Нийтлэл 02 сарын 13, 2020

Цагаан сар ба хар нулимс

 “…Бүгдээрээ нутагтаа ирсэн нь яамай даа!

-Хэлээд юу гэхэв. Хоёр долоо хоног өөрсдийгөө тусгаарлах нь зөв байх. Би лав “гэрийн хорио”-нд орчихсон, гарахгүй ээ.

-Бид ч бас тэгнэ. Корона өнгөрөхөөр л уулзацгаая даа, бүгдээрээ!”

Солонгос руу биеэ үзүүлэхээр яваад ирсэн эгчтэйгээ утсаар ярьсан энэ яриа бидний амьдралд шинэ коронавирус хэрхэн нөлөөлж буйн нэг жишээ. Хол нутгаас амь тэмцэн эх орноо яаравчлан зорьсон биднээс гадна уламжлалт цагаан сартай холбоотой маш олон ажил ахуйн, өрхийн, гэр бүлийн, хамаатан садны хүрээнд өрнөж байгаа энэ цагт төрөөс цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр гаргахаас өөр урдчилан сэргийлэх арга хэмжээ бидэнд үлдээгүй.

Ази даяараа цагаан сараа түрүү сард тэмдэглэж, өмнөд хөршийн Ши дарга тэр өдөр халдварын тархалт хурдасч, асуудал хүндэрч байгааг мэдэгдэж, Бээжин хот онц байдлын зэргээ нэмэгдүүлсэн билээ. Манай төр засаг ч шуурхай сайн ажиллан бүх шатны боловсролын байгууллагад хорио тогтоон, хүн олноор цугларах үйл ажиллагааг хориглов. Хилээ хаалаа. Өчигдөр Улсын онцгой комисс дахин хуралдаж, цагаан сар тэмдэглэх, нүүрс тээвэрлэлтийг хориглов. Цагаан сараа хүмүүс гэр гэртээ ёслоод өнгөрөх байх. Найзын маань 100 настай эмээ лав өөрийн хүүхдүүдтэйгээ л золгоно, бусад нь цаашаа л гэсэн гэнэ лээ. Интернет хөгжсөн энэ цагт Гандангийн лам нар нэтээр хийморийн сан тавьж байхад улсаараа кибер золголт хийчихэд болохгүй гэх газаргүй. Харин нүүрсний экспорт хориглосон нь бидний амьдралд тун чиг хүнд буух байх даа. Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан гэж баяр хөөртэйгээр мэдэгдээд байсан нь чухамдаа нүүрсний гавьяа юм.

Гэвч тулаад ирсэн аюулыг хохирол багатай давахын тулд төр засаг хүнд шийдвэр гаргалаа. Цагаан сараа хар нулимс болгочихгүйн тулд юуны өмнө ард иргэд БИТГИЙ гадуур ХЭС! Олон хүнтэй газраас тахлын голомтоос дайжиж байгаа юм шиг ЗУГТАА! Ойр зуурын хэрэглээгээ гэрийнхээ хамгийн ойр дэлгүүрээс ав. Хол явах тусам халдвар тарах магадлал өснө. 2001 онд Англид гарсан вирусын гаралтай гар, хөл, амны халдварын дэгдэлтийн үед хийсэн судалгаагаар уг өвчний тархалтын зайны арифметик дундаж болон жигнэсэн дунджийн хувьд зөрүүтэй байсан нь халдварын тархалтын зэрэг нь хол зорчих тусам нэмэгддэг гэдгийг нотолсон юм.

Гадуур маск зүүсэн хүн ховорджээ. Зүүсэн хэд нь ор нэр төдий. Бүр эрүүндээ тохоод хамраа ил гаргачихсан явах юм. Олдохгүй ховор байгаа зүйлийг ингэж үрж байхаар хэрэглэхгүй байсан нь дээр. Маскны хувьд цаашдаа ч хангалт онц нэмэгдэхгүй, учир нь дэлхийг хангадаг амны хаалтны гол материал үйлдвэрлэгчид нь Уханьд байдаг төдийгүй БНХАУ өөрсдөө гаднаас тусламжаар эмнэлгийн хэрэгсэл авч, маш хурдтай нийлүүлж байгаа. Дэлхий даяар тархсан хятад иргэд нь байгаа нутгийнхаа маскыг хамаад Хятад руу ачуулж буй. Лав Австралид эмнэлгийн маск аптекуудад байхгүй, эмнэлгийн аптек дотоод хэрэгцээгээ хангаж байгаа гэнэ лээ. Уг нь энгийн үед эмчийн өрөө, аптект үнэгүй тавьчихсан байдаг эд шүү дээ. Онлайн худалдаагаар ч мөн алга, хоёрдугаар сарын 10 хүртэл борлуулагч ажиллахгүй гэсэн мэдээ дүүрэн. Харин Өмнөд Солонгосын ЖДҮ маш хурдтай ажиллаж, олноор нь үйлдвэрлээд тэрийг нь хятадууд бөөндөж авч байна лээ дээ.

Манай улс  2020 оны 1-р сард 68.7 мян. амны хаалт импортолсон бол 2019 оны 1 сард 509,0 мян амны хаалт импортолж байжээ. Харин 2-р сар гарсаар импорт огцом өсөж, 2020.2.06-ны байдлаар Монгол Улсад Турк, БНСУ зэрэг 7 улсаас 1 нийт 1.5 сая ширхэг амны хаалт орж ирсэн гэж Гаалийн ерөнхий газрын MongolCustoms хаягнаас жиргэжээ. 

Маск зүүх нь  вирусээс хамгаалах уу?

