Нийтлэл 03 сарын 14, 2020

Нар гарнаа, МОНГОЛЧУУД аа!

Халдварт өвчин цар тахал болох цагт мэдлэгт дусал нэмэрлэхүй
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гараа сайтар угаах, онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гэдэг хоёр мессэж эхнээсээ дуустал явж байна. Дунд нь ам хамраа зайлах, маскаа зүүх, халуун бүлээн шингэн зүйл уух, дархлаагаа дэмжих г.м олон олон мессэж явсан нь үнэн.

Энэ бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээний цаад зорилго нь халдвар тархалтыг эрүүл мэндийн салбарын чадлаас давахаас сэргийлэх стратеги юм.

 Гараа хөөсөртөл савандаж, үрж сайтар угаахын хувьд коронавирус агаар дуслын замаар тархдаг, КОВИД-19 гадаргуу дээр амьдрах чадвар өндөр тул хүртэлцэхүйгээр дамжин халдвар тархалтыг хязгаарлах хамгийн энгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга юм. Ерөнхийдөө гар цэвэр бол та эрүүл байна.

Вирус РНХ, уураг, липидийн угсармал бүтэц юм. Хамгийн чухал нь вирусын гадна бүрхүүл сул холбоост липид (тосны молекул)-тэй ихэд төстэй молекул саванд байдаг тул гараа савандаж угаахад савангийн молекул нь вирусын угсрагдсан эд ангиуд (+gРНХ, уураг, липид)-ыг амжилттай салгаж усан дахь устөрөгчийн холбоосоор хүч нэмэгдүүлснээр гадаргуугаас авч хаядаг.

Эх сурвалж: UNSW, P. Tordarson

Өмнө бичсэнчлэн вирусын гаднах бүрхүүлээ хаяж РНХ эсийн өөрийн рибосом ашиглан хувилан олширч уг эсээ үхүүлж, дахин бүрхүүлтэй болж аваад цааш халдварладаг. Вирусын бүрхүүл вирусын мэдээллийг хамгаалах, вирус тархахад чухал үүрэгтэй. Ийм учраас гараа савандан угааж, гадна бүрхүүлийг нь задлачихвал уг вирус амьдрах чадваргүй болж байгаа юм. Иймд гар угаахдаа нямбай чамбай хандан хангалттай хугацаа зарцуулж, БҮХ ХУРУУГ нэг нэгээр нь, гарын АЛГА, ар тал, бугуйг үрж угааснаар заналт муу вирусыг тэнэгтүүлж бүтцийг нь задалдаг байна. Дүрслэн хэлбэл тос нь хөвсөн шөлөн дээр ганц дусал Fairy дусаадаг реклам шиг вирусын бүрхүүлийг задална.

Хүмүүсийн гараа угаахдаа гаргадаг алдаа:  Улаанаар угаахгүй үлдээдэг, шаргал нь ихэнхдээ үлдээдэг, шар нь барагтай л бол үлдээдэггүй хэсгийг харуулжээ.

Social distancing буюу орон зайн тусгаарлалт

Олон хүн цуглардаг газраас зугтаа, гадуур битгий тэнэ гэдэг нь халдвар авах, тараах магадлалыг бууруулж байгаа хэрэг.
Гэвч амьдрал дээр гэртээ ганцаараа бүгээд суух боломж хэцүү, ажил алба, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Ядаж л хажуугийн дэлгүүр орно, хүргэлтийн хүнс авна г.м.

Хоёрдугаар сарын эхээр масканд оочирлож буй хятадууд гээд бие биенээсээ 1.5 метрийн зайд цувран зогссон хүмүүсийн зураг нийгмийн сүлжээнд их явсан. Энэ чинь л тэр social distancing буюу бие биенээсээ нийгмийн харилцааны зайг баримтлахыг хэлж буй.

