Нийтлэл 02 сарын 26, 2020

Цагаан сар ба сэтгэхүйн алдаа

Цагаан сараар гэртээ бай гээд байхад маскгүй дэлгүүр захаар хэсч яваа хүмүүсийн зураг сошиалаар нэг тарав. Мѳн тэтгэврийн зээл авахаар банкинд очерлож буй хѳгшчүүлийн зураг ч сенсаци болов. Үүнийг хараад бухимдсан зарим нь тэднийг үхэр малаар нь хүртэл дуудаж байна. Нэг талд хѳлийн хорио цээр тогтоон, аюултай вирусаас сэргийлэх арга хэмжээг авч, бүгд болгоомжилж байхад нѳгѳѳ талд олон нийтийн газар ингэж бѳѳнѳѳрѳѳ цугларч байгаа нь ухамсаргүй, зохисгүй харагдсан нь мэдээж. Гэхдээ уурлахаасаа ѳмнѳ сэтгэлзүйн талаар нэг бодож үзье.

Хүн ѳѳрт муу зүйл тохиолдохгүй, аз дайрна гэж итгэдэг. Энэ сэтгэхүйн алдааг мэргэжлийн хэллэгээр "optimism bias" гэнэ. Түүнчлэн хүн муу зүйл тохиолдвол бурууг бусдад тохож, харин сайн зүйл тохиолдвол гавъяаг ѳѳрт наалдуулах хандлагатай байдаг. Энэ сэтгэхүйн алдааг "self-serving bias" гэдэг. Аль аль нь хүний эволюцийн явцад хѳгжсѳн чухал сэтгэхүй юм. Учир нь хэдийгээр ийм итгэл үнэмшил заавал үнэн байх албагүй ч сэтгэл санааг тайван байлгахад тусалдаг. Хэрэв эдгээр чадвар байгаагүй бол үргэлж ямар нэгэн аюул эрсдэлд ѳртчихвий гэж санаа зовно, үргэлж ѳѳрийгѳѳ буруутгаж амьдарна гэсэн үг. Харин монгол хүний хувьд энэ 2 сэтгэхүйн алдаа нэлээд сайн хѳгжсѳн байж магадгүй. Тиймдээ ч тайван амгалан народ.

Нэг жишээ гэхэд дэлхий даяар корона вирус хурдтай тархаж буй энэ үед цагаан сарын бэлтгэл гээд банкинд очерлож, дэлгүүр зах хэсч ѳѳрсдийгѳѳ болон бусдыг эрсдэлд оруулж буй энэ олон хүн "ѳѳрт муу зүйл тохиолдохгүй" гэсэн сэтгэхүйн алдаанд хѳтлѳгдсѳн хэрэг болов уу. Түүнээс депресст ороогүй эрүүл хүн үхье гэж бодохгүй. Муугаар бодоод олон хүн цугларсан газар ямар нэг эрсдэл гарвал дараа нь мэдээж сайн зохицуулаагүй тѳр засгийн л буруу болж таарна. Харин гэртээ сууж аюулгүй үлдсэн хүмүүс ухаалаг үйлдэл хийсэндээ баярлана. Иймд эрсдэлээс сэргийлэх зохицуулалтыг хийхдээ магадгүй хэт ѳѳдрѳг гэх үү, эсвэл хэнэггүй тоомжиргүй гэх үү үйлдэлд хѳтѳлж буй "optimism bias" болон "self-serving bias"-ийг тооцож хүмүүсийн үйл хѳдлѳл, инсентивт нь нѳлѳѳлѳх нь чухал гэсэн үг.

Түүнчлэн, ер нь монголчууд аливаа зүйлийг тѳлѳвлѳдѳггүй, цагийг нь тулгадаг, хариуцлага сахилга батгүй гэдгийг шинийн нэгний ѳмнѳхѳн зээл хѳѳцѳлдѳж яваа эсвэл дэлгүүр зах хэсч яваа зарим иргэд харуулаад байгаа хэрэг биш. Сахилга хариуцлагын асуудал бол гадныхантай хамтарч ажилладаг том компаниудад ч, тѳр засгийн түвшинд цѳѳнгүй тохиолддог зүйл. Дээрх дүр зураг монголчууд бидний "ѳнѳѳдрѳѳрѳѳ амьдардаг, ѳнѳѳдѳртѳѳ хаппи" байдаг сэтгэхүй тодорхой хэмжээнд ѳѳрчлѳгдѳх шаардлагатай гэдгийг харуулсан нэг л жишээ болж байна.

Иймд, монголчууд аа, бие биенээ үхэр малаар нь битгий дуудаж бай. Хүн бол иррациональ амьтан. Хувиа хичээсэн үйлдлүүдийнх нь нийлбэр нийгэмдээ тусгүй үр дүнд хүргэх нь аль ч газар түгээмэл. Санхүүгийн зах зээл дээр ч "үл үзэгдэх гар" үргэлж ажилладаггүй, market failure бий болдог. Үүний сүүлийн нэг жишээ бол 2008-09 оны дэлхийн хямрал. Тэгэхээр ухаалаг, оновчтой зохицуулалт л шаардлагатай. Нийгмийнхээ ёс суртахууны түвшинд таарсан сайн дүрэмтэй, дүрмүүд нь хэрэгждэг улс орнууд л ѳндѳр хѳгжилтэй байдаг нь санамсаргүй хэрэг биш. Харин нийгмийн ёс суртахуун сайжраад ирэхээр зарим дүрмийг заавал бичиж мѳрдүүлэх шаардлагагүй болдог.

arrow icon