохиролтой. Жил бүрийн өдийд ханиад томуу дэгдэж, ачааллаа дийлэхээ больдог хойно, нэгмөсөн энэ үеэр хичээл сургуульд төлөвлөгөөт амралт оруулбал таарна. Сүүлийн гурван жил лав дараалаад каранти тогтоож, энэ нь ердийн уламжлал болчихоод байна.

За нэгэнт ийм оронд амьдарч байгаагийнх. Нөхцөл байдлыг өөрт хамгийн үр дүнтэйгээр ашиглах ямар боломж байна. Эцэг эхчүүдэд хэлэхэд лав бусдыг хэтэрхий дагаж туйлшралгүй, авах ёстой хамгаалалтын арга хэмжээгээ авангаа, харин ч эсрэгээр хүүхдээ жижиг дугуйлан, сургалтад хамруулж, хичээлийн хоцрогдлыг нь арилгах, эсвэл илүү хөгжүүлж, цаг хугацааг оновчтой ашиглаад авах нь зөв гэж хэлмээр байна. Авах гээхийн ухаанаар хандана бизээ.

 
 
 


 
 

 


avatar
    • зочин
    • 172.69.252.*

    Хэцс компанийх нь ажилтан осолдсон асуудлыг шийдэж чадахгүй байгаа хүн бас бусдыг дүгнэж нийтлэл бичнэ ээ.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5580

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%