Анхны халдварын тохиолдол бүртгэгдсэн өдөр дэлгүүрээс паник худалдан авалт хийж буй зургаас харахад монголчууд 30см-ээс дотогш зайд шил шилээ харан шамбааралдан зогссон харагдана лээ дээ. Овоолсон бараатай тэрэг түрээгүй бол бүр тэврэлдэх нь л дээ. Итали, Францад яагаад эрчтэй халдвар тарж байна гэхээр нийлэлдэн хоол иддэг, тэврэлдэн мэндчилдэгтэй холбоотой. Хятадууд болохоор бөөнөөрөө сууж хоолоо нэг тавагнаас савхдан хувааж иддэг соёлтой.
Бие биенээсээ 1 метр зай барих нь масктай тохиолдолд агаар дусал, амьсгалаар халдвар тарахаас сэргийлж буй. Хэрэв маскгүй бол энэ зай зургаан фийт буюу 2м болж нэмэгдэнэ. Үүнээс гадна нийтийн тээвэр, хүлээлгийн танхим, өрөө тасалгаанд суухдаа тохой залган зэрэгцэж суулгүй дор хаяж нэг сандлын цаана суух хэрэгтэй юм. Ялангуяа дэлгүүрийн кассанд оочирлохдоо ядаж 1 метрийн зай барьж дараалан зогсмоор байна. Машинтай яваа биш, гол дундуур чинь хүн улаан цайм дайрах нь хүн гарахгүй биз. Дайрвал шууд чирээд гарга. Ийм оркуудтай олноороо нийлж тэмц. Дуугүй өнгөрч огт болохгүй. Чиний төдийгүй чиний гэр бүл, аав ээжийн эрүүл байх эсэх нь үүнээс хамааралтай.

Хоёр хүн хоорондоо дээрх зураг дээр байгаа ногоон хэсгээс хол зайд байхад болно. Хүндрэл нь гэвэл жаахан өндөр дуугаар л ярих хэрэгтэй болно биз...

Уханийн өгөгдлөөр загвар хийж үзэхэд нэг өдрийн дараа орон зайн тусгаарлалтын аргыг нэвтрүүлэхэд халдварын хэмжээ 40% ялгаатай байгааг тооцоолж гаргажээ.

 

 Манай бэлэн байдал сайн байгаа. Бид чадлаасаа давсан ачаалалд ажиллаж байгаа. Ийм болохоор энэ онцгой үед иргэн бүр туйлын анхаарал болгоомжтой, хянуур нямбай байж өөрөө өөрийгөө, гэр бүлээ хамгаалах хэрэгтэй.

Үүний тулд:

1.Гараа савандаж сайтар зүлгэж угаах;

2.Маскаа зүүх;

3.Олны хөлийн газраас дөлөх (энэ ёстой гоё үе байгаа биз?), хүн олноор цугларсан газраас зугтаах;

4.Гадаргууд шууд гараараа хүрэхээс ямагт зайлсхийх, бээлий өмсөх;

5.Сэтгэл санаагаа өндөр байлгаж, үнэн зөв мэдээллийг баталгаатай эх сурвалжуудаас буюу Эрүүл Мэндийн Яам, Мэдээлэл зөвлөгөө авах 119 утаснаас авах;

6.Чаддаг зүйлээ хичээнгүйлэн сайн хийж, анхаарал болгоомжтой байх;

7.Ханиад томуу хүрсэн бол өөрийгөө гэртээ тусгаарлах, гарын шуу руугаа ханиаж найтаах;

8.Гэрт ханиаж найтааж буй хүн байгаа бол гэр бүлийн гишүүд бүгд гэртээ маск зүүх;

9.Гарын алчуур, нүүрний алчуур хүн бүр тус тусдаа хэрэглэх. Өөрөөр хэлбэл гараа арчсан алчуураараа нүүрээ арчихгүй;

10. Гадаад орноос ирээд ажиглалт, тусгаарлалтад шууд ороогүй бол гэртээ 14 хоног өөрийгөө яс хөл хорь.

Эцэст нь хэлэхэд БИТГИЙ ГАДУУР ТЭНЭЭД БАЙ!!! Хоол хүнс, талх сүүгээ гэрийнхээ хамгийн ойрын дэлгүүрээс ав. Учрыг өмнө тайлбарлан бичсэн байгаа

Бид энэ бүхнийг даваад гарна. Чадна. Манай эмч нар сайн. Цагдаа, онцгой бүгд хичээн зүтгэж байна. Харин тэдэндээ нэмэлт ачаалал үүрүүлэхгүй хариуцлагатай, сахилгатай байх нь бид бүгдийн хийж чадах зүйл, эх оронч сэтгэл мөн.

ЖИЧ: Эхний эгнээнд зүтгэж яваа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлынхандаа талархаж буйгаа үүгээр илэрхийлье. Нар гарнаа!

 

Холбоотой нийтлэлүүд:

Цагаан сар ба хар нулимс

Өрх айлын эдийн засаг

Сэтгэгдэл бичих

arrow icon