2019_nCoV коронавирусын хэмжээ нь 60-140 nm, үүн дотроо эсд очиж залгагдахад гол үүрэг гүйцэтгэдэг титэм нь 9-12nm юм (nm буюу 1 нанометр нь 10-9 м, 0.000000001м гэсэн үг. 1нм нь нэгж атомоос барагцаагаар 10 дахин том хэмжээ юм). Тэгэхээр энэ хэмжээ PM 2.5-с жижиг, гэхдээ зарим тоосонцроос том гэсэн үг. Хэмжээг нь энэ видеоноос үзнэ үү.

Коронавирусын ажиллах механизмыг энгийнээр тайлбарлавал вирус эсд титмээрээ бэхлэгдэнэ. Гадна бүрхүүлээ   хаяад генийн материалаа (+gRNA) эсд шахаад эс дотор үржиж эхэлнэ. Эсээр тэжээгдэн үржиж аваад уг эсээ үхүүлэн дараагийн эс рүү дайрна. Ийнхүү өөрийгөө давтан олшруулсаар хэдэн зуун сая болсоор эмгэг үүсгэнэ.

  PS: Шинжлэх ухааны иймэрхүү бэлэн хялбаршуулсан видеог монгол титртэй болгочихвол түмэн бодисгүй түмэн олонд их хэрэгтэй байх юм.

Тэгэхээр маск зүүх нь биднийг хамгаалах уу?

Халдвар авсан хүнд шинж тэмдэг илрэхгүйгээр явах хугацааг МERS-ийн туршлагад үндэслэн 2-14 хоног гэж тогтоожээ. Дундаж хугацаа 6.1 хоног буюу 7 хоног өвчин тусчихсанаа мэдэхгүй явж байна гэсэн үг. Иймд маск зүүх хэрэгтэй. Ялангуяа, халдвартай хүнтэй хавьтсан байх магадлалтай гэхээр УБ-ын бүх иргэдэд хамааралтай байх нь. Үүн дээр нэмэгдээд гадуур бөнжийтлөө хөлдсөн нус, цэр хайлж, хүний хөл, машины дугуйны эргэлтээр агаарт тогтмол өдөөгдөж байгаа. Тэр нус цэрэн дунд сүрьеэгийн нянгаас эхлээд агаар дуслын замаар тардаг энэ хорвоогийн бүхий л нян бактери буй. Энэ онцгой дэглэмийн үед хүн бүрийн эхний зорилго ӨВДӨХГҮЙ БАЙХ. Өвдлөө л бол дархлаа суларна, дархлаа суларлаа бол вируст өртөмтгий болно гэсэн үг.

Гадаад орны эрдэмтэд, үүн дотроо ДЭМБ толгой дараалан маск зүүхийг зөвлөхгүй байгаа нь үнэн. Гэхдээ тэр нь улс орны засгийн газрууд болон иргэд нь масканд хэт найдаж, байгаа жаахан нөөцөө тийш нь явуулаад байгаа учраас ийм зөвлөгөө гаргаж байгаа юм. Манайх шиг нус цэрээ ил задгай хаядаг, дээр нь ханиаж найтаахдаа амаа дарах наад захын ахуйн соёлд хэвшээгүй ард түмэнд тохирохгүй. Тэгээд чиг тэр зөвлөөд байгаа эрдэмтдийн амьдардаг нутгийн агаар нь муугаар хэлбэл манай эмнэлгүүдийн дотоод агаараас цэвэрхэн шүү. Иймд өөрсдийн орчин нөхцөл, бодит байдлыг ойлгож чадах чадахаараа өөр өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй байна. Таны шүлснээс ялгарах нянгууд хэр хол үсэрч, хэдэн хүнд халдвар тараах боломжтойг эндээс үзээрэй.

Хэрэв халдвар нэгэнт дэгдвэл чадуу улсын маань ядуу эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй. Монголчуудын амьд явах эрх хандиваар хэмжигдэж байгаа бодит байдлаа эрүүлээр харцгаая.

Үүнээс гадна ГАРАА ТОГТМОЛ САВАНДАЖ УГАА! Happy Birthday дууг хоёр удаа дуулах хугацаа буюу ойролцоогоор 20 секунд угаана гэсэн үг. Гар угаах зааврыг эндээс үзээрэй.

Азийн өндөрлөгт нарны тусгал өвлийн цагт Д витамин нийлэгжихээр хэмжээнд тусдаггүй тул дархлаа нь суларсан, өвөлжин утаа тортогондоо дээрэлхүүлж уушги, амьсгалын зам нь дарангуйлалд өртсөн улсын иргэн гэдгээ ухамсарлаж эхлээд өөрийгөө, дараа нь гэр бүлээ хамгаалах бүх аргыг хэрэглэх хэрэгтэй. Хятад улс цагаан сараа тэмдэглэснээр коронавирусээ тавиад туучихсан гэдгийг олон эрдэмтэд, үүний дотор Хятадын эрдэмтэд нь хүлээн зөвшөөрч буй энэ цаг дор бид нэг жил Цагаан сар тэмдэглэхгүй өнжлөө гэхэд айсуй санхүүгийн хямралыг гэтлэн давахад эерэг сайн нөлөөтэйн дээр бүгдээрээ амьд гарна. Амьд мэнд байвал арга нь олдоно доо...

 Update 1.  Коронавирусын халдварын нууц үе 24 хоног байж болзошгүйг Хятадын эрдэмтэд мэдээллээ. (2020 оны 02 сарын 11-ны өдөр 06:05 цаг)

